Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Урианхайн бөх Жумаг Дарьгангын Торой бандийн домгуудУншсан29,623

Вангийн хүрээнээс пүүсийн данжаадууд явахдаа урьд нь ван ноёны хүссэн Си Сань лю бууг өгөлгүй аваад явжээ. Ван ноён энэ тухай Байнгад хэлэхэд тэр бууг тань би авчирч өгье хэмээн амлажээ. Ван ноён

ЖУМАГИЙН ТУХАЙ ДОМОГ

Эрт цагт баруун Монголын олон ястны дунд хүч чадал бяр тэнхээгээрээ гайхагдаж явсан эрчүүд олон байжээ. Үүний нэг нь баруун аймгийн олонд алдаршсан Урианхайн бөх Жумаг юм. Угийн ядуу Жумаг амьдрахын эрхэнд урианхайн амбаны мал хариулан бага залуу насаа өнгөрүүлэхдээ амбаны харгис догшин шударга бус байдлыг үзэн ядаж явдаг байлаа.

Жумаг 20 насандаа нэгэн жил урианхай хошууны наадамд барилдаж шөвгийн дөрөвт амбаны 3 бөхтэй үлдээд, тэднийг цувуулан хаяж түрүүлэхэд халзан толгойтой, үрчгэр царайтай, хатангир биетэй өвгөн амбан ихэмсгээр ширвэн харж үзүүрийн хоёр бөхийг дахин барилдуул гэж тушаажээ. Дахин барилдаж Жумаг амбаны бөхийг хоёр гарын үзүүрээр өргөж асрын өмнө ирж ар нуруугаар нь тавиад буцахад наадамчин олон Жумагийн хүчин чадалд бишрэн гайхаж шуугилдаж байв. Тэр үед урианхай болон баяд, өөлд, дөрвөд, торгуудын олон хошуунд Жумагийн зодгоос барих хүн байсангүй.

Жумаг нэг удаа амбаны адуу дамжуулсан хэрэгт баригдаж шийтгэгдэн хориг дож байгаад хар гэрээс нь оргож, Манжийн хааны баруун мужид тэнэж яваад Торгууд вангийн хорьж цагдсан Атны таван салаа гэдэг уулнаас буга агна ж морио чөдөрлөн байж дээр нь тавьж үүрээд буугаа барьсаар уулнаас бууж яваад баригдан Торгууд ванд хүргэгдэн иржээ.

Ван нэр алдрыг нь асуувал урианхайн бөх Жумаг гэж нуулгүй үнэнээ хэлжээ. Тэгэхэд ван:

-Чи миний цагдсан газраас ан хийжээ. Үүнээс хойш битгий энэ ууланд явж байгаарай. Унаган албат минь биш болохоор чамд ял оноохгүй. Харин баруун амбан буюу Ховдын амбанд мэдэгдэж амбанаас хариу ирэх хүртэл чамайг хорьж цагдана гэв. Тэгээд "Танай албат Жумаг харь газарт хулгай дээрэм хийж, амбан таныг өр төлбөрт оруулж магадгүй" гэсэн зар бичгийг баруун амбанд явуулжээ. Тэд Торгууд вангийнхаас Жумагийг авч Монгол шарын арьсаар ширлээд нутгийн зүг эргэжээ. Жумаг замдаа түшмэлээс тамхи татуулахыг хэд хэд гуйгаад өгөхгүй болохоор нь:

-Би эзний зарлиг төрийн цааз хүндэтгээд явж байгаа болохоос биш, чиний гууртай бярууны арьсанд баригдаж яваа юм биш гэж хэлээд цээжээ түрж, хөлөө хүчлэн жийхэд шир нь тас язран урагджээ. Тэгэхэд түшмэл амь өршөө гэж өвдөг сөхрөн унахад би таны амийг гуйгаагүй, тамхи гуйсан билээ гэж хэлээд тамхийг нь авч татаж байсан гэдэг.

Энэ тухай бас нэгэн домгийн хувилбар байдаг. Ховдын амбанд хүргэгдэх болсон Жумагийг дөрвөн настай үхрийн арьс дэвтээж байгаад нойтноор нь биед нь ширлэж, хоёр тахараар харгалзуулан явуулсан байна. Явах замд хоёр тахараас “Бөөс хуурсандаа баригдаад ах нь хэцүү байна, ширийг минь суллаад Ховдод ойртох үед дахин ширлэж амбанд тушааж өгөөч” гэж гуйжээ. Тэгэхээр нь “Чи тийм сүрхий бөх юм бол зад татаад гараад ирэхгүй юу” гэж егөөджээ. Энэ үед тэрээр