Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Монголчуудын ялан дийлэхүйн арга замаасУншсан36,504

Монголын армид европыг багагүй мэдэх куман, булгар, оросууд олноороо алба хааж байсны дээр англи язгууртан ч хүчин зүтгэж явжээ.

Түүхэн сэдэвт олон гайхалтай нийтлэл, өгүүлэл, номуудаараа та бидний танил болсон Б.Номинчимэд гуайн "Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь" хэмээх түүхэн найрууллыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Сүүлчийн бүлгийг хүлээн авна уу. Түүх сонирхогч уншигчдын маань оюуны мэлмийг мялаах зөвшөөрөл өгсөн Б.Номинчимэд танд гүнээ талархаж байна.

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь (1, 2-р бүлэг)

Монголын их цэрэг Орос болон Кавказ, Каспийн умардад (3-р бүлэг)

Европын зүрх рүү онилов, Цахилгаан цахилах мэт довтолгоонууд (4, 5-р бүлэг)

Бат, Сүбээдэйн их цэрэг Мажарын нутагт (6-р бүлэг)

Монголчууд Лигницийн дэргэд домог бүтээв (7, 8-р бүлэг)

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Шайо гол цусаар үерлэв (9-р бүлэг)

Мажарт зоосон мөнгө цутган тухлав, Польшийг орхив (10-р бүлэг)

Монгол морьд Атриатын тэнгисийн шорвог усыг үнэрлэж үзэв (11-р бүлэг)

Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Энгүй далайн гүн тийш зугтагсад... (12, 13-р бүлэг)

Бат хааны Европ дахинд үлдээсэн айдас, хүйдэс


Бат, Сүбээдэй нар Европ дахиныг түйвээсэн нь: Ялан дийлэхүйн арга замаас (16-р бүлэг)

 

Орос болон Дорнод Европт орсон Бат, Сүбээдэй нарын цөмрөлтийг үе үеийн цэрэг дайны түүхчид гайхан шагширсаар иржээ. 5 сая хүнтэй Кавказын умард, Куманы уудам тал нутгийн ард түмнүүд, 9 сая хүнтэй Орос орон, 8 сая гаруй хүнтэй Дорнод Европ сөхрөв. Баруун Европ ч эсэргүүцэх чадваргүй болж, үндсэндээ бууж өгөөд байв. Бат, Сүбээдэй хоёрт багадаа 80, ихдээ 120 мянган цэрэг байсан нь дээрх ард түмнүүдийн тооноос 230 дахин, харин тэдний гаргаж байлдуулсан цэрэг армиас 6-7 дахин бага байв.

Монголын арми 1236 оны намар Камын Булгарт довтолсноос 1241 оны 12 сард Жур хотоос буцах хүртэлх 5 жил гаруй хугацаанд зүүнээс баруун хүртлээ 2000 орчим км, хойноос өмнөд хүртлээ уудам 1600 орчим км уудам орон зайд байлдааны 100 гаруй аян, ажиллагаа явуулж, их бага 90 орчим тулаан, мөргөлдөөнд ялж, өөрсдөөсөө 3-4 дахин олон амьд хүчийг устгажээ. 

Хамгийн сонирхолтой нь ар талаасаа хэдэн мянган км-ийн алс зайд, нэмэлт хүч хийгээд хоол хүнсний хангамж, найдвартай ар тал байхгүй, байнгын дайсагнагч ард түмнүүдийн дотор, огтоос мэдэхгүй бүс нутагт, байгалийн их саад бэрхшээл дундуур тийм ч томд орохооргүй нэг арми ийм урт хугацааны, алс холын аян дайныг гялалзсан амжилтаар дуусгасанд байгаа юм. Ийм амжилтад гурван хүчин зүйл чухал нөлөө үзүүлсэн байна.

Нэгд, Европын талаарх Монголчуудын мэдлэг асар өндөр, маш нарийн мэдээлэлтэй байсанд юм.

Харин Европчууд Монголчуудын талаар ямар ч ойлголтгүй байсан ба аргаа барахдаа үлгэр домогт итгэхэд хүрч, тэр үлгэр домгоосоо үхтлээ айж, бажгидаж байжээ. Дайснаа мэдэхгүй байна гэдэг ялагдлын эхлэл юм.

