Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Хүн гүрэн Цин улстай дайтсан ньУншсан15,476

Агуу Лев Гумилевийн монголчуудад өргөсөн гайхамшигт бүтээлүүдийн нэг "Хүн гүрэн" номыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасныг Tolgoilogch.mn вэбсайт цувралаар хүргэж байна.

Агуу Лев Гумилевийн Монголчуудад өргөсөн гайхамшигт бүтээлүүдийн нэг "Хүн гүрэн" номыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасныг Tolgoilogch.mn вэбсайт цувралаар хүргэж байна. Энэ номонд хүчирхэг дайчин чанар, аж төрөх байдлаараа Евразийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн хүн зоны амьдралыг нэн сонирхолтойгоор туурвин гаргажээ.


Өмнөх нь: Л.Гумилев: Эртний хүнчүүд Хятад руу анх удаа цөмрөн орсон нь

Их Цагаан хэрмийг байгуулсан нь

 
ХҮН-ЧҮҮД ЦИН УЛСТАЙ ДАЙТСАН НЬ

 

Хятадын түүх бичлэг хүн-чүүдийн тухай дээр дурдсан товчхон мэдээ хэлснээс хойш МЭӨ III зууны сүүлийг хүртэл тэдний тухай юу ч дурсахгүй байна. Энэ хооронд хүн-чүүд баруун талд ихэнх байр сууриа алдаж, харин юэчүүд ялгуусан давшилт хийсээр Алашан хүрч, зүүн талд манлайллыг эртний Монголчууд буюу дунху нар булаан авчээ гэж таамаглаж болохоор. Дунху нараас хүн-чүүдийн хараат байдал зөвхөн татвар төлөхөөр илэрч байв, яагаад гэвэл, хүн-чүүд өөрийн гэсэн жолоодогчтой байсан бөгөөд тэд бие даасан гадаад бодоого явуулж байлаа. Дунху нь улс биш, харин аймгуудын холбоо байсан юм, түүнийг эд хогшлоороо ч, байр сууриараа ч аймаг нэгтнүүдээсээ үл ялгарах зонхилогч юмуу жолоодогчид олны дундаас дэвшин гарч удирддаг байв. Гэтэл хүн-чүүд энэ үед хэдийнээ шанью-тай болчихсон байжээ, тэр нь хэмжээгүй эрхт эзэн хаан биш ч гэсэн байнгын, бүүр заримдаа бүх насаараа суух жолоодогч байлаа. Иймд хүн-чүүд дунху нарын нөлөөнд орсныг тэд урьд өмнө нь юэчүүд юмуу, эсхүл саяаны динлинчүүдтэй хийсэн тэмцэлдээ сүрхий цохигдож доройтож, тэгснээрээ дорнод хөршийнхөндөө эсэргүүцэл үзүүлж чадахгүй болсонтой холбоотой хэмээн тайлбарлаж болно. Хүн-чүүдийн байдалд нийгмийн дотоод өөрчлөлт ч нөлөөлсөн байж болох юм, энэ тухайд цаашид өгүүлэх болно.

 

Хятад хүчирхэгжсэн нь хүн-чүүдэд нэн муугаар нөлөөлөв. Цинь Ши-Хуанди 214 онд хойд зүгт жанжин Мэнь Тянийг 100 000 цэрэгтэйгээр илгээсэн гэдэг, энд цэргийн тоог нь «олон тооны» гэсэн утгаар ойлгох хэрэгтэй. Мэнь Тянь Ордосыг эзэлж Шар мөрний эргээр 44 хот байгуулж, цөлөгдсөн ялтангуудаас тэнд гарнизон үлдээв. Хилийн уул нурууг бэхлэлт болгон ашиглав, налуу хадан хясааг эгц болгон янзалсан нь нүүдэлчид түүгээр орж ирэх бололцоог хязгаарлав. Дараа нь Мэнь Тянийн цэрэг Шар мөрөнг гаталж, Инь-шанийн уулсыг эзлэв. Хүн-чүүд уулан дахь ой мод, өвс ургамал, шувуу жигүүртэн, ан гөрөөгөөр нэн баялаг уудам газраа алдав, хүн-чүүд энд нум сумаа бэлтгэн, эндээс тангадын лэуфань, баянь аймгийнхан суурьшсан Ордосын тал нутаг руу довтолдог байв. Хүн улсын шаньюй урагш муутай Түмэн ард түмэнтэйгээ хамт Халх руу нүүдэллэж, Шамо уудам цөлд хятадын явган цэрэгтэй тулалдсаар одов. Очсон газраа ч тэрбээр тайван байж чадсангүй, том хүү Модунгаа хөрш юэчүүдэд барьцаанд өгөхөөс өөр аргагүй болжээ. Хүн-чүүд дуусгавар боллоо, хөршүүд нь хүн-чүүдийн нутаг орныг хоорондоо хуваах нь ээ гэмээр болчихлоо. Гэвч түүх өөрөөр тогтоосон билээ! Одоо юэчүүд юм уу дунху нарын талаар хэн мэдэж байгаа юм бэ, гэтэл хүн-чүүдийн нэр алдаршин дуурссаар байна.

