Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголын түүхийн бүх цаг үеийн түүхийн баатрууд түүний дотор БНМАУ-ын Баатар цолтнуудыг энэ ангилалд онцгойлон мэдүүлнэ.

Үхсэн хүнд баатар цол олгодогүй буюу эрэлхэг хилчин М.Гаасүрэнгийн түүхУншсан19,710

Дайны хүнд бэрх цагт зулай, зулайгаа даран мэндэлсэн дөрвөн хүүгээ фронтод илгээсэн эх, эцгийн сэтгэл ямар байсныг өдгөө төсөөлөхөд бэрх.

Эрэлхэг хилчин Моломын Гаасүрэн 1917 онд 14 хүүхэдтэй өнөр айлын хүү болон мэндэлснийг ахмад сэтгүүлч, АИХ-ын депутат, Өмнөдэлгэр сумын Засаг дарга асан Л.Баатарсүрэн гуай сурвалжлан хэд хэдэн сонинд мэдээ, нийтлэл бичиж байснаас эш татъя. М.Гаасүрэнгийн ах, “Одон” хэмээх М.Гомбожав, дүү М.Далх нар Халхын голын ялалтын 50 жилийн ойн үеэр ахмад сэтгүүлчид, Гаасүрэн ах минь 1917 онд одоогийн Хэнтий Өмнөдэлгэр суманд малчин ард Моломын ес дэх хүү болон мэндэлсэн. Ах эрийн цээнд хүрч, өндөр бадриун биетэй, хүч чадалтай, гойд мэргэн бууддаг нэгэн болсон. Аав маань “Эмээлийн бөхийг эдэлж, эмнэгийн сайныг унах хүн болно доо" хэмээдэг байсан нь хүүгээ эх орныхоо төлөө эрэлхэг гавьяа байгуулахыг зөгнөн ярьдаг байсан бололтой гэж дүү М.Далх нь дурсжээ. Харин ах М.Гомбожав нь “Гаасүрэн адтай мэргэн бууддаг байсан. Аав бидэнд нэг буу худалдаж авч өгсөн юм. Дунд Хөгнийн даваагаар давж явтал тарвага дошин дээрээ байхыг Гаасүрэн хараад морин дээрээсээ буудаж унагав. Дуу, утаа ихтэй бууны чимээнд цочсон морьд үргэж бусгахад дүү бид хоёр унаж бууныхаа бөгсийг хугалан, аавд зэмлүүлж байсан сан. Дүү минь гэртээ ирмэгцээ бууныхаа бөгсийг бургасаар хийж, тэр даруйдаа явган гүйж хэд хэдэн тарвага агнаад ирж байлаа. Гарын ур дүй ч гайгүй хүн байж билээ” хэмээн ярьжээ.

Дайны хүнд бэрх цагт зулай, зулайгаа даран мэндэлсэн дөрвөн хүүгээ фронтод илгээсэн эх, эцгийн сэтгэл ямар байсныг өдгөө төсөөлөхөд бэрх. Дөрөөг нь сүүгээр мялааж, цацлаа өргөн үдсэн ээж, өглөө бүр ургах наранд сайныг ерөөн угтах аав нь дайны хүнд өдрүүдэд хэчнээн шөнийг дутуу нойртой бараа бол. Халхын голын дайнд дөрвөн хүү нь тулалдаж явсан хэдий ч хоорондоо нэг ч удаа уулзаж байгаагүй гэдэг.

Харин ах М.Сандагжав, М.Гомбожав, дүү М.Далх нар нь 1945 оны чөлөөлөх дайнд оролцон Жэхэ хүртэл тулалдаж яваад, дайн дуусахад ДЯЯ-наас эл дайнд оролцсон бүх анги нэгтгэлийг хариуцаж явсан дарга, том ах, дэд хурандаа М.Сандагжав нь хоёр дүүгээ нутагтаа машинаараа хүргэж ирж байсан гэдэг.

Халхын голын дайнд нэг айлаас дөрвөн хүү нь тулалдаж явсан тохиолдол төдийлөн байдаггүй л болов уу. 

Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн шүлэглэсэнчлэн “Хайртай бүхнээ дайснаас өмгөөлсөн хамаг ардын дайн”-д эгэл жирийн малчин Молом, эхнэр Халтар нар дөрвөн хүүгээ дайнтай газрын бүрхэг тэнгэрийн зүг үдсэнээс, дайны дараа гурав нь эсэн мэнд ирэн, өнгөрсөн зууны төгсгөл болтол амьдарч байсан юм. Харин гарамгай гавьяа байгуулсан М.Гаасүрэн нь дайсны давуу хүчтэй ганцаараа байлдаж, амь эрсэджээ. Эрэлхэг хилчин Моломын Гаасүрэнгийн баатарлаг гавьяаг хойно өгүүлье.

Түүнд Монгол Улсын Баатар цол нэхэн шагнуулахаар 1980-аад оноос хойш хөөцөлдсөн ч үр дүнд хүрсэнгүй, шинэ нийгэмд шилжсэний дараа сонгогдсон үе үеийн Ерөнхийлөгч “Үхсэн хүнд Баатар цол олгохгүй” гэсэн үгээр тагласаар жинхэнэ баатруудын гавьяа мартагдах шахав. Тухайн үед амьд сэрүүн байсан Халхын голын дайны баатрууд, дайнд оролцсон ахмад дайчдаас цөөнгүй нь М.Гаасүрэнгийн эрэлхэг гавьяаг дурсамж, дурдатгалдаа өгүүлсэн байдаг ч өдгөө түүнийг нь авч хэлэлцэх хүн нэгээхэн ч үгүй болжээ.

“М.ГААСҮРЭН ТАВАН ГАР БӨМБӨГ БҮСЛЭЭД ДАЙСНЫ ХУЯГТЫГ УСТГАХ ТУШААЛ АВЧ ЯВЖ БАЙЛАА”

Хэнтийн нурууны салбар уулсын өмнөд хэсэг ч гэж хэлж болох Алтан уулд эрдэнэт хүмүүний биеийг олж мэндлэн Хөгнө, Шанага, Гурван баянаар адуу, мал ан гөрөө хөөцөлдөн эрийн цээнд хүрсэн М.Гаасүрэн цэрэгт татагдан улсын хилд ойрхон Сүмбэр хэмээх бяцхан толгойн энгэр бэлд алба хаах болжээ. Энэ бол 1938 он байлаа. Түүний эрэлхэг цэрэг байсныг дурсан Монгол Улсын Баатар Норпилийн Жамбаа дурдатгалдаа “Манай заставын бие бүрэлдэхүүн дарга П.Чогдон, улс төрийн орлогч Цэдэв нарын удирдлагаар 1938 оны арваннэгдүгээр сараас эхлэн 1939 оны наймдугаар сарыг дуустал дайсны их, бага 70-аад тулгаралтад оролцож, тухай бүрт нь бут цохиж, хил хязгаарыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлсэн юм.

Ялангуяа байлдагч Гуулин, Гаасүрэн, Данаасүрэн, Гомбосүрэн, Гомбо, Дорж, Шийлэг, Сонинпил, Шагдар нар дайны энэ хүнд өдрүүдэд эрэлхэг зориг, авхаалж самбаагаараа бусдыгаа хошуучилж байсан нь он удаан жил өнгөрсөн ч санаанд улам тодорсоор байдаг. Чухамдаа хүнд мөчид нөхдийн тус дэмжлэг, эрэлхэг байдал шиг хүнийг зоригжуулдаг юм үгүй билээ. Эрэлхэг хилчин М.Гаасүрэнгийн тушаалыг үг дуугүй биелүүлдэг үлгэр жишээч чанар нь Халхын голын дайнаас эхлээд өнөөдрийг хүртэл манай хилчдийн ёс суртахууны хүмүүжил, эх оронч үзлийн чухал илрэл болж, тэдний амьдралд давтагдсаар байна” хэмээжээ.

