Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Юань гүрний үед Хятадаар уран бүтээл туурвиж байсан монголчуудын тухайУншсан7,967

Хубилай сэцэн хааны зохиол бүтээл, шүлэг зохиолоос олноор хадгалагдаж ирсэнгүй, “Юань улсын бүх шүлэг найргийн бүрэн эмхэтгэл”–д ердөө ганц шүлэг нь орсон байна.

ЮАНЬ ГҮРНИЙ ҮЕД ХЯТАДААР УРАН БҮТЭЭЛ ТУУРВИЖ  БАЙСАН
МОНГОЛЧУУДЫН ТУХАЙ

 

 

XIII зууны үе бол Монгол үндэстний хувьд нийгмийн бүхий л талаар сэргэн мандаж хүчирхэгжсэн цаг үе байлаа. Тухайн цагт дэлхийн бүх хуурай газар хэмээн ойлгогдож асан Евразийн өргөн уудам эх газрыг нэгэн төрийн дор нэгтгэн захирсан Монгол үндэстэн энэ их газар нутаг дээрх олон улс гүрэн, үндэстэн ястантай  нийгмийн бүхий л чиглэлээр өргөн хүрээтэй харилцах болсноор олон салбарт, түүний дотор соёл, урлаг, хэл бичиг, уран зохиол, шинжлэх ухааны харилцаа, солилцоо тогтож, тэр чинээгээр харилцан нөлөөлөлцөж ирсэн билээ. Энэ түүхэн их үйл явцын хүрээнд, түүнд татагдан орсон олон улс үндэстний хооронд харилцаа солилцоо, харилцан нөлөөлөл идэвхтэй явагджээ. Хөрш зэргэлдээ оршиж, энэ Догшин эриний дуулиант хэрэг явдалд татагдан оролцсон Монгол, Хятад хоёр үндэстний харилцааны түүхийг үзэхэд л ямаршуу их далайцтай судалгаа хийх боломж болоод шаардлага буй нь илхэн.

Тэдгээрийн дотроос утга соёлын харилцаа, солилцоо онцгой идэвхтэй явагдсан бөгөөд энэ талаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид ихийг судлан тогтоожээ. Хятадын эрдэмтэн Сян Иньзье нарын 1993 онд хэвлүүлсэн “Төв Ази-Морин дэл дээрх соёл” хэмээх бүтээлд: “-Монголчууд Төв азиас Евразийн хуурай эх газрыг байлдан дагуулж, Хятад газарт хятад хэл бичгийг, Төв Азид араб хэл бичгийг, Баруун Азид перс хэл бичгийг, Орост орос, арабыг хэрэглэж байжээ. Тэр үед Ази-Европ дахинаа Монголчуудын ноёрхол он удаан үргэлжилсэн тул тухайн газар орны соёлын нөлөөнд гүнзгий автсан нь тодорхой тул тэдгээр хэл бичгийг авч хэрэглээгүй гэж итгэхэд бэрх юм” гэж дүгнэсэн байдаг.

Унгарын эрдэмтэн Д.Кара Монгол хэлт ард түмнүүдийн бичиг үсгийн түүх, түүний дурсгалуудыг судалж бичсэн “Монгол нүүдэлчдийн ном” бүтээлдээ 700 гаруй жилийн түүхтэй Монгол номыг “Шар мөрний эргээс Адриатын тэнгис хүртэлх Ази Европын өргөн уудам нутаг дээр Монгол морьтны гарч ирсэн тэрхүү XIII зууны хатуу ширүүн үед үүссэн” гэж тэмдэглээд, иймээс “Эдгээр номын хуудсан дээр дайнч нүүдэлчид, суурин газрын тариаланчид, бөөгийн болон буддын, мусульман, христиан-несториан шашинтан, күнзийн сурталынхан, Уйгур, Төвдийн янз бүрийн уламжлал холилдон нийлсэн” гэж дүгнэжээ.

