Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Оргодлуудад халтай оргодол ахмадУншсан50,811

Нэгэн удаагийн жижиг тулалдаанд хоёр ч танк сөнөөсөн гавьяа байгуулж төмөр загалмай одон авсан, дээр нь ефрейтор цолтой болж дэвшсэн гэхийг бодоход “ажил төрөлдөө” бас ч дуртай нэгэн байсан бололтой.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Саяхан Герман-Польш-Францын хамтарсан “Ахмад” буюу “Der Hauptmann” гэсэн нэртэй кино үзлээ. Бас л нэг “арт” нэртэй ядаргаатай эд байх болов уу гэж үзэж эхэлсэн боловч нэг л мэдэхэд кинондоо жигтэйхэн татагдсаар дуусгасан юм. Уран сайхны болон кино урлагийн хувьд хэр сайн киног нь мэдэхгүй ч бодит явдлаас сэдэвлэсэн энэ киног үзсэний дараа өөрийн эрхгүй л “гүүгл” багшаас энэ тухай асууж сураглаж үзлээ. Ингээд их дайны үеийн нэгэн сонин түүхийн тухай.

Германы эгэл жирийн нэгэн залуу Вилли Герольд насанд хүрч, цэрэгт татагдсан үе бол 1943 он байлаа. Яндан цэвэрлэж явсан энэ залуу зохих бэлтгэл хийсний дараа шүхрийн ангид хуваарилагдсан боловч аз болж Дорнод фронт биш, харьцангуй амар тайван Италид очиж, жижиг сажиг мөргөлдөөнд оролцсон нэртэй амар тайван байж. Нэгэн удаагийн жижиг тулалдаанд хоёр ч танк сөнөөсөн гавьяа байгуулж төмөр загалмай одон авсан, дээр нь ефрейтор цолтой болж дэвшсэн гэхийг бодоход “ажил төрөлдөө” бас ч дуртай нэгэн байсан бололтой.

 1944 он ч гарч удалгүй хоёрдугаар фронт нээгдсэнээр энэ цэргийн амар тайван амьдрал дуусч жинхэнэ дайнд орох цаг боллоо. Герольд Нидерландын эрэгт холбоотны цэрэгтэй тулах ангид хуваарилагдан очоод, энд л ёстой дайны аймшиг, үхэл гэдгийг яс махандаа тултал ойлгосон байна. Хар залуугаараа дайн хэмээх махны машинд бяцлуулахгүйн тулд, Герман улс дайнд ялагдах нь тодорхой болсон болохоор Герольд амиа аврахын тулд цэргээс орголоо. Энэ бол 1945 оны 3-р сар. Хаашаа явахаа ч мэдэхгүй болсон энэ оргодол эр нэгэн удаа зам дээр хаягдсан цэргийн машинтай таарч, өлсөж ядарсан эрд хэрэг болох өчүүхэн ч гэсэн хоол ундны хог хайж байгаад шив шинэхэн Герман офицерын хувцас олжээ.

Зүгээр ч үгүй нисэх хүчний (Люфтваффе) ахмадынх. Тэгээд бас өөрт нь сайхан таарч, зохиж байгаа гэж. Шинэхэн ахмад маань өөртэйгөө таарсан хэдэн оргодол олж аван өөрийн командлалд авлаа. Тэдгээр нөхдүүд фронтоос л зайлж байвал чөтгөртэй нийлэхэд ч бэлэн байсан болохоор ар тал руу цугтаа явж Фюрерийн "онцгой даалгавар" биелүүлэхэд туслахыг гуйсан ахмадын үгэнд дуртай нь аргагүй орсон байна. Ийм байдлаар ахмадын толгойлсон цэргийн нэг “тусгай анги” хээрийн нөхцөлд бий болжээ.

4-р сарын 11-нд Герольдын баг Ашендорфермор буюу оргодол цэргийн хорих лагерьт хүрэлцэн ирсэн байна. Фюрерийн тусгай тушаалаар яваа гэсэн энэ ахмад нэн даруй хорих лагерийн ажил явдалтай танилцаж, муусайн оргодлуудыг эрхлүүлж байгааг нь шүүмжлээд ажил төрлийг яаж хийх ёстойг өөрийн биеэр үзүүлэх боллоо. Өмнө нь энэ хорих газраас оргох гэж оролдоод баригдсан найман нөхрийг чирч авчруулан шууд л газар дээр нь цаазлах тушаал үйлдэж. Дараа нь сүр хүчээ илүү томоор харуулахаар шийдсэн үү, яасан дахин 160 хоригдлыг буудах шийдвэр гаргуулсан бөгөөд ахмад өөрөө ч гар бие оролцсон байна. Оргодол маань адилхан оргосон нөхдүүдийг урвагч, оргодол гэж буудаад л байлаа. Сүүлдээ энэ олон хүнийг дуусгах нь ядаргаатай, урт удаан хугацаа шаардагдах ажил байна гэдгийг мэдээд шууд л 20 мм-ийн зенитийн их буу хэрэглэж эхэлсэн гэдэг. 19-ний өдөр Британийн бөмбөгдөгчид ирж энэ лагерыг зад бөмбөгдөөгүй бол ахмад маань дахиад хэдийг цааш харуулах байсныг таашгүй.