Халхын гол, Хайлааст манхан, Булан дэрс, Номон хан, Бүрд овоо, Хулд уулын чиглэлд 1935 оноос эхэлсэн хилийн будилаан тасралтгүй үргэлжилсээр 1939 оны тавдугаар сард дайн болон өргөжсөнийг түүхийн ном зохиолд бичсэн байдаг. Энэ дайны эхний өдрүүдэд шинээр эмхлэн байгуулсан хилийн цэргийн алба хаагчид дайсны давуу хүчтэй тулгаран байлдсаар байсан юм. Эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан дайчдын төлөөлөл бол эрэлхэг хилчин М.Гаасүрэн. Тэрбээр оролцсон тулаан болгондоо эрэлхэг зоригтой байлдаж байж. Тухайн үед хилчид 3-5 хоног хил дээр үүрэг гүйцэтгэдэг байсан аж.

1938-1939 оны өвөл зүүн хязгаарт цас их унажээ. Цасан шуурга нүүр нүдгүй шуурсан тийм хүнд өдрүүдэд М.Гаасүрэн зэрэг 10 хилчин заставаасаа 32 км-ийн зайтай Талын манханд үүрэг гүйцэтгэж байжээ. Гэтэл тэр их шуурган дундуур Япон, Баргын 200 гаруй морин, хөнгөн хуягтаар дэмжүүлсэн явган цэргүүд хил зөрчин орж ирэв. Улмаар харуулын цэгийг гурван талаас нь бүслэн дайрахад манай цэргүүд дайсныг ширүүн галаар угтан 40-өөд хүнийг нь у с т г а с а н байна.

Энэ үед дайсны хөнгөн хуягт хилийн манааны цэргүүд рүү чиглэхэд харуулын дарга нь М.Гаасүрэнд хандан “Таван гар бөмбөг бүслэн, нэгийг нь гартаа бариад доогуур нь орж устга” гэсэн тушаал өгөв. М.Гаасүрэн даргынхаа тушаалыг давтаад, нөхөдтэйгөө салах ёс хийж, заасан газар нь очин, эх орныхоо төлөө алтан амиа өргөхөөр хэвтжээ. Гэтэл дайсны хөнгөн хуягт ирэлгүй, амь үрэгдсэн цэргүүдийнхээ х ү ү р и й г ачаад буцсан байна. Энэ явдал түүний эрэлхэг зориг, эх орныхоо төлөө алтан амиа өргөхөөс буцахгүй дайчин гэдгийг харуулсан явдал болжээ. Үүнийг Монгол Улсын Баатар П.Чогдон дурсамждаа тэмдэглээд “Миний шилдэг арван бүргэдийн нэг" хэмээн тодотгосон байна.

ХАЛХЫН ГОЛЫН ДАЙНД 60 ГАРУЙ ТУЛААНД ОРОЛЦСОН Ч...

Эрэлхэг хилчин М.Гаасүрэн хилийн цэрэгт татагдан Сүмбэрийн заставт алба хааж эхэлснээс хойш, өөрөөр хэлбэл, хилийн тулгаралтууд дайны хэмжээнд очсоноос хойших хугацаанд 60 гаруй удаа том, жижиг тулаанд оролцсон аж. Энэ тухай зохиолч Р.Сайжаа “Хилчин М.Гаасүрэн” тэмдэглэлдээ “М.Гаасүрэн Халхын голын байлдааныг эхлэхээс дуусталх хугацаанд 60 гаруй удаа тулгарах байлдаанд оролцож, дайчин, эрэлхэг эх оронч болохоо харуулжээ. 1939 оны тавдугаар сарын 15-22-ныг хүртэл хамгийн бэрх цаг мөчид М.Гаасүрэн цөөн хүнээр дайсны их хүчний эсрэг хийсэн тулаануудад удаа дараа оролцож, заставын даргаас өгсөн “Тагнуулд явах, амьд хэл олзлох” тушаалыг гарамгай биелүүлж байв” гэсэн байна.