Төвдөч эрдэмтэн Л.Хүрэлбаатар ”Судар шаштирын билэг” номдоо “Одоо санскрит, хятад, төвд, манж, Монгол хэлний ланз, ханз, дөрвөлжин, соёмбо, тод, худам Монгол үсгээр бичиж барласан, эртний Энэтхэг, Хятад, Төвд, Монголын эрдэмтэн мэргэдийн туурвин зохиосон их бага арван ухааны олон мянган ном судар эртний буурал өтгөс өвгөдийн бор авдраас эхлээд шинэ цагийн боловсон тохилог номын сан, музей, архив, эрдэм шинжилгээний хүрээлэн газар, зарим хуучны хурал номын сүм дуганд нандигнан хадгалагдаж байна“ гэж бичсэн юм.

Үнэхээр ч эдгээр гол хэлүүдээр бүтээлээ туурвиж асан Монголчууд цөөнгүй байна. Өвөр Монголын эрдэмтэн Б.Төмөрбагана “Эртний Монгол зохиолчдын хятадаар туурвисан бүтээлүүдийн судалгаа” гэдэг номдоо энэ талаар тодорхой тоо баримт дурдаад: -Энэ бол үнэхээр утга зохиолын арвин их өв сан мөн. Зөвхөн төвд хэл, хятад хэлээр бичигдсэн зохиол бүтээлийг шүүрдэн үзэхэд тухайн цаг үеүдэд холбогдох Монгол хэлээр буй ном зохиолын тооноос илүү олон байна” гэсэн юм. Судалгаанаас үзвэл дээрх хэлнүүдийн дотроос түвд, хятад, манж хэлээр зохиол бүтээл туурвиж байсан Монголчуудын тоо түлхүү олон байгаа агаад өнөөгийн байдлаар төвд хэлээр зохиол бүтээлээ туурвиж байсан Монголчууд гэвэл 250 шахам хүн тэмдэглэгдсэн байдаг бол хятадаар зохиол бүтээл туурвиж байсан 230 шахам хүний хэдэн зуун зохиол бүтээл байдаг ажээ.

Бид төвд хэлээр зохиол бүтээлээ туурвиж байсан Монголчуудын тухай, тэдний уран бүтээлийн тухай өнөөдөр сайн мэддэг болсон. Тэгвэл тооны хувьд тэднээс хол дутуугүй байсан хятад хэлээр туурвигч Монголчуудынхаа тухай, тэдний уран бүтээлийн үлдээсэн өв сан судлагдаагүй шахам байна. Монголын уран зохиолын түүхэн дэх их бичгийн хүмүүс болох Өвөрлөгчийн Ванчинбал, түүний эрдэмт хөвгүүд Гүлранса, Гүнначүг, Инжинаши нар, тэдний уран бүтээл, шүлэг найраг, яруу дуулал, түүхэн туурил романууд, гайхамшигт орчуулгуудыг бид гайгүй мэддэг, шимтэн уншдаг ч, тэднээс цаашлаад олон бичгийн хүмүүсийн талаар тун мөхөс ойлголттой байна.

 

Юань гүрний үед хятад хэлээр зохиол бүтээлээ туурвиж байсан Монголчуудыг гурван анги хувааж үздэг бөгөөд үүнд нэгдүгээрт хаад, хатад, ханхүү зэрэг алтан ургийн язгууртан ихэс дээдэс, хоёрдугаарт түшмэл ноёд, цэргийн жанжид баатад зэрэг хаан төрийн дээгүүр албаны зүтгэлтэн, гуравдугаарт дунд ба доод зиндааны төрийн бичиг хэргийн түшмэд зэрэг эгэл ардын гаралтай сэхээтнүүд болно. Одоо тэдгээрийн заримаас, уран бүтээлийнх нь хамт товч дурдсугай.