 
ЦИН УЛС УНАВ

 

Цинь Ши-Хуанди мэө 210 онд нас барав. Тэрээр хоёр хүүтэй байлаа. Том хүү Фу Су нь цэргийн бүлэглэлийн толгойлогч Мэнь Тянь жанжны Ордос дахь өргөөнд сууж байв. Сөрөг бүлэглэлийг удирдаж байсан засгийн ордны толгойлогч Ли Сы, ордны бүлгийн нөлөө бүхий төлөөлөгч тайган Жао Гао нар Фу Сүгээс эмээж, эзэн хааны бага хүү Ху Хайг дэвшүүлэх сонирхолтой байв. Хууль ёсны залгамжлагчийг устгахын тулд Жао Гао эцэг хааны гарын үсэгтэй бөгөөд амиа хорлохыг хүүдээ даалгасан хуурамч тушаал үйлдэж хан хүү Фу Су-д илгээжээ. Хэдүйгээр Мэнь Тянь болгоомжлон ятгасан боловч хан хүү хүүгийн үүрэг, хятадын заншлыг хатуу дагаж хоолойгоо огтлон нас барав. Хаан ширээнд Ху Хай сууж, Эр Ши буюу хоёр дахь эзэн хаан хэмээх хэргэм хүртэв.

Залуу хааны үед засгийн бүх эрхийг Жао Гао булаан эзэлж өрсөлдөгчдөөсөө ангижрахад уг эрхийг ашиглаж байлаа. Мэнь Тянь, Ли Сы нарыг цаазлав. Мэнь Тянийг цаазлагдсаны дараагаар хүн-чүүд ямар ч эсэргүүцэлгүйгээр хоромхон зуур Иньшаньдаа эргэж ирэв. Хятадын нийгмийн өргөн давхраа Жао Гаог цинийн засгийн газар дахь хамгийн үл бүтэх этгээд гэж үздэг байв. Тэрээр өөрийнхөө дэглэмийг үзэл суртлын ямар нэгэн тогтолцоогоор цагаатгах гэж оролдсонгүй. (Харин үзэл суртлын урсгал тухайн үеийн Хятадад зургаа байв, тухайлбал, инь- янь, кунзууд, даочууд, монистууд, номиналистууд, легистууд болой.

Өөрийн цэрэг, харваачдаар түрээ барьсан Жао Гао ард түмнийг илэрхий дарлан дээрэлхэж байлаа. Гэвч түүний дарангуйлсан дэглэм эрс эсэргүүцэлтэй тулгарч эхний бослогыг Чэн Шэн, У Гуан нар толгойлжээ. Уг бослогыг байнгын цэрэг дарсан боловч энэ хөдөлгөөн дарины зоорин дахь оч болсон байв. Бүхий л мужуудад бослого үймээн дэгдэн гарав. Үүнээс хамгийн ноцтой нь Сян Юйгийн удирддагаар Чу (Хэбэй) мужид өрнөсөн бослого байлаа. Тэр ерийн гэр бүлээс гаралтай боловч, намтарчных нь үгээр бол багаасаа нэр төрд шуналтай, хаан ширээг мөрөөддөг байв. Цөвүүн цагт Сян Юй ёстой л бах нь ханаж байв. Тэрээр Чу улс тусгаар байсан хуучин сайн цагийг сэргээн тогтооно хэмээн тунхаглаж эртний вангуудын удмыг судалж, хонь хариулж байсан нэгнийг олж түүнийг Хуай ван хэмээн өргөмжилжээ. Түүний туслагчаар хожим Хан угсааныхныг үндэслэсэн Ли Бан томилогдов.

Цинийн засгийн газар тэмцэлдэхээс аргагүй болов. Шинэ ерөнхий командлагч Ван Зян Жао улс (Шаньси) руу дайран довтлов. Чу-гийн цэрэг Жао улсад туслахаар ирж Сян-Юй жанжин Ван Зян-тай шаргуу тулалдаанд оржээ. Энэ үед Лю Бан цинийн нийслэл Сяньян руу хөдөлж, цэргийн ихэнх хэсэг нь бэхлэлтээ орхиод дайнд явсан энэ хотыг эзлэн авав. Тэмцлийн явцад ард түмний хараал идсэн ордны бүлгийнхэн устгагдаж, үүнтэй хамт Цинийн угсаа ч мөхөв. Лю Бан Сяньяныг барьж байхыг хүссэн боловч Сян Юй хот руу дөхөн ирж нийслэлээс гарахыг тушаажээ. Лю Бан захирагдахаас аргагүй болж, Сычуаньд бага шиг муж авах, Ханьван хэргэм хүртэхийг зөвшөөрчээ. Сян Юй Хятадын жинхэнэ эзэн болж Ба Ван хэмээх хэргэм хүртэв.

