Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Бодоо, Д.Чагдаржав нарыг нүүрэлдүүлсэн байцаалтын протоколУншсан41,989

Ардын түр засгийн тэргүүн (Алтанбулагт) Д.Чагдаржав орос сургагч нарын эрх мэдэл ихтэйд дургүйцэж, тэвчээрээ барж байв.

Ардын засгийн анхны Ерөнхий сайд Бодоо нэгэн цагт Х.Чойбалсанг орон гэртээ байлгаж, Оросын большевикуудтай танилцуулж, хувьсгалын үйл хэрэгт татан оруулжээ. Бодоо нууцаар хил гарч ардын намын гишүүдэд буу зэвсэг залгуулж, мөн засгийнхаа тамгыг ширээнийхээ хөлөөр сийлж байв.

Хувьсгалын дараа журмын нөхөдтэйгөө ил далдаар таарамжгүй болсон Бодоо хэрэг бишидсэнийг мэдээд огцрох өргөдлөө өгчээ. Тэр “Хэн нь гадаадын хүн, хэн нь Монгол, хэн нь хөрөнгөтөн болохыг би энэ засаг хүний өөрийн, алиных нь болохыг миний бие огтоос мэдэхээ больсон тул намайг албан тушаалаас бүрмөсөн чөлөөлж өгөхийг хүсье” гэжээ. Түүнийг Орост элчингээр томилох гэхэд “Орост элчингээр очсоноос мал малласан нь дээр” гэж шуудхан хэлжээ.

Ардын түр засгийн тэргүүн, хожмоо Ардын засгийн шадар сайд болсон (Алтанбулагт) Д.Чагдаржав орос сургагч нарын эрх мэдэл ихтэйд дургүйцэж, тэвчээрээ барж байв. Д.Чагдаржав Д.Бодоод, “Ингэж доромжлогдож байгаадаа гутарч байна. Бидний дотоод хэрэгт гадныхан ингэж оролцож байгаатай эвлэрч байснаас амиа хорлоно” гэж маузер буугаа хуйнаас нь сугалж хулхиндаа тулгаж байсан гэдэг.

Д.Бодоо, Д.Чагдаржав нарын тухай онцлон өгүүлэхийн учир нь Ардын намыг анхлан байгуулалцаж, Монгол төрийн жолоог хөтөлж байсан энэ хүмүүстэй холбоотой архивын нэгэн баримт өнөөгийн МАН-ын Төв архивт "Бодоогийн тухай цуглуулга-7" нэрээр байдгийг нийтлэлч агсан Гомбын Дашрэнцэн гуай 2011 онд ил болгон нийтэлж байв.

Д.Бодоо, Д.Чагдаржав нарыг шийтгэхээр Коминтерний хамгийн харгис чекистүүдйн нэг А.Сорокиныг яаралтай томилолт өвөртлүүлэн Монголд илгээжээ. Алс Дорнодын 5-р армийн сургагч А.Сорокин орчуулагч Гомбожаваар хэлмэрчлүүлэн Д.Бодоо, Д.Чагдаржав нарыг хэдэнтээ байцаасны нэгэн протоколыг хүргэе.

 

НҮҮРЭЛДҮҮЛСЭН БАЙЦААЛТ

Дотоодыг хамгаалах газрын сургагч Сорокин би Бодоо, Чаг­даржав хоёрыг нүүр тулгаж  бай­цаасан нь:

Бодоогоос асуусан үг: Таны биеийг хөдөөнөөс ирэхэд Чагдар­жав таны биеийг Дамбий­жанцан­тай холбоотой болохын тулд ба­руун зүг яв гэж хэлсэн үү? гэхэд

Бодоогийн хэлсэн нь: Хэлсэн нь үнэн.

Чагдаржаваас асуусан нь: Та Бодоод ийнхүү хэлсэн нь  үнэн үү?

Бодоогийн хэлэх нь: Хэлсэн үнэн.

Бодоогоос асуусан нь: Баруун аймгийг хөдөлгөж нааш явуулан орос, буриадын мэдлээс салгаж болно гэж Чагдаржав танд хэлсэн үнэн үү?

