Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чингис, Өгөдэй, Гүюг, Мөнх, Хубилай энэ тав болваас Их Монгол Улсын агуу их хаад билээ.

Монгол цэргийн хар сүлдУншсан11,413

Түүхчдийн хувьд Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулснаар анх Их хар сүлдийг бүтээсэн гэж үздэг бөгөөд анхны Их хар сүлдчээр жалайр овгийн Мухулай жанжныг томилсон бөгөөд Их хар сүлдийг тахихдаа дайн байлдаан, ган зуд, нийтийг хамарсан өвчин тохиолдсон үед тахиж тайлдаг байжээ.

Өдгөөгөөс найман зуу гаруй жилийн тэртээ Чингис хаан Их Монгол улсаа байгуулж, удалгүй Их Монгол улсын сүр хүч дэлхий дахинд мандан бадарсан билээ. Монгол цэргүүд оюун санааны хувьд нэгдэн нягтарч, нэгэн зорилго өөд тэмүүлэхэд Хар сүлдийн шүтлэг үлэмж үүрэг гүйцэтгэсэн байна. Эзэн Чингис хааны Хар сүлд өнө эртний уламжлалтай, гүн гүнзгий утга агуулгатай, тайлга тахилгын маш нарийн дэг ёстой, Монголын төр, цэргийн бэлгэдэл юм.

Ордосын дархад Шаралдай нэгэн домгийг тэмдэглэн үлдээжээ. “Чингис хаан нэгэн удаа байлдаанд ялагдаад, бачимдахдаа унасан мориныхоо хөлстэй эмээлийг өөд хандуулан ангайлган тавьж, эцэг тэнгэр минь намайг тэтгэж авна уу, үгүй юү гэж мөргөхөд агаар тэнгэрт асар их дуу гарч, хар сүлд шүтээн хан Мөнх тэнгэрээс саглагар модонд бууж ирсэн гэнэ. Чингис хаан Мухулайг тосож ав гэсэнд зарлигаар нь хөтлөн яваа хээр азарганы онгон мундаан дээр тосч аваад тайж тахих тухай Чингис эзэнд сануулсанд Чингис хаан “Мянган улаа базааж, түмэн хонины өтгөөр тахьсугай” хэмээн тангараглаж, есөн ес наян нэгэн хээр азарганы дэлийг намилзуулан хөхөл гэгчийг зооглуулан чимж, түмэн өтөг гүйцэж эс чадваас есөн ес наян нэгэн хонины нэг нэг шийртэй хамтатган, зүлдэ тахилга өргөөд, үлдсэн тоог Хан мөнх тэнгэрийн хөх нохой манай Монголын сүргээс гүйцэтгэн барьтугай” хэмээн тийн тахиад, үндэстнийхээ сүлд сүнс болгон эрхшүүлэн тахьсан гэдэг” гэж уламжлуулан үлдээсэн нь бий. 

Түүхчдийн хувьд Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулснаар анх Их хар сүлдийг бүтээсэн гэж үздэг бөгөөд анхны Их хар сүлдчээр жалайр овгийн Мухулай жанжныг томилсон бөгөөд Их хар сүлдийг тахихдаа дайн байлдаан, ган зуд, нийтийг хамарсан өвчин тохиолдсон үед тахиж тайлдаг байжээ. Монгол цэргийн оройн дээд сүлд шүтээн Хар сүлд нь маш эртний түүхэн уламжлалтай бөгөөд үүнийг гэрчлэх хамгийн эртний дурсгал нь Монгол-Орос-Америкийн хамтарсан Монгол чулуун зэвсгийн үеийг судлах экспедицийнхэн 2000 онд Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Бичигтийн амнаас олсон туг өргөн яваа морьтныг дүрсэлсэн хадны зураг юм. Археологчид энэ ховор чухал дурсгалыг шинжлэн үзээд адууны дэл, сүүлээр хийсэн Монгол Улсын төрийн ба цэргийн туг нь бүр хүрэл зэвсгийн үеэс уламжлалтай байна гэсэн дүгнэлт хийсэн байна. Ийнхүү нэн эрт цагаас Монголчууд цагаан адууныхаа дэл сүүлээр төрийн Цагаан тугаа, хар, хээр зүсмийн адууны дэл сүүлээр цэргийн Хар сүлдээ бүтээн залж, тахисаар ирснийг баталсан.

