Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Америкчуудын шившигт явдал буюу нисдэг тэргүүдийг далайд хаясан ньУншсан25,458

Үнэтэй нисдэг тэрэгнүүдээ далайд хаяж байхдаа Америкчууд харамсаж байсан бол одоо эргэлзэж тээнэгэлзэх зүйл үгүй боллоо.

History.mn. нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Энэ зураг дээрээс та 308 дугаартай нисдэг тэргийг АНУ-ын нисэх онгоц тээгчээс далай руу түлхэн хаяж байгааг харж байна. Уг нисдэг тэрэг нь техникийн хувьд бүрэн бүтэн төдийгүй, энэ явдал болохын өмнөхөн бүхээгтээ яаж багтсан юм гэмээр олон хүнийг аван ниссээр нисэх онгоц тээгч дээр зөөн авчирсан техник юм. Тэгээд яагаад зүв зүгээр ажиллагаатай нисдэг тэргийг далайд хаядаг билээ? Америк баян улс боловч мөнгийг тоолж чаддаг л хүмүүс.

Сар хагасын өмнө америкчууд Афганистаныг орхиж, тэдэнтэй цуг ажиллаж байсан олон арван мянган хүн, Талибын дэглэмээс зугтан зайлах гэсэн зуун зуун мянган хүн тун хэцүү байдалд орж байсан билээ. Тэрхүү хүмүүс ямар ч аргаар хамаагүй Афганаас гарах гэж янз бүрээр зүтгэж, зарим нь нисэх онгоцны энд тэндээс зүүгдэж хүртэл үзэн, унаж тусаж, бяцарч, буудуулж, дэлбэлүүлж ихээхэн юм болсныг мартах аргагүй. Гэтэл ийм юм урьд нь бас болж байсан түүх бий.

...1975 оны 3-р сард эхэлсэн хойд Вьетнамын цэргүүдийн довтолгоо ширүүсэн Сайгоныг (Өмнөд Вьетнамын нийслэл байсан хот) эзлэн авах нь цаг хугацааны асуудал болж хувирлаа. Америкчууд 1969-1973 оны хооронд цэргээ татаж, Хойдуудтай дайтахаа болиод хоёр жил болж байсан боловч Өмнөдөд янз бүрийн тусламж дэмжлэг үзүүлэн байсан цаг. Ингээд 4-р сарын 29-нд урьдчилан бэлдэж төлөвлөсөн байсан Frequent Wind ажиллагааг эхлүүлэх болсон ба энэ нь Өмнөд Вьетнамд буй АНУ-ын иргэдийг (ихэнх нь дипломат ажилтнууд), тус нутаг дахь АНУ-ын үйл ажиллагаанд тус болж байсан, хамтран ажиллаж байсан хүмүүсийг татан авах зорилготой ажиллагаа байсан юм.

Сайгоныг, Өмнөд Вьетнамыг орхих гэсэн хүнэн цуваа үүслээ. Бүгд л ямар ч аргаар хамаагүй явах гэж зүтгэж байсан ба америкчууд иймэрхүү юм болж болохыг урьдчилан тааварлаж Вунгтау орчимд нисэх онгоц тээгч бүхий 10 гаруй том хөлөг онгоцыг энэ ажиллагаанд бэлдсэн байж. Гэсэн ч явах гэсэн хүний тоо тооцоолж байснаас хамаагүй их, дээр нь энэ үймж айсан хүмүүс ямарваа нэг замбараа цадигаа алдсан байлаа. Ядаж байхад энэ хүмүүсийн бөөгнөрсөн нисэх буудлын ойролцоо Өмнөдийн цэргийн бааз ойрхон байсан болохоор Хойдууд үе үе тэр баазыг нь их буугаар буудаж айж мэгдсэн нөхдүүдийг бүр ч бажгадуулсаар.

Frequent Wind гэсэн энэхүү зугтан зайлах төлөвлөгөөгөөр бол бүх л хүмүүсийг нисэх онгоцоор зөөх ёстой байсан боловч энэ нь ямар ч боломжгүй зүйл болж хувирсан ба дүрвэгчдийг зөөвөрлөх боломжтой цорын ганц техник үлдсэн нь нисдэг тэрэг байлаа.

