Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хэзээ монголчууд хутганы үзүүрээр мах хатгаж хүнд өгч байсан юмУншсан108,539

Би тэр үед тахимаа шүргэсэн урт гэзэгтэй байлаа. Биднийг дээл, үстэй малгай өмсгөөд нүүрийг маань бор өнгөөр будаад, илүү дутуу ямар ч будаггүй пробонд оруулсан.

1984 онд Монгол кино үйлдвэрийн бүтээсэн "Гарьд магнай" кино жил бүрийн наадам, цагаан сараар цэнхэр дэлгэцийг мялааж, Монголчуудын сэтгэлийг хөвсөлзүүлсээр байдаг билээ. Ялангуяа наадмын үеэр Гарьд магнайг ярихгүй, үзэхгүй байх нь ховор билээ. Үг яриа бүрээрээ чихэнд хоногшиж, кадр бүхэн нь сэтгэлд танил болсон "Гарьд магнай" киноны тухай мэдээлэл хүргэе.


Киноны зохиол дээр Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав үгийн сувд хэлхсэн бол бөхийн талаас нь, мөн дэлгэцийн зохиол болгоход нь Монгол улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Дэмидийн Хишигт ажиллажээ.

УГЗ Дэмидийн Хишигт
Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав

Ерөнхий найруулагчаар нь нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Жамьянгийн Бунтар ажиллажээ. Ж.Бунтар буюу кино урлагийн уран бүтээлчдийн дууддагаар "Бондарчук" найруулагчийн “Нар хиртсэн жил”, “Эх бүрдийн домог” /Г.Жигжидсүрэнтэй/, “Давааны цаана даваа”, “Газарчин”, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай”, “Гэрлэж амжаагүй явна”, “Ирж яваа цаг” зэрэг олон сайхан киног бид мэднэ. 


Гол дүр болох Далайцэрэн бөхийн дүрд Д.Батдорж тоглосон. Аймгийн хурц арслан Д.Батдорж кинонд тоглосон тухайгаа "Би өөрөө Булган аймгийн Сайхан сумын хүн. Гэхдээ Эрдэнэтэд өссөн хүүхэд л дээ. Би 1982 онд цэрэгт ирээд Алдар спорт хороонд хуваарилагдан жүдо бөхийн бэлтгэл хийдэг байсан юм. Тэр үед "Гарьд магнай” киноны жүжигчдийн сонгон шалгаруулалт болж, 70 орчим залуусыг бүртгэсэн. Бидэн дунд над мэтээс эхлээд шинэ цэрэг, энгийн ард, оюутан сурагч гээд маш олон хүн байсан. Хоёрдугаар шатны шалгаруулалтад дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Өвөрхангайн талийгаач Б.Эрдэнэбат заан, улсын харцага М.Дармаабазар бид дөрөв үлдэж намайг сонгож авсан юм.

Ингээд л кино зураг авалтад орж эхэлсэн дээ. Намайг сонгож авсан шалтгаан нь би бусдаасаа жин ихтэй, чөлөөт бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээнд алт, мөнгөн медаль хүртчихсэн байлаа. Мэргэжлийн жүжигчин биш болохоор дүрдээ орох гэж их ч хөглөсөн, их ч загнуулсан даа. Жин тээдэг хэсгийн зураг авалт бараг эхэнд байсан юм. Энэ үеэр тэмээ туйлуулаад балрахаа алдсан. Ж.Бунтар гуайд их загнуулна аа. “Нэхий нударгатай, зайдан морьтой хүн авсан байна гэж Ядам гуай яаж мэдсэн юм бол” гэж Очир ахаасаа асуудаг хэсэг дээр дөрвөн өдрийг зарцуулсан ч болсонгүй. Төв аймгийн ард иргэд наадам болж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхээр ирж байсан нь бүр ч сандралд оруулсан.

