Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оросын армийн Дээд Ерөнхий командлагч Корнилов-1: Орос Японы дайндУншсан10,934

Хойд хөршийн түүхэнд тод томруунаар мөрөө үлдээсэн монгол цуст, халимаг генералын түүхийг цувралаар хүргэж байгааг таалан болгооно уу.

Хойд хөршийн түүхэнд тод томруунаар мөрөө үлдээсэн Монгол цуст, халимаг генералын түүхийг цувралаар хүргэж  байгааг таалан болгооно уу.

Лавр Георгиевич Корнилов буюу Л.ГДэлдэнов Оросын түүхийн хамгийн ээдрээтэй цаг үед амьдарч байхдаа цэргийн жанжин болон товойн гарсан, эв нь таарсан бол Октябрийн хувьсгалыг ч нухчин дарж, хаант засаглалыг сэргээн тогтоох, түүхийг эргүүлэх хүч нөлөө гарт нь хангалттай байсан, хүчирхэг генерал байсныг та бүхэн унших болно.

Генерал Корниловын амьдрал, үйл хэрэг оньсого таавраар дүүрэн. Шударга офицер, төрийн нэр хүндтэй энэ хүн Зөвлөлтийн түүхэнд удаан хугацааны турш цэргийн дарангуйлал тогтоохыг оролдсон хүн гэсэн тааруухан тодотголтой үлдэж хоцорсон. Тааруухан тодотголын шалтгаан нь ч ойлгомжтой. Зөвлөлт засгийн эсрэг, хаант улсдаа эцсээ хүртэл үнэнч байсан хүн л дээ.

 

Корниловын үймээн, буюу хэрэг явдлыг Хаант Оросын төрийг сэргээх хүсэл зорилго бүхий армийнхны хуйвалдаан, түүний гол зорилго нь большевикуудыг засгийн эрхэнд гарахыг хүлээн зөвшөөрөхгүй байх явдал гэж тухайн үед харж байсан, Зөвлөлт засгийн үед ч тийм байв. Харин одоо бол арай өөр. Оросууд иргэний дайны цагаантны хөдөлгөөний генерал, жанжнуудынхаа үйл хэргийг Орос гүрэн, орос үндэстний төлөө зүтгэсэн гэдэг талаас харж алдар гавьяаг нь сэргээн мандуулж, цагаатгаж, кино хийж, ном бичин, судалгаагаа идэвхжүүлж байна. Энэхүү түүхэн эргэлтийн урсгалд Л.Г.Корнилов ч ямар нэг хэмжээгээр өртөж, түүний намтар, үйл хэргийг арай өөр талаас буюу эерэгээр харах болжээ.

XX зуун гармагц хэтэрхий баян чинээлэг, дээд  давхаргынхан маш хүнд хүчир амьдралтай ард түмэн гэсэн хоёр давхаргад хуваагдсан Орос орон хувьсгалаар амьсгалж гарав. Энэ он жилүүдэд улс төрийн тэргүүлэх байр сууринд гарч ирсэн гарамгай офицер Корнилов 1870 оны наймдугаар сарын 30-нд нийслэлээс алс хол Усть-Каменогорск хэмээх бяцхан хотод мэндэлжээ.

Усть-Каменогорск нь өнөөгийн Казакстаны хот бөгөөд Монгол, Хятадын хил орчмоос эх авч урсаад Зайсан нуурт цутгадаг Эрчис мөрний эрэгт оршдог. Корниловын гарал үүслийн талаар судлаачид сүүлийн үед янз бүрийн таамаглал дэвшүүлэх болсон. Жишээ нь Казакстаны судлаачид Л.Корнилов нь казак нутагт төрсөн, казак хүн юм аа гэж үздэг.

Тэгвэл Корниловыг мэндлэхээс ганц зуухан жилийн өмнө Зүүнгарын мэдэлд байсан нутаг дэвсгэр бол Эрчис мөрний дээд бие. Тиймээс ч Зүүнгарын ард түмний нэгэн тасархай торгууд буюу халимгуудын их нүүдлээс үлдэж хоцорсон, гээгдэж нутгийнхантай холилдсон халимаг хүмүүсийн үр сад нь Лавр Георгиевичийг хэмээн ихэнх судлаачид үздэг байна.

Түүний аав Егор Корнилов Сибирийн казах цэргийн 7-р хорооны хорунжий (цэргийн цол) байсан ч хүүхдээ төрөхийн өмнөхөн ажлаа өөрчилж, коллежийн бүртгэгч болжээ. Ээж Мария Ивановна нь ч нүүдэлчин угсааны нэгэн байжээ.

