Ж.Өсөхбаярын нийтлэл: Агаараас эсэргүүцэх пуужингийн цогцолбор Stinger
Бидний мэдэх Стингер пуужин нь цоо шинэ хувьсгал хийсэн эд биш байжээ.
Бүр Дэлхийн 2-р дайны дараахан явган цэрэгт шаардлагатай агаараас эсэргүүцэх зэвсэг хэрэгтэй болох нь мэдэгдэж байлаа. Учир нь дайны 6 жилийн дотор модон онгоцууд тийрэлтэт онгоц болтлоо сайжирчихсан учир тэднийг пулемётоор устгана гэдэг боломжгүй шахуу. Энэ үед АНУ-ын зэвсэгт хүчин дайны үед амжилттай ашиглагдсан Базука гээч гранат шидэгч төхөөрөмжийн санааг ашиглан агаараас эсэргүүцэх пуужин хийх санааг гаргажээ. Судалгааны явцад хэт улаан туяаны хараалах системийг ашиглаад тухайн үеийн АНУ-ын нисэх хүчинд ашиглаж байсан агаар-агаар ангиллын пуужинг явган цэрэг мөрөн дээрээ барьсан урт хоолойгоор газраас харвах санаа гаргажээ. Уг шинэ төрлийн агаараас эсэргүүцэх пуужинг 1958 онд амжилттай туршсан учир цаашдын хөгжүүлэлт хийж эхэлжээ.
Энэ бол цаашдын Стингер пуужингийн эцэг болох Red eye буюу Улаан нүд нэртэй пуужин харвагч байлаа. Анхны загварууд залуургүй пуужинтай, эсвэл шууд удирддаг гээд олон янзын аргаар бууддаг пуужинг туршиж үзэж байлаа. Үр дүн хангалттай бус явсаар 1963 оны үед эхний загварууд албан ёсоор үйлдвэрлэгдэж эхэлсэн байдаг. Цаашдаа ч сайжруулалтууд зогсолтгүй хийгдэж шинэ шинэ хувилбарууд гарсаар байсан нь мэдээж. Энэ Улаан нүд бол хэт ягаан туяагаар хараалан агаарын байг устгахаар бүтээгдсэн, зөөврийн авсаархан тун дажгүй эд болсон байна. АНУ-тай зэрэгцэн Англи, Франц, Баруун Германчууд ч ижил төстэй төсөл дээр ажиллаж байсныг дурдах ёстой байх. Ингээд 60-аад оны сүүл гэхэд ямар ч байсан тун дажгүй пуужинтай болтол Хүйтэн дайны өрсөлдөгч болох Зөвлөлтүүд ижил төрлийн Стрела гээчийг бас хийж 1968 онд зэвсэглэлдээ авчихсанаа зарлачихаж. АНУ-ын зэвсэгт хүчин дахин сайжруулалт хийх захиалга өгөөд уг зэвсгээ Стингер гэж нэрлэхээр боллоо. 1967 оны FIM-43 Redeye загварыг сайжруулахаар General Dynamic компани ажиллаж эхэлжээ.
Удалгүй FIM-92 Stinger-ийн анхны загварууд бэлэн болсон ч хараалах системийн асуудлыг шийдэж чадахгүй явсаар бүр 1975 онд л анхны туршилтаа амжилттай хийснээр FIM-92 Stinger бэлэн болжээ. Байгаа тодорхойлох seeker системийг нь сайжруулсан FIM-92B загварыг 1983 онд үйлдвэрлэж эхэлсэн нь өнөөгийн төрхөө олсон байна. За ингээд цаашаагаа FIM-92C гээд E гээд л сайжруулсан загварууд үргэлжилжээ. Стингер нь Улаан нүдтэй ажиллагааны зарчим ер нь ойролцоо ч пуужингийнх нь хувьд илүү сайжирч хурд 30 хувь хүртэл өссөн байна. Пуужин IR хараалах системээр байгаа дагаж очин устгадаг эд юм байна шүү.
Анх 1982 онд Аргентин - Англичуудын Фолкландын арлын мөргөлдөөнд ашиглагдаж, 1982 оны 5-р сарын 21-нд SAS-ийн байлдагч FMA IA-58 Pucará загварын байлдааны онгоцыг Стингерээр унагааж чадсан байна. Уг тулаанд бас Английн армийн ашигладаг Blowpipe missile систем тулаанд оржээ.
Дараа нь 1985 онд Афганистаны дайнд ТТГ-аас можахедуудад олигтой дэмжлэг үзүүлж чадахгүй байна гэж үзсэн Free The Eagle бүлэглэл Афганистан руу илүү сайн зэвсэглэл нийлүүлэхийг шаардах болж. Урьд нь АНУ уг дайнд холбоотойг харуулчих вий гэж ТТГ болгоомжлон Энэтхэг, Хятадад үйлдвэрлэгдсэн Калашниковын автомат болон бусад бага оврын зэвсэглэлийг нийлүүлж байсан ч танк болон агаараас эсэргүүцэх пуужингууд олигтой нийлүүлж чадахгүй байлаа. Урьд нь Стрела-2 болон Blowpipe missile системийг нийлүүлэхийг оролдож байсан ч бүтэлгүйтсэн байна. Шахалтад орсон ТТГ (CIA) Cyclone хэмээх нууц ажиллагааг эхлүүлжээ. Ажиллагааны үеэр можахедуудад 500 гаруй, зарим эх сурвалж 1500-2000 Стингер пуужин нийлүүлсэн гэж үздэг юм байна. 1993 онд АНУ-ын агаараас хамгаалах хүчний мэдээгээр можахедууд Афганистаны дайны үеэр 340 удаа Стингер пуужингаар буудсанаас 269 нэгж онгоц нисдэг тэрэг устгасан гэж мэдээлж байжээ. Пуужингийн үр дүн 79% байсан нь гайхалтай үр дүнтэй гэж тооцогдсон байна. Афганистаны дайны үеэр Стингер пуужинг хэрхэн хэрэглэх тухай жинхэнэ байлдааны тактиктай болсон нь энэ.
Оросууд ч шинэ төрлийн зэвсэгтэй таарч баахан нисдэг тэргээ устгуулж эхлэнгүүт тулааны тактикаа өөрчилж маш болгоомжтой нисдэг болцгоов. Ми-24 нисдэг тэрэгний баримталдаг болсон шинэ тактик нь нисдэг тэрэг 6000 метр хүртэлх өндөрт нисэж байгаад дайсны пуужин хараалж байгааг мэдсэн тохиолдолд яаралтай өндрөө огцом хасаад 30-60 метрийн өндөрт орчны бартааг ашиглан зугтдаг болсон байна. Харин можахедууд Стингерийг жинхэнэ утгаар нь ашиглах аргыг олсон нь дайсны нисэх онгоц, нисдэг тэрэгний нисэх замд өндөр уулын тагт дээр цэрэг байршуулан хүлээж байгаад дайснууд ойртоод ирэнгүүт буудчихаад уулын нууц агуй, жимээр орон сураггүй алга болчихдог байжээ. Оросууд 1986 онд арайхийж стингер пуужинг бүрэн бүтнээр олзолж авсны дараанаас л ямар зэвсэгтэй тулснаа бүрэн мэдсэн гэдэг.
Техникийн үзүүлэлт
Үйлдвэрлэсэн огноо – 1968-1995 он
Жин – 8,3 кг
Пуужингийн хурд – 580м/с
Урт – 1,2м