Ерөөсөө би кинонд тоглож чадахгүй юм байна гэж хэлсэн үе ч бий, гэхдээ “улсын ажил алдагдуулсан чамайг шийтгэх болно” гэдэг үг дүрдээ ороход их нөлөөлсөн дөө. Би үнэхээр өөрийн азтайдаа биш тэр олон мундаг хүмүүсийн хүчээр л энэ кинонд Далайцэрэнгийн дүрийг бүтээсэн юм" хэмээн ярьсан байдаг.


 

Далайцэрэнгийн хайртай бүсгүй Удвалын дүрд Оточийн Уранчимэг тогложээ. Эм зүйн ухааны доктор, профессор хүн. О.Уранчимэг киноныхоо тухай "Манай аавыг Оточ гэдэг. Сүхбаатарын Баяндэлгэр сумынх. Ээж маань мөн Дарьганга нутгийн хүн. Анагаахын сургуулийн хоёрдугаар курст суралцаж байх өвөл юм. Наян хоёр он гарч байсан жил шүү дээ. Миний хувьд өвлийн дараалсан шалгалтууд эхэлчихсэн тун завгүй байлаа. Сургуулийнхаа үүдний өлгүүрээс хувцсаа авах гээд зогсож байх тэр агшинд “Гарьд магнай” киноны хоёрдугаар найруулагч Чимиддорж гуай намайг олж харсан гэдэг. Хэсэг хугацаанд ажиглаж, бусадтай харилцсан харилцаа зэргээс миний дүр төрхийг илүүтэй анзаарсан юм уу даа. Ингээд Чимиддорж гуай өөрийгөө танилцуулж, киноны урьдчилсан шалгаруулалтад орохыг хэлсэн. Би эхэндээ бүр гайхаж хоцорч билээ. “Киноны зураг авалтад орж чадахгүй. Тийм зүйлийг ёстой мэдэхгүй. Дуулж, хөгжим тоглож ч чаддаггүй” гэхэд “Чамаар хөгжим тоглуулахгүй, дуулуулахгүй. Зүгээр л Монгол дээл хувцас өмсүүлж сургуулилтад оруулна” гэлээ. Манай сургуулиас гурван ч бүсгүйг сонгож пробонд оруулсан гэж байсан. Ер нь Чимээ найруулагчийн хэлснээр Удвалын дүрд Улсын их сургууль, хуучнаар багшийн дээд, анагаах гээд хэд хэдэн сургуулиас 50-60 эмэгтэйг шигшиж, сонгож авсан гэдэг.

Анхны зураг авалт хотоос хойшоо цэргийн амралтад болсон. Яагаав, Далайцэрэн бид хоёрын мөсөн дээгүүр хөтлөлцөж гүйгээд мөсөн шагай мөргөлдүүлж тоглодог тэр хэсэг анхны зураг авалт байсан юм. “Миний ээжийн малгай байгаа юм. Би хааяа гаргаж өмсдөг. Өнөөдөр өмсмөөр санагдаад” гээд дөрвөн талтай хуучны булган малгай өмсчихсөн байдаг даа. Тэр малгай, дээл хантааз надад их гоё зохиж байсан санагддаг. Дараа нь киногоо үзэхэд тэр хэсэг аятайхан болсон шиг харагдсан. Далайцэрэнтэй хоёул араг шээзгийтэй мөс үүрээд алхдаг. Тэрхүү проб урьдчилсан шалгаруулалтын гол шалгуур нь болсон. Харин дараагийн зураг буюу киноны гол зураг авалт Баянхонгорын Шаргалжуутын рашаанд болсон. Зургадугаар сарын 1-нээс Баянхонгор руу явсан. Явахад ерөнхий найруулагч Ж.Бунтар гуай “Жаран ес” машинтайгаа давхиж ирээд аав, ээж хоёрт батламж өгөөд намайг авч явсныг мартдаггүй. “Танай хүүхдийг зуны гурван сарын туршид хөдөө авч явахаар болсон. Аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал гээд бүх зүйлийг нь батламжилж байна” гэх утгатай зүйлийг өгч билээ. Аав ээж хоёр нэгэнт Соёлын яам батламжилчихсан учир зөвшөөрөлгүй яахав.