Ялангуяа, XII-XIII зууны үед цэргийн Хар сүлдийг шүтэн тахих ухамсар сэтгэлгээ тал нутгийн нүүдэлчдийн оюунд гүн бат шингэж, улмаар тэр нь нэгдсэн төр улсын нэг гол бэлгэдэл болсон түүхтэй билээ. Тухайлбал, “Монголын нууц товчоо”-нд Монголчууд дайн байлдаанд мордохдоо хараа ихт Хар тугаа тахиж байсан бөгөөд Чингис хаан дайнд мордохын өмнө 1204 оны хулгана жилийн зуны тэргүүн сарын 16-нд тугаа тахиж байсан тухай тодорхой бичиж тэмдэглэжээ.

Чингис хаан 1206 онд Их Монгол Улсыг байгуулахдаа төрийн есөн хөлт Цагаан туг, цэргийн дөрвөн хөлт Хар сүлдийг шинээр бүтээн залж, төр улсынхаа сүр хүчний бэлгэдэл болгон орд өргөөндөө мандуулж, тайлга тахилгын дэг ёсыг боловсронгуй болгосныг судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэй олж тогтоосон байдаг. Ялангуяа, Чингис хаан Хар сүлдийг бүтээн залж тахиснаас хойш Монгол цэргийн сүр хүч үлэмжийн их мандан бадарч, дөрвөн зүгтээ харгалдах дайсангүй болсон хэмээх домог бий. Ийм учраас Хар сүлдийг дээд тэнгэрээс бууж ирсэн, мөнх тэнгэрийн сүр хүчний илэрхийлэл мөн гэдэгт Монголчууд бүрэн итгэж улмаар “төрийн есөн бэлэг эрдэнэ” буюу Монгол төрийн есөн бэлгэдлийн нэг болгон олон арван жилийн турш дээдлэн тахисаар ирсэн бөгөөд энэ уламжлал 1930-аад он хүртэл тасраагүй юм.

Харин 1990-ээд оноос түүхэн уламжлалт туг сүлдээ бүтээх түмэн олны санаачилга өрнөж, түүнд үндэслэн Монгол цэргийн Хар сүлдийг бүтээн залах асуудлыг Монгол Улсын БХЯ-ны Сайдын Зөвлөлийн 1991 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хурлаар хэлэлцэн Хар сүлдний эх зураг, түүнийг бүтээн залах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсанаар Ерөнхийлөгч П.Очирбат Эрдэмтдийн зөвлөлөөрөө хэлэлцэн Хар сүлдийг эх зургийн дагуу бүтээн залах зөвшөөрлийг БХЯ-нд өгчээ.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг шинээр бүтээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1992 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 62 дугаар зарлигаар Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдний дүрмийг баталжээ. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч П.Очирбат XVII жарны усан бичин жилийн зуны тэргүүн сарын гурав (1992.05.08)-ны билэгт сайн өдөр Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлдийг БХЯ-нд гардуулан өгсөн юм.

Энэ цаг мөчөөс хойш Бүх цэргийн Хар сүлд нь Монгол цэргийн сүсэглэн бишрэх оройн дээд онгон шүтээн болж, БХЯ-нд залагдсаар өнөөг хүрсэн бөгөөд хоёр жилд нэг удаа Бүх цэргийн Их Хар сүлдийг цэнгүүлэх ёслолыг гүйцэтгэж байна.

Бүх цэргийн Их Хар сүлдний бүтэц:

Бүх цэргийн Их Хар сүлд нь титэм, туг, нөмрөг, суудлаас бүрдэх бөгөөд титэм нь алтадсан эвэр угалзан жийжүүтэй 40 см урт гилбэр, 4,5 см-ийн хэмжээний дөрвөн ган цэцэг, 3 см голчтой хоёр зангилгаанаас бүрдэнэ.
Туг нь дээвэр, туурга, залаа, бүч, бүслүүрээс бүрдэнэ. Дээврийг Монгол газрын 40 см голчтой аранжин (цэвэр) зэсээр бүтээж, алтадсан бад цэцгэн хөлтрөгөөр чимнэ. Туурганд 81 сүвэгч гаргасан байдаг бөгөөд залааг хар, хээр зүсмийн азарганы хөхөл дэлээр, бүчийг 55 см урттай одтой хөх торгыг давхарлан оёж хийсэн байдаг. Залааны гадуур хялгасан ханан сүлжээг гаргаж, дөрвөн талд нь бүч унжуулан бэхэлж, сүлжээсний доод ирмэгийг бүчтэй нь бүслүүрээр холбосон байна. Бүслүүр, бүсний уулзварт 9 см голчтой дөрвөн толь байх бөгөөд шилбэ нь аяны болон суурин гэсэн хоёр янз байна. Аяны шилбийг 9, суурин шилбийг 7 тохой урттай, 3,5 см голчтой хус модоор хийж, оонын хүзүүний арьсаар нар зөв тойруулан ороож шар цавуугаар нааж өнгөлсөн байна.

