Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн контентийг ивээн тэтгэгч, мэдлэгийг дээдлэгч Петровис групп

Шүүхийн шийдвэрээр Ю.Цэдэнбал агсныг цагаатгажээУншсан1,189

Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалыг цагаатгах өргөдлийг хэлэлцэх шүүх хурал гурав дахь удаагаа болж, түүнийг хэлмэгдүүлсэнд тооцож, цагаатгасан байна.

Ю.Цэдэнбал агсныг хэлмэгдсэнд тооцуулж, цагаатгуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2021 оны аравдугаар сарын 5-ны өдөр хянан хэлэлцжээ.

Улмаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Монголын төрийг 44 жил удирдсан Ю.Цэдэнбалыг цагаатгах өргөдлийг хэлэлцэх шүүх хурал гурав дахь удаагаа болж, түүнийг хэлмэгдүүлсэнд тооцож, цагаатгасан байна.

Шүүх хуралд өргөдөл гаргагч Түүхийн шинжлэх ухааны доктор профессор, Юмжаагийн Цэдэнбалын намтар судлаач Ц.Жамбалсүрэн, гавьяат хуульч, өмгөөлөгч С.Нарангэрэл, өмгөөлөгч Ж.Жавзандулам нар оролцжээ.

Эргэн сануулахад, УИХ-ын гишүүн С.Одонтуяа 2020 оны наймдугаар сарын 27-нд УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлын удирдан зохион байгуулах комиссын дэд даргын хувьд Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу цагаатгуулахаар шүүхэд хандаж байв.

Тэрбээр, "Монгол Улсын төрийн тэргүүнээр 44 жил ажилласан Ю.Цэдэнбал, түүний гэргий А.Филатова нарыг хууль ёсны дагуу, шүүхийн шийдвэрээр цагаатгуулахаар Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргаж байна. Эдгээр хүнийг цаг хугацааны хувьд түүх цагаатгасан боловч албан ёсоор шүүхийн шийдвэр гарч цагаатгасан баримт бичиг одоогоор байхгүй байгаа. 

 2014 оны аравдугаар сарын 22-ны өдөр УИХ-ын дэд дарга Л.Цогоор ахлуулсан ажлын хэсэг Ю.Цэдэнбалыг хэлмэгдүүлсэн байна гэдэг дүгнэлтийг түүхийн бүхий л эх сурвалжуудад үндэслэж тогтоосон" хэмээн мэдэгдэж байлаа.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал нь Увс аймгийн Давст сум Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 онд Ховд хотын бага сургуульд элсэж, 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж 1938 онд Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.

1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтагаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Ю.Цэдэнбалыг Зөвлөлтийн Улсыг Аюулаас Хамгаалах Хороо /КГБ/ монголын удирдагчаар томилж байсан бол түүнийг албан тушаалаас нь зайлуулах ажиллагааг мөн л зөвлөлтийн КГБ зохион байгуулсан хэмээн зарим судлаачид үздэг. Ю.Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарч байсан. Ю.Цэдэнбал Монголдоо очих талаар ЗХУКН-ын Төв Хороо, Москва дахь Монголын Элчин сайдын яаманд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хэн ч түүний хүсэлтийг хүлээж аваагүй юм. Ю.Цэдэнбал 1991 онд Москвад нас барахад шарилыг нь Улаанбаатарт авчирч, Алтан-Өлгийд оршуулжээ. Цэдэнбалын оршуулах ажиллагаанд түүний гэргий А.Филатова оролцохоор Москвагаас Улаанбаатарт ирээд байхад нь монголын прокурорын байгууллага түүнээс байцаалт авахыг оролдож байсан юм.

Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбалыг цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын гишүүд дараах дүгнэлтийг гаргаж байв.

Нэгдүгээрт. Иргэн Ю.Цэдэнбалын эх орондоо амьдрах эрхийг тухайн үеийн эрх баригчид бүдүүлгээр зөрчиж, гадаад оронд эмчлүүлнэ хэмээн хууран мэхлэх замаар явуулж, нас барах хүртэл нь долоон жил гэрийн хорионд хатуу хяналтан дор байлгаж, иргэний паспортыг нь Монголын Элчин Сайдын Яам хурааж авсан байна.

 Энэ нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн: Гуравдугаар зүйлийн 3.1.2-т: “Улс төрийн хэлмэгдүүлэлт” гэдэгт “Шүүхээс гадуур нутаг зааж суулгах, хууль бусаар эрх, эрх чөлөөг нь хязгаарлах” гэсэн заалттай тохирч байх тул Ю.Цэдэнбалыг улс төрийн талаар хэлмэгдсэн болохыг харуулж байна.

Хоёрдугаарт. Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Үндсэн хуулийн 19 дугаар зүйлийн “Иргэний хөдөлмөрлөж олсон орлого, хадгаламж, орон сууц, амины туслах аж ахуй, амины хэрэгцээт зүйл, гэрийн эд хогшлыг аминдаа өмчлөх эрх, түүнчлэн амины өмчийг өвлөх эрхийг хуулиар хамгаална” 87 дугаар зүйлийн “БНМАУ-ын иргэдийн орон сууц, захидал харилцааны нууц нь халдашгүй эрхээр хангагдана” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Ю.Цэдэнбалын гэр байшинд эздийн нь зөвшөөрөлгүй, шүүхийн шийдвэргүйгээр халдаж, хувийн эд, хөрөнгийг нь хурааж, үрэгдүүлэн, түүх соёлын 30 мянга гаруй үзвэрийг шамшигдуулсан нь хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болжээ.

Гуравдугаарт. Аль ч шатны шүүхийн шийдвэр гараагүй байтал үндэслэлгүйгээр Ю.Цэдэнбалын улсын Хошой Баатар, Маршал цол болон одон, тэмдэгийг хураасан МАХН-ын шийдвэр нь хүний эрхийг ноцтой зөрчсөн, хохироож хэлмэгдүүлсэн үйлдэл байв. Тухайлбал, өөрийг нь байлцуулалгүйгээр, тодорхой үндэслэлгүйгээр намаас хөөсөн нь дүрмээ зөрчсөн, иргэний эвлэлдэн нэгдэх эрхийг хөсөрдүүлсэн, МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1990 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр гаргасан “Нөхөр Ю.Цэдэнбалд БНМАУ-ын Маршал, Хөдөлмөрийн Баатар, Улсын Баатар цол олгох тухай гарсан тогтоолуудыг хүчингүй болгох тухай” 15 тоот тогтоол нь тухайн үеийн Үндсэн хуулийг зөрчсөн, төр, засгийн байгууллагуудад нөлөөлөх гэсэн оролдлого, хүний эрхийг ноцтой хохироож хэлмэгдүүлсэн хэрэг мөн байв.

БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчид 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр “Юмжаагийн Цэдэнбалд олгосон цолуудыг хасах тухай” зарлиг гаргасан нь шүүхийн ямар ч шийдвэргүй бөгөөд тодорхой үндэслэлгүй, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл байв.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]