Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Тэр даргад цэцэг өгөөгүйнхээ төлөө хөөгдсөндөө огтхон ч харамсаж байгаагүй"Уншсан7,853

“Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Хатанбаатар”, “Тань руу нүүж явна”, “Намар нахиалсан мод” зэрэг олон уран бүтээлд дүрээ бүтээж, монголын урлагт тод томруун мөрөө үлдээсэн Гавьяат жүжигчин Ж.Сүххуяг агсны тухай онцолж байна.

“Мандухай Сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор”, “Хатанбаатар”, “Тань руу нүүж явна”, “Намар нахиалсан мод” зэрэг олон уран бүтээлд дүрээ бүтээж, Монголын урлагт тод томруун мөрөө үлдээсэн гавьяат жүжигчин Ж.Сүххуяг агсны тухай онцолж байна.

Дүр бүтээх, тэр дундаа түүхэн дүр бүтээх амаргүй даваа. Энэ давааг давж, Батмөнх Даян хааны дүрийг үзэгчдийн сэтгэлд мөнхөлсөн жүжигчин Ж.Сүххуяг 70 орчим кино, жүжигт дүрээ бүтээсэн юм. Энэ зөвхөн түүний туулах ёстой цор ганц даваа биш байлаа. Амьдралын олон даваа, нугачаанд бүдрэхдээ бүдэрч, босохдоо босч туулсан нэгэн.

Түүний бага нас нийслэл хотын Маахуур толгойд өнгөрсөн. 1978 онд 53-р дунд сургуулиийг төгсөөд УБДС-ийн кино драмын ангид элсэн орж, 1982 онд жүжигчний мэргэжлээр төгсжээ. Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, нэрт найруулагч Э.Санчигдан агсан, “Гарын таван хуруу”-гийн Сүрэн буюу Я.Оюунцэцэг тэргүүтэй 32 суралцагчаас төгсөхдөө наймд нь тунаж үлдсэн юм гэдэг.

Тэрээр 16-хан насандаа урлагт хөл тавьж, 26-тайдаа Батмөнх Даян хааны дүрийг бүтээсэн юм. Ж.Бунтар найруулагчийн “Давааны цаана даваа” кинонд Догшин хар Жавын хүүгийн дүрийг бүтээснээр урлагийн замнал нь эхэлсэн. Түүнийг алдарт найруулагч Б.Балжинням шалгаруулалтгүйгээр "Мандухай Сэцэн хатан" киноны Батмөнх Даян хаанд тоглуулсан гэдэг.

Даян хааны дүрийг бүтээснийхээ дараа “Хайрыг хайрла” жүжигт тоглосон. Тэр үедээ тайзан дээрээс унаж, бэртсэний улмаас дөрвөн ч удаа хагалгаанд орж, алтан гарт эмч нарын буянаар хөл дээрээ босчээ. Хүнд хагалгааны дараа тайзаа орхиогүй ч өөр шалтгаанаар аргагүйн эрхэнд орхих болсон гэдэг.

1982 оноос Улсын хүүхэд залуучуудын театр, Улсын драмын театр, Орчин үеийн театр, Монгол кино үйлдвэрт жүжигчин, туслах найруулагчаар ажилласан тэрбээр театраас тун хачирхалтай шалтгаар хөөгдөж байжээ. 

Энэ тухайгаа тэрээр "Хайрыг хайрла жүжиг дахин тавигдаж, тоглолтын дараа Ж.Батмөнх даргад өгөх цэцгийг нь эмчдээ өгснөөс болж би хөөгдсөн. Амийг нь аварсан хүндээ цэцэг өглөө, даргад өгсөнгүй гэж найруулагч уурлаж, хашгичиж, намайг хөөсөн. Цэцэг өгсөн эмчийнхээ буянд би өнөөдрийг хүртэл амьд сэрүүн яваа. Тийм болохоор тэндээс хөөгдөж, тэр даргад цэцэг өгөөгүйнхээ төлөө хөөгдсөндөө огтхон ч харамсаж байгаагүй” хэмээн өгүүлсэн байдаг.

Театраас гараад гурван cap болж байтал Б.Балжинням найруулагч түүн рүү яриад "Мөнх тэнгэрийн хүчин дор киноны Чилүгэний дүрд тогло. Энэ дүрд чи л тоглоно. Миний хүү л гаргаж чадна" гэж хэлснээр Чилүгэний дүрийг дэлгэцэнд мөнхөлсөн тухайгаа дурссан байдаг.