Кино групп гэдэг чинь хагас цэрэгжилтийн байдалтай, гэрүүд нь ярайгаад гоё байлаа. Бунтар гуай, Чимиддорж гуай гээд нэртэй найруулагчид, миний аавд тоглодог гавьяат жүжигчин Р.Дамдинбазар, молиго Очирын дүрд тоглодог авьяаслаг жүжигчин Д.Алтангэрэл, Равсал панзын дүрд тоглодог гавьяат Б.Магсаржав, ардын жүжигчин Д.Мэндбаяр гээд дандаа мундаг жүжигчид. Хамгийн муу нь би байсан. Ерөнхий найруулагчийн гэргий П.Долгорсүрэн эгч намайг дэргэдээ авсан. Үндсэндээ би ерөнхий найруулагчийн гэрт хуваарилагдсан. Ижий ааваас минь батламжилж авсан учир намайг дэргэдээ авсан байх. Түүнээс эрэгтэй, эмэгтэй жүжигчдийн гэр тусдаа байна.

Дүрээ мэргэжлийн түвшинд илэрхийлж чадахгүй байна. Наад харц чинь, хөдөлгөөн чинь худлаа, хиймэл байна гээд загнуулна. Хэцүү бэрх зүйлтэй үргэлж тулгарч байлаа. Далайцэрэнтэй нэг найруулагч тулж ажиллана. Үгээ зөв хэллээ, буруу хэллээ. Амьсгаагаа буруу авч байна, харц чинь болохгүй байна гэж хэлнэ. Надтай Лхагвамаа найруулагч ажиллаж байсан. Чиний амны хайрцаг буруу уншигдаад байна, үгээ дутуу хэлж байна гээд эхэлнэ шүү дээ. 


"Молиго" Очир хэмээх Даншгийн зааны дүрд жүжигчин Д.Алтангэрэл тогложээ. Киноны дүр бүр дээр 20-30 хүнийг сорьж, пробод оруулж шалгаж, шигшиж сонгосон бол нэг дүр ямар ч шалгалтгүй ногоон гэрлээр жүжигчнээ олсон байдаг. Энэ бол "Молиго" Очирын дүрийг бүтээсэн Д.Алтангэрэл юм. Ж.Бунтар гуай "Би энэ киноны найруулагчийн хувьд "Молиго" Очирын дүрд хэнийг тоглуулахаа шууд цохоод авчихья. Ямар ч проб, шалгаруулалт хэрэггүй, надад түүний дүр шууд тусаад байна" гэж хэлсэн нь Д.Алтангэрэл байжээ.

Д.Алтангэрэл нь Архангайн театрт дуучин байгаад хожмоо, хотод ирж жүжигчин болсон аж. Хэд хэдэн кинонд сайхан дүр бүтээсэн энэ хүний дүрд Монголчууд бүгдээрээ хайртай байдаг билээ.

Равсал Панз.  Тааж мэддэг Таван хан биш, тамшаалж иддэг тарлан бух биш... Киноны чимэг бол яах аргагүй Равсал панзийн дүр. Нэгэнтээ найруулагч Ж.Бунтар "Бөх залуу, саальчин бүсгүйн тухай кино хийлээ гэсэн чинь Равсал Панзийн тухай кино болчихлоо" хэмээн хүмүүсийг инээлгэж дурссан байдаг. Үүнээс л Монгол Улсын гавьяат жүжигчин Бадамраагийн Магсаржавыг дүрээ хэрхэн бүтээснийг мэдэж болохоор. Равсал Панзыг айрганд толгойгоор нь дүрдэг хэсэг үзэгчдийн сэтгэлд тод үлджээ.