Монголчууд Европын ард түмний аж байдал, өвөр хоорондын зөрчил, хот суурингийн байршил, газар усны онцлог, цаг уурын нөхцөл, цэрэг зэвсгийн хүчин чадал, хөдөлгөөн, төлөвлөгөөг өөрсдөөс нь ч илүү сайн мэдэж байсан байдаг.

Үүнд үнэн зөв, нарийн нууц мэдээлэл цуглуулж чадах сайтар зохион байгуулагдсан тагнуулын сүлжээ чухал үүрэг гүйцэтгэснээс зайлахгүй.

Сүбээдэй баатар Зэв ноёны хамт 1223 онд Кумануудыг дайлж явахдаа Крымийн хойгт байх Хар тэнгисийн худалдааны чухал боомт Судак хотыг эзэлж, Хар тэнгис, Газар дундын тэнгисийг дамжин боолын голдуу наймаа хийдэг байсан Венецийн худалдаачидтай гүн бат холбоо тогтоон Хар тэнгист наймаа хийх давуу эрх олгож, олзлогдсон куман, түрэг угсаатнуудыг хямдхан өгч, хариуд нь баруун Европын цэмбэ голдуу бараа авахын зэрэгцээ, гол нь тэднээр дамжуулан Европын бараг бүх томоохон хотуудад, нийгмийн бүх давхаргынхны дунд тагнуулын сүлжээг байгуулж чадсан байна.

Монголын армид европыг багагүй мэдэх куман, булгар, оросууд олноороо алба хааж байсны дээр англи язгууртан ч хүчин зүтгэж явжээ. Ромын Пап IX Григорий, Германы Ариун Ромын эзэнт улсын хаан II Фридрихийг Бат хаантай сүлбэлдлээ, шашин шүтлэгээсээ урвалаа хэмээн хардаж байсан нь ортой юм. Монголчуудын далд нууц туршуулууд аль хэдийнэ II Фридрихтэй холбоо тогтоож, ямар нэгэн нууц тохиролцоо хийчихсэн байхад гайхах явдалгүй л байжээ. Ерөөс эзэн хааны засаглал, Папын засаглал хоёрын зөрчил бараг 50-иад жилийн өмнөөс эхлэлтэй бөгөөд “Пап бол нар, эзэн хаан бол сар. Сар нь нарнаас илч гэрлээ авч байдгийн адил эзэн хаан нь Папаас өөрийн засаглах эрхээ авах ёстой” гэсэн Папын оройлох үзэл тэдний зөрчлийн суурь болж байжээ. Энэ зөрчил II Фридрих, IX Григорий хоёрын үед дээд туйлдаа хүрчихээд байв. Европын голлох хоёр хүчний хоорондын энэ зөрчлийг Сүбээдэй баатар сайн мэдсэн байх боломжтой. Дорнод Европ Монголчуудын хөлд нэгэнт сөхөрчихөөд, Монголчууд Мажарт амар тайван зусаж, намаржиж байх бүтэн 8 сарын хугацаанд, мэгдэж сандарсан IV Бела хаан Европын бараг бүх хаад, ихэс ноёдод хүчин туслалцаа үзүүлэхийг хүссэн захидал элч илгээсээр байхад Төв болон Баруун Европт Монголчуудтай дайтах, хүчээ нэгтгэх ямар ч оролдлого болоогүй нь нэг талаар Монголчуудын сүр хүчнээс эмээн гүн шоконд орсон, нөгөө талаар Сүбээдэй баатрын тагнуулын сүлжээ идэвхтэй үр дүнтэй ажилласных байж болох бүрэн үндэслэлтэй.

Тэгээд ч II Фридрих бол дорнын соёлыг ихэд дээдэлдэг, лал цэргээр хөлсний армиа бүрдүүлсэн, латин хэлээр захидлаа, араб хэлээр шүлгээ бичдэг, өндөр боловсролтой, дорно дахинтай нээлттэй харилцахыг эрмэлздэг хүн байсныг аугаа туршлагатай жанжин маань анзаарахгүй өнгөрөөсөн гэхэд итгэмгүй билээ.