Зад бөмбөгдүүлж, юу ч үгүй болсон энэ лагерь одоо ахмадад хэрэггүй учир цаашаа аян замаа үргэлжлүүлсээр Леер хэмээх жижигхэн хотод очжээ. Мөн л Фюрерийн тусгай тушаалаар яваа гэдгээ хэлж, өөрийн эрх сүрийг харуулах шалтаг хайтал ашгүй нэгэн фермерийн гэрээс цагаан туг олдсон сурагтай. Их Герман орон дайснуудтай үхэлдэн тэмцэж байхад бууж өгөхөд бэлдсэн энэ фермер бол урвагч хулгай хэмээн цоллоод Фюрерийн нэрийн өмнөөс цаазлах тушаал гарган тэр даруй шонд өлгөж орхив. Дараа нь шоронд дайсны хэдэн баригдсан цэрэг байгаа гэдгийг сонсоод шууд давхиж очин тэр даруй л алах, цаазлах тушаал шийдвэр гаргаж таараа. Харин тушаалаа шууд гүйцэтгэсэнгүй. Хотоос зайдуу, ойд, байгалийн сайханд гүйцээхээр болсон байна. Учир нь дөнгөж 20 хүрч байгаа энэ залуугийн гоо сайханд, сүр хүчинд биширсэн нутгийн охид бүсгүйчүүд ахмадтай цуг зугаалмаар байсан юм биз дээ. Ингээд хэдэн дайсныг буудчихаад дараа нь жаргаж цэнгэсэн л юм байгаа биз. 

Герольд өөрийн багаа дагуулсаар Аурих хотод очиж сүр хүчээ гайхуулах гэтэл яагаад ч юм харин өөрсдийг нь барьж аваад шоронд хийчихэв. Дайны цагийн ёсоор яаралтай мөрдөн байцаалт явагдаж, дараа нь шүүх хурал болтол... Герольдыг гэм буруутай гэдгийг нотолж чадаагүй учир хамаг гоё хувцсыг нь хуу хамж аваад шалднаар нь шахам хөөгөөд явуулсан байна.

Ахмадын хувцасгүй, өөрийн найдвартай цэргүүдгүй болсон Герольд одоо сүр хүчээ үзүүлэх биш өлсч үхэхгүй байхад хамаг анхаарлаа хандуулж эхэлсэн нь ойлгомжтой. Дайн ч дуусч, мань эр ч ядарч, муудсан гэж жигтэйхэн. Аргаа барахдаа хүнсний зах дээрээс ганц нэг талх хулгайлж гол зогоосон эр үүндээ амтшиж, ээлжит хулгайгаа яг тэр зах дээр хийж байгаад баригдсан байна. Гэхдээ энэ удаа британичуудад.

Британичууд ч хулгайч эрийн өөр бусад хэрэг хийсэн эсэхийг шалгаж эхэлтэл гэнэт Леер хотод Холбоотны таван цэргийг буудаж алах тушаал өгөөд өөрөө биечлэн гүйцэтгэсэн гэсэн юм гараад ирлээ. Цааш нь ухаж үзэхэд оргосон цэргийг хорих лагерьт баахан хүнийг буудсан тухай, тэр лагерийн дотор 20 мм-ийн их буугаар хүмүүсийг буудаад байсан тухай нутгийн ардууд үлгэр шиг юм яриад л. Удалгүй британичууд энэ нөхрийг Аурих хотод баригдаж байсан, баригдаад хамаг юмаа илэн далангүй илчилсэн тухай бүх л баримтыг нь олж авсан учир бас л тэр даруй хээрийн шүүхээр оруулсан байна.  Ингээд шүүхийн шийдвэр гарч 21 настай Вилли Пауль Герольд гээч нөхрийг 1946 оны 11-р сарын 14-нд гильотиноор толгойг нь авч цаазалснаар оргодол “Ахмадын” түүх дууссан билээ.  

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]