Лавр Георгиевич сөлөрдүү нүд, шийдэмгий, цовоо сэргэлэн, золбоолог харц гээд гадна төрхөөрөө ч азийнхны шинж байдал, гарал үүслээ бататгадаг байж. Корнилов хар багаасаа л тодорхой зорилготой, оюуны өндөр чадамжтайгаараа үеийнхнээсээ онцгойрдог байсан гэнэ. Тэр гадаад хэлийг амархан эзэмшдэг байж. Ээж нь хэдийгээр бичиг үсэггүй ч тэдний гэр бүлд соён гэгээрүүлэх уур амьсгал ноёлж, соёл боловсролын аливаа бүхнийг сонирхох хүслийг хөхиүлэн дэмждэг байв.

Лавр Георгиевич 11 насандаа гэр бүлийнхэнтэйгээ хамт Хятадтай хиллэдэг (Зайсан нуурын ойролцоох) Зайсан хэмээх жижиг тосгонд нүүн иржээ. Энэ үед хүү бага сургуулиа амжилттай дүүргээд байлаа. Корнилов нутгийнхны ахуй амьдрал, хэл, заншилтай танилцсан нь хожим дорно дахиныг судлаач болох, цэрэг тагнуулын үйл ажиллагаа явуулахдаа амжилт гаргахад дөхөм болжээ.

Удалгүй өсөж яваа залуу хүү Омск дахь Сибирийн кадетын сургууль, дараа нь цэргийн артиллерийн шилдэг сургууль болох Михайловскийг амжилттай дүүргэсэн байна.

Эзэнт гүрний армид дайчин халимагууд, Ижил, Запорожийн хасагууд онцгой үүрэг гүйцэтгэдэг, алдар гавьяа нь дуурсаж байдаг тул өсвөр насны халимаг угсааны хүү цэргийн хүн болохоор бүрмөсөн шийдсэн тухай хожим Корнилов нэгэн дурсамждаа тодорхой бичсэн байдаг гэнэ.

Сурган хүмүүжүүлэгчид нь түүнийг хариуцлагатай, хөдөлмөрч хэмээн тэмдэглэж байсан бөгөөд энд л орос офицерийн хатуу, нэр төрөө эрхэмлэдэг зан төлөвшжээ. Лавр Георгиевичийн цэргийн намтарт анхны хэмээн тодорхойлогддог үйл явдал бол Михайловскийн сургуулийн офицеруудын нэгэнтэй хийсэн маргаан юм.

Михайловскийн сургуулийнхныг зовоодог, бүгдийнх нь үзэн ядалтыг  төрүүлдэг, язгууртан гэр бүлээс гаралтайд нь болоод сургуулийн захиргаа элдэв бусармаг үйлдлийг нь яаж ч чаддаггүй нэгэн офицерыг 20 настай залуу Корнилов хашрааж өгсөн тухай сүүлд санамсаргүй ил болсон нэгэн баримтад дурдагдсан байжээ.

Улмаар язгууртнуудын дайралтад өртсөн ч Корнилов хуулийн өндөр  мэдлэгийнхээ ачаар эвтэйхэн хариу барьж, хэрэг явдлыг сэлэм эргүүлэх хэмжээнд тулгалгүйгээр нэр төрөө хамгаалж гарч чадсан гэдэг. Тухайн үед багш нар нь хүүгийн ухаалаг зан чанарт анхааралтай хандаж, хэрүүл шуугианыг амжилттай зохицуулахад нь ч  тусалсан гэнэ.

Цэргийн сургуулийн багш нар түүнийг сайн дэмжиж өгч, Корнилов ч карьераа амжилттай эхэлжээ. Бүтээлч, эрч хүчтэй, дээрээс нь оюуны өндөр чадвартай, удирдагч шинж чанартай. Энэ бүгд түүнийг асар хурдтай биш ч эрчимтэйгээр дээш ахихад нөлөөлсөн.

Багш нарынхаа хэтэрхий өндөр гэмээр тодорхойлолтын ачаар Корнилов гвардид элсэж, Москвагийн цэргийн тойрогт алба хаахаар болж. Гэсэн ч ёстой л сэтгэлийн дуудлагаар Туркестаны цэргийн тойрогт, их бууны бригадын 5 дугаар батерейд сайн дураар хуваарилагджээ.

Энд томилогдсон нь өөр нэг шалтгаантай. Учир нь Орос гүрэн Афганистан, Персийн бүс нутагт Англитай харилцаа нэлээд хурцадмал болоод байсан. Ийнхүү Корнилов цэрэг армийнхаа тэргүүн эгнээнд явахыг хүсчээ. Удалгүй Лавр Георгиевич Ерөнхий штабын академид элсэж, 1896 онд Таисия Марковинатай гэр бүл болжээ. Академийг тун амжилттай төгссөний ачаар Корнилов Петербургт үлдэх боломж тохиосон байн. Гэвч тэр Дорно зүг рүү тэмүүлж байлаа.