Нөмрөг нь битүү төрсөн Хар зүсмийн унаганы арьсыг толгой, дөрвөн туурай, сүүлтэй нь авч элдсэн тулам байх агаад суудлыг хээ товойлгон сийлсэн 44:33:33-ын харьцаатай хөх саарал өнгийн боржин чулуугаар бүтээсэн юм.

Монгол Улсын Бүх цэргийн Их Хар сүлдний хэлбэр хийц, дүр дүрслэл, өнгө зүс бүхэн нь гүн гүнзгий бэлгэдэл утгатай бөгөөд үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан “Бүх цэргийн Их Хар сүлдний бэлгэдлийн тайлбар”-т тодорхой тусгасан юм.

Бүх цэргийн Их Хар сүлдийг бүтээж залснаас хойш Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид түүнийг дээдлэн шүтэж, эх орон, ард түмэндээ өргөсөн тангаргаа нэр төртэй биелүүлж, дэлхий дахинд энхийг сахиулах үйлсэд хүчин зүтгэж, Монгол цэргийн нэр алдар олон улсын тавцанд дуурсаж байдаг юм.

Их Хар сүлдний дөрвөн элч сүлднийг тухай

Монгол цэргийн Их Хар сүлд нь гол сүлд, түүний дөрвөн талд байрлуулдаг дөрвөн элч сүлднээс бүрдэж байсан цогцолбор шүтээн бөгөөд элч сүлднүүд нь гол сүлдтэйгээ хэлбэр, хийцийн хувьд адилхан гагцхүү хэмжээний хувьд арай жижиг байсан юм. Ийм ч учраас Монголчууд Хар сүлдийг дөрвөн хөлт Хар сүлд гэж нэрлэдэг байжээ. Чингис хаан Хар сүлдийг бүтээн залсан тухай домогт эхлээд гол сүлдийг бүтээн тахиж, дараа нь дөрвөн хөл буюу элч сүлдийг хийсэн хэмээн өгүүлдэг төдийгүй “Хараа их Хар сүлдийн өчиг”, Саган сэцэний “Эрдэнийн товч” зэрэг түүхэн сурвалжуудад “Дөрвөн хөлт Хар сүлд” хэмээн тодорхой бичжээ. Эдгээр сурвалжийн мэдээг батлах баримт нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос дахь Чингисийн онгонд тахигдаж буй Хар сүлд юм. Энэ нь гол сүлд, түүний дөрвөн талд байрлах дөрвөн элч сүлднээс бүрдэх бөгөөд үүнийг Чингис хааны үеэс тахиж ирсэн Хар сүлд гэсэн аман мэдээ байдаг.

Тэрчлэн сүүлийн жилүүдэд Монгол цэргийн Их Хар сүлдний түүхийг судалсан цэргийн түүхч, дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид Хар сүлд нь гол сүлд ба дөрвөн элч сүлднээс бүрдэж байсан гэдгийг шинжлэх ухааны үүднээс нотолж, одоогийн Монгол Улсын Бүх цэргийн Их Хар сүлдэнд дөрвөн элч сүлд хийж гүйцээх саналыг удаа дараа дэвшүүлсэн байдаг юм.

Гол сүлднийхээ дөрвөн талд байрлах элч сүлдүүд нь гол сүлдээ дөрвөн талаас нь тулж байх түшиг тулгуур буюу хөл нь болдог бөгөөд энэ нь төр улс бат тогтвортой байхын бэлгэдэл, Монгол цэргийн сүр хүч, алдар суу дөрвөн зүгт бадарч, дөрвөн зүгтээ харгалдах дайсангүй байхын ерөөл утгыг илэрхийлдэг аж. Мөн Хар сүлдний хамт хашгираа ихт хатан улаан бүрээ 2 ширхэг, хүч ихт алтан хор (нум, сум), зангараг ихт алмас илдийг байрлуулж тахидаг юм.

