Бэлтгэсэн Б.Нямдолгор
Олонх хүмүүс ахмад дайчдад зориулсан эмнэлэг, тэдэнд зориулж төрөөс олгох тэтгэвэр, тэтгэмж зэргийг орчин үеийн ардчилсан нийгэмд л бий болсон хэмээн дүгнэх нь бий. Улс орнуудын цэрэг армийн номлолд цэрэг эрс эх орныхоо төлөө чин сэтгэлээсээ зүтгэвэл, хожим хойно төр засгийн ивээл хайрыг хүртэнэ хэмээдэг нь ч үнэн.
Гэхдээ дайны гал дунд, дарийн утаа үнэрлэсэн цэрэг эрсэд "саарал шинель"-ээ тайлсан хойно нь төрөөс олгох ивээл хайр бүр Ромын эзэнт гүрний үеэс эхлэлтэй. Гэхдээ та эртний ямар ч соёл иргэншилд баатар эрс хаад ноёдынхоо ивээл хайрыг хүртэж байгаагүй гэж үү хэмээн асуух байх. Тэр ч зөв. Гэхдээ Ромын үеийн хууль, тогтоомжид энэ нь бүр хуульчилсан байдлаар тусгалаа олсон байдаг. Нийтийн тооллын 100-гаад оны орчимд Ромын эзэн хаан Марк Траян хамгийн олон дайн тулаанд шалгарсан шилдэг цэргүүдээс бүрдсэн 3-р легионы дайчин цэргүүддээ зориулан бүхэл бүтэн хот барьж байгуулан тэдэнд дайн, тулаангүйгээр илүү амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлж өгөхөөр шийдсэн аж.
Эзэнт гүрний үед дайн тулааны дараа цэргээс чөлөөлөгдсөн, нас ахисан легионы цэргүүд нь нийгмийн бүхэл бүтэн нэг хэсэг болж байв. Дайн тулааны үед дахин мөр зэрэгцэн тулалддаг байсан ч энх цагт тэдний амьдрал тийм ч сайнгүй байв. Учир нь ромчууд газар нутгаа тэлж, өргөжүүлэн, томоохон ялалт байгуулж, улс орнуудыг түрэмгийлсний дараа үй олон боолууд Ромын эзэнт гүрний өнцөг булан бүрт хямд ажиллах хүч болон хувирчээ. Тиймээс дайны дараа цэргээс ирсэн легионерууд ажилгүй ядуурч, хаад ноёд жанждаасаа амласан газар эзэмших эрх, өмч хөрөнгө, боолууд нэхдэг байв. Энэ асуудал Ромын үе үеийн хаад, язгууртнуудад тулгарч байлаа.
Харин Таван сайн хаадын үе хэмээн нэрлэгдсэн "Ромын энх амгалан" буюу Пакс Романагийн үеийн таван хааны нэг Траян цэргүүдийнхээ халамж, тэтгэмжид онцгой анхаарч байсан гэдэг. Зөвхөн цэрэг эрсээр ч тогтсонгүй, Траян хаан ромын залуу иргэд, хүүхдүүдийн эзэмших боловсролд ихээхэн анхаарал хандуулж, эцэг эх нь ядуу байсан ч үр хүүхдүүдийг нь сургах тэтгэлгийн санг байгуулан ажиллуулж байжээ.
Траян хааны энэхүү нийгмийн халамжийн асуудлыг шийдэх оролдогуудын нэгийн тухай одоо өгүүлье. Цэрэг эрсийн гэр бүлд зориулсан энэхүү алслагдмал сууринг өнөөгийн Алжирын хойд хэсэгт, Аврес уулын хөндийд байгуулж Тхамугади хэмээн нэрлэжээ. Энэ шийдвэр эзэн хааны алсын хараа, цэрэг эрсийнхээ сайн сайхны төлөө гэсэн түүний сэтгэлийн илрэл байсан юм. Хотод тухайн үеийн Ромын томоохон бүх хот сууринд байдаг мэсчин боолуудын тулаан явагддаг колизей, нийтийн угаалгын газар зэрэг бүх л барилга, байгууламжуудыг барьж байгуулсан байлаа. Мөн Африкийн хойд эргийн хотууд руу хүрсэн чанартай зам тээврийн бүтэц хүртэл байгуулж. Яваандаа Тимгади, Тимгад нэртэй болсон хотын оршин суугчдын тоо оргил үедээ 100 мянга болтлоо өсчээ. Улмаар Хойд Африкийн гүн дэх христэд итгэгчдийн түшиц, томоохон төв ч болж байв. Гэхдээ хот хэдэн зууны хугацаанд тоо томшгүй олон халдлагад өртөж яваандаа түүхийн хуудаснаас арчигджээ.
Ромын эзэнт гүрний тал бүрээс довтолсон гот аймгуудын довтолгоог ромын легионууд зогсоож хүчрэхээ болив. Тэрхүү олон гот гаралтай аймгуудын дундаас Испанийн хойгоос шахагдаж, хойд Амрикт нэвтэрсэн Вандалчууд 430 онд Тимгад хотыг эзлэн түрэмгийлж, аймшигтайгаар эвдлэн сүйтгэжээ. Улмаар Хойд Африкаар дамжин вандалууд Ромыг эзлэн авч түйвээсэн юм. Ромчууд гот нүүдэлчдийн аймгуудаас хамгийн харгис догшин, соёл иргэншлийг сүйтгэгчид нь Вандал аймаг хэмээн үздэг байжээ. Нийтийн тооллын 700 он гэхэд хот оршин суугчидгүй болж, аажмаар Сахарын элсэн цөлийн элчилгүй шаргал давалгаанд бүрхэгджээ.
1765 онд шинийг сэдэх дуртай Шотландын судлаач Жэймс Брус хүрэлцэн ирэх хүртэл хот ойролцоогоор 1000 гаруй жилийн турш газарт булаатай байв. Жэймс Брус болон түүний багийнхан Тимгад хотыг илрүүлэхийн тулд цөхрөлтгүй ажилласан ч олдсон жаахан олдвор, дээжээ аван Англи руу буцсан байдаг. Албаны хүмүүс Брусын ярианд эргэлзэнгүй хандсанаас болж Тимгад хот ахин нэг зууны турш хэнд ч мэдэгдэлгүйгээр булаатай хэвээр оршив.
Ингэж явсаар 1881 онд Францын колоничлогчид Алжирт суурьшсанаар Тимгад хотыг илрүүлж, бүрэн малтлага хийн сэргээжээ. Өнөөдөр Тимгад хот өөрийн барилга байгууламжаараа Ромын архитекторын тансаг сайхан жишээ болж үлджээ. Ромын иргэдийн амьдралын хэв маяг, зугаа цэнгэлээс боловсрол хүртэлх аливаа зүйлд хэрхэн ханддаг байсан талаар бүхнийг хэлэх Тимгад хотын туурийг 1982 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэн авсан. Орчин цагийн түүхчид, археологичид, мэргэжилтнүүд Ромын үеийн түүхийг судлах хүсэл, сонирхолтой хүмүүсийг энэ хотыг ирж судалж үзэхийг зөвлөх болжээ. Эртний цаг үе, соёл иргэншил, ромчуудын бидэнд үлдээсэн үнэт зүйлсийг ойроос харах нэн тохиромжтой газар бол Тимгад хот билээ. Энэ хот руу аялах боломж одоогоор байхгүй байгаа ч коронавирус үгүй болж энх цаг ирсний дараа хүмүүс Тимгад хотод хүрч, цоо шинэ аяллын маршрут нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа юм.