Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хаадын хаан ЧингисУншсан41,424

Тэмүжин сайн аавын хүчээр, язгууртан ноёдын дэмжлэгээр тодрон гараагүй бөгөөд эцгээсээ есөн настай өнчрөн хоцорч амьдралын хатуу хүтүүг даван туулж, эрийн цээнд хүрсэн.

Чингис хаан бол Их Монгол Улсыг байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч, улс төрийн зүтгэлтэн, цэргийн суут жанжин, бүх Монголчуудын дээдийн дээд шүтээн юм. Түүнийг зөвхөн Монголын хэмжээний хүн гэж болохгүй бөгөөд хүн төрөлхтөний хоёр дахь мянган жилийн хамгийн аугаа их хүнээр ямар ч өрсөлдөөнгүйгээр тодруулж байсан. Өдгөө ч дэлхийн өнцөг булан бүрт хүн төрөлхтөний түүхийн хичээл заалгуулсан, түүхийн наад захын мэдлэгтэй, боловсролтой хүн бүр түүний нэрийг, агуу их үйл хэргийг нь мэднэ.

Их Монгол Улсыг байгуулсны дараа Евразийн эх газрын ихэнх нутаг дэвсгэрийг эзлэн дагуулсан бөгөөд түүний үр хүүхдүүд, ач нар нь үйл хэргийг нь амжилттай үргэлжлүүлж, тухайн үед соёл иргэншилт хүн төрөлхтөнд нээгдээд байсан дэлхийн хуурай газрыг бараг бүхэлд нь эзэлсэн юм.

Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар Есүхэй баатрын хатан Өэлүн эхээс төржээ. Хамаг Монголын хант улс Хотулаас хойш хангүй байсан тул Хиад Боржигин овгийг ерөнхийд нь Есүхэй баатар захирч байв.

Гэхдээ Тэмүжин сайн аавын хүчээр, язгууртан ноёдын дэмжлэгээр тодрон гараагүй бөгөөд эцгээсээ есөн настай өнчрөн хоцорч амьдралын хатуу хүтүүг даван туулж, эрийн цээнд хүрсэн. Тэр төрөлхийн ухаан сэргэлэн бөгөөд хэрсүү ухаан, тэсвэр тэвчээр, зорьсондоо хүрэх тэмүүлэл, эхэлснээ дуусгадаг шаргуу чанар, хүний чанарыг таних, олноос үг сонсож сайн мууг ялган тунгаах чадварыг багаасаа эзэмшсэн нь хожмоо төрийн шалгарсан зүтгэлтэн, цэргийн алдарт жанжин, хүн төрөлхтний түүхэнд эргэлт хийсэн их хүмүүн болох замыг нь тавьж өгчээ.

Тэмүжин идэр хөвгүүн байхдаа өмнө сүй тавьсан Бөртэг буулган авч гэрлэсэн бөгөөд 1180 оны үед тухайн үеийн Монголын тал нутгийн хүчирхэг овог аймгуудын нэг Гурван Мэргидийн холбоо цэрэглэн ирж өмнө нь Мэргидийн Их Чилэдүгийн эхнэр Өэлүнийг Есүхэй баатарт булаалган алдсаны өшөөг авч Бөртэ үжинийг булаан авч Чилгэр бөхөд өгсөн байна.

Хариуд нь Тэмүжин Хэрэйд аймгийн удирдагч Тоорил ханд булган дахаа өргөн барьж холбоо тогтоосон нь хүчирхэг ивээн тэтгэгч, холбоотонтой болсон нэг ёсондоо дипломат алхам болсон байна. Улмаар Хэрэйдийн Тоорил хан, Жадаран аймгийн Жамуха андтайгаа хүч хавсран Мэргид аймгийг дайлж Буур хээрийн тулалдаанд бут цохин эхнэр Бөртийгөө эргүүлэн авчээ. Тэмүжинд Бөртэ үжин Зүчи, Цагаадай, Өгөдэй, Тулуй хэмээх дөрвөн хүү төрүүлж өгчээ.

Мэргидийг дайлсны дараа Тэмүжин, Жамуха хоёр гурав дахь удаагаа анд барилдан хамт нутаглаж байсан ч удалгүй салж явцгаасанд өмнө Жамухыг дагаж явсан Боржигин болон бусад овог аймгийн иргэдийн зарим нь Тэмүжинг даган ирснээр түүний хүчирхэгжлийн эхлэл тавигджээ. Улмаар 1189 онд Тэмүжин Хамаг Монголын ханд өргөмжлөгдөж, "Чингис хаан" хэмээгдэх болов. "Чингис" гэдэг үгийн гарал нь "тэнгис" гэсэн үгнээс гаралтай хэмээн түүхэнд бичдэг.

