Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Бидний ард даруухан бүдэг хэвээр үлддэг эгэл хүмүүстээ хайр хүрч явдаг"Уншсан11,062

Дашрамд энэхүү контентыг Монгол Улсын цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд зориулав.

Улс орны болоод хүмүүний намтар түүх өгүүлсэн, өөрөө түүх болж үлдсэн хуучны хөрөг ярилцлага, нийтлэлүүдийг манай сайт сэргээн уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа 90-ээд онд олон чөлөөт хэвлэл үйл ажиллагаа явуулж байх үед захиалагч, уншигчдынхаа тоогоор толгой цохиж явсан "Нүгэл буян" хэмээх сонины нэгэн ярилцлагыг онцолж байна. Ү.Хүрэлбаатар, Д.Энхбат нарын эрхлэн гаргаж байсан энэхүү сонинд 1994 оны 7 сарын 30-ны өдрийн дугаарт нийтлэгдсэн "ШУДАРГА ҮНЭНИЙГ ЯЛУУЛЖ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ХАА БАЙХАВ ЭЭ!" хэмээх ярилцлагыг та бүхэндээ хүргэе. Дашрамд энэхүү контентыг Монгол Улсын цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд зориулав.


Эрүүгийн ахлах төлөөлөгч дэд хурандаа Б.Эрдэнэсамбуу: ШУДАРГА ҮНЭНИЙГ ЯЛУУЛЖ БАЙХ ШИГ ЖАРГАЛ ХАА БАЙХАВ ЭЭ!

-Юуны өмнө эрхэлж байгаа албан тушаалын зэрэглэлээс дээгүүр цол (дэд хурандаа) шагнагдсанд баяр хүргэе! Ажлынхаа гол амжилтаас ярихгүй юу?

-Баярлалаа. Надад гийгүүлсэн юм юу байхав дээ. Миний зүтгэлийг л үнэлж хойшид амжилттай ажиллах аванс (урьдчилгаа) болгож өгсөн байх. Надад бараг ахдаж байгаа л юм даа. Цэргийн хүн болохоор цолонд баярлахгүй хэн байхав. Хамт зүтгэсэн нөхдийнхөө хөдөлмөр зүтгэлийн үр дүнг нб би ганц өөрийнхөө мөрөн дээр л хадчихлаа шүү дээ (инээв). Ажил хийж байгаа юм болохоор хилийн боомт газар, хүний хөлхөлт, архидалт, тэнүүлчин дамчид ихэссэн эдүгээ цагт Сэлэнгэ аймгийн эрүүгиин эрэн сурвалжлах алба сүүлийн жилүүдэд улсад эхний таван байранд явж байдагт баярлаж өөрсдийгөө дөвийлгөж явдаг. 1993 онд улсад нэгдүгээр байранд орсон. Сүүлийн үед гарсан ноцтой хэргүүд бараг зуун хувь илрүүлэлттэй яваа. Би тэр бүхнийг тоочмооргүй байна. Манай мөрдөн байцаах тасаг хэлнэ байх. Та ч ихэнхийг нь мэднэ, сурвалжилж ч байсан. Үгүй, та бид хоёрыг чинь ажлаас нь халах хүртэл гомдол Пүрэв генералд очсон байсан биз дээ (инээлдэв).

-Сүүлийн үед үнэхээр Сэлэнгийн цагдаагийн хэлтэс хэр баргийн хэргийг илрүүлж л салдаг болж. Амжилтын нууц юундаа байна вэ?

-Удирдлагын чанга, дайчин чадварт л гол нууц оршино. Батаев дарга бүх эрхийг гартаа авч дуртай минутдаа бүх албадыг дайчилж чаддагт л амжилт оршдог. Ноцтой хэргийн мэдээ жижүүр авмагц даргад, дарга бүх албадад. Эрэн сурвалжлах мөрдөн, авто, сэргийлэн хамгаалах, шаардлагатай бол галын алба хүртэл хөл дээрээ. Ингэж хүч төвлөрөөд ирэхээр хэрэг илрэхгүй яахав ээ!

Манайд албадын шугамаар урьдаас нарийн тогтсон төлөвлөгөөнүүд бий. Тухайлбал хүн амь, дээрэм хүчин гарахад ямар албад ямар үүрэг гүйцэтгэх вэ, яг тэр төлөвлөгөөгөөрөө автоматаар шахам ажиллаад эхэлнэ.

