Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Хүннүгээс Монгол хүртэл өөрчлөгдөөгүй зүйл: Нүүдэлчид үйлдвэрлэгч болсонгүйУншсан16,640

Монголоор дүүрэн ажилгүй залуус, архайлдаад хэвтэцгээж байна. Архи ууж, агсан тавьж, хийх юмаа олж ядаж байна. Аав ээжийгээ сааж амандаа хоол халбагадуулан эрхэлсээр байна.

МУСГЗ, доктор Я.Ганбаатар бичиж байна.

Миний бие Хүннүгээс хойш өнөөг хүртэлх хоёр мянган жилийн хугацаанд Монгол газарт өөрчлөгдөөгүй зүйлсийн тухай судлаачийн хувьд олж мэдсэнээ уншигчдад хүргэж байгаа билээ. Өмнө удаад энэ газар нутаг дээр аж төрж ирсэн ард түмнүүдийн хүн амын тоо өөрчлөгдөөгүй, өөрөөр хэлбэл ямар ч өсөлт үржилт байгаагүй тухай өгүүлсэн. Энэ удаад тийм бас нэг зүйлийн тухай дурдахыг зорьлоо. Монголчууд бид мянга мянган жилийн өв уламжлалтай Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн удам угсаа билээ. Манай эриний өмнөх буурал эртний цаг үеэс буюу өдгөөгөөс даруй 3-5 мянганы тэртээд бий болсон Нүүдлийн хэмээх тодотголт өвөрмөц нэгэн соёл иргэншлийн гол цөм нь яах аргагүй бидний өвөг дээдэс, түүнийг өнөөгийн цаг үед өвлөн тээж яваа Монголчууд бид мөн.

 Гэтэл сүүлийн үед зарим хүн “Бид жинхэнэ нүүдэлчид биш. Нүүдэлчид гэдэг бол яг арабын бедуин нар шиг байдаг. Тэд нүцгэн элсэн цөлийн дунд тэмээ унаад л явж байдаг, юу ч үгүй, хоцрогдсон овог отгийнхон. Тэднийг л жинхэнэ NOMADS гэдэг гэх болжээ. Уг нь нүүдэлчид гэдэг энэ Монгол үгээс, nomads хэмээх энэ харь үгнээс ч бид ичиж нэрэлхэх, пий паа, мунхаг бүдүүлэг хэмээн дөлж зугтах хэрэггүйсэн. Эцэг эхээс төрсөн хэн ч эцэг эхээ үгүйсгэдэггүй биш бил үү? Ингэж ярьж хэлж, бичиж бодох болсон тэр хүмүүс хөдөө орон нутагт явахдаа ард түмнийхээ өмнөөс ичдэг бололтой, харийнхны өмнө нүүр нь улайдаг бололтой, түүхийн цаг үед үлдэж хоцорсон эрт балрын овог отгийнхонтой тааралдсан мэт, өөрсдийгөө гаднын хүн, би эдэн шиг биш гэж үздэг байж тун магадгүй нь. Бүхэл бүтэн соёл иргэншлээсээ, аж төрөх ёсноосоо, удам угшлаасаа хэн татгалзаж чадах билээ? Тэглээ гээд хаа холдох билээ? Тэгж их ичиж зовоод, бусдын өмнө нүүр улайгаад, нуугдах газаргүй болоод байгаа юм бол “бусдын нүдээр өөрийгөө харах” хэрэгтэй. Буруу муу юм, алдаа сул талаа засмаар байна.

 Тэмээ туйлаад тэнгэрт гарахгүй, ямаа туйлаад янгиа эвдэхгүй гэдэгсэн. Угсаа гарал, удам судраасаа ичих хэрэггүй, харин өөр юмнаас ичих хэрэгтэй. Өнөөдөр Монголчууд Монгол гэхээсээ, нүүдэлчин удамтай гэхээсээ, ажил хийхээсээ ичдэг болжээ. Энэ л аймшигтай. Өнөөгийн Монголчууд хэдэн мянганы тэртээд бий болсон нүүдлийн соёл иргэншил хэмээх өвөрмөц аж төрөх ёс, зан үйлийг өвлөн уламжилж яваа нь маргашгүй үнэн. Энэ агуу их соёл иргэншлийг бид цаашид ч өвлөн уламжилж үлдээх ёстой. Харин засч сайжруулууштай зүйл бий. Тийм ээ, өнгөрсөн түүхээ эргэн харж, санаа сэдэл авууштай. Хоёр мянганы тэртээх он жилүүдэд нүүдэлчид ба нангиадуудын харилцаа зарим талаараа өнөөдөр ч давтагдсаар байнам. Энэ бол худалдааны сорилтот байдал.