Энэ зураг авалтын тухай түүнээс асуухад “Хүмүүс энэ тухай их асуудаг. Яг айраг мөн байсан уу гээд л. Би өөрийгөө айрганд толгойгоо дүрүүлсэн их азтай хүн гэж бодоод бэлгэшээдэг юм. Учир нь цагаан идээ арвин байдаг шүү дээ. Айраг нүүрэнд судал гаргаж хатдаг юм билээ. Бидний үеийн уран бүтээлчид аливаа зүйлд чин сэтгэлээсээ хандахыг эрмэлздэг байж дээ. Хэзээ ч худал дүр эсгэж, үзэгчдийг хуурахыг хүсдэггүй. Зураг авалтын үед хэдийгээр айраг нүд, хамар луу орж хорсгож байсан ч тэвчээд зургаа дуусгаж байлаа” хэмээн Б.Магсаржав агсан ярьж байжээ. Тэрээр дүрээ гаргахын тулд бүтэн жил судалгаа хийж, Итгэлт баяныг л давтахгүй юм шүү хэмээн их хичээж байжээ.

Б.Магсаржав гуай Равсалын дүрийг мөн л ямар нэгэн пробод оролгүй ногоон гэрлээр шууд авсан гэдэг. 

Энэ тухай тэрээр "Хамгийн анх гээсэн ачааг Далайцэрэн уулын орой руу үүрдэг хэсгийн зургийг авч байлаа. Тэр үед Ж.Бунтар найруулагч, за Магсаржав аа чи жүжиглэж, маяглалгүй яг өөрөө байгаагаараа л бай. Чи бол зүгээр л Равсал гэсэн юм. Би ч байгаагаараа л тоглосон. Оператор Г.Маш, найруулагч Ж.Бунтар гуай эд нар дараа нь Равсал панзын дүрийг ерөөсөө бодоогүй. Шууд л Дарханы Хүүхэд залуучуудын театрт нэг тийм нөхөр яваад байдаг. Ерөөсөө л тэр гээд тохирчихсон байсан гэдэг юм билээ. Уначихсан ачааг би долоовор, дунд хуруугаараа оролдсоор задлан, Далайцэрэн үүрсээр уулын орой дээр гардаг хэсгийн зургийг авсны дараа Ж.Бунтар гуай “Их баярлалаа. Би ч Равсал панзынхаа дүрийг алдсангүй дээ гэж надад хэлсэн нь өчигдөр л болоод өнгөрсөн юм шиг нүдэнд минь харагдаж байдаг юм даа" хэмээн дурссан байдаг.


 Удвалын аав Ядам өвгөн. Монгол Улсын Гавьяат жүжигчин Рагчаагийн Дамдинбазар Ядам өвгөний дүрийг амилуулсан нь гайхалтай. Р.Дамдинбазар гуайн тухай Удвалын дүрд тоглосон О.Уранчимэг ийнхүү дурссан байдаг. "Дамдинбазар гуай тэр чигээрээ агуу авьяас, агуу туршлага байсан. Алтан үеийн жүжигчдийн, Монгол киноны домог бахархал болсон хүнтэй аав охин болж дэлгэцэнд мөнхөрсөндөө би өөрийгөө азтай гэж боддог. Би аавдаа маш их хайртай. Гэхдээ яагаад ч юм Дамдинбазар гуай яг л миний аав юм шиг санагдаад байж билээ. Бавуу баяны хүмүүс намайг уйлуулаад хүчээр аваад явахад би яг л ааваасаа салж байгаа юм шиг сэтгэлд бодогдож байсан. “Миний муу шар охиныг яаж тоогоо аж дээ”, “Далайцэрэн та хоёр Очир ахындаа ахиад очих нь дээ” гээд хэлж байгаа үгнүүд, байр байдал, дүр төрх, хандлага нь яг л аав шиг санагдана. Тийм итгэл үнэмшил төрүүлнэ гэдэг агуу юм даа. Дамдинбазар гуайн гэргий Аюуш эгчтэй хааяа утсаар ярьдаг юм. Хүүхдийнхээ толгойг очиж бариулна. “Гарьд магнайгийн Удвал байна аа” гээд ярихад “Өө миний хөгшний охин байна” гээд сүйд болно.


