Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ундаанаас болж улсаараа хямарсан түүхУншсан18,711

1992 он. Филиппиний ундааны зах зээлийн бараг 75%-ийг Кока-кола эзэлж байсан бол Пепсигйин хувьд энэ тоо нь ердөө л 4%.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Кока-Кола, Пепси-Кола хэмээх хоёр сайхан ундааг мэдэхгүй хүн энэ дэлхий дээр байдаг болов уу? Хийжүүлсэн ундааны энэ хоёр том мангас зах зээлийнхээ төлөө байнга л өрсөлдөж байдаг бөгөөд Кока-Кола нь ихэнх тохиолдолд өрсөлдөгчөөсөө нэг алхмын түрүүнд явдаг гэвэл нэг их буруудахгүй байх. Пепси үүнтэй эвлэрэлгүй маркетингийн олон төрлийн үйл ажиллагааг явуулж, алдаж онож явсан зөндөө түүх бий бөгөөд эдгээрээс Филиппинд болсон явдал хамгийн их шуугиан тарьсан билээ.

1992 он. Филиппиний ундааны зах зээлийн бараг 75 хувийг Кока-кола эзэлж байсан бол Пепсигийн хувьд ердөө 4 хувь. Энэ байдлыг өөрчлөхийн тулд Пепси компани урьд Латин Америкт хэрэгжүүлж амжилт олсон аргаа хэрэглэхээр шийдсэн нь ундаа болгоны таган дор гурван оронтой тоо нууж, тэрхүү тоо нь орой болгон ТВ-ээр явах хонжвортой таарч байвал хамгийн багадаа 100 песо (4 доллар) хожих ба супер шагнал нь 40000 доллартай тэнцэх хэмжээний их мөнгө байж. Тухайн үед 100 песо нь бүтэн өдрийн ажлын хөлстэй тэнцэж байсан бол 40000 доллар нь шударга ёсоор ажиллаж амьдарч байгаа хүний 23 жилийн цалинтай тэнцэх хэмжээний мөнгө байсан юм.

Ингээд хонжвортой худалдаа эхэлж орой болгон хүмүүс уусан ундааныхаа бөглөөг барин зурагт харан суудаг ажилтай болж, Пепси ундааг ч хэдэн мянга, түмээр нь худалдаж авдаг боллоо. Хоёр гуравхан сарын дотор Пепси Филиппиний ундааны зах зээлийн 25 хувийг эзлэх болж яваандаа бараг л ганцаараа эзэгнэх магадлал хүртэл харагдаж байсан гэдэг. Ямар ч байсан энэ худалдааны үр дүнд 31 сая хүн уусан ундааныхаа бөглөөг хадгалж байсан байна. Удалгүй супер шагнал тодруулах цаг болсон буюу нөгөө 40000 долларын шагнал! Бүр урьдаас 349 гэсэн тоот таг энэ шагналын эзэн болно гэж Пепси ко шийдэж уг тоог нууцлан хадгалж байгаад  тогтсон цагт өнөөх нууц тоогоо зурагтаар зарлах үед Филиппин даяар бөөн юм болж эхэлжээ.

349 тоотой тагийг 800000 гаруй хүн барин сууж байсан учраас ингэх нь ч аргагүй юм. 800000*40000= аймшигтай их тоо.

Чухам яагаад ийм алдаа гарсан шалтгааныг олж чадаагүй ба хэн нэгний буруу зөрүү үйлдэл, өрсөлдөгч нарын явуулга гээд түмэн хардлага сэрдлэг ундрах ч хамгийн гол бэрхшээл нь одоо өгөх ёстой шагналыг яах вэ гэдэг асуудал байлаа. Пепси ганцхан хүн ийм шагнал хожно гэж тооцож байсан бөгөөд нэг биш 800 мянган хүнд ийм шагнал олгох ямар ч боломжгүй нь ойлгомжтой. Тийм учраас яаран сандран техникийн алдаа гарсан талаар мэдэгдэл гаргасны дараа улс орон даяар буцалж эхэлжээ.