 Өнөөдөр Монгол-Хятадын хилийн Гашуунсухайт-Ганцмод боомт дээр шуудхан хэлэхэд алаан болж байна, талаан болж байна. Тулалдаан болж байна, дайн болж байна. Энэ бол хоёр мянганы тэртээх Хүннүгийн үед болж байсан тэр л шударга бус худалдаа, арилжаанаас болж хоёр тал алалдан дайтаж байсан тэртээх цаг үеийг бидэнд сануулнам. Эдийн засаг нь улс төрөө тодорхойлдог гэж их сургуульд Улс төрийн эдийн засгийн ухааны хичээлээр заалгаж байсан санагдана. Тэгвэл тэртээх Хүннүгийн үед ч ийм байж, харамсалтай нь өнөөдөр Монголын үед ч ийм л байна. Яагаад шударга бус арилжаа наймаа гэв? Энэ бол учиртай. Үүнд би бээр бусдыг буруутгах гэсэнгүй. Харин өөрсдийгөө буруутгах гэж байна. Тэгэх ч учир бий. Товчхон хэлэхэд нүүдэлчид бол үйлдвэрлэгчид болсонгүй. Түүхээсээ тийм явж иржээ.

 Хүннү нар материаллаг баялгийг үйлдвэрлэгчид байсангүй, тэднийг залгасан Сяньби, Нирун, Түрэг, Уйгур, Хитан, Зүрчид, Монгол, Манж нарын хэн нь ч үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид болсонгүй ээ. Тэд зөвхөн баялгийг хүртэгчид, хэрэглэгчид байв. Тийм ч учраас өөрийн гарт бэлэн байгаа юмаараа бусдаас баялгийг нь, бүтээгдэхүүнийг нь, үйлдвэрлэлийн үр бүтээлийг нь сольж авахыг л зорьдог байв. Үүнийг л нүүдэлчид олон зуу, мянган жилийн туршид эрхэлсээр иржээ. Тэр бол хилийн худалдаа. Худалдаа биш зүгээр л арилжаа, наймаа, мэргэжлийн нэр томьёогоор бол барааг бараагаар сольж авдаг бартерийн худалдаа.

 Харин тэр нь хэзээ ч шударга, тэгш байсангүй, байх ч аргагүй байв. Хүннүчүүд малынхаа түүхий эдийг хятадуудад өгч оронд нь чамин эд бараа авдаг байжээ. Чамин эд бараа гэж хятад торго дурдан, бөс бараа, чихэр жимс, гурил будаа, гялгар цалгар өмсгөл зүүсгэлийг хэлж байна. Тэр цагт л хүннүгийн улс төрчид ард түмнээ өмнө газрын чамин эд бараанд автаж байгаад сэтгэл зовнидог байсан тухай түүх бичлэгт тэмдэглэж үлдсэн байдаг. За энэ ч яахав, хүмүүс хоорондоо харилцах нь зүйн хэрэг. Харин тэр харилцаа ямар байсныг энд өгүүлье. Хүннүчүүд малын гаралтай түүхий эдээ хятадуудад худалддаг байсныг дурдсан. Тэр нь үс ноос, арьс шир, амьд адуу үхэр, хонь ямаа... Бас үслэг ангийн арьс үс төдийхөн. Боловсруулагдаж бэлэн бүтээгдэхүүн болоогүй түүхий эдийг цаадуул нь хямдхан авах гэнэ. Энэ ч мэдээж, авсан түүхий эдийг боловсруулах гэж ажил явдал болно, жинхэнэ үйлдвэрлэл явагдана.