Удирдлага хаана ч явсан хүчийг хэрэгтэй цэгтээ төвлөрүүлж чаддагт л нууц нь оршино. Манай албадын уялдаа холбоо, нягтрал, үүрэг гүйцэтгэх хариуцлага харьцангуй өндөр. Тэгээд хэвшээд сурчихсан. Төлөвлөгөө бүхэн олон хувилбартай. Хэрэг илэрмэгц бид цуглаж юун дээр хожив, юун дээр алдав гэдгээ эргэн шинжиж дүнгээ гаргадаг. Энэ бол том хичээл болдог. Алдаанаасаа суралцах чинь танхимын хуурай номлолоос илүү өгөөжтэй юм. Заримдаа бид инээд хүрэм хөгийн алдаа хийчихсан л байдаг.

-Бэрхшээл?

-Хэрэг хийчихээд гадаадад гарчих явдал л бэрх юм. Хил дотроо байгаа юм чинь учиртай юм л даа. Паушкад хүн алчихсан нэг нөхөр одоо Читад бий. Бид ойрын үед баривчлах болно. Бусад улсын нутаг дэвсгэр дээр өөр орны хүмүүс эрэн тагнах ажил хийж болохгүй, гэвч бид тийм арга хэрэгсэл боловсруулаад байгаа.

-Яг энүүгээр чинь биччихвэл гүйцэтгэх албаны чинь нууцыг задалчих байх даа?

-Зүгээр, зүгээр. Бид тэднийг яаж ч булзаж мэхлээд гарч чадахааргүй тийм аргаа хийчихсэн...

-Бахадмаар юм байна. Мартагддаггүй учралаасаа ярихгүй юу?

-Эртний юм ярья. Хэсгийн төлөөлөгч байх үед (би ч залуухан байлаа) Г гэж манайд цагдаа байсан сайхан залуу сүүлдээ сэргийлэхээс хөөгдөөд бүүр буруу замаар орж малын хулгайч болчихсон. Төв аймгийн нутгаас мал хулгайлсаар сүүлдээ оргоод баригддаггүй ээ. Орхон, Туулын нутгаар л бөөн эрэл болоод байсан юм. Би ихээхэн эрэл хөөцөлдлөгөө болж байж баривчилж Төв аймгийн Цагдан сэргийлэхэд тушаасан. Тэд удалгүй дахиад алдчихсан юм, олддоггүй ээ! Хадмынх нь Д гээд ганц гэрээр айл байх. Тэднийд огт ирсэнгүй. Би хоёр жил гаруй хяналт тавиад байхад л сураггүй байгаад байх юм. Нэг хавар ажиглажээ байхнаан Г-гийн тохдог нэг их сайхан мөнгөн эмээлийг Д гуай тохчихсон харагдах нь тэр. Ингээд Д гуайг сэжиглээд татчихсан юм. Гэтэл Г оргож явахдаа тэднийд ирээд согтуу агсан тавихаар нь хөнөөгөөд хээр булчихсан байж билээ. Хангалын аманд өөрөөр нь заалгаад ухаж гаргаж ирсэн чинь хоёр жилийн өмнө булсан гэхэд огт муудаагүй, танигдахаар байж билээ. Бараг анхны шахуу хүн амины хэргийн илрүүлэлт болоод ч тэр үү мартагддаггүй юм. Зайлуул даа, надад л баригдаж, би л илрүүлж байсан юм. Тэр үеийн эрэн сурвалжлахын томчуул хайгаад чадаагүй. Би тэр оргодлыг өрөвдөж, хүнийх нь хувьд харамсч явдаг юм. Ямар хүний үр тэгж явсан юм бол доо хөөрхий!

-Эрэн тагнах ажлын багш бий юу?

-Цагдаа байхаас л Самбуу хошууч намайг сонгож ажилд зарж, хатуу   нухалж сургасан. Их загнадаг ааштай хүн.

-Аливаа хэргийг илрүүлэхэд тусалдаг хүч?

-"Эрлииг сургаар" гэдэг. Манай шударга иргэдийн мэдээлэл амин чухал. Эрдэнэсамбуу том хэрэг илрүүллээ гэнэ. Худлаа. Цаана нь нэг шударга иргэн л илрэх боломжийг хангаж өгсөн байдаг. Шударга иргэд л мөнхийн гавьяатнууд. Тэдний нэрийг нь хэлж болдоггүй, улаан цайм шагнаж ч болохгүй. Бидний ард даруухан бүдэг хэвээр үлддэг эгэл хүмүүстээ хайр хүрч явдаг. Тэдэнд муу юм бүү учраасай, гэмтний өсөнд өртөх вий гэж болгоомжилж явдаг даа.