Бодоогийн хэлэх нь: Хэл­сэн үнэн.

Чагдаржаваас асуусан нь : Ийм  хэлсэн нь үнэн үү гэхэд,

Чагдаржав хариу хэлэх нь: Би Орос, Буриадаас салах хэмээн хэлсэнгүй. Гагцхүү Хятад лугаа холбоо байгуулж хуучин автономит засгийг байгуулъя гэсэн нь үнэн.

Бодоогоос асуусан нь: Чагдар­жав Бодоо танд Хүрээний газар хувьсган байлдах цэрэг бэлэн буй ба Улиастайд мянган хүний  зэвсэг бий гэж хэлсэн нь үнэн үү? гэхэд,

Бодоогийн хариу хэлэх нь: Хэлсэн үнэн.            

Чагдаржаваас, ийм хэлсэн нь үнэн үү? гэхэд Чагдаржавын хариу хэлэх нь: Бууны тухай хэлсэн үнэн. Юу гэвэл Хатанбаатар вангийн цагаанаас булаан авсан зэвсэг тэнд буй гэсэн. Энэ Хүрээнд хувьс­ган байлдах бэлэн цэрэг бий гэж хэлсэн нь худал билээ.

Бодоогоос асуусан нь: Чагдар­жавт та гагцаар баруун аймагт явах гэсэн нь үнэн үү? Бас замын гарга­шийг хэн өгөх гэсэн билээ? гэвэл,

Бодоогийн хариу хэлэх нь: Үнэн. Замын гаргашийг Тогтох гүн өгөх гэж байсан.

Чагдаржаваас асуусан нь: Бо­доод та ийнхүү хэлсэн нь үнэн үү?  гэвэл, Үнэн, Бодоо аль газарт ч хамаагүй явна хэмээн хэлж байсан.

Бодоогоос асуусан нь: Бодоо та баруун тийш явахдаа Дотоод яам­ны дэд сайд Жамьян-Очиртай учрах, энэ хэргийг тэр мэдэх учир­тай хэмээн Чагдаржав танд хэлсэн үнэн үү? гэвэл,

Бодоо, үнэн гэв.

Чагдаржаваас энэ үнэн үү?  гэвэл,

Чагдаржав хариу хэлэх нь: Бодоо над хэлсэн. Баруун зүгт би халуун рашаанд эхнэр лүгээ хамт явна. Эндээс гараад замдаа Жамьян-Очир лугаа учирна гэж Бодоо өөрөө хэлсэн нь үнэн.

Бодоогоос: Чухам  баруун зүгт та өөрөө одох гэсэн буюу эсхүл Чагдаржав  таныг одуулах гэсэн буюу? гэвэл,

Бодоогийн хариу хэлэх нь: Чагдаржав намайг явуулах гэсэн. Чагдаржав хэлэх нь: Би явуулах гэсэнгүй. Бодоо өөрөө яана гэсэн.

Бодоогоос асуусан нь: Чаг­даржавын Да Шенхүү пүүсээр дамжуулан Хятад лугаа холбоотой болох гэснийг та мэдсэн үү? гэвэл,

Бодоогийн хариу хэлэх нь: Үнэн. Чагдаржав над хэлсэн.

Чагдаржаваас асуусан нь: Та энэ хэргийг хэлсэн нь үнэн үү? гэвэл,

Чагдаржав хариу хэлэх нь :  Үгүй. Би Да Шенхүү хэмээх пүүсийг мэдэхгүй.

Бодоогоос асуусан нь:  Та энэ Чагдаржавын Да Шенхүүг дамжуу­лах гэсэн хэргийг хэнээс мэдсэн билээ? гэвэл,

Бодоогийн хэлэх нь: Чагдаржав над хэлсэн нь: Жалханз хутагт, Да лам хоёрын алиныг одоо мартав. Тэр хоёрын нэг нь Да Шенхүүгээр дамжуулан Хятадтай холбоотой болох гэж байсан хэмээн хэлэхэд, Да Шенхүү гэж хэн болохыг Чагдар­жаваас асуувал, худалдааны дарга хэмээн хэлсэн.