Ер нь Монголчуудын тагнуулын мэдээлэл цуг-луулах хүрээ цар ер бусын... 1260-аад онд Хүлэг хааны худалдаачин-туршуулууд бүр Африкийн зүүн өмнөд дэх Зимбабе хүртэл явж наймаа арилжаа хийн, мэдээлэл цуглуулж байсан мэдээ занга ч бий.

Хүнд бэрх аян дайныг ялалтаар дуусгахад чухал нөлөө үзүүлсэн хоёр дахь хүчин зүйл бол мэдээж хэрэг Монгол жанжид, баатруудын дайтан тулах арга стратеги, цэрэг дайчдын хатан тэвчээр, ур чадвар юм.

Сүбээдэй баатар, Бат хаан, Байдар, Хадаан, Хайду, Гүег, Мөнх, Бүжиг, Шейбан зэрэг хан хөвүүд байлдан тулах бүрдээ Европынхонд нохой хэрэл хэрэн ухран дагуулж зуухт оруулан гацаах, харгана зорчил зорчиж бүслэх, цүүц хатгаа хатган цочоож самууруулах, нуур байт байлдан хуваах, нүүр дээрээс нь асган бүрхэх, алингачлан мэдэх, газар орны онцлогыг хэрхэн үр ашигтай ашиглах, ялалтаа төлөвлөх зэрэг дайн тулааны үй олон нарийн нандин хичээл зааж байжээ.

Бүр хожим XIX зуунд төмөр канцлер Бисмаркийн үед Прүссийн засгийн газар Лигницийн дэргэдэх тулаанд амь үрэгдсэн Үнэн сүсэгт II Хенрийн дурсгалд босгосон Бенедиктийн сүмийг уг тулалдааны арга тактикийг тусгайлан судалдаг цэргийн сургууль болгон өөрчилж, германы цэргийн ирээдүйн дарга нарыг сургаж байсан тухай Ж.Уэтерфорд номондоо дурдсан байна.

Монгол цэргийн зэр зэвсгийн чадамж, ялангуяа нум харваж мэргэн онох чадвар европчуудаас хол тасархай, бидний сайн мэдэхээр ангийн ТОЗ-8 калибр, байлдааны тусгалд оруулсан дуран хараат винтов хоёрыг зэрэгцүүлсэн мэт байжээ. 1241 оны 3 сард Краковын Гэгээн Марийн сүмийн бүрээч цэргийн хоолойг нэвт харвасан Монгол цэргийн цэц нь Есүнгэ мэргэний 335 алдад мэргэн онож, хад чулуунд алдраа мөнхлүүлсэн харваатай эн дүйхүйц бөгөөд ерөөс тэр үед иймэрхүү харвалтууд бараг л өдөр бүр Европынхныг сандарган, мэгдүүлж байж...

Монгол эрс хэдэн ч өдрийн өл хоол, нойр амралтыг үл тоон, хүлгийнхээ гүрээний цус, шүүдрийн ус төдийгөөр умдаалсан болчихоод л хатуу чангаар дайтан тулдаг, намхан давжаа Монгол морьд ч өчүүхэн төдий холтос зомгол мэрчихээд, хэдэн хоногоор галзуу юм шиг давхилдаж, өргөн их усыг ч, өндөр их уулсыг нь юман чинээд тоохгүй гэтэлчихээд байсан нь Европынхонд махан бодод баймгүй ер бусын санагдаж байж... Монгол дайчид эзэн захирагчдынхаа тушаалыг гүйцэтгэхийн тулд амь золин эцсээ хүртэл зүтгэдэг, олзлогдох юм бол амь гуйж, өршөөл эрдэггүй омог бардам байж...

Монголчуудын авьяас чадвар, тэсвэр тэвчээр, хүч чадлыг Фома ламтан бахдан “Татарууд шиг байлдаж тулахдаа тийм их туршлагатай, ялангуяа хээр талд хэрхэн ялж дийлэхээ мэддэг ард түмэн энэ дэлхийд байхгүй. Эр зоригоороо, ухаан билгээрээ тэд хэнтэй ч эгнэшгүй” хэмээн бахархал дүүрэн бичиж үлдээсэн байна. Өштөн дайсандаа хүртэл өөрийн эрхгүй бахархал, бишрэл төрүүлж чадсан тэр цагийн Монгол дайчдын эр зориг, эрэмгий чадвар, эрдэм ухаан гайхамшигтай буюу.