Түүнээс хойш удалгүй, 1939 оны гуравдугаар сарын 17-нд заставын дарга П.Чогдон тэргүүтэй 20-иод хилчин хүчээр илт давамгай, 300 гаруй дайсанд бүслэгджээ. Тэгэхэд М.Гаасүрэн, Монгол Улсын баатар Д.Гуулин нар онц мэргэн бууддагаа харуулан дайсныг сум тоолон унагаж байжээ. Улмаар М.Гаасүрэн нэг цэргийн хамтаар дайсны хориглолтын шугамд ойртож, гал нээхэд бүслэлт сэтэрсэн байна. Энэ үед манай хилчид мориндоо мордон, бүслэлтийг дайран гарчээ. Түүнээс хойш сар гаруйн дараа өмнөхөөсөө ч олон, дайсны 500 гаруй цэрэгт бүслэгдсэн байна. Харуй бүрий болох үед заставын дарга П.Чогдон “Бидний хэн маань ч амь үрэгдэж болзошгүй. Амьд гарсан нь ар талтайгаа холбоо бариарай. Бүх зэвсгээ ашиглан дайсантай үзэлцэхээс өөр аргагүй. Энэ тушаалаас ухрах хүн байна уу” гээд мориндоо мордон дайсны бүслэлтийг сэтлэхээр дайрсан аж. Ингээд бүслэлтээс гарахад хоёр нөхөр нь амь үрэгдсэн байжээ.

Энэ мэтээр олон удаа дайн тулаанд үүрэг гүйцэтгэж, 60 гаруй тулаанд оролцсон М.Гаасүрэн 1939 оны есдүгээр сарын 17-нд ЗХУ, Японтой найрамдах гэрээнд гарын үсэг зурж байлдааны ажиллагааг зогсоохоос хоёр долоо хоногийн өмнө тулааны талбарт эрэлхгээр амь үрэгдсэн юм.

Энэ тухай заставын дарга, Монгол Улсын баатар П.Чогдон дурсамждаа “Гаасүрэн, Дангаасүрэн, Чүлтэмсүрэн гурав хилийн харуулд гарсан юм. Дайсан хил нэвтрэн ирэхэд Чүлтэмсүрэнгээ ар талтайгаа холбоо бариулахаар явуулж, Гаасүрэн, Дангаасүрэн нар дайсантай зургаан цаг гаруй тулалдсаны эцэст япон, баргын 60 гаруй цэргээс 43-ыг устгаад байхад нь нэмэлт хүч очиж билээ. Энэ тулалдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Моломын Гаасүрэн баатарлагаар амь үрэгдсэн. Дангаасүрэн хүнд шархадсан ч амь эрсэдсэн Гаасүрэнгээ тэврээд ц у с т а й г а а холилдчихсон уйлаад сууж байж билээ. Эх орон нь онцгой баатарлаг гавьяа байгуулсан хүүгээ мартахгүй байх аа. Тэр үеийг бид үзэхгүй биз ээ, түүний элгэн садан, нутаг усныхан нь харах байх гэж боддог” хэмээсэн байв.

М.Гаасүрэн, А.Дангаасүрэн нар дайсны давуу хүчтэй байлдаж байхад М.Гаасүрэн дөрвөн ч удаа шархдсан ч амьсгал хураатлаа харийн түрэмгийлэгчдийн эсрэг тулалдсаар байсан аж. Түүний эрэлхэг гавьяаг нэхэн Алтангадас болон Сүхбаатарын одонгоор шагнасан байдаг бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын удирдлага Халхын голын ялалтын 80 жилийн ой болон Монгол цэргийн өдрийн хүрээнд тус сумаас төрсөн Монгол Улсын Баатар Хоролын Дамба, эрэлхэг хилчин Моломын Гаасүрэн, дурсгалт зургийн эзэн М.Дорж зэрэг эх орныхоо төлөө халуун амь, бүлээн цусаа зориулсан дайчдынхаа талаар хүүхэд, залууст танин мэдүүлэх, эх оронч хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор Дайчин алдрын булан байгуулж, алдар гавьяаг нь дурсан санасаар байгаа юм.

Дашрамд дурдахад, М.Гаасүрэнгийн авга дүү буюу М.Далхын ач нь ахынхаа үүрэг гүйцэтгэж байсан Сүмбэрийн заставт цэргийн албаа хаасан сайхан түүх ч бий.

Монгол Цэргийн Нэгдсэн Холбоо хуудас

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]