1983 онд “Болд хэрхэн хатаагдсан нь” жүжгийн Павел Корчагин, 1988 онд Д.Батбаярын “Хайрыг хайрла” жүжгийн Амаржаргал, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Чилүгэний дүрээр Монголын урлагийн ажилчдын холбоо, Соёлын яамны шилдэг дүрийн шагналыг гурван удаа хүртсэн тэрээр гурван ч удаа гавъяатад тодорхойлогдов. Корчагины дүрээр шилдэг дүрийн шагнал авсных нь дараа Ардын жүжигчин Э.Оюун “Г.Доржсамбуугийн хүчинд ганц сайхан жүжигчинтэй боллоо” хэмээн урамшуулж, өндрөөр үнэлж байсан гэдэг.

Хожмоо 2009 онд л урлагт зүтгэсэн түүний хөдөлмөрийг үнэлж Гавьяат жүжигчин цол, тэмдгээр урамшуулсан. “Мандухай Сэцэн хатан” кинонд тоглоод гавьяатын шагналаа хоёр өрөө байраар сольж байсан юм гэдэг. Тэрбээр, “Намайг Мандухайд тоглосны дараа гавьяат авах уу, байр авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би хашааны гавьяатаар яах вэ, байр авъя гэж хэлээд хоёр өрөө байр авсан юм. Түүнийгээ алдчихгүй амьдарч байгаа” хэмээжээ.

Нэгэн үе түүнийг урлагаас хөндийрчээ гэж сонин хэвлэлээр бичиж байсан ч тэр урлагаас хөндийрөөгүй юм. “Шинэ кино” компанийн найруулагч Ж.Отгонбиндэртэй нийлж найман кинонд туслах найруулагчаар ажилласан, бүтээсээр явсан. 

Түүнийг хэвлэлээр янз бүрээр л бичдэг байлаа. Траншейнд амьдарч байна гэж хэсэг шуугиж, шар мэдээнд нугачуулж байсан удаатай. Мөрдөнд суусан хоёр сарын хугацаа түүний амьдралын хар бараан мөчүүдийн нэг. Энэ талаараа “Ганцаардал гэдгийг мөрдөнд суухдаа яс махандаа шингэтэл мэдэрсэн. Долоо хоног нойр хүрээгүй. Тэр үед ном сонин уншихаас өөр надад хань болох юм байгаагүй. Хүн амьдралдаа иймэрхүү юм үзэх хэрэгтэй. Тэгж байж л хат сууна гэж өөрийгөө тайвшруулдаг байлаа. Тэр бол миний амьдралын хамгийн хар үе” хэмээсэн байдаг.

Тэр бусдын л адил амьдралын эрээн, бараанд алдаж, онож явсан. Бор дарсанд толгой мэдүүлж явсан үеэ жүжигчин маань ярихдаа “Жүжигчин хүн би гэж биеэ тоох нь хамгийн том алдаа. Би гэдэг зүйл жүжигчин хүнд бага хэмжээгээр байх ёстой. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Залуу насныхаа ааганд эрдэж явсан үе надад бий. Нэг хэсэг би гэсэн өвчнөөр өвчилсөн гэдгээ нуухгүй ээ. Хүний ам руу нь архи цутгахгүй шүү дээ. Хамгийн гол нь биеэ тоосон нь миний том алдаа байсан. Хайрыг хайрла жүжигт тоглож байгаад бэртснээсээ болж дөрвөн удаа мэс засалд орсон. Яг тэр үед би гэдэг өвчнөөр өвчилсөн байлаа. Мандухайд дуугаа хийж байхдаа тайз нурснаас болж бас гэмтсэн юм. Тэгээд бие жаахан өвдөхөөр зуун грамм татчихмаар санагдаад уучихдаг байв. Залгаад зах зээлийн үе эхэллээ. Урлаг ч замхарлаа. Хүмүүс юун кино үзэх манатай. Тэгээд л гутарч архи их уудаг болсон. Үнэндээ би нэг мөсөн шалбаагт унахаар байсан. Гэхдээ миний мэргэжил намайг шалбаагаас гаргасан” хэмээн дурссан байдаг.

Хэвлэлд өгсөн түүний ярилцлагуудаас уншихад тэр хүн чанараа хадгалж, хүнээрээ байх гэж хичээж амьдарсаар ирсэн нь харагддаг. Нэгэн ярилцлагадаа “Амьдрал болдог юм. Сэтгэл байгаа цагт хүн амьдраад, болгоод байдаг юм. Ах нь группийн хэдэн төгрөг авдаг ч дутуу юм алга. Хэнээс ч гуйж, царайчлахгүй амьдарна гэдэг чинь л хүний амьдрал. Тэглээ ч би Даян хаан шүү дээ. Хаан хэзээ дутуу амьдарч байлаа даа. Амьдрал дээр ч би хаан, нууц ноёнтон” хэмээжээ.

 History.mn вэбсайтын редакцид бэлтгэв. 2022 он.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]