Бүх цэргийн Хар сүлдний титэм хэсэгт хоёр ган зангилгааны дунд Монгол орон дөрвөн цагийн эргэлтэд цэцэг шиг дэлгэрэн хөгжиж, тусгаар тогтнол нь ган лугаа адил бат бэх байхыг бэлгэдсэн ган дөрвөн цэцэг хийсэн байна.

Бид элч сүлдний эх зургийг гаргахдаа энэхүү цэцэгний оронд далбаа маягийн дөрвөн талт ган дээр (хоёр талд нь) Чингис хааны үеийн гэрэгэ-ний дээд хэсэгт байдаг бэлгэдэл дүрсийг Монгол дархны аргаар алт суулгаж жийжүүдэн урлахаар төлөвлөн зурсан болно. Энэ нь дөрвөн элч сүлдэнд нэгэн адил байх бөгөөд харин уг бэлгэдэл дүрсний голд нь өөр өөр эрдэнийн чулуу (оюу, номин, шүр, сувд) шигтгэнэ.

Чингис хааны үед Хар сүлдний дөрвөн хөлийг гол сүлдний элч төлөөлөгч болгон аян дайнд авч явдаг байсан бөгөөд ийм ч учраас тэдгээрийг “Элч сүлд” гэж нэрлэх болсон байна. Ийм учраас дөрвөн талт далбаан дээр дүрсэлсэн энэхүү бэлгэдэл дүрс нь уг сүлд нь монол орон дөрвөн зүгт харгалдах дайсангүй амар түвшин байж, Монгол цэргийн сүр хүч дөрвөн зүгтээ мандаж байхыг бэлгэдсэн элч сүлд болохыг илтгэж байгаа юм.

Бүх цэргийн Хар сүлдний суудлыг хээ товойлгосон 44:37,5:33 см-ын хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй хөх саарал боржин чулуугаар бүтээсэн байна.

Харин элч сүлдний суудлыг дугуй хэлбэртэй, доод хэсгээрээ 35 см, дээд хэсгээрээ 26,4 см диаметртэй, 30 см өндөр боржин чулуугаар хийхээр төлөвлөсөн. Энэ нь эртний Монгол цэргийн зохион байгуулалтын “хүрээ” хэлбэрийг илэрхийлж байгаа юм.

Бүх цэргийн Хар сүлдэнд дөрвөн хар бүч хийсэн байна.

Эдгээр нь дөрвөн хөлт Хар сүлд байгааг төлөөлөх бөгөөд хар бүчин дээр хөх өнгө байгаа нь мөнх тэнгэрийн дор Хар сүлдээ залж байгааг бэлгэджээ.

Харин дөрвөн элч сүлдний энэхүү бүчийг хөх өнгийн савхиар хийж дээр нь угалзан хээг шаглан оёохоор төлөвлөж байна. Энэхүү хөх өнгийн дөрвөн бүч нь мөнх тэнгэрийн доор Хар сүлдээ залж байгааг бэлгэднэ. Мөн Хар сүлд нь хөх тэнгэрээс бууж ирсэн гэх домгийн санааг давхар илэрхийлдэг.

Бүх цэргийн Хар сүлдний шилбийг тод цагаан өнгөөр будсан оонын хүзүүний арьсаар нар зөв тойруулан ороосон байна. Элч сүлдний шилбийг мөн адил оонын хүзүүний арьсаар ороох бөгөөд харин уг арьсыг тод цагаан бус зааны ясан цагаан өнгөөр будвал илүү зохимжтой юм гэж комиссын гишүүд үзэж байв. Эдгээрээс бусад нь Бүх цэргийн Хар сүлд буюу гол сүлдтэйгээ адилхан байх болно.

Их Монгол Улсын 800 жилийн ойг угтаж, Бүх цэргийн Их хар сүлдний илч 4 сүлдийг бүтээж 2006 оны 12 дугаар сарын 21-нд хүндэтгэлийн өргөөнд байрлуулсан байдаг бөгөөд эдгээр 4 сүлдээр Их сүлдийг төлөөлүүлэн 4 зүгт хол газар явдаг учраас Элч сүлд хэмээн нэрлэдэг.

Гол сүлднээсээ элч сүлднүүдийн ялгарах онцлог нь:

Өмнийн элч сүлд: Гилбэр нь Монгол цэргийн “хатгуурст зэв” хэлбэртэй, номин шигтгээтэй Их сүлдний баруун урд байрлана.