 

 

Юуны өмнө Монголын Юань гүрнийг үндэслэн байгуулагч, Их Монгол Улсын тавдугаар их хаан Хубилай сэцэнийг дурдах ёстой. Чингис хааны  отгон хүү Тулуйн хөвгүүн, их хааны ач Хубилай бага наснаас Улсын Гоо ван / Гоо ван гэж хятадаар гүө ван буюу Улсын ван гэсэн үг болой./  Мухулай ноёныг даган бараалан зүрчидийн Алтан улс, нангиадын Сүн улсыг хураан нэгтгэх их үйлд хаан өвгийн бошго зарлигаар олон он туж явахдаа ихэвчлэн дотор газар сууж асан тул багаас хятад зүгийн мэдлэг боловсролтой болжээ. Тэрбээр Монголын их цэргийн жанжны дэргэд шадарлаж ахудаан цэргийн хэргийг сайтар ухан эзэмшсэн төдийгүй, бас дотор газрын нангиад түшмэд, бичгийн хүмүүсийн хүрээлэлд асан тул төрийн хэргийг иргэний явдлаар засан жолоодох үйлд чамбай суралцсан болой.

 

Тийм ч учраас Хубилай сэцэн хаан хятад хэл бичигт сайтар тайлагдсан, хятадын эртний соёлын баялаг өв сангаас ихийг сурч мэдсэн номтой, боловсролтой гэгээн хаан хүн байсан ажгуу. Тэрбээр зохиол бүтээл туурвидаг, шүлэг найраг тэрлэдэг авьяаслаг онгодтой нэгэн байжээ. Харамсалтай нь түүний шүлэг зохиолоос олноор хадгалагдаж ирсэнгүй, “Юань улсын бүх шүлэг найргийн бүрэн эмхэтгэл”–д ердөө ганц шүлэг нь орсон байна. Одоо тэр шүлгийг Өвөр Монголын судлаач эрдэмтэн Б.Буянгийн орчуулснаар үзье:  

 

 Хаврын уулнаа зугаацаад

                                урамшин тэмдэглэсэн шүлэг

 

Хавар цагийн найрамдуу улиралд Анхилам уулнаа авирлаа.

Халшралгүй оргил дээр гараад “Алтан нүүр”-т бараалчухуай.

Хүйс цэцэг туяалан мяралзаад өлзийт өнгө солонгормуй.

Хүлисийн утаа хүдэнтэн тунараад бэлэгт гэрэл сацармуй.

 

Хадан дээрх хас хулснаа хурын дусал бөмбөлзөнхөн,

Халил давааны ногоон нарснаа сэрчигнэх салхин хөгжимдмүй.

Буддын сүм дор бурхны өмнө хүж өргөн аяарлаад

Буцах замд хөх луу сүйх тэрэг хүлэглэчүхүй ээ.

 

    Орчуулагчийн тайлбараас үзвэл Хубилай хаан Дайду-Хаанбалгас/одоогийн Бээжин хот/-ын баруун дүүрэгт агч И-Хө-юань цэцэрлэгт хүрээлэнд оршдог Ваньшоушань буюу Түмэн наст хэмээх ууланд хавар цаг зугаацан агаад энэхүү шүлгийг хэлсэн гэх бөгөөд “Алтан нүүр” хэмээх нь тэнд агч Буддын сүмд залсан бурхныг хэлж буй ажээ. Ертөнц дахиныг нэгэн төрийн дор өөрийн эрх мэдэлд хураан захирсан их хааны сэтгэлийн агуу их болоод амар амгалан, энх тайван байдал уг шүлгээс ухагдах агаад хятадын уран зүйрлэлээр хөх луу хэмээн хаан эзнийг эерүүлэн нэрлэдэг болой.