Одоо зарим нэгэн мэргэдийн үгийг сөхөн харсу.

Л.Н.Гумилев “Этногенез, дэлхийн био орчин” номондоо “Эдгээр ялалтыг сүрэг зэрлэг нүүдэлчид биш, асар өндөр зохион байгуулалттай, нүсэр олон биш гавшгай шилдэг цэргүүд байгуулж байжээ” гэжээ.

Ж.Ж.Саундерс “Монголын байлдан дагуулал”  номондоо “Долоон зууны тэртээ болж өнгөрсөн тэрхүү ер бусын аян дайн нь өнөөдрийн түүхчдийн гайхшралыг төрүүлж байна. Дорнод Европын ихэнх хэсгийг хамарсан тэрхүү аян дайны газар зүйн өргөн хүрээ, цэргийн анги нэгтгэлүүдийг хооронд нь зохицуулан зохион байгуулж байсан ур чадвар, дайсныг хатуу цагийн болзоонд яг бүслэн цохиж, устгаж, мөрдөн хөөж байсан, мөн түүнчлэн хангамж нийлүүлэлтийн хүнд хэцүү асуудлыг шийдвэрлэж байсан арга ухаан энэ бүгдийг судлан үзэхэд, Европын ямар ч мэдэхгүй газар нутагт Азийн армийн аялал, ялалтыг зохион байгуулж, амжилттай хүргэж байсан нарийн ухаан энэ бүгдийг судлан үзэхэд, Монголын удирдагчид дэлхий ертөнцөд урд ховорхон тааралдсан, цаашдаа ч ховор тааралдах тийм дайны урлагийн мастерууд байжээ гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй хүн байхгүй биз ээ. Монголчууд хүний олноор ялалт байгуулж байжээ гэсэн ойлголт үеэ өнгөрөөжээ. Учир нь зохион байгуулах ухаан байхгүй бол тоо хэрэггүй гэдэг нь тодорхой боллоо” хэмээжээ.

Ж.Уэтерфорд “Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан” номондоо “Хэрмэн ханаар хүрээлэгдсэн хотууд, нүсэр хүнд дуулгат тайж нарын үе дуусч, 1241 оны Ийстерийн улирлын дарийн утаа тортог дундах Монголчуудын ялалт Европт хамжлагат ёс, дундад зууны төгсгөл ирснийг дохиолж байлаа” гэсэн байна.

Ялан дийлж байсан хамгийн чухал гурав дахь хүчин зүйл нь, тэр цагт Монголчууд өөрсдийгөө Ертөнцийн бүрэн эрхт хүчирхэг эзэд гэдэгтээ бат нот итгэсэн итгэл байв. Тэгээд тэдгээр эзэд Мөнх тэнгэрийн зарлигаар хүний энэ ертөнцөд зальхай бусчирийг цээрлүүлж, зүй зохист нь оруулж, хөл толгойгоо олохоо байсан тухайн үеийн ертөнц дахинийг түвшитгэн тохинуулж яваа гэсэн итгэл үнэмшлээр тэр их дэлхийн дайныг давж гарсан хэмээн бодогдном. Тийм үзэл санааны хол тасархай давуу байдалгүйгээр ийм махан бодийн хүчин хүрэлцэхэд нэн бэрхтэй үйлийг гүйцээж хийхэд бэрх юм.

Өдийг хүртэл өрнө, дорнын түүхчид Монголчуудын аян дайныг зөвхөн дээрмийн, эзлэн түрэмгийлэх аян дайн л гэж үзэж ирсэн, бид ч түүнд нь итгэж үнэмшиж өдий хүртэл ирсэн. Гэвч зөвхөн дээрэм, эзлэн түрэмгийлэх үзэл санаагаар зэвсэглээд ийм том цар хүрээтэй үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй юм. Хүмүүний хүчин чадал, нөөц бололцоог дээд хэмжээгээр шавхан дайчилж чаддаг зүйл бол шунал, тачаал ч биш, айдас хүйдэс ч биш, зэрлэг балмад зан ч биш, гагцхүү туйлийн үнэн хэмээн эргэлзээгүй итгэсэн үзэл санаа байдаг. XIII зууны Монголчуудад тийм хүчирхэг үзэл санаа хангалттай байсан хийгээд Их эзэн Чингис хааныхаа зарлан тунхагласан тэрхүү хүчирхэг үзэл санаагаар зэвсэглэж чадсандаа л тийм ер бусын аугаа гайхамшгийг бүтээсэн буй за.