Манж амбаны бөх даншгийн заан "Цагаан" хэмээх Жигмэд. Энэ дүрд аймгийн арслан Б.Орхонсэлэнгэ тогложээ. Бас л гайхалтай бүтээсэн дүр. Амбантны Цагаан Жигмэдгүйгээр энэ киног төсөөлөхийн аргагүй биз ээ.  Хүмүүс "Молиго" Очирыг кинон дээрээ мунаар цохиулахдаа гэмтсэн гэж ярьдаг ч харин эсрэгээрээ болсон гэнэ. Далайцэрэн Жигмидийг гэмтээсэн бөгөөд мунаар Жигмэд буюу Б.Орхонсэлэнгэ эмнэлэгт хүргэгдэж байж. Найруулагч Ж.Бунтар Жигмидийг даншгийн заан хүн байж мунаар ганц цохиход үхэх нь үнэмшилгүй болно, дахиад нэг удаа цохь гэсэн даалгаврыг Далайцэрэнд өгчээ. Энэ тухай Далайцэрэнд тоглосон Батдорж ярихдаа "Мотор хэмээн найруулагч хашгирахад сандраад мунаараа толгой руу нь цохичихсон юм билээ. Ийм л юм болсон. Жигмэд буюу Орхонсэлэнгэ ер нь кинон дээр гардаг шиг тийм муу хүн биш шүү дээ. Их сайхан сэтгэлтэй, сайн хүн" хэмээн дурссан байдаг.


“Гарьд магнай”-д Удвалын дууг гавьяат жүжигчин Б.Туяа амилуулсан. Жүжигчин болгон тоглож байгаа шигээ ярьж чаддаггүй. Дуу авианы өнгө, үг, яриа тааламжтай байх, эсэх гээд олон шалгуурт тэнцэхгүй тохиолдол байдаг. Тийм үед бусад чадварлаг жүжигчнээр дуу оруулуулдаг. Үүний нэг жишээ нь Удвалын дүр юм.  Удвалын дүрд тоглосон О.Уранчимэг мэргэжлийн жүжигчин биш учраас Ж.Бунтар гуай дүрээ улам сайн болгохын тулд жүжигчин Б.Туяаг дуу оруулах ажилд авсан байна. Дашрамд дурдахад Очир заанд тоглосон жүжигчин Б.Алтангэрэлийн дууг ч “хөх чоно” Д.Дамдин гуай сэтгэлд хоногштол оруулсан байдаг. 


Далайцэрэнгийн дууг Монгол Улсын гавьяат жүжигчин О.Бат-Өлзий оруулсан юм.  Тэрбээр энэ талаараа “Хүмүүс тэр болгон мэддэггүй юм. Далайцэрэнгийн дүрд тоглосон Д.Батдорж бол жүжигчин хүн биш байсан л даа. Тиймээс дуугаа найруулагчийн санаанд тултал хийнэ гэж байхгүй шүү дээ. Далайцэрэнгийн дууг хийхийн тулд Ж.Бунтар гуай бас проб авч байлаа. Ж.Сүххуяг, Ц.Төмөрбаатар бид хэд очиж проб хийж байсан. Ам барьсныг найруулагч сонсож байгаад намайг сонгосон юм. Би одоо ч гадны кинонуудыг хуучных шиг дуу хийдэг болчихвол тэнд дуу хийх юмсан гэж боддог. Яг зураг авч байхад жүжигчин буруу үг хэлчихсэн байлаа гэхэд түүнийг текстээр нь засаад аманд нь яг чихэж тааруулна. Ална даа гэсэн байвал аварна даа гэж болгож болдог байхгүй юу” хэмээн дурсжээ.


Киноны тухай сонин хачин...

 

Энэ киног түүхэн кино гэж хэлэхэд болно. Уран сайхны хэлбэрт оруулсан болохоор засч янзлах зүйл байсан л байлгүй. Уг нь Намхай аварга, Лувсанжамбаа аварга хоёрыг Цогбадрах гэдэг хүн даншиг наадмаар дараалан шороодуулсан түүх байдаг аж. Гэхдээ энэ хүний нэрээр нэрлээгүй Далайцэрэн гэсэн нь нэг учир байсан биз.

***

1982 онд киноны зураг авалтыг Архангай болон Төв аймгийн нутагт авчээ. Кинонд гардаг Даншиг наадмын үйл явц Төв аймгийн Баянчандмань суманд болоход дархан аварга Х.Баянмөнх, Ж.Мөнхбат нарын аваргууд нийлсэн 60 гаруй бөхчүүд очиж зураг авалтад орж байжээ.