 

Хубилайн адил хаан ургийн олон дээдэс, тухайлбал Түгтөмөр /зарим бичиг сударт Тугтөмөр гэсэн байдаг/, Тогоонтөмөр, Аюурбалбад, Аюушридара хаан, Базалварми ван, Агай хатан, төрийн түшмэд, жанжид асан Тогтога, Тогтоху, Баян, Булу, Буха, Аригуй, Дайбуха, Елубуха, Цагаанбуха, Сэнгэзана, Өлзий, Марай, Цайжи, Байжу, Элбуха, Даштөмөр, Байтөмөр, Бухтөмөр, Баридай, Харибуха, Шимү баян, Нин сян эл,  Янна, Нье Юүн, Төмөр, Даргачи, Гоюуну, Дүритү, Хоу Тяньтин, Табутай, Тарай, Чинбуха, Яара, Ёохунан, Садула /Сартуул гэсэн нэр гэж үздэг/ гээд тухайн цагтаа дээдсийн хүрээлэнд Төрийн хөвгүүдийн сургуульд сурч боловсорсон сэхээтэн бичгийн хүмүүс бараг бүгдээрээ шүлэг найраг хэлдэг, бичдэг байжээ.

 

Чингис хааны зургадугаар үеийн хойч, Хайсан хүлэг хааны хоёрдугаар хөвгүүн, түүхэнд Заяат хаан хэмээгдсэн Түгтөмөр хаан бага залуудаа хятадын өмнөд цэг Хайнань арлыг зарлигаар захиран сууж байхдаа бичсэн шүлгийг үзье:

 

      Хөх гүйлсийн шүлэг

        Анхил багадаан омогтой байлаа, өнөө бодохоор элэглэмээр.

Алтан тоор, хас гүйлсийг атгандаан барин нааддаг байлаа.

Хайнань хэмээгч  зэлүүд газар, амтат жимс алга.

Ханшийг нь асуухуйяа хөх гүйлсийн үнэ  айхтар.

            

                 Зянь Ганаас нийслэл орох замын гудас санамсаргүй гиншсэн нь

 

        Хурган үст дээлээн өмсөөд милага юугаан эргүүллээ.

         Хавирган саран нэгэн зурвас удын мөчирт өлгөгдчүхүй.

        Хэдэн шүүдэр мэлмэс мэлмэс, бороо мэт дусалмуй.

        Хэдэн мичид гялс гялс, огторгуй дээр тормолзмуй.

 

        Хулсан шивээнээ нохой хуцан  боргохуй хүмүүс өгүүлэлцмүй.

        Хуучин саравчнаа тахиа дуугарч хоногийн зочид сэрмүй.

        Ургах наранг өргөн мандуулах тэр эгшин зуур

        Уул хайрханы ноён сарьдаг илрэн тодормуй. 

 

1326 онд Юань төрт гүрний Есөнтөмөр хаан нас барсныг сонсоод өмнөд Хятадад сууж асан Түгтөмөр хаан ор залгамжлахаар умарш мордон Хаан балгас орох замдаа энэ шүлгийг хэлжээ. Милага гэж ташуурыг хэлэх ба зарим нутагт бас малиа ч гэдэг. Түгтөмөр заяат хаан төрийн жолоог атгасан цөөн хэдэн жилдээ соёл гэгээрлийн үйлд гойд анхаарч, эрдэмтэн мэргэдийг төрд цуглуулан, түүх судар бичүүлж, шүлэг зохиол судлуулсан агаад мөн Монгол бичгийг ихээр сурч хэрэглэхийг хөхиүлэн сурталчилж байсан гавьяатай бөлгөө.

 

Одоо Нин Сян эл гэгч эмэгтэй  шүлэгч / Тогоонтөмөр хааны сул татвар эм /-ийн шүлгээс үзье:

                  

                   Лянхуа түүх уянга

 

         Нуурын хөвөөнөө завь онгоцоон талбиад

         Найгах ишийг тасдан бадмын цэцэгс түүнэм.

         Уран хажин нисэхүйеэ халиун хөхөө үргэнэм.

         Лянхувын навчийг дэлгэн шүхэр болгон барьж,

         Лянхувын үндсийг хэлхэн бүс болгон бүсэлмүй.

         Нарийн униар дэгдэж үүлсийн туяа будантнам.

         Нас залуу сайханд баярлаж баршгүй ээ.

         Сэлүүр эргүүлэн буцахуйяа уулын саран тунгалаг.