Өрнийн элч сүлд: Гилбэр нь Монгол цэргийн “морьч зэв” хэлбэртэй, сувдан шигтгээтэй, Их Хар сүлдний баруун хойд талд байрлана.

Умрын элч сүлд: Гилбэр нь Монгол цэргийн “чимэг зэв” хэлбэртэй, оюу шигтгээтэй, Их Хар сүлдний зүүн хойно байрлана.

Дорнын элч сүлд: Гилбэр нь Монгол цэргийн “үеч зэв” хэлбэртэй, шүрэн шигтгээтэй, их хар сүлдний зүүн урд байрлана.

Ийнхүү Бүх цэргийн Их Хар сүлдийг бүрэн болгон гүйцээж, тусгай өргөө байгуулан залсан нь түүний “Монгол цэргийн сүсэглэн бишрэх оройн дээд онгон шүтээн” болох утга агуулгыг бүрэн төгс илэрхийлж, нийгмийн сэтгэл зүй, оюун санаанд гүйцэтгэх үүрэг, эзлэх байр суурь, үнэлэмжийг нь дээшлүүлж, ард түмэн, цэрэг дайчдын үндэсний эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чухал түлхэц болсон юм.

Монгол Улсын Бүх цэргийн Их Хар сүлд бол Монгол төр өнө мөнхөд бат тогтвортой оршин тогтнох баталгаа, Монгол цэрэг эрсийн сүр хүч үргэлжид мандан бадрахын бэлгэ тэмдэг мөн. Монгол Улсын Бүх цэргийн Хар сүлд бол Монгол үндэстний оюун санаа, түүх соёлын үнэт зүйлсийн нэг, Монголчуудын эх оронч, үндэсний үзлийг бадраах уриа дуудлага мөн.

Бүх цэргийн Хар сүлдний өргөөнд байрлуулах нум сум, илд

Бүх цэргийн Хар сүлдний өргөөнд эртний Монгол цэргийн хүчит зэвсэг-нум сум, илдийг шинээр хийж байрлуулах нь зүйтэй гэж комиссын хурлаас шийдвэрлэн тэдгээрийн эх зураг, материалын болон зардлын тооцооны төслийг боловсруулан батлуулахаар Батлан хамгаалахын сайдын Зөвлөлд өргөн барьж байв.
Эдгээр зэвсгийн эх зургийг гаргахдаа Монгол цэргийн зэр зэвсгийн чиглэлээр явуулсан судалгааны үр дүн, археологийн олдвор, Монгол цэргийн музей болон бусад музейд хадгалагдаж буй зэр зэвсгийн зүйлсэд хийсэн судалгаанд тулгуурласан болно. Энэ үндсэн дээр тэдгээрт эртний Монгол цэргийн зэр зэвсгийн хэлбэр, хэмжээ, хийц, бэлгэдлийг шингээж өгсөн байна.

Нум: Нумын урт 1,49 м. Янгирын эвэр элэгтэй, хулсан их бие, хусан гичиртэй, бугын эврэн гуравчтай, XII-XIII зууны үеийн нарийн хийцийн, морин хэвийн, зүймэл нум.
Нум агуулах хоромсого нь үхрийн зооны ширээр хийсэн, зэвэрдэггүй ган тоногтой, XII-XIII зууны үеийн хэлбэр хийцтэй, уламжлалт хээтэй байна.

Ховд буюу саадаг: Хар хүрэн өнгөтэй үхрийн хүзүүний ширээр хийсэн, зэвэрдэггүй ган тоногтой. Ширнээс нь хөөж гаргасан эвэр угалзан хээтэй, 25-30 сумны багтаамжтай. Сумнууд нь XII-XIII зууны үеийн хэлбэр хийцтэй, 8-10 төрлийн төмөр зэвтэй, тасын өдөөр өдөлсөн, хад жимсний хальсан хатгирттай, янгирын эвэр оньтой, 80 см орчим урттай байна.

Илд: Урт нь 77,9 см, өргөн нь 3,5-4 см, зузаан нь 4,5 мм.Гангаар хийж өргөн, нарийн хоёр давхар ховил татсан, илдний угт хоёр талдаа давхиж яваа чонын сийлэгтэй, хүрэл толттой, бариулын төгсгөл нь үүлэн хээтэй алтан шаргал өнгөтэй байна.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]