***

 1980-аад оны үед кино урлаг үнэ цэнэтэй, хэмжүүртэй байв. Найруулагч Ж.Бунтар Равсал Панзаа сонгочихоод дүрээ батлуулах санаатай Соёлын яаманд хандтал баян хүний дүрд туранхай хүн сонголоо гэж зэмлэсэн удаатай. Харин гярхай найруулагч “Жижигхэн хүн муу санаатай байдаг юм” гэсээр сонголтдоо үнэнч үлджээ.

***

Зохиолд бичигдэж, зураг авалт хийсэн ч кадрт ороогүй хэсэг нэлээд байдаг. Тухайлбал, Далайцэрэн Жигмэдийг хөөж очихдоо их ядарч, өлссөн маягтай уулздаг аж. Харин Жигмэд түүнийг нь мэдчихээд чанаж буй махнаасаа хутганы үзүүрт хатгаж өгөхдөө тэр чигээр нь дүрж аминд нь халдах дөхдөг хэсгийн зургийг авчээ. Гэтэл найруулагч Ж.Бунтар "хэзээ Монголчууд хутганы үзүүрээр хатгасан мах хүнд өгч байсан юм" гээд хасчихсан гэнэ. 

***

 Киноны зуны зураг авалт хоёр боодолтой ачааг даваан дээр үүрээд гарч ирж буйгаар эхэлжээ. Энэ хэсгийг хоёр дахин давтаж авсан байна. Нэг талынх нь ачаа гэхэд 80 кг-ийн жинтэй байж. Ингэж хүнд болгохын тулд бааданд элс, шороо, чулуу хийсэн байжээ. 

***

 Анх Ш.Сүрэнжав, Д.Хишигт гуай нар эрийн гурван наадмын талаар гурвалсан кино хийгээд “Гарьд магнай”-даа тоглосон жүжигчдээ солихгүй гурван кино хийе гэсэн аж. Тэгтэл найруулагч Ж.Бунтар “Далайцэрэнгээрээ нум сум харвуулахгүй” гэж зөрөөд жүжигчдээ сольж өөр өөр кино хийжээ.

Сэтгэгдэл 8ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 12 сар 27. 10:07
уугуул

сайхан кино шүү.

2020, 12 сар 26. 15:52
риун

үнэхээр даввтагдашгүй

2020, 8 сар 7. 12:41
Зочин

u

2020, 1 сар 29. 15:33
А.Батнасан

Олон гарсан ч сэтгэлд үлдэхгүй кино байхад хэд ч гарсан хүн үл уйдах үндэсний сонгодог уран бүтээл байдаг аж... Угаас Монголчууд маань наадам цагаан сар хоёрыг энэ киногүйгээр төсөөлөхөд амаргүй болжээ... Яг л төрийн дуулал адил түмний сэтгэлд мөнхөрсөн ю

2020, 1 сар 24. 16:30
Зочин

saihan kino

2020, 1 сар 24. 2:05
О . Ууганбаяр

Үнэхээр гайхалтай кино одоо ингэж хийх кино зохиол байдаг болвуу ер нь кино гэлтгүй урлагийг жаахан ч гэсэн цэзүүртэй болгомоор байна хаанаас нь ч харсан хиймэл, үнэмшил муутай жүжиглэлт байх юм дууны үгийг хүртэл шүүж нягтлах хэрэгтэй үгийн утга алдагдаж ой санамж аа алдчихсан хүний үгтэй ижил төстэй дуу дуулах юм

2018, 9 сар 24. 20:29
Korea-gaas

Ene kinonii jujigchidiin zuragiig harsan chin negl dotno saihan sanagdaad bainaa . Bas J. Monkhbat avargiinhaa zaluuvtar ueiinhn zuragiig harah negl saihan mortloo negl gunigtai ...

2018, 9 сар 20. 16:24
Зочинgg

Гурван киноны хамгийн гэгээлэг нь. Гоё кино шүү.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]