Түүний хойно Жамуха өөрийн дүү Тайчирыг Чингис хааны харьяатуудад алагдсаныг шалтаглан 13 хүрээнээс цэрэг дайчлан довтлоход Чингис хаан өөрийн 13 хүрээнээс мөн цэрэг дайчлан угтаж очин Далан Балжуд хэмээх газар тулалдсан нь Монголын түүхэнд 13 хүрээний тулалдаан гэж нэрлэгджээ.

Аажмаар өсөн дэвжиж байсан Тэмүжин 1196 онд өөрийн хүчинд тулгуурлан Татар аймагтай дайтаж ялалт байгуулжээ. Хамаг Монголын хаан Амбагай ургийн хэргээр Татар иргэнд хүрэлцэн ирэхэд татарчууд түүнийг барьж Алтан улсын хаанд хүргэж байсан. Харин Алтан улс Амбагай хааныг олны нүдэн дээр модон илжгэнд цовдолж тамлан хороожээ. Тэр амьсгал хураахын өмнө “Таван хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг оролдогтун” хэмээн хойч үедээ захисан гэдэг. Өвөг дээдсийнхээ эл өшөөг авах гэж Монголчууд дөрвөн үеийн турш тэмцэж ирсэн бөгөөд эцэст нь Тэмүжин л авч чадсан юм.

Чингис хааныг Мэгүжин сүүлтийг дайлаар явсан хойгуур жүрхин аймгийнхан ар гэрийг нь тонож дээрэмдсэн тул Хэрлэнгийн Хөдөө арал хавьд Жүрхинийг довтолж Тэлэтү ам хэмээх газар Сача-Бэхи, Тайчу нарыг барьж өмнө Бэлгүтэйн мөрийг цавчсан, Татарын эсрэг хавсран байлдаагүй, ар гэрийг дээрэмдэн тоносон зэрэг шалтгаануудаар цаазалжээ.

1201 онд Хатагин, Салжиуд, Дөрвөн, Татар, Ихирэс, Хонгирад, Горлос, Найманы Буйруг хан, Мэргид, Ойрд, Тайчууд зэрэг Чингисийн эсрэг овог аймгууд их хүчийг бүрдүүлж Алхуй булаг гэдэг газар чуулаад Жамухыг хан өргөмжлөхөөр хэлэлцэж андгайлан тангараглаад тэндээс Эргүнэ мөрөн рүү нүүж, Эргүнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад Жамухыг Гүр хан болгож өргөмжилжээ.

Улмаар Чингис хаан, Ван хан нар цэргээ авч Жамухатай Хүйтэн хэмээх газар тулж  түүхэнд Хүйтэний тулалдаан хэмээн нэрлэгдэх болсон билээ. Жамуха Эргүнэ мөрний зүг өөрийн нутаг руу зугтахад Ван хан нэхсэн бол Тайчуудын Аучу баатар Ононы зүг зугтахад Чингис хаан араас нь нэхсэн байна. Ононы цаана хүлээж байсан Аучу баатар, Таргудай Хирилтуг нар Чингис хааны цэргийг гэнэдүүлэн тулалдахад эзэн хаан хүзүүн тушаагаа  Тайчуудын Зургаадайд (хожмын алдарт Зэв жанжин, Чингисийн дөрвөн нохойн нэг) харвуулан шархадсан гэх санааг Нууц товчоонд агуулсан байдаг. Шөнө нь Тайчууд тархан зугтаснаар уг тулалдаан Тэмүжиний ялалтаар дуусчээ.

Ингээд 1197 онд Жүрхин болон Мэргидийг, 1200 онд Тайчуудыг, 1201 онд Жамухыг доройтуулж, 1202-1205 онд хүчирхэг Хэрэйд, Найман ханлигуудыг мөхөөснөөр язгуурын Монголчууд төдийгүй нийт эсгий туургатан Монголчуудыг захиргаандаа оруулан нэгтгэв.