***

Тэр цагт Европын улсууд ихээхэн цэрэгжсэн, Загалмайтны дөрвөн ч удаагийн аян дайнд туршлагажсан, хуягт баатруудын ид мандал бадралын оргил үе нь байсан юм. Гэсэн ч Европын армийн жанжид, баатрууд нь Шиврийн балар тайгаас Индийн хумхаа ширэнг хүртэл, Хятадын Шар тэнгэсээс Цэнхэр Дунай хүртэл цавчилдаж явсан Монгол эрсийн өмнө жижиг тугалын бэлчээрээс гарч үзээгүй, жирэмсэн эмийн шээх газраас холдож үзээгүй балчрууд байжээ. Энд аялан байлдсан Монголын армид хожим Ази, Европыг дамнасан хүчирхэг гүрний хаан болсон Гүюг, Мөнх болон, Умард, өмнөд хятадыг чичрүүлж асан цуут жанжин Их Хадаан, Загалмайтнуудын нэгдсэн арми удаа дараа хичээсэн ч баттай эзэмшил болгож чадаагүй Сири, Дамаскийг эзэгнэн захирч, Мисирийн султан Кутуз, Бибарс нартай илд зөрүүлж, Хөлөг хааны хангинах илдний ир, хатгах жадны үзүүр, хашгирах дууны цуурай болж явсан найманы сайн эр Хитбуха зэрэг хожим нь алдар суугаа мандуулж явсан олон хан хөвгүүд, залуу баатар эрс явжээ.

Тэдгээр залуус тив дамнасан энэ аян дайнд явж, ямар ч нөхцөлд цэрэг армийг хөдөлгөн залах цэрэг дайны урлагт төгс боловсорсон нь тэдний дараа дараагийн дуулиант аянуудаас тодорхой харагддаг билээ.

Б.Номинчимэд

2002 оны 5 сар,  2013 оны 4 сар.

Улиастай, Баатар хайрханы бэл

Сэтгэгдэл 9ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 10 сар 12. 3:38
Uugan

Бүгдийг нь ушлаа. Ёстой бахархмаар. Одоо ч манайхан их сониуч улс. Тэр чинь сайн чанар. Мэдэж байж байлдана гэдэг үг маш чухал шүү.

2021, 11 сар 20. 18:58
badarchin

bidnii ovog deedes ene ertontsod ugui auuga merged daichid yum

2021, 11 сар 16. 14:22
Зочин

Эртний энэ түүхийг уншихад бахаралтай байлаа.

2021, 11 сар 16. 12:24
зочин

Монголчууд байлдан дагуулагч биш Шинэ ертөнцийг бүтээгч гэдгийг дэлхий нийтэд нотолсон түүх бичвэрийг урамшуулсан,ивээн тэтгэсэн бодлогыг Монголын төр гаргаж ирэх цаг нь болсон.Агуу 2 хөршүүд болон өнөөгийн Европынхон бидний түүхийг гуйвуулсан хэвээр л байна.

2021, 11 сар 16. 12:01
Зочин

Сайхан бичжээ Баярлалаа

2019, 7 сар 12. 11:13
Зочин

Хоол хүнс бол үхрийн давсганд хийсэн борц байх.нэг үхрийн мах бүтнээрээ багтдаг гэж биз дээр.

2020, 8 сар 3. 12:19
Зочин

Байгал дээрээс хүнсний эмийн ургамалаа олж таньж хэрэглэж ирсэн

2019, 7 сар 10. 16:13
Gerlee

Uvug deedseeree bahrhaad hanashgui.

2019, 2 сар 23. 2:39
Зочин

Биширмүү

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]