Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Өгөдэй хаан монголчуудын заншлыг зөрчсөн лал сүсэгтнийг хэрхэн шийтгэсэн тухайУншсан29,664

Эхлээд идшинд хэрэглэх хонь болон бусад амьтныг муулахдаа хэн ч гэсэн хоолойг нь огтолж болохгүй гэсэн хууль гаргасан байна.

Судрын чуулган бол Монгол эзэнт гүрний хаадын түүх төдийгүй тухайн цаг үеийн дэлхийн түүхийг хойч үедээ хүлээлгэж өгч чадсан гайхамшигтай бүтээл юм. Энэхүү оюун ухааны гайхамшигт эрдэнэсийн санг үе үеийн олон эрдэмтэн, судлаачид, академичид тал бүрээр нь судлан зэрэг цол хамгаалан, зохиол бүтээлдээ ашиглаж ирснийг дурдах нь илүүц бизээ. Ингээд манай сайтын зүгээс Рашид ад дины "Судрын чуулган"-аас Өгөдэй хааны засаглалын цаг үед хаантай холбогдон болж байсан үйл явдлуудыг дурдсан бяцхан өгүүллүүдийг сонгон авч цувралаар хүргэж байгаа билээ. Таалан болгооно уу.

Нэгэн өгүүлэл

Эхлээд идшинд хэрэглэх хонь болон бусад амьтныг муулахдаа хэн ч гэсэн хоолойг нь огтолж болохгүй гэсэн хууль гаргасан байна.

Тэдний заншлаар бол түүнийхээ өвчүү ба далыг нь зүсэж алдаг байна. /өрлөж алдаг гэсэн үг/ Нэгэн лалын сүсэгтэн захаас хонь аваад гэртээ хөтлөн харьж үүдээ түгжээд гэртээ хоолойг нь огтлон “Бисмилла” гэж наминчлав. Гэтэл ямар нэгэн кипчаг хүн түүнийг зах дээр хараад хойноос нь дагаж очоод байшингийнх нь дээвэр дээр гарсан байлаа.

Тэгээд лалын сүсэгтэн хониныхоо хоолой руу хутга шаахтай зэрэг нөгөө кипчаг хүн дээрээс нь дэвхрэн буугаад нөгөөхийн гарыг хүлж Өгөдэй хааны ордон тийш аваачлаа. Хаан хэргийг шалга гэж шүүгчээ явууллаа.

Тэд шалгаад хэрэг гарсан байдал болсон явдлыг илтгэхэд хаан айлдсан нь: Энэ үгээгүй нь манай хуулийг сахисан байна. Харин түрэг нь түүнийг зөрчсөн ажгуу. Учир нь дээвэр дээр нь гарсан байна гэв. Тэгээд лалын сүсэгтэн нь зэмгүй үлдэж харин кипчаг нь цаазлагджээ.

Нэгэн өгүүлэл

Монголчуудын заншил дэглэм нь ийм байдаг. Зун, хаврын улиралд өдрийн цагаар ч задгай гол усанд ордоггүй, тэр бүү хэл голын усанд гараа угаадаггүй, алт мөнгөн сав байлаа ч ус утгаж авдаггүй, угаасан хувцсаа газар дэлгэдэггүй байна. Учир нь гэвэл тэдний боддогоор чухам ийм зүйлүүд л тэнгэр хүчтэй дуугарах, цахилгаан цахилах явдлын шалтгаан болдог ажээ. (Монголчуудын байгаль дэлхийгээ хүндэлж, хөх тэнгэрээ шүтдэг заншлыг Рашид ад дин дутуу дулимаг ойлгосон байх талтай) Тэд нь энэ бүхнээс ихэд айж зугтаан гүйдэг байна.

Нэгэнтээ Өгөдэй хаан Цагадайтай ан хийгээд буцаж явсан байна. Тэд усанд ороод биеэ угааж байсан нэгэн лалын сүсэгтнийг харсан байна. Зан заншлыг ихээр баримталдаг байсан Цагадай лалын сүсэгтэнг алах гэсэн байна. Харин Өгөдэй хаан өгүүлрүүн: “Одоо цаг нь биш. Бид ч ядарлаа. Түүнийг бариад энэ шөнө цагдаж хоног. Харин маргааш түүнийг шүүг. Тэгээд цаазлаг” гэжээ. Тэрээр энэ хэргийг Данимэш Хажибт даалгаад лалын сүсэгтний орж байсан усанд нэгэн мөнгөн зоос нууцаар шид гээд маргааш шүүхэд ингэж өч гэж тэр лалын сүсэгтэнд хэл гэв. Үүнд, “Би ядуу хүн, надад байсан мөнгө минь усанд уначихсан билээ. Би түүнийгээ авахын тулд л усанд орсон” гэж хэлээрэй гэж Өгөдэй хаан тушаав.

Дараагийн өдөр нь түүнийг шүүхэд тэрээр энэ тайлбарыг хэлсэн байна. Тийш нь хүн явуулж үзүүлэхэд мөнгөн зоос олдсон байна. Хаан айлдсан нь: “Аугаа их ясыг хуулийг (Их Засаг) зөрчих зоригтой хүн байна? Энэ золгүй хүн туйлын их ядуу тул гачаалаас иймхэн юмны төлөө өөрийгөө золиос болгосон байна” гэжээ. Тэгээд суллаад хаан түүнд сангаас 10 зоос өг гэж тушаалаа. Тэгээд үүнээс хойш дахин ийм хэрэг гаргаж зүрхлэхгүй гэсэн баталгааг бичгээр гаргуулан авсан байна. Үүнээс болоод дэлхийн чөлөөт хүмүүс хааны сайн санааны боол болсон гэнэ. Учир нь сайн санаа бол ихээхэн үнэт эрдэнэсээс илүү ажгуу. Болгоогтун.

Сэтгэгдэл 1ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 4 сар 24. 12:27
би бол би

ямар мундаг хаантай байгаа вэ энэрэнгүй ухаантай

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]