 

Бичгийн дэслэн хэлэлцэгч сайд Тогтогагийн нэгэн уянга шүлгийг үзье:

 

        Зарлигаар Дунбэй шань уулыг тахисан нь

 

Шоролзон ирэлзсэн Дунбэй уул үүлэнд шурган сүндэрлэмүй.

Шовх оргил дахь тэгш газар нь аршийн орон амуй.

Хүжис шатаахаар өмнөш эчихүйеэ гурван мянган газар,

Хуаншуй мөрөн дорнош урссаар хэдэн түмэн жил.

 

Хар тогоруу шөнө дүлээр саран лугаа бүжиглэмүй.

Хөх луу хаврын дулаанд сувд үмхэн нойрсмуй.

Өнө эриний тэнгэрлэг хөвгүүн Юүшүн мэт өршөөлтэй,

үхлээс нуугдсан  мэргэд эгэж ирэн тариаландаан зүтгүүштэй.

 

Хятад хэлээр зохиол бүтээлээ туурвиж асан төрийн зүтгэлтэн, цэргийн ноёд жанждын дотроос Өмнөд Сүн улсыг хураангуйлан захирах их цэргийн ерөнхий жанжин Баян бусдаас онцгой. Араб, перс дахиныг эзлэн суусан Монголын Ил хаант улсад төрж өссөн түүнийг Хубилай хаан ихэд таашааж, шадар жанжнаа болгосон төдийгүй нийт Нангиад орныг хураан нэгтгэх их үйлийн үлдсэн хэсэг болох Өмнөд Сүн улсыг дайлах их аян дайны ерөнхий захирагч, их цэргийн  жанжнаар тохоон томилж гүйцэтгүүлсэн түүхтэй. Баян жанжин бол Ил хаадын дэргэд шадар өсч бойжсон тул араб, перс зүгийн боловсрол мэдлэгтэй, хожмоо Хубилай хааны дэргэд ирж шадарлахдаа хятад зүгийн боловсролыг сайтар эзэмшсэн, нэг үгээр хэлэхэд дорно өрнийн мэдлэгийг хослуулсан номтой хүн байсан авай. Харамсалтай нь түүний зохиол бүтээлээс хэдхэн шүлэг өнөө бидний үед хүрч иржээ. Тэдгээр шүлгээс хоёрыг энд дурдья:

   

Зарлигаар мөрний өмнөдийг хураамжилсан нь

 

Хөхөмдөг уулыг сэлмээр заахуйяа уул хагармаар болжухуай.

Хөх мөрнөө хүлгээн услахуйяа мөрөн ширгэхэд хүрчүхүэй.

Зуун түмэн шилдэг цэрэг мөрний өмнөдийг дайлахуйяа

Жадын үзүүр, зэвсгийн дээр  цус бялдсан нь үгүй ээ.

 

Лизяа хотын шинэ балгасыг эвдсэн нь

 

Ид хаваар зуун түмнийг наадам мэт хөдөлгөж

Их Юаний ноён чинсан Өмнөдийг цэрэглэн түвшитгэмүй.

Үелзэх Ханшуй мөрнөөр завь урагшлахуй долгион нь догшин.

Ү-гийн нутгаар морьд довтлохуйяа өвс модон хувхайрмуй.

 

Түнэр үүл мянган газарт эгшнээ харанхуйлан бүрхэхүй

Түүдэг гал түмэн уулнаа шөнийн гүнд гэрэлтмүй.

Тэнгэрийн санаа тогтож, хэврэг Сүнгийн төр мөхмүй.

Таван өдөр хоёр хотыг ээлж дараагаар эвдчүхүэй.

 

Содбал, Есөнтөмөр хаадын үед түүх судар тайлбарлах түшмэл, бичгийн утгач дэслэн уншигч сайд, төрийн хэргийг хамсан мэдэгч зэрэг тушаалд байсан Аригуй бол эртний нангиадын утга соёлд ихэд боловсорсон хүн байсан төдийгүй их шүлэгч ДүФү, Юй Жи нарын арга барилаар шүлэг зохиол туурвиж байжээ. Түүний “Андаан мөрөөдөхүй” шүлэг нь Ли Байг мөрөөдсөн ДүФүгийн алдарт шүлэгтэй агаар нэгэн буй:

       

Андаан мөрөөдөхүй

 

Салхи салхилахуйяа Чу-гийн зочин

өндөр дуугаар гиншмүй.