Тухайн үеийн Филиппинд эдийн засгийн байдал хүнд, хээл хахууль дэндүү их газар авсан, цахилгаан хангамж байнга тасалддаг гээд олон бэрхшээлүүд байсан зэргээс болж мянга мянган хүнийг хамарсан жагсаал цуглаан байсхийгээд л болдог байсан боловч энэ удаагийн жагсаал, эсэргүүцлийн арга хэмжээнүүд дэндүү олон хүнтэй, маш догшин болж эхэлсэн байна. Эхлээд тайван жагсаал хийж эхэлсэн хүмүүс яваандаа улайран галзуурч, Пепси ко компанийн байшин сав, машин тэргийг э в д э ж, ш а т а а ж  эхэлсэн ба Пепсигийн хэд хэдэн ажилтан нь а м ь а л д с а н ы дараа тус компани томоохон менежерүүдээ тэр даруй татан авсан байна. Эдгээр хүмүүстэй зөрөн Пепси ко-гийн ерөнхий захирал Христофер Синклер Филиппинд ирж Ерөнхийлөгч Фидель Рамостой уулзан болж байгаа үйл явдлыг хэрхэн шийдэх талаар зөвлөгөөн хийжээ.

Ингээд Пепси ко сайн санааны үндсэн дээр 349 тоот тагтай хүн болгонд 500 песо буюу 20 орчим долларыг өгөхөөр шийдсэнээ зарлахад бараг 500 мянган хүн үүнийг нь тэр даруй зөвшөөрсөн бөгөөд энэ нь нийт 9 сая доллар болж. Уг хонжворт худалдааны ерөнхий шагналын сан нь ердөө 2 сая доллар байсан гэдэгтэй харьцуулахад энэ нь яах аргагүй их тоо байлаа. Харин 40 мянган доллартай болох хүсэлтэй нөхдүүд бууж өгөлгүй тэмцсээр байсан боловч анх хамтдаа жагсаж эхэлсэн ихэнх хүмүүс нь “Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгийг илүүд үзсэн” учир тэд тооны хувьд ихээхэн цөөрсөн байв. Тэд одоо нэгэнт олныг хамарч чадахгүй болсон хойно цорын ганц тэмцлийн хэлбэр нь шүүхдэх гэж үзэн, ээлж дараалан өргөдөл гомдол гаргаж эхэлжээ. Тэд Пепси-ко компанийг з а л и л а н хийсэн гэж үзэж байв.

Шүүх энэ хардлагыг үндэслэлгүй гэж үзсэн боловч 349 тоот таг бүхий хүн болгонд 10 мянган песо өгөхийг Пепси ко-д үүрэг болгожээ. Тэмцэгчид дараагийн шатны шүүхэд хандсаны дүнд нөхөн төлбөр нь 30 мянган доллар болж өссөн боловч хэрүүл маргаан дуусахгүй яв явсаар эцэстээ 2006 онтой золгосон байна.

2006 онд Филиппиний дээд шүүх Пепси ко компанийг буруугүй гэж үзсэн ба тэдний үйлдэлд г э м т х э р г и й н бүрэлдэхүүн байхгүй, болсон явдал нь жирийн нэг алдаанаас үүдэлтэй гэж тогтоожээ. Хэрвээ Пепси ко-ийн Ерөнхий захирал будлиан болсны дараа яаран ирж тэрхүү 500 песо буюу 20 долларыг амлаагүй бол Филиппин улсад д а й н дажин гарч олон зуун хүн ү р э г д э х нь ойлгомжтой байсан юм хэмээн тэр үед бичиж байсан юм гэнэ лээ.

P.S.

1992 оны тэр үйл явдлыг санаандгүй нэг алдаа биш, бүр урьдаас төлөвлөсөн юм биш биз гэсэн хардлага олон хүнд байдаг бололтой. Сонирхоод орчин үед Пепси ко-гийн ундаанууд Филиппиний зах зээлийн хэдэн хувийг эзэлж байгааг сонирхож хайж эхэлснээ... “Арай ч тийм с ү н с г ү й муухай юм хийхгүй байлгүй дээ...” гэж бодоод орхив.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]