-Цагдаа болох хүсэл анх яаж бий болов оо?

-Би чинь барилгын уулын чулуу бутлагчийн мэргэжлээр ЗХУ-д сургууль төгссөн хүн. Хилийн цэрэгт Хятадын хил дээр тайвангүй цагт харуулд гарч мөр ул ажиглаж явсаар нэг мэдэхэд сэтгэл татагдсан. Халагдмагц цагдаа болно гээд зүтгэчихсэн.

-Цагдаагийн албанд ингэж мэргэжихэд юу туслав?

-Жижүүрийн алба, хэсгийн төлөөлөгчийн алба хоёрыг дамжсан минь миний их сургууль болсон. Ер нь сайн цагдаагийн ажилтан болоё гэвэл энэ хоёрыг заавал дамжаарай гэж хойч үедээ захимаар байна.

-Хамгийн баяртай мөч?

-Хэрэг илрүүлчихээд сууж байх мөн ч сайхан шүү. Шударга үнэнийг ялуулж байх шиг жаргал хаа байхав ээ.

-Мөрөөдөл?

-Улсын баяраар монгол дээл өмсчихөөд эхнэртэйгээ асарт сууж нэг үзэх юмсан.

-Цагдаад өдий хүртэл ажиллахад зан ааш бие сэтгэхүйд өөрчлөлт орсон уу?

-Цагдаа байгалийн амьтан л юм болохоор хийж байгаа ажлынх нь дардас үлдэлгүй яахав. Хэргийн газар дээрээс тамхины иш, цусны толбо, хугархай шүдэнз олоод жигтэйхэн их баярлан олзуурхана. Бодно. Верс (таамаг зураглал) гаргана. Шалгана. Олно. Тэгэхээр цагдаагийн ажил бол аливаа зүйлийн учир шалтгааныг олж байдаг эрдэм шинжилгээний ажил юм даа. Та намайг хар! 42-хон насандаа цал буурал толгойтой боллоо. Хүн ардынхаа хар сүүдэртэй бүхэнтэй ноцолдсоор өрөвчхөн сэтгэлтэй л болдог юм шив ээ! Гэхдээ хүн хүн янз янз биз.

-Манай хууль энэрэнгүй санагддаг уу?

-Манаи хууль хатуу хууль. Харин шүүгчид дүр үзэмжээрээ загнаж, ялын бодлогоор тоглож байна.

-Хамгийн их эмзэгдэдэг зүйл?

-Хүүхэд. Мэдлэг боловсролгүй, зөвхөн зальхай шунахай хожоо наймааны хүн чанаргүй хойч үе бэлтгэгдэж байна даа. Ирээдүйн хулгайч залилан дээрэмчингүүд эдэн дотроос хялбархан төрнөө.

-Та баян хүн үү?

-Би өөрийгөө баян хүн гэж боддог. Тэгэхдээ сэггэлээрээ. Хөрөнгө өлөгийн баяныг таашаадаггүй. Хөрөнгө хүнийг эвддэг гэж өвгөд сургадаг. Баячуул үеийн үед хэзээ ч өөдтэй хүний мөстэй байгаагүй. Би илүү ч үгүй дутуу ч үгүй амьдралтай хүн. Шударга цагаанаар амьдрах л хамгийн бахадмаар амьдрал.

-Цагдаагийн байгууллагыг зовоож байгаа юм юу вэ?

-Боловсон хүчний бэлтгэл. Шилж сонгох сургах ажил хоцрогдож байна. Сүүлдээ бидний 4-5 жил зовж байж төгсдөг сургуулийг 45 хоног халтуурдаад гаргахад ч хүрлээ. Энэ явуургүй л ажил байх даа.

-Эцэст нь өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 1952 онд Сэлэнгэ аймгийн Түнхэлд төрсөн. Бага дунд сургуулийг Зүүнхараад төгссөн. ЗХУ-ын Магнетогорскод чулуучны мэргэжил эзэмшсэн. 1970 онд Дорноговийн Сулинхээрт цэрэгт яваад 1973 оноос Сэлэнгэд цагдаагаар орсон. Жижүүр, хэсгийн төлөөлөгч, эрүүгийн төлөөлөгч, ангийн дарга зэрэг ажлуудыг хийж байсан. Таван хүүхэдтэй

-Баярлалаа, таны ажилд өндөр амжилт хүсье.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]