1206 онд Чингис хаан ойролцоогоор 100 мянган цэрэгтэй Монгол туургатны их удирдагч болоход олон овог аймгийн хангууд болон удаан жилийн өстөн дайсан нь байсан мэргидүүд хүртэл есөнтөө сөхрөн мөргөжээ.

Чингис хаан улсаа байгуулаад хөрш улсуудаар хүлээн зөвшөөрүүлэх, газар нутгийнхаа аюулгүй байдлыг хангах, гадаад улс орнуудтай эдийн засаг, худалдааны харилцаа тогтоохыг зорив. Гэвч түүний санасанаар болсонгүй улсыг нь дорд үзэж, элч нарыг нь алж, доромжилсон учир асуудлыг  хүчээр шийдэхээс аргагүйд хүрчээ.

1207 онд Найманы Таян хааны хүү Хүчүлүгийн булаан эзэлсэн Хар Киданы ард түмнийг чөлөөлж, 1211 онд Зүрчидийн Алтан улстай дайтаж 65000 морьт цэрэгтэйгээр дайсныхаа бараг 1 сая гаруй цэргийн бүрэлдэхүүнтэй асар том армийг хялбархан ялжээ. Зүрчидийн олон иргэн Чингис хаанд дагаар орж техникийн чадвар, цайз бэхлэлт байгуулах арга ухаан зэргийг Монгол цэргүүдэд зааж өгсөн байдаг. 1214 онд Цинь улсын нийслэл Жүндүг довтолж, эргэж босохын аргагүй болгон бэхлэлт цайзыг нурааж, Хатаны  голоос хойшхи Алтан улсын бүх нутгийг эзлэн авчээ.

Энэ цаг үед Монголчуудын баруун талд Афганистанаас Хар тэнгис хүртэлх уудам нутгийг Хорезмын эзэнт улс захирч байсан тул Чингис хаан 1217 онд II Султан Мохамед хаанд гурван элчийг бэлгийн хамт илгээж харилцан арилжаа наймаа хийн эв найрамдалтай байхыг хүсчээ. Дараагийн удаад нь 450 худалдаачин бүхий жингийн цувааг хөдөлгөж цагаан тэмээний ноосон хувцас, хятад торго, мөнгөн ембүү, түүхий оюу зэрэг чамин тансаг барааг явуулахдаа урьдын адил харилцан эвтэй байхыг хүссэн захидал илгээжээ. Гэтэл Хорезмын захын нэгэн боомт Отрар хотын захирагч Иналчуг жингийн цувааг дээрэмдэн хөтөч нарыг нь хороожээ. Элчийг хороосон хэргийн хариуг авахаар Чингис хаан өндөр уулс, өргөн тал, элсэн цөл, хүн амьтангүй зэлүүд газраар 4000 км замыг туулж Хорезм, Ургенч хотод хүрсэн бөгөөд урьд өмнө тийм алс холыг зорьж аян дайн хийсэн жанжин түүхэнд байхгүй билээ. Монголчууд Хорезм руу агшин зуур довтолж Отрар хотын захирагч Иналчугийг барьж нүд, чихэнд нь хайлуулсан мөнгө цутган хороожээ. Улмаар нэгэн зэрэг хэд хэдэн газраар Хорезмын эзэнт гүрний томоохон хотуудыг дайтаж эзлэн авсан мөхөлд хүрсэн улсаа орхиж султан нь одоогийн Азербайджаны хилийн зааг дээрх Астара хотын ойролцоох жижигхэн арлаас завиар зугтаж яваад замдаа халуун хатгаа тусч нас баржээ.

1223 онд Сүбээдэй жанжин Султаныг хайж Каспийн тэнгис өгсөж яваад Европ тивийг анх олж харсан бөгөөд энэ нь Монголчуудын хувьд Европ тивийг нээсэн анхны нээлт байв.

1226 оны намар Чингис хаан Тангудтай байлдахаар (энэ нь Тангудын эсрэг хийсэн анхны дайн байгаагүй бөгөөд үүний өмнө Чингис хаан хэд хэдэн удаа Тангудын хаант улсыг цэрэглэн мохоож хот балгадыг нь эзэлж байв) явах замдаа хулан авлахаар саатаж, унаж явсан улаан бор морь нь олон хулангаас цочин Чингис хаан мориноосоо ойчиж дотуур бэртэл авчээ. Шархны улмаас халуурч байсан ч ухралгүй дайтсаар Тангудыг мөхөөж хааныг нь цаазалсан юм. Хааных нь нэр Бурхан гэдэг нэртэй байсан учир нэрийг нь өөрчилж байгаад цаазалсан гэдэг. Чингис хаан Тангудын эсрэг дайнаа хараахан дуусаагүй байхад нас барсан гэдэг боловч энэ талаар эрдэмтэд олон янзын саналтай байдаг билээ.