Чагдаржаваас үнэн үү? гэж асуувал,

Чагдаржав - Үнэн. Жалханз хутагт чингэж хэлж байсан.

Чагдаржавыг Жалханзтай юу хэлэлцсэнээ  илрүүлэгтүн!  гэвэл,

Чагдаржав хэлэх нь: Жалханз ху­тагт Да Шенхүүгээр дамжуулан Хятадтай хэлэлцэж автономит засгийг хэлэлцэж болно хэмээн хэлж байсан нь үнэн гэхэд,

Хэдийд болохыг Чагдаржаваас асуувал: Энэ зун цаг гэв.

Бодоогоос асуусан нь: Соно­мын тухай Чагдаржавтай юу хэлэл­цэж, ямар хэрэг хийх гэж байсан билээ? гэвэл,

Бодоогийн хариу хэлэх нь:  Чагдаржав надаас асуусан, энэ пүүс хэдий баян, баян аваас  Хятад лугаа  холбоотой болох хэрэгт тус болж чадах уу? хэмээн асууж байсан.

Чагдаржаваас асуувал, ийнхүү хэлсэн үнэн үү? гэвэл,

Чагдаржав хэлээгүй гэв.

Та хоёрын хэн нь худал өгүүл­сэн билээ?  гэвэл,

Бодоо: би үнэн хэлсэн гэв .

Чагдаржав: Энэ тухай юу ч хэлээгүй гэв.

Бодоогоос асуусан нь:  Та Сономын  пүүсэнд орсон уу? гэвэл,                                                                       

Хариу: Орсон.

Чагдаржав танай пүүсэнд ирэв үү, юу хэлэлцэв. Урагш хүн явуулах тухай асуув уу? гэвэл,

Чагдаржаваас асуусан нь: Та тэдний пүүсэнд явсан уу? хэмээн асуувал ,

Чагдаржав хариу хэлэх нь: Явсан үнэн. Тэдний пүүс асуусан нь "Та Богдын дэргэд байх хүн тул гаалийн хэргийг баахан хөнгөн болгохын тулд  Хятадтай найртай байлгахыг бодохгүй юу? хэмээн хэлэхэд Чагдаржав би "чадахгүй" гэсэн.

Бодоогоос асуусан нь: Дамбий­жанцангийн  мэдэлд орсон баруун хошууг ятган эгүүлэхийн тулд эн­дээс олон цэрэг явуулбал зохино. Юу гэвэл, эндээс олон цэрэг очоод урваж тэнд орох гэснийг санах буюу? хэн танд ийнхүү хэлсэн билээ? гэвэл ,

Бодоогийн хариу хэлсэн нь: Энэ үгийг Чагдаржав над хэлсэн гэхэд,

Чагдаржаваас, үнэхээр Бодоод чингэж хэлсэн буюу? хэмээн асуувал,

Чагдаржав хариу хэлэх нь: үгүй, харин Бодоо чингэж над хэлсэн гэв.

Хэн нь худал мэдүүлнэ хэмээн асуувал:

Бодооо: Би үнэн мэдүүлсэн. Гагцхүү Чагдаржав бас хэлж бай­сан. Данзан сайд, Ламжав гүн хоёр энэ хэргийн учрыг хэлэлцэж бай­хад Данзан хэлсэн хэмээх нь: тэр хошууны тэргүүлэгчийг барьж ав­бал зохино гэхэд, Ламжав най­рамд­лын ёсоор номготгож болно. Хэ­мээн хэлж байсныг хэлсэн.

Чагдаржав хэлсэн нь: Хэрэв би хэлсэн болов ч Тогтох гүнгийн үгээр хэлсэн.

Чагдаржаваас асуусан нь: Бо­доо танд ийн хэмээн хэлсэн үнэн үү?  Дамбийжанцантай эвлээд Улиастайг авч Хятадтай холбоо байгуулбал ардын засагтай хэ­лэлцэж болох ба автономийг Хята­даас авбал ямар засагтай болохыг бид өвсөөн (өөрсдөө гэсэн үг байж магадгүй Г.Д) мэднэ хэмээн хэлсэн нь үнэн үү? гэвэл,

Чагдаржав хэлсэн нь: Үнэн гэв.