Өлгий нутгийн уул ус минь

Үл хагсран сав дундармуй.

Униар хүдэнт мөрний өмнөдөөс

Өнчин галуу нисэн одохуйяа

Үдэн хоцрогчийн элэг эмтэрмүй.

Уг зуршлаар тэр Хан даний замаар

аялж яваа буй заа,

Урьдын хүмүүс шиг  Жүйшүй газар

тэмдэг босгоно уу.

Хаврын өдөр голын захад

Харанхуй бүрий мөрний дэргэд

                          Хэзээ дахиж утга шүүмжлэх билээ...

 

Энэ шүлэгт хэлж буй Чу-гийн зочин хэмээх нь шүлэгч өөрөө бөгөөд Мөрний өмнөд хэмээх Хөх мөрнөөс өмнөх нутагт саатан суугаа агаад энэ үест анд нөхрөө алс умар зүгт үдэн мордуулаад сэтгэл тавгүйрэн шүүрс алдаж буйгаан дүрслэн өгүүлжээ. Өнчин галуу гэж хятадын уран зүйрлэлээр алсад одогчийг хэлдэг бөгөөд Жүйшүй газар хэмээх нь өдгөөгийн Өвөр Монголын Линхэ хошууны умар этгээдэд оршигч Ланшань уул бөгөөд манай тоолын II зууны үеийн жанжин Хүө Цүйбин Хүннүг умарш хөөн дутаалгаад энэ уулан дээр овоо босгон хилийн тэмдэг талбисныг зүйрлэсэн байна. Сүүлийн гурван мөр нь Дү Фүгийн шүлгийн хэсэг бөгөөд “утга шүүмжлэх” хэмээсэн нь шүлэг зохиолоо андтайгаа хэлэлцэж найрлан суухыг зааж буй болой.

 

    Баяд овогт Дайбуха шүлэгч бага залуугаасаа эрдэм чадлаараа онцгойрон шалгарч, их хаадын дэргэд ойр шадарлан, найруулан засагч түшмэл, ёслолын явдлын журганы эрхин сайдын алба хашиж явсан бөгөөд Хитаны Ляо улс, Нангиадын Сүн улс, Зүрчидийн Алтан улсын түүхийг найруулан зассан гавьяатан ажгуу.  Түүний шүлгүүдээс хаан төрийн аливаа үйл ёслол, төрийн хэрэг явдлын талаар тод томруун ойлголт авч болох байгаа нь зөвхөн утга соёлын төдийгүй тухайн цаг үеийн түүхэн бодит байдлыг нэхэн тодотгохуйц үнэ цэнэтэй мэдээлэл мөн гэж үзүүштэй.  Түүний хоёр шүлгийг энд дурдья:

       

 Ёслолын явдлын журганы сайд танаа

 

        Хишиг хүртэн толиор шагнагдаж төв мужид дэвшлээ.

        Хэмэрлэг тохомтой саарал мориноос хаврын туяа сацармуй.

        Хааны ёслол жагсаалыг дагалдан Дээд нийслэлд очмуй.

        Хуар зүүн малгай чимж, дотор хүрээлэнд нэвтэрмүй.

 

        Далайн орон салхи хэцүү, намрын амьсгал эрт,

        Голыг бүрхсэн үүлс жихүүн, галуун дуу цөөрчүхүй.

        Жаргалтай үе, амгалан цаг нэгэнт гээгдсэнд харамсмуй.

        Загас гөхдөх шидэмс бэлдэн далд газрыг эрсүгэй.   

           

         Ли Гүнфэнд хичээнгүйлэн хүргэсү

 

        Хатан морилохуй бичиг гардан дотоод ордноос дээшилмүй.