Чингис хааны эхлүүлсэн аян дайн хэргийн явцаар өргөжсөөр дэлхийн хэмжээний байлдан дагуулал болж Монголын Эзэнт гүрний үндсийг тавьсан  билээ.

Чингис хаан цөөн хүний хүчээр агуу их зүйлийг бүтээж чадсаныг түүний удирдагчийн, манлайлагчийн  гайхамшигт чадвартай холбон үзэж олон орны эрдэмтэд судлаж зарим нь түүнийг өнөөгийн ертөнцийг үндэслэн байгуулагч хэмээн үнэлж байна. Тэр өөрөө цэргийн суут жанжин, удирдагч төдийгүй Монгол болон дэлхийн түүхэнд гайхагдсан алдарт жанжнуудыг төрүүлэн гаргасан юм.

Монголчуудын байлдан дагууллын үр дүн нь нэг талаас түүх соёлын үнэт зүйлсийг эвдэн бусниулж,эрдэнэт хүний амь насыг хөнөөсөн ч нөгөө талаас  өрнө, дорны ард түмэн бие биеийг мэдэх болж соёл, шинжлэх ухааны олон салбарт бие биеийн ололт амжилтыг ашигласнаар  дэлхийн хөгжил урьд байгаагүйгээр хурдацтай урагш ахижээ.

Их хааны үндсийг нь тавьсан Монголыг эзэнт гүрэн нутаг дэвсгэр болоод хүн амын тоогоор хамгийн том байж, 200 шахам жил оршин тогтнож чаджээ. Монголын эзэнт гүрний хамаарч байсан газар нутаг нь 24 сая км байв.

Чингис хаан  тив дамнасан их  гүрний үндсийг тавьж, гадаад харилцаа, худалдаа, зоос мөнгө, зам харилцаа зэрэг дэлхийн хөгжлийг урагш ахиулахад түлхэц үзүүлсэн  үндсэн өөрчлөлт оруулсан учраас АНУ-ын Вашингтон Пост” сонин Чингис хааныг хоёрдугаар мянганы суут хүн хэмээн зарлаж, 2005 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх тусгай тогтоол гаргав.

Уг тогтоолд: Нүүдлийн соёл иргэншил нь худалдаа, арилжааны өргөн сүлжээг хөгжүүлж, захиргаа, соёл, шашин болон худалдааны томоохон төвийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэснийг онцлон тэмдэглээд  энэхүү үйл ажиллагааг НҮБ-ын гишүүн орнууд өргөн тэмдэглэхийг уриалсан билээ. Энэхүү уриалгыг ХБНГУ, АНУ, Австри, Япон, Унгар, БНХАУ зэрэг олон орон болон уугуул эх оронд нь дэмжин ой тэмдэглэх ажлын хүрээнд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, үзэсгэлэн гаргаж, их хааны амьдарлыг харуулсан урлагийн бүтээлүүд олноор төрөн гарсан нь түүнийг дэлхийн алдарт удирдагч, суут хүн болохыг хүлээн зөвшөөрч, үнэлсэн  хэрэг билээ.

Сэтгэгдэл 12ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 11 сар 22. 19:08
Ууганзаяа

Их сайн мэдээлэлтэй юм байна Чингис танид хайртай шүү❤

2022, 3 сар 4. 19:49
Yamate kudasai

Goe boljee dnk u♡

2022, 10 сар 26. 19:48
Ujin ujin

Yanztai

2022, 3 сар 2. 18:30
Зочин

Mash ih hereg bollo bayrlalaa

2021, 11 сар 22. 20:20
Мөнхжин

Гое бичиж ?

2021, 12 сар 7. 15:44
Номингоо

Энэ үнэхээр хэрэг боллоо. Баярлалаа

2021, 11 сар 6. 17:15
sara sara

iim goy medeelel oruuldagt bayrlalaa

2021, 11 сар 6. 11:52
Зочин

uneheer goy boljee

2020, 10 сар 25. 18:31
Зочин

Гоё юм

2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2021, 8 сар 23. 11:20
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2020, 3 сар 13. 13:34
Temuulen

Wow

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]