Сян Юй гарамгай жанжин, эр зоригтой нэгэн байсан боловч улс төрийн хувьд харалганы улмаас ард түмэн тэгтлээ хүсэн хүлээж байсан шинэчлэлийг огт хийсэнгүй. Үүнийг нь Лю Бан ашиглажээ. Тэрээр сычуаний бөглүү газартаа өөрийгөө хаан ширээнд хүрэхэд дэмжих бүхий л хүмүүсийг нэгтгэв. Жан-Лян түүний улс төрийн хөтөлбөрийг боловсруулав, захиргааны гайхалтай авьяастай Сяо Хэ удирдлагыг эмхлэн цэгцлэв, жанжин Хань Синь цэргийн амжилтыг нь хангаж өгөв. Лю Баны санааг мэдсэн Сян Юй ван Сычуань руу довтлохоор шийджээ. Тэгэхлээр нь Ли Бан хамгаалалтын зорилгоор уулын зам дахь бүх гүүрийг устгаж өөрийнхөө мужийг гарч, орж боломгүй цайз болгон хувиргажээ. Ингэснээр тэрээр Сян Юй-н сонор сэрэмжийг бууруулж чадсан байна. Ингэж байх үед уулын гав ганцхан жимийг ашиглан хан-чуудын цэрэг Хань Синий удирдлагаар гарч ирсэн байна. Хань Синь гайхалтай довтолгоон хийж Чан Сынийг эзлэн, Зинь (шаньси), Ци (шаньдун) мужууд руу орж тэнд Хан-чуудын шинэ угсааг тунхаглан улс төрийн хөтөлбөрийг нь зарлажээ. Албан татвар багасгах, харгис хатуу хуулиудыг өөрчлөх, усан онгоц барих ажлыг хялбарчлах, бүх урсгал, чиглэлийн эрдэмтэд, философичид чөлөөтэй байх зэрэг зүйл энэ хөтөлбөрт оржээ. Хань Синий цэрэг цасан ширхэг унах мэтээр өсөж байлаа, хүн амын бүх давхрааны төлөөлөгчид түүнд ирж нийлэв, харин Сян Юй- н хүч нимгэрэн замхарч байв. Хань Синий араас Лю Бан ирж Хайшуй голын эрэг дээр Сян Юй-н отрядуудтай тулалдаанд оров. Сян Юй хан-чуудын цэрэгт цохилт өгч гол руу шахав. Лю Бан зугтав. Гэвч тэрээр шинэ хүч хуримтлуулж Сян-Юйг дахин бүсэлжээ. Цаашид тэмцээд найдваргүй болсноо мэдсэн Сян-Юй амиа хороосон байна. Хятадад Хан угсааныхан ноёрхон суух боллоо.

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2018, 1 сар 16. 15:44
Зочин

Энд бичигдсэн Хүн аймгууд гэдгийг Монголчуудын шууд өвөг дээдэс гэж ойлгоход болно. Динлинчүүд гэдэг нь Түрэг, Уйгарын өвөг дээдэс, Дунху буюу зүүн ху гэдэг нь Кидан болон Зүрчидийн өвөг дээдэс гээд ойлгочиход бараг болно доо. Төр үүсэн бадарч, унаж мөхөж байсан хэдий ч энэ нутаг дээр оршин сууж байсан овог аймгууд бүрэн мөхөж байсан явдал нь "Есөн татарыг тэрэгний мөөртэй чацуулан цавчисан болон Дөрвөн ойрдын хүн амыг хядан арилгасан" -аас бусад тохиолдолд байсангүй. Эргүнэ хунгийн домогт мөн тиймэрхүү хядлагын тухай тэмдэглэсэн байдаг хэдий ч энэ явдал хэзээ болсон нь тодорхойгүй.

2018, 12 сар 27. 8:18
Зочин

Dunhuu ni Sianbichvvdiin uwug deedes ni bas Nirunchuudiin uwug deedes ni. Uhuani ba Dunhuu gesen 2 turluur tvvhend bichigdsen baidag. Zvvn Umnud Hvnnvgiin nuluund baisan ertnii Mongolchuud yum shv.

2018, 12 сар 11. 21:55
Зочин

Тийм шүү. Хүннүчүүд бол Монголчууд бид билээ. Оросууд хэзээнээс Монголчуудын түүхийг бүдгэрүүлэх гэж ирсэн. Соц үеэс төрийн бодлого байдлаар хэрэгжсэн. Мөн Хятад угсааныхан эртнээс Монголчуудыг олон нэрээр нэрлэж, олон өөр уг гарвалыг зохиосон байдаг. Ялагдсан цэргүүд тал нутаг руу зугтааж тэндээ өсөж үржээд эргэж ирсэн гэх мэт хуурмаг түүхүүд. Гэвч үнэндээ тийм биш бөгөөд энэ нь эртний заналт дайснаа түүхийн хуудсаас арчих гэсэн бодлого. Ер нь Монгол хүн Монгол эрдэмтэдийн судлаж бичсэн түүхийг унших зөв болов уу.

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]