Бодоогоос асуусан нь: Эдгээр үгсийг хэлэлцсэн нь үнэн үү? гэвэл,

Бодоо хариу хэлэх нь: Би хэлээгүй, харин Чагдаржав над хэлсэн гэхэд,

Чагдаржав та үнэнээ мэдүүл!  гэхэд,  Бодоо над хэлсэн гэв.

Бодоогоос асуусан нь: Таны биеийг Ерөнхий сайд байх цагт Чагдаржав таны тамга дарсан сул цаас хэдэн хуудас ав хэмээн хэлсэн нь үнэн үү?  гэхэд,

Бодоо: Үнэн гэв.

Чагдаржаваас асуусан нь: Үнэ­хээр Бодоод хэлсэн буюу? гэвэл,

Чагдаржав: Үнэн гэв.

Чагдаржаваас: Тамгатай сул цаас авч хэрхэх гэсэн билээ?  гэвэл, Чагдаржав хэлэх нь: Миний бие Лхасад мөргөхөөр одох хэмээн санасан тул хамгаалах бичиг ава­хын тулд хэрэглэх гэсэн.

Бодоогоос асуусан нь: Чагдар­жав мөргөхөөр одох гэж тэмдэгт цаас хэрэглэх гэсэн нь  үнэн үү?  гэвэл,

Бодоо хариу хэлэх нь: Одоо ямар хэргийн учир хэрэглэх гэснийг мэдсэнгүй, гагцхүү үүнийг гуйсан нь үнэн.  

Сургагч Сорокин хэлсэн нь:  Над өөр асуух зүйлгүй. Та нарт өөр мэдүүлэх  зүйл бий юу? гэвэл.

Бодоогийн хэлэх нь: Чагдар­жав, замын гаргашийг Бүтэмж гэлэн, Балжир гавж нараас  гаргуулан, Бодоо намайг Бээжинд явуулах гэсэн.  Би ямар хэргээр явуулахыг мэдсэнгүй. Бодвол, улс төрийн хэрэг буй заа гэж бодсон.

Чагдаржаваас асуусан нь: Та Бодоог ийнхүү явуулах гэсэн буюу? Гэвэл,

Чагдаржав хариу хэлэх нь: Би явуулах гэсэн нь биш, гагцхүү Бүтэмж, Балжир нар Бодоо бид хоёрыг явуулах гэж байсан нь үнэн, өөр мэдүүлэх үгийн зүйл үгүй  гэжээ.

Наймдугаар сарын шувтаргаар Хүрээний хашаа хороон дээр Шүүх яамнаас олон түмэнд хандсан ийм нэгэн бичиг наасан байлаа. “Монголын хууль цаазанд төрдөө тэрсэлсэн ялтай этгээдийн толгойг авч, эхнэр хүүхдийг нь сайд нарын гэрт боол болгон өгч, хамаг эд хөрөнгийг нь улсын санд хурааж, эцэг, эх, ах, дүүг нь 2000 мод газар цөлөн суурьшуулахаар заасан байдаг билээ. Гэвч ардын засгийн газраас дээр заасан шийтгэлийг зөвхөн гэмт этгээдүүдийн хувьд авч хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Ийнхүү засгаас урвасан бөгөөд хуйвалдагсдыг санаатайгаар нууж байсан нийт 15 хүнд цаазаар аваачих ял шийтгэлээ. Ялын шийдвэрийг 7-р сарын 9-ний өглөөний таван цагт буудан хороож гүйцэтгэсэн болно. Тэдгээрийн үр хүүхэд, төрөл төрөгсдийн хувьд оноох ял хуулинд буй боловч түүний оноогоогүй бөгөөд бид Богд хаан ба ардын засгийн газарт хандаж тэдгээрт өршөөл үзүүлэхийг гуйсныг ёсоор болгосон болно” гэжээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]