29-ний өглөө уг ажиллагаа эхэлж хавь ойрын хамаг нисдэг тэргийг дайчлан (Америкийн болон Өмнөд Вьетнамын армийн) хүмүүсийг нисэх онгоц тээгч болон бусад хөлөг рүү зөөж эхэлсэн ба нийт 1373 Америкийн иргэн, 5595 вьетнамчуудыг аюултай бүсээс гаргаж чаджээ. Хэдийгээр цэргийн нисдэг тэргүүд бөөн бөөнөөрөө нисэж байсан боловч Хойдууд энэ нисэх цуваа руу огт буудаагүй гэдгийг заавал хэлэх хэрэгтэй болов уу.

Нисдэг тэрэгнүүд бууж эхэллээ. Гэтэл нисэх онгоц тээгч хэдийгээр том боловч нэг нисдэг тэрэг буухын тулд нэлээд том зай хэрэгтэй. Аюулгүй байдал яривал энэ зай нь бүр ч их байх ёстой. Харин  өч төчнөөн нисдэг тэрэг ар араасаа цувран ирэх үед америкчуудад эхний буусан нисдэг тэргийг шууд далай руу түлхэн унагаж зай гаргахаас өөр арга үлдээгүй байна.

Нисдэг тэргүүдийг буулгаж, өмнө буусан ганц нэгийг нь далайд хаян зай гарган байх үед тэнгэрт нэгэн жижиг онгоц гарч ирэн нисэх онгоц тээгч дээр буух гэж хоёр удаа оролдоод чадаагүй учир  “Мидуэй” тээгчээс энэ онгоцыг усанд буулгаж, тэндээс хүмүүсийг нь авахаар шийдсэн ч холбоо барьж болдоггүй. Энэ онгоцыг буух гэж оролдож байхыг харж байсан нэг офицерын хэлснээр бол “Онгоцонд 4-5 хүн байгаа харагдсан учир усанд буулгаад очиж аврах гэсээр байх хооронд бүгд живж үхэх бололтой”.

Онгоц гурав дахь оролтоо хийхдээ буух гэж оролдолгүй, гар бууны гэрэнд хийсэн нэгэн зурвас хаясныг авч үзтэл “Нисдэг тэргүүдийг нөгөө тийш нь байрлуулбал би бууж чадах байна. Шатахууны нөөц дахиад нэг цагийн нислэгт хүрнэ. Намайг авраач. Хошууч Буанг, эхнэр таван хүүхдийн хамт” гэсэн байжээ.

Үнэтэй нисдэг тэргүүдээ далайд хаяж байхдаа америкчууд харамсаж байсан бол одоо эргэлзэж тээнэгэлзэх зүйл үгүй боллоо. Хөлгийн ахмад Ларри Чемберсийн тушаалаар нэг бүр нь 10 сая долларын үнэтэй UN-1 Ирокез нисдэг тэргүүдийг шууд л далай руу хаяж эхэлсэн бөгөөд нийтдээ 45 ийм төрлийн машиныг хаяж байж онгоц буух завсар гаргаж хошууч Буанг болон түүний гэр бүлийг аварч чадсан гэдэг.

Вьетнамын дайны ялагдал, Frequent Wind ажиллагаа нь америкчуудын хувьд шившигт явдал байлаа. Байлаа...

2021 оны 8-р сарын 31 хүртэл!

Вьетнамаас зугтаж байхдаа америкчууд боломжит бүх л арга хэмжээг авч, Буанг мэтийн хүмүүсийг аврахын тулд өч төчнөөн сая долларын гарлага гаргаж байсан бол Афганистанаас зугтах үед ямар юм болсныг яриад ч хэрэггүй биз ээ.

Сэтгэгдэл 4ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 10 сар 14. 15:30
Зочин

Чалчаа саарал гэж Кремлийн бууны нохой Жонхуугийн даалгавраар АНУ, барууны орнуудыг харлуулах нийтлэл бичиж суух юм даа.

2022, 6 сар 25. 14:52
Зочин

Чи бас нохой болсоноо мэдэхүү

2021, 12 сар 23. 14:58
Зочин:Цас

Харлуулалтгүй хар мөртөй муу хүмүүс

2021, 9 сар 29. 7:29
Зочин

shivshigtei yum yu ch alga,harin ch humuusiin amiig avarsan bna

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]