Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Нобелийн шагналт Иван Бунин: Орноосоо ч өндийх тэнхэлгүй боллоо, мөнгө зээлүүлээчУншсан6,251

Бунины Вера Николаевнад байнга үглэдэг асан нэг зүйл бий. Тэрбээр шинэ ертөнцөд дасахгүй байна гэдгийгээ учирлаж, зөвхөн хуучин ертөнцөд л өөрөө хамаарах бөгөөд гагцхүү Гончаров, Толстой, Москва, Петербург л жинхэнэ яруу найргийн эх ундарга ажээ хэмээн хүүрнэнэ.

Иван Бунин эхнэрийнхээ хамт 1917-1918 оны хамгийн хүнд өвлийг Москвад өнгөрөөлөө. Тэдний амьдардаг байр үүдэндээ оршин суугчдаас нь ээлж дараалан жижүүрт гаргадаг байв. Бунин ч жижүүрлэнэ. Хашааныхаа хаалгыг бөх гэгчийн бүдүүн модоор тэвхдээд л орцныхоо үүдийг түгжин суудаг байлаа.

1918 оны тавдугаар сарын 21-нд Бунин, Вера Николаевна хоёр Москвагаас явж, Орша, Минскийг дайран Киевт ирээд, эндээсээ Одесс оров. Мөн 1920 оны нэгдүгээр сарын 26-нд Константинополь хүрч, тэндээсээ Софи, Белградаар дамжин 1920 оны гуравдугаар сарын 28-нд Парист ирсэн юм. Тэднийг ийнхүү Францад ирж улмаар 33 жилийн турш Парис болон Францын өмнөд хэсгийн Канн хотын ойролцоо орших Грас хотод цагаачлан амьдрах хувь заяа хүлээж байсан билээ.

Бунины Вера Николаевнад байнга үглэдэг асан нэг зүйл бий. Тэрбээр шинэ ертөнцөд дасахгүй байна гэдгээ учирлаж, зөвхөн хуучин ертөнцөд л өөрөө хамаарах бөгөөд гагцхүү Гончаров, Толстой, Москва хот, Петербург л жинхэнэ яруу найргийн эх ундарга ажээ хэмээн үглэх. Энэ завсар Бунин уран бүтээлчийн хувьд улам өсч байлаа. “Митиний хайр”, “Нарны цохилт”, "Арсеньевын амьдрал" зэрэг зохиолуудаа туурвичихаад байсан билээ.

1933 онд Бунинд Нобелийн шагнал олголоо. Тэрбээр энэ шагналыг “Арсеньевын амьдрал” номыг бичсэнийх нь төлөө олгосон гэж тооцдог. Шагналаа авахаар түүнийг Стокгольмд ирэхэд хүн бүхэн таньж байв. Бунины зургийг тавиагүй сонин ч байсангүй. Гудамжинд тааралдсан шведүүд Оросын зохиолчтой зөрөхдөө толгой дохин мэндэлж, заавал ч үгүй эргэн харна.

Тэр үеийн тухай Оросын нэрт зохиолч Борис Зайцев ийн дурссан байдаг.

“...Цагаачлагчид гэдэг чинь тэнд хамгийн а д г и й н хүмүүс мэт тооцогддог байлаа шүү дээ. Гэтэл гэнэтхэн цагаач зохиолчид Нобелийн шагнал олгож орхих нь тэр. Тэгээд бүр Оросын зохиолчид шүү. Тэр ч бүү хэл ямар нэг улс төрийн өгүүлэл бус уран сайхны бүтээл туурвисны нь төлөө өгч байдаг. Тэр үед би "Сэргэлт” хэмээх сонинд ажилладаг байлаа. Надад Буниныг Нобелийн шагнал авсан тухай маш яаралтай тэргүүн өгүүлэл бичих үүрэг өглөө. Ингээд амьдралдаа анх удаа шөнийн цагаар хэвлэх үйлдвэр зүглэн, үзэг цаас нийлүүлэх шаардлага гардаг юм байна. Хэвлэх үйлдвэрээс нэг л сэтгэл хөдөлсөн байдалтай гарч ирснээ санадаг юм. Тэгээд түргэн хоолны газруудаар шагайтал хаана л бол хаана Иван Бунины төлөө хундага тулгасан хүмүүс байж билээ. Тэр шөнө нэг л сайхан байсан бөгөөд гэртээ бараг өглөөний 04.00 цагт орж ирсэн санагддаг юм” хэмээн Италид амьдарч байсан Б.Зайцев бичсэн байдаг юм. 

Тэр үед И.Бунин Францын долоо хоног тутмын “Оросын чимэг” хэмээх сэтгүүлд ярилцлага өглөө. Тэрбээр энэ сэтгүүлийн сурвалжлагчтай Грас хотоос Парист ирэх үедээ танилцсан аж. Зохиолч ч урьд жил нь Нобелийн шагнал авсан болохоор цагаач иргэн гэхэд багагүй мөнгөтэй болчихоод байсан үе юм. Гэвч тун удалгүй мөнгөө дууссан. Парис дахь Оросын зохиолчдын дунд Бунин тэр мөнгөөрөө тун гоёмсог харш худалдан авсан хэмээн ярих боллоо. Тэрбээр энэ талаар сэтгүүлчийг асуухад "Огт худлаа зүйл байна. Худалдаж аваагүй. Цаашдаа ч худалдаж авах эсэхээ мэдэхгүй байна. Ингэхэд яагаад намайг, жирийн нэг орос хүнийг энэ Грас хот даллан дуудаж, хувь заяаг минь өөртэйгөө холбох болов. Надад бол уг нь огт харийн франц нутгийн бүүр өмнө зүгт орших бяцхан хот шүү дээ. Заримдаа эргэн тойрноо харахаар тун аягүй санагдах юм. Энд би бүх насаараа байх юм гэж үү хэмээн бодохоор л хэцүүхэн санагдах. Энэ бодлоо аль болохоор өөрөөсөө холдуулж, байгаа нөхцөлдөө итгэлээ төвлөрүүлэхийг чармайх. Энэ бүхэн л намайг орд харш худалдаж авах хүслээсээ татгалзахад хүргэдэг юм даа" гэжээ.

рхэм Иван Алексеевич та арай дэлхийг тойрох аялал хийхээр бэлтгэж байгаа юм биш биз дээ?

-Үгүй дээ. Би одоо хаачих вэ дээ. Зөндөө л дэмий тэнэлээ. За тэгээд ингэж тэнэхэд бас асар их мөнгө хэрэгтэй шүү дээ, Гэтэл надад тийм илүүдээ гарсан мөнгө огтхон ч алга. Бунин олон сая долларын шагнал авсан, Бунин асар их баяжсан гээд ярьдаг л даа. Нэгдүгээрт би сая саяар нь доллар аваагүй, хоёрдугаарт одоо үед чинь сая доллар гэдэг тийм ч их мөнгө биш шүү дээ. Би өнөөдөр мөнгөөр гачигдахгүй байгаа нь үнэн. Гэхдээ өмнөх жилүүдэд байнга л мөнгө төгрөгөөр гачигдаж явсан болохоор өр гэж тоймоо алдчихсан байсан юм. За тэгээд юм юманд л мөнгөө үрсэн дээ. Намайг шагнал авсны дараа олон хүн түүнийгээ шууд тарааж өгөх ёстой гэж үзэж байлаа. Эхний өдрүүдэд ийм хүсэл бүхий хэдэн зуун захидал ирдэг байв. Харин одоо багасч өдөрт 5-10 захиа л ирдэг болж. Эдгээр захидлын дотор дэндүү гэнэн гэмээр захидал ч ирнэ. Хэрвээ би тэр бүх гуйлт, хүсэлтийн зөвхөн өчүүхэн хэсгийг ч ёсоор болгосон бол өдийд миний шагналаас юу ч үлдэхгүй байх асан. Тэгээд ч би бас ах дүү олонтой. Өөрөө тийм ч залуу хүн биш болохоор жаахан сэтгэл амар шиг ажиллаж амьдармаар санагдаж байлаа" хэмээжээ.

1936 онд Бунин Герман руу аялахаар шийдэв. Тэрбээр өөр бусад орноор хэсч, хэвлэн нийтлэгчид болон орчуулагчидтай уулзаж танилцах хүсэл өвөрлөж явлаа. Германы Линдау хотод анх удаа Бунин фашист дэглэмтэй нүүр тулан уулзав. Түүнийг б а р и в ч л а н, маш бүдүүлгээр нэгжлэг хийлээ. 1939 онд Бунин Грас дахь “Жаннет” эдлэндээ ирж дайныг дуустал бүгэв. Энд тэрбээр “Модот харанхуй гудамж" хэмээх номоо бичлээ. Тэрбээр уг номондоо хайр дурлалын тухай өгүүлсэн бөгөөд хамгийн “харанхуй, зэврүүн, харгис” ч гэмээр “гудамжнуудын” тухай бичсэн хэмээн өөрөө ярьсан байдаг юм. Мөн миний амьдралдаа бичсэн хамгийн ховор нандин, хамгийн сайн зохиол энэ бөгөөд энд эмгэнэл, хайр, сайн сайхан бүхний тухай багтаасан байгаа хэмээн бас дурсчээ.

Германчууд Францыг эзлэн авсан он жилүүдэд Бунин мөнгө төгрөгөөр гачигдаж, тун хүндхэн амьдарч байсан ч ном зохиолоосоо нэгийг ч хэвлүүлсэнгүй. Булаан эзлэгчдийг үзэн ядаж, Зөвлөлтийн болон холбоотнуудын ялалтад асар их баярладаг байлаа.

Тэрбээр 1943 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр зохиолч А.П.Буровт бичсэн захидалдаа, “Бид тав дахь жилээ Граст сууж байна. Парист бол аль эрт  о с г о с о н  байх биз. Тэгээд ч тэнд өрөө, сууц олно гэдэг зам дээрээс 100 сая доллар олохоос ч хэцүү зүйлийн нэг байгаа юм. Амьдрал гэж үгээр дүрсэлж хэлэхийн аргагүй хүнд хэцүү байна. Хойд туйлд байгаа мэт хүйтэн өрөөнд, агуйд х о р и г д с о н хүн шиг өлсөөд сууж байна. Ядуурал гэдгийн хамгийн доод хязгаарт хүрлээ. Миний байгаа жаахан хөрөнгө маань гадаадад түгжигдчихээд, дээр нь мөнгө олох ямар ч арга алга. Бүх хэвлэлийн газруудтай харилцаа тасарч, чухам хаанаас тусламж эрэхээ ч мэдэхгүй байна. Найз нөхөд, таньдаг хүмүүс маань бүгд алга болж. Вера Николаевна маань хачин туранхай, цаснаас цагаан амьтан болжээ. Миний бие өлсгөлөнгөөс үүдээд орноосоо ч өндийх тэнхэлгүй болсон. Тиймээс танд ийм нэгэн чин хүсэлт тавимаар байна. Магадгүй танд миний энэ үнэнхүү байдлыг ойлгоод надад 15-20 мянган франк зээлүүлчих хөрөнгө чинээтэй танил, найз тань байж магадгүй. Авсан мөнгөө эргүүлж төлнө гэдгийг андгайлж байна” хэмээжээ.

1944 оны нэгдүгээр сарын 30-нд Бунин А.П.Буровт бас дахин захидал бичлээ. 

“Сайхан үгтэй сэтгэл засам захидал бичсэнд асар их баярлалаа. Мөн мөнгө өгсөнд (Хэрвээ үнэхээр мөнгө тань ирвэл тун их баярлах байна. Учир нь түр ч атугай өндийгөөд авмаар байна. Манай энд юм ямар өндөр үнэтэй гэж санана) их баярлалаа. Мөн янз бүрийн зөвлөгөө өгсөнд асар их талархаж байна. Сонгины хувьд гэвэл энд сонгино бүү хэл байцаа, алим, сүү, сармис огт байдаггүй. Байдгийг ч эдүгээ бараг мартжээ. Таныг зохиолоо бичиж байгаад асар их баярлаж буйгаа дахин хэлье. Би ч бас бичсээр л байна. Бүхэл бүтэн өгүүллэгүүдийн нэг ном бэлэн болголоо. Бүгд л хайрын тухай. Харин одоо бичихээ больсон. Хэний төлөө, юуны тулд бичих ёстой юм бэ? Зөвхөн бичгийн ширээ байгаагийн төлөө бичих ёстой гэж үү? Эдүгээ олон ч хүн нөгөө ертөнцөд оджээ..." гэсэн байв.

Иван Бунин 1945 онд Грасаас бүрмөсөн гарч тавдугаар сарын нэгний өдөр Парист ирлээ. Тэрбээр сүүлийн жилүүдэд хүнд өвчинд нэлээд нэрвэгдсэн боловч өөрийн дурсамж намтраа дуусгаж, “Чеховын тухай” номоо бичиж байлаа. Гэвч дуусгаж амжаагүй. Бунин ийнхүү гадаадад амьдрахдаа шинээр 10 ном бичсэн байв.

Тэр үед Иван Алексеевич дахиад л мөнгө төгрөгөөр дутагдаж, гачигдаж эхэлсэн юм. Тэрбээр Андрей Седыхт бичсэн захидалдаа, хоёр уушгиндаа хатгаа аван хэдэн сар орноосоо ч өндийж чадаагүйн дээр байгаа мөнгөө үр дүнгүй гэмээр эм танд өгөөд дуусгалаа гэжээ. Тэрбээр 78 нас хүрч байв. Мөн ядуурлын туйлд ч хүрлээ. Цаашид хэрхэн амьдрахаа ч сайн мэдэхгүй байв. Седыхийг туслаач хэмээн гуйлаа. 1951 оны нэгдүгээр сард Седыхт захидал бичиж 50 франк явуулсанд нь талархаад дахин мөнгө төгрөггүй яг сууснаа бичсэн байв.

Бунин эргэж Москвадаа ирэхийг мөрөөдөж байсан нь түүний өдрийн тэмдэглэл болон захидлуудаас харахад тун тодорхой байдаг. Гэвч нас өндөр болсон хойноо ийм алхам хийх түүнд нэлээд амаргүй байсан нь мэдээж. Хамгийн гол нь түүний зохиолуудыг хэвлэж, тайван амгалан амьдрах нөхцөл олдоно гэдэгт үнэндээ эргэлзэж байсан юм. Ингээд шийдвэр гаргаж ядан байхад нь Ахматова болон Зошенкогийн дуулиан мандаж, энэ бүгдийг тойрсон хэвлэлийн шуугианыг хараад бүрмөсөн больсон билээ.

Тэрбээр 1947 оны есдүгээр сарын 15-нд М.А.Алдановт бичсэн захидалдаа, “Саяхан Телешоваас захидал авлаа. Миний номыг хэрхэн Орост бэлтгэж, хүлээж, хэвлэн, асар их баян чинээлэг амьдарч болох байсныг уншаад бараг өдөржингөө харамсч өөрийгөө зүхлээ. Гэтэл түүний оронд Фадеев, Жданов нараас огт өөр зүйл хүртэж болох байсныг бодоод шууд тайвширсан" гэжээ.

Иван Алексеевич Бунин 1953 оны арваннэгдүгээр сарын 8-ны шөнө эхнэрийнхээ гар дээр н а с б а р а в. Тэрбээр нэгэнтээ бичихдээ, “Би дэндүү орой төрсөн юм. Хэрвээ эртхэн төрсөн бол арай ч ийм дурсамж бичээд суухгүйсэн. Ядахдаа 1905 он, дэлхийн нэгдүгээр дайн, 1917 он, түүний үргэлжлэл, Ленин, Сталин, Гитлерийн үеийг үзэхгүйсэн. Бидний өвөг дээдэст Нойд атаархахгүй байхын арга алга. Түүний үед ганцхан удаа үер болсон шүү дээ” хэмээсэн байлаа. 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]