        Хаан залрахуй шадар хамгаалагч шүхэр өргөн тойрмуй.

        Олон ноёд мөргөн бараадаж ёслолын хөгжим үүсгэвэй.

        Орон даяар хааны өршөөлийг өр зүрхнээсээн сайшаамуй.

   

        Анхилам униар суунаглан манарч уд бургас намирмуй.

        Агаарын нарны сацраг туяанаа хэмэрлэг дээл ялгармуй.

        Тахалд нэрвэгдсэн сайд чи Вэн Юань мэт туржээ.

        Тагтын гаднах яндар дээр хэвтээд хөгжим чагнамуй. 

 

    Энэ шүлэгт Тогоонтөмөр хаан сууринаа залраад олон сайд түшмэдэд зориулсан их ёслолын төгөлдөр сүрлэг байдлыг дүрсэлсний дээр, энэ үед шүлэгч өвчтэй байгаад уг ёслолд орж чадалгүй холоос их ёслолын дуу хөгжмийг сонсч асныг өгүүлжээ. Вэн Юань гэч нь эртний Хан улсын Үди хааны итгэлт шадар түшмэл, их яруу найрагч Сыма Сянру бөгөөд, Тогоонтөмөр хааны итгэлийг олсон шадар түшмэл Ли Гүнфэнийг түүнтэй адилтган зүйрлэсэн амуй.

 

Юань гүрний үеийн Монголын бичиг номтой хүмүүс ийнхүү олноороо шүлэг зохиол тэрлэн туурвиж байснаас гадна, уран зохиолын өөр төрөл зүйлээр зохиол бүтээл туурвиж байжээ. Тухайлбал дээрх мэт шүлгээс гадна хятадын яруу найргийн бусад төрөл зүйл болох юаньцюй, саньцюй, цы зэрэг, Монголоор бол аялгуут шүлэг /Өвөр Монголчууд дуурилаг гэж нэрлэдэг/, тасархай бадаг, сул уянга, богино уянга гэдэг хэлбэрүүдээр чадамгай сайхнаар тэрлэн бичиж байжээ. Хэдийгээр яруу найргийн эдгээр төрөл зүйл нь Монголоор бол нэг л янзын шүлэг найраг мэт ойлгогдож болох ч хятад хэлээр бичигдсэнийг нь авч үзэхүл яах аргагүй хятадын эртний яруу найргийн онолын дэг ёсоор чадамгай сайн урлан бүтээсэн болох нь харагддаг. Зарим шүлэг найраг өөрийн гэсэн ая дантай байдаг ба тэдгээрийг шүлэглэн хэлээд зогсохгүй бас уянгалуулан дуулах зориулалттай байдгаас үзвэл эдгээр нь зөвхөн яруу найраг төдийгүй урлагийн цогц бүтээл мөн гэж үзүүштэй.

 

Өвөр Монголын эрдэмтэн Б.Буянгийн судалж тогтоосноор Юань улсын үед хятадаар шүлэг найраг туурвиж байсан Монголчуудын тоо 45, тэдний шүлэг найраг нийтдээ 160 гаруй байна. Энэ удаад зөвхөн шүлэг найргийн зүйлийг сонгон авч үзэхэд ийм байгаа бөгөөд үүний цаана үргэлжилсэн үгийн зохиол, ший жүжиг, түүх бичлэг, дуу хөгжим, түүнчлэн уран зохиолын орчуулга гээд олон төрөл зүйлийн чиглэлээр гүнзгий судалгаа шинжилгээ хүлээгдэж байна.

 

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар

Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2017, 10 сар 9. 16:15
MOLORsudlaach

UMSHIXAASCH durgi xurchixlee BNA....DAXIAD ASUUYA mongol ulsad maan 13 ZUUNII XYND UZUULCHIXEER OLIGTOI YM YUU BNA tegeeed......

2019, 10 сар 21. 13:38
Амараа

"Монголын Нууц Товчоо" МЭ 1240

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]