 Харин хүннүчүүд хямд өгөхгүй гэж маргалдана. Түүхий эд үнэд хүрч байсан түүх үгүй. Чухам эндээс л асуудал үүсдэг байжээ. Чингэмэгц хятадууд “Тэгвэл та нартай наймаа хийхгүй, та нарын муусайн юмнуудаар дутахгүй, манай хятадад жинхэнэ баялгийг үйлдвэрлэдэг. Бид танай түүхий эдгүйгээр алзахгүй. Тиймээс бид хилээ хаалаа!...” Нээрээ л хятадууд хохирохгүй, харин хүннүчүүд хохирдог байжээ. Тэгээд аргагүй эрхэнд түүхий эдээ хямдхан өгөхийн түүс болно. Гэвч олон хавар нэгэндээ гэгчээр хүннүчүүд тэснэ тэснэ гэхэд яаж тэсэхэв гэгчийн үлгэрээр нөгөөдүүлдээ идүүлж шулуулж байгаадаа уурсан бөөн хэл ам болно, үүнээс болж хятадууд хилээ хаана. Чингэмэгц догшин нүүдэлчид хүчээр булааж авахаас өөр замгүй болж нум сумаа агсч мориндоо мордон дайран ордог байжээ. Өнөөдөр ч хүннүчүүдийн тэр байдал давтагдсаар байна. Тэр цагт мал, амьтны гаралтай түүхий эдээ урагш нь гаргадаг байсан бол өнөөдөр дээр нь газрын хэвлийн баялаг нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, урьд газрын дээрх баялгаа өгдөг байсан бол өнөөдөр дээр нь газрын доорх баялгаа нэмж өгөх болжээ.

 Хоёр мянганы хойно өнөөдөр ч Монголчууд үйлдвэрлэгч, баялгийг бүтээгч болоогүй байна. Бэлэн хэрэглэгч хэвээр, бусдаас хийсэн бүтээснийг нь авч хэрэглэсэн хэвээр байна. Үүнээс болж асуудал үүссээр л. Бэлээхэн жишээ нь дээрх боомтод үүсээд байгаа хэрэг явдал мөн. Нүүрс бол боловсруулагдсан эцсийн бүтээгдэхүүн биш, түүхий эд. Түүнийгээ бид, хүн авахгүй гээд байхад л “Ав ав!” гэж шахаад байдаг, “Хэрэггүй ээ, бид нүүрсний хэрэглээгээ багасгаж байгаа. Тэгээд ч нүүрсийг ийм маягаар, авто тээврээр авмааргүй байна, байгаль орчинд дэндүү халтай юм. Удахгүй манай төр засаг үүнийг хориглоно гэсэн! Төмөр замаар ч юм уу, лав л өөр арга замаар авдаг болох шаардлага тавиад байна!” гээд байхад л манайхан “Ав ав!” гээд зүтгээд байдаг. Энэ бол өнөөдрийн бодит дүр төрх. Энэ дүр төрх зөвхөн өнөөдрийнх биш, өнгөрсөн түүхийн турших дүр төрх ажээ.

 Бусдын нүдээр өөрийгөө хараач! Зөвхөн ганц нүүрс биш, зөвхөн ганц уул уурхайн салбар ч биш, өөр олон юман дээр, олон салбарт энэ тухай бодох цаг болжээ. Арьс шир, ноос ноолуур, мах сүү, тариа ногоо, зэс, нүүрс, цайр, газрын тос... тоочиж баршгүй нь. Дээр нь дэд бүтэц, зам, гүүр, байшин барилга, бохир цэврийн цэвэрлэх, зайлуулах байгууламж, утаа тортог, жорлон баас... Энэ бүхнээ бид хүнээр, бусдаар хийлгэсээр, цаашид ч хийлгэх гэж зүтгэсээр байна. Өөр гарц, арга зам байхгүй мэт болтлоо бидний хараа, сэтгэлгээ мууджээ. Бид ийм цамаан, ийм харалган, ийм л залхуу хойрго... Тэгээд дээр нь мөнгөгүй.