Туркестан дахь ирээдүйн ерөнхий командлагч тэрээр зургаан жилийг даалгавар гүйцэтгэгч офицерийн албанд өнгөрөөж, хожим нь штабын офицер болжээ. Энд тэрээр Дейдади хэмээх Английн цаазын төлөвлөгөөг тагнах сайн дурын, зоримог ажиллагааг гардан гүйцэтгэсэн байна.

Ази төрх, хэлний асар их мэдлэгээ ашиглан Лавр Георгиевич дайсныхаа цайз, боомтууд руу нэвтэрч, дээд албан тушаалтнуудын авна ч гэж найдаагүй байсан мэдээллийг олж ирдэг байжээ. Гэвч ийм уран аргаар явуулсан ажиллагаанд шагнал хүртэхийн оронд заримдаа хэтэрхий их эр зориг, эрсдэл гаргасныхаа төлөө хатуу донгодолт, зэмлэл хүртдэг байв. Дорнодод байх жилүүддээ ирээдүйн генерал Афганистан, Перс, Туркестаны зүүн хэсгийн онцлогийг дүрслэн гаргаж, тагнуулын салбар холбоог амжилттай тогтоож байлаа. Ажиглалт, олж авсан үр дүнгээ тэрээр Орос болон хилийн чанад дахь шинжлэх ухааны тойргуудад өндрөөр үнэлэгдсэн “Кашгар буюу зүүн Туркестан” номондоо бичжээ.

Туркестанд алба хаасан нь залуу офицерт Гэгээн Станиславын 3 дугаар зэргийн одон авч иржээ.

Гэхдээ Туркестанд алба хааж байх үед түүний цэрэг дайны гэхээс илүүтэй судлаач, шинжээчийн авьяас илүүтэй илэрч байсан юм. Корнилов Ираны Цөхрөлийн цөлөөр нэг удаа аялал хийж явахдаа газар нутгийг нарийнаар дүрсэлж чадсан байдаг. Тэдний аяллын экспедицийн гаргасан газрын зураг, ажлыг үндсэслэн дорнын энэ орны тухай газар зүй, угсаатан болон бусад салбарын тухай мэдлэгийн хомсдол үгүй болсон юм. 1903-1904 онд Энэтхэгт томилолтоор явж, Корнилов эндхийн колонийн систем, Их Британийн засаг захиргааны тогтвортой байдалд дүн шинжилгээ хийжээ.

Ийнхүү удаан хугацааны турш судалгаа, шинжилгээний ажил хийж, экспедицид ажилласны эцэст Лавр Георгиевичийг штабын бага даргаар томилжээ. Гэвч тэр армийн эгнээнд шилжихийг илүүд үзсэн байна. Учир нь тэрээр Петербургт байх нь ашиггүй гэж үзжээ.

1904 онд Япон Хаант Орост дайн зарлалаа. Дорно зүг, Номхон далай тийш хил хязгаараа тэлж байсан Орос гүрний тэлэлт тэнгисийн цаадах шинэ гүрэн Наран улсын эрх ашгийг хөндөв. Корниловын дарийн утаа үнэрлэсэн анхны том дайн  ийнхүү эхлэв. Оросын эзэнт гүрний 1 сая орчим цэрэг улс орны өнцөг булан бүрээс алс дорнодыг зорив. Транс Сибирийн төмөр зам цэрэг, зэвсэг ачсан галт тэргийн цуваагаар дүүрлээ.

Орос - Японы дайны Халимаг дайчин

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 12 сар 10. 15:53
нанО

үнэндээ Монголын үртэс юм.

2018, 1 сар 23. 22:35
Зочин

ih saihan hun bijdee

2017, 11 сар 30. 15:30
Зочиншонх

КОРНИЛОВ ХАЛИМАГ ХҮН доны хасаг буюу КОЗОК аилд үрчлэгдсэн юм. КАЗАХ гэж бичих нь буруу. КАЗАХ ГЭВЭЛ мусальман казах БАЯНӨЛГИЙНХӨН шиг юм болчино.СҮҮЛД ДҮҮГЭЭ хажуудаа авсан ч гэдэг. ИХ БУУНЫ СУМАНД өртөж КОМАНДЫН баирандаа өнгөрсөн юм. БҮХ ОРОСЫН армийн тэргүүн комондлагч баисиймаа.халимаг МОНГОЛ ХӨӨН.

2020, 1 сар 11. 19:30
Зочин

Ямарч хачин дуусах юм

2017, 12 сар 13. 21:52
Ойрад Монгол

галхуудаа халимаг чинь ойрадууд биз дээ айн

2018, 2 сар 23. 21:30
Зочин

Ойродууд чинь Монгол шүүдээ хө...

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]