 Хүн болгоны мэддэг нэг онигоо байдаг даа, Монголчууд бүх юмаа бусдаар хийлгэдэг тухай. Тэгээд Монголчууд та нар өөрсдөө юу барьж байгуулж байгаа вэ? гэхээр: “-Бид социализмыг байгуулж байна” гэж бардам хариулсан тухай. Монголчууд социализмын үед ч ийм байж, өнөөдөр ч ийм байна. Улаанбаатарыг орос, хятад, япончууд барьж өгсөн гэхэд хэтрүүлэг болохгүй. Дархан, Эрдэнэт, Чойбалсан гээд хот суурин, үйлдвэр завод, эмнэлэг, сургууль, нэгдэл, сангийн аж ахуй бүгдийг гадныхан барьж байгуулсан. Зөвхөн социализмын үед ч биш, бүр Хүннүгийн үеэс зууныг, мянганыг туулан аж төрөхдөө бид ийм явж иржээ гэхэд ёстой гайхмаар. Өнөөдөр тэр социализм ч алга, ардчилал нь ч алга. Анархизм л бий болжээ. Ингэхлээр зарим хүн дургүйцэж мэднэ. Гэвч гашуун үнэнийг дахин хэлье: Монголд ардчилал байхгүй. Ардчилал ялаагүй, бий болоогүй байна.

 Жараад оны үед Улаанбаатарын гэр хорооллын айлууд хятадуудаар жорлонгоо ухуулдаг байж билээ. Тэгэхдээ өвөл хүйтний улиралд газар хөлдсөн үед ухуулна. Өөрсдөө ухаж чадахгүй, пий паа, үмхий самхай гээд хамар амаа дарцгааж ярвайгаад л. Тэгсэн мөртлөө хөлсийг нь өгөх болохоор унжаад л. Тэр байтугай усаа зөөлгөнө, модоо хөрөөдүүлнэ. Өндөр хүрэн луус хөллөсөн, том тодон торхтой морин тэргээр Хятадууд худгаас ус авч гудамж хороогоор явж айлуудад ус түгээдэг байсныг санах хүмүүс өнөөдөр олон байгаа. Улаан хоолой руугаа хийх усаа зөөлгөж, хоолоо хийж идэх, гэрээ дулаацуулах түлээ түлшээ хүртэл хятадуудаар бэлдүүлдэг байсан.

 Ингээд бодохоор юу ч гэхэв дээ. “Залхуу хүн завагтай махандаа хүрдэггүй” гэсэн хуучны үг бий. Монголчууд бид залхуу хүмүүс юм уу, эсвэл өөр учир шалтгаан байна уу? Бүхэл бүтэн үндэстэн “арчаагүй” гэсэн менталитеттэй гэж баймааргүй. Зарим хүн энэ үгийг үндэстний ухамсар, үндэстний сэтгэлгээ гэж тайлбарладаг. Миний бодоход, энэ үг бол Монголоор үндэстний зан чанар гэсэн ухагдахуун юм. Хувь хүнд зан ааш, имиж төрх байдаг шиг үндэстэн ястанд ч бусдаас ялгагддаг, өөрсдөд нь нийтлэг зан чанар байдаг. Монгол үндэстний зан чанар залхуу байдал гэж үү?

 Өнөөдөр ч бид Улаанбаатарынхаа лаг хэмээх асар том жорлонгоо шинэчилж чадахгүй, аанай л өнөөх муу нэртэй хятадуудаар хийлгэх гэж байна. Хэдэн зуун сая ам.доллараар шүү. Ер нь яагаад энэ бүхнийг бид өөрсдөө хийж чадахгүй гэж? Яагаад байшин барилгаа, орж суух орон сууцаа Монголчууд өөрсдөө барьж болдоггүй юм? Яагаад бид өөрсдөө гадныхныг мянга мянгаар нь оруулж ирчихээд ад үзээд элдвээр хэлж туугаад байдаг юм? Больчихооч. Тэр зам байгууламж, дэд бүтэц, гэр хорооллыг барилгажуулах ажлаа өөрсдөө хийгээч. Тэр гэр хорооллоо өөрсдөө өөрчилж, орон сууцаа өөрсдөө барьцгаагаач. Зам, гүүрээ өөрсдөө барьцгаая. Үйлдвэр заводоо өөрсдөө босгоцгооё. Хоёр мянган жил бэлэнчлэх сэтгэлгээгээр явж ирсэн нүүдэлчдийн үр хойчис одоо болоо юм биш үү?

 Ингэвэл олон юм өөрчлөгдөнө. Улс орон хөгжинө, үйлдвэржинэ. Өнөөх хоёр мянган жил бэлэнчилж ирсэн сэтгэхгүйгээсээ сална. Магадгүй тэр цагт бид огт өөр Монгол үндэстэн болох ч юм бил үү? Бас хөрш зэргэлдээх улс гүрнүүдтэйгээ жинхэнэ ёсоор найрсаг нөхөрсөг харилцана. Тэглээ ингэлээ гэж ад үзэж, нүд үзүүрлэхээ болино. Хий хоосон хар хорын хардлага сэрдлэгээр хандахаа байна. Ийм л байна. Түүх давтагддаг гэдэг. Үнэхээр ч тийм байна. Давтагдаж буй түүхэн нөхцөл байдлыг харахад ийм л юм бодогдож байна. Түүхий эд экспортолж байгаа улс хэзээ ч баяждаггүй, бас хөгждөггүй гэдэг. Учир нь тэр түүхий эд нь үнэгүй гарч байгаагаас ялгаагүй аж. Харин цаад улсдаа очиж гүн боловсруулагдаад ихээхэн үнэ өртөгтэйгээр эргэн орж ирдэг. Бас түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулагдахгүй тул тэр улс орон хөгждөггүй аж. Энэ л учир шалтгаанаар зуу, мянган жил өнгөрөхөд нүүдэлчдийн нэг ч улс хөгжин цэцэглээгүй гашуун түүх бий.

 Монголоор дүүрэн ажилгүй залуус, архайлдаад хэвтэцгээж байна. Архи ууж, агсан тавьж, хийх юмаа олж ядаж байна. Аав ээжийгээ сааж амандаа хоол халбагадуулан эрхэлсээр байна. Шуудхан хэлэхэд Монголын залуучууд эцгийн гэртээ, ээж аавынхаа дэргэд тэднийгээ сааж амьдарсаар өтөлдөг. Байр орон сууц олдохгүй байна, энэ тэр гэсэн янз бүрийн шалтаг шалтгаанаар залуучууд өрх тусгаарлаж тусдаа гарахгүй, өөрсөд дээрээ нэмээд үр хүүхэд төрүүлэн эцэг эхээрээ тэжээлгэдэг дүр зураг Монголд хавтгай.

 Гэтэл бусад улс оронд эсрэгээрээ. 18 нас хүрээд л гэрээсээ гарч бие даасан амьдралаа эхэлдэг. Ажил хөдөлмөр хийн мөнгө олж амь зууна, илүү гаргасаар боломжтой болсон хойноо их, дээд сургуульд элсэн суралцана. Чадахгүй бол ажил хийж амьдралаа аваад явна. Бусдад төвөг удаж дарамт болохгүй. Яагаад гэвэл бусдын төлөө, эцэг эхийнхээ төлөө амьдарч байгаа биш, яалаа гэж тэднийг шулж мөлжих юм? Манайд ажилгүйчүүд хэдэн арван мянгуулаа бий. Тэдэнд ажил олгоё. Тэдэнд нийгмийн халамж хэрэггүй, харин ажлын байр, цалин хөлс хэрэгтэй. Тэд энэ нийгмийн бүтээгдэхүүн учраас нийгэмдээ үйлчлэх, хүчээ өргөх ёстой.

 Хүннүгийн үед ч тэр, Монголын Юань гүрний үед ч тэр, хожмын Мин, Чин улсын үед ч мөн адил, Монголчуудад өмнө зүгээс жил бүр их хэмжээний тусламж өглөг ирдэг байсан тухай түүх, архивын данс бичлэгүүдэд дурдсан байдаг. Хэдэн мянган боодол торго даалимба, хэдэн мянган пүү гурил, будаа, хэдэн мянган жин чихэр жимс... Хэдэн мянган...хэдэн мянган... Монголд зуд турхан болж, хот хоосрон цайрахад өмнө зүгээс үгээгүй ядуучуудад зориулж илгээсэн буяны өглөгийн тухай архивын данс бичмэлүүд хэдэн зуугаараа байдаг. Өмнөд хөрш тийм баян, Монгол газар тийм хоосон байжээ. Учир нь өмнөд хөрш үйлдвэрлэгч, Монголчууд ердөө хэрэглэгч, хүртэгч л байсан хэрэг.

 Энэ бол эртний явдлуудын жишээ. Саяхны жишээ бас бий. 2001 оны өвөл Монголд нүүрлэсэн зуд онцгой байжээ. Берлин хотод ажиллаж амьдарч байсан миний ажлын газрынхан Монголын зудын тухай байнга өгүүлэх болсон сонин хэвлэлээс энэ тухай олж мэдэж, Монголын цас зуд, үхсэн малын уул овоо шиг сэг зэм, зутарсан айл, малчдын хөөрхийлөлтэй дүр зураг сонин, телевизээр гарч байлаа. Тэр байтугай “зуд” гэдэг үг “цунами” хэмээх япон үг шиг тухайн хэлний үгийн санд орж хүн бүр мэддэг болж, ажилдаа очих болгонд германчууд, бас гадаадын олон орныхон Монголын зудын тухай асууж лавлан, хачин их өрөвдсөн харцаар харах болсон билээ. Улмаар Монголд хандив цуглуулж илгээх хөдөлгөөн өрнөж юм юм л болж байлаа. Тэр маягаар бол бусад олон улс оронд ч Монголын тухай мэдээлэл тэгж хүрч байсан байх аа.

 Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар эрдэмтэдтэй санал солилцлоо гэсэн лут гарчигтай мэдээ саяхан сайтуудаар түгсэн. ”УИХ-ын гишүүд саяхан Монгол Улсын хөгжлийн суурь асуудлаар эрдэмтэн судлаачидтай санал солилцжээ. Энэ бүгдийн үндэс нь ажилсаг, оюунлаг Монгол хүн байх тул бүх Монгол хүн ажилсаг байгаасай. Одооноос ярьж, хэрэгжүүлж эхэлбэл, 20-30 жилийн дараа “Ажилсаг Монгол” гэдэг брэнд бий болох болов уу. Энэ том хоёр хөршийн дунд амьдарч байгаа бид ажилсаг байхгүй бол дээшээ гарч ирэхгүй юм байна гэдэг үүднээс “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг санаачилж байна” гэжээ. Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг. Оргүйгээс оройтсон нь дээр гэдэг. Дэндүү их үнээр, дэндүү их цаг хугацаа алдаж байж сая ойлгож байна биш үү! Мянга мянган жилийн энэ ужид цэнгэл, арчаагүй байдал, залхаг сэтгэлгээгээ халцгаая! Энэ ард түмэнд зөвхөн ийм хувь тохиол үүрд заяасан юм гэж үү? Өөр гарц байхгүй гэж үү? Өөр ухаарал, сэрэл, сэтгэлгээ Танд, Та бүхэнд төрөхгүй байна гэж үү?

МУСГЗ, доктор Я.Ганбаатар бичиж байна.

Сэтгэгдэл 20ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2022, 1 сар 13. 2:35
Зочин

юу бичих гээд юугаа ч биччихсэн юм бэ дэ!? Ямар ч их нуршуу утга авцалдаагүй, залхмаар. Гол пойнтоо муу гаргаж

2022, 1 сар 13. 16:30
Зочин

Хэний ч мэдээжийн юм эрээчих юм монголчууд боол мэт хөдөлмөрлөж модон анжис төмрийн зоруур (токарь)аар амьдрах зон улс биш арга ухаанаа далдын далд хадгалж чадсан хэзээ ил гаргахаа хэнээр ч заалгахгүй ил болгох цаг ойрхон байгаа

2022, 1 сар 12. 23:10
Наран

Тиймээ. Бид баялаг бүтээдэггүй. Баялаг гэдгийг хөөрөг ганс, алт мөнгө гэж л хардаг. Тиймээс мөнгөтэй болонгуутаа хаш ганс, том чулуун хөөрөг, хурдан морь л сонирхдог. Үйлдвэр хийх тухай огт санаанд нь ордоггүй юм шиг. Хүний ганс хөөрөг, өмссөн зүүсэн, унаа тэргийг нь л харна. Тэгээд түүнийг шүтнэ. Сэргэлэн, зальтай сийрэг сайн гэнэ. Шудрага хүниыг үзэхгүй. Нийтээрээ бөөрлөөд хавчаад гаргаад зайлуулчихна. Ямар ч аргаар хамаагүй устгана. Бид ийм л ард түмэн дээ.

2022, 1 сар 12. 21:36
ZochinЗочин

Yu hutsaad bgaa lalar ve mongolchuudiin deeremchin tonuulchin geh gej bgaa bol mai shuu bidnii ov soyol uran zohiol odor dutmiin hevshil bidniig deeremchidiin uuzel garalgui gedgiig batlaad ugnu. Cham shig iimerhuu olson barimtaa ooriin dutuu tosoollooroo bayjuulj busdad tuuh hemeen tsatsdag novshnuud het olon uchir tuuh uneheer utgaa aldaj bna. Mongol yagaad uildverlegch bish gedgiig ch medehgui mongol ger yagaad nuudellehed zoriulagdsang uhaad uz yagaad uildverlegch bish ve gedeg ni garaad irne

2022, 1 сар 12. 23:14
Зочин

Өөрийн чинь бичсэн таныг
тодорхойлж бна. Эхлээд сайн уншаад дараа нь бодож сур. Дараа нь дүгнэлтээ гаргаад өөрийнхөө үгийг хэл дээ л гэхээс.

2022, 1 сар 12. 12:05
Батсуурь

Зөв дүгнэлт, илэн далангүй хэлсэн үнэтэй үг. Бид Японы үйлдвэрлэгчид, бүтээн байгуулагчдын түүхийг их судалмаар юм байна. Тэндээс сургамж, санаа авмаар байна. Үүнийг жирийн олонлог хийж чадахгүй. Үүнийг бикнесийн өнөөгийн өндөрлөгт хүрсэн тэр хэсэг хошуучлан манлайлж хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Та юу гэж бодож байна?

2021, 3 сар 12. 0:28
Эх оронч

70жил үйдвэрлэгч болж эхэлж байсан улсыг сүүлийн 30 жилийн хулгайчууд цөлмөөгүй бол ганцхан ОТгоороо арабын эмират шиг байж болох л байв!

2021, 8 сар 23. 11:36
p.pHqghUme"Толгойлогч"-н хэрэглэгч

e

2021, 2 сар 14. 18:30
Зочин

Монголчуудын үнэн түүх үнэн бөлгөө. Бид энэ шүүмжээс ухаарал аваасай да, Бид уул нь ингэж амьдармаагүй л байна шүү. Бид үйлдвэрлэгч л болж байж Улс эх орон хөгжих үндэс суурь тавигдана. Өөр гарц бидэнд байхгүй.

2021, 2 сар 8. 4:57
Зочин

Minii 2 jiliin omno fb tee bijsen suil yavj bhiin hyatad bolon nuudeljdiin ariljaa naimaa ogt oorjlogdoogyi bolon odoo gazraa zarj bui bairal gd

2021, 2 сар 5. 6:59
Зочин

Bid 70 jiliin tursh uildverlej baisan shuu

2021, 2 сар 11. 20:21
Зочин

??

2021, 2 сар 3. 10:36
Болд

Өмнө зүгээс жил бүр тусламж авдаг байсан гэнэ үү? Архивлагдсан гэнэ үү?

2021, 2 сар 11. 6:20
Зочин

Ingej hudlaa bichij bolohgui. Hyatadaas hze ch unegui tuslamj irj bgagui. Bugd ogoo avaatai hariu bariutai barteruud bsn.

2021, 2 сар 5. 2:03
Зочин

харин тиын

2021, 2 сар 11. 6:23
Зочин

Hyatadaas hze ch unegui tuslamj irj bgagui. Bugd hariu bariutai ogoo avaatai barter helbereer bsn.

2021, 2 сар 3. 10:33
Болд

Үйлдвэрлэлт гэдэг чинь хүн төрөлхтний түүхэнд шинэ ойлголт. Биднээс өмнөх Монголчууд бүгд гарын уртай урлаач байв. Түүнийг нь үйлдвэрлэл эрхэлж наймаа хийсэнгүй гэж капиталист үзлээр харсуу.

2021, 8 сар 15. 21:24
Зочин

ҮНЭН МАЛЧИН ӨӨРӨӨ БҮХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ АГУУЛСАН

2021, 2 сар 3. 1:45
Зочин

Маш сайхан нийтлэл болжээ . Баярлалаа . Их олон зуйл ойлгож авлаа .

2021, 2 сар 2. 16:50
Сайнболд

Маш хэрэгтэй сайн нийтлэл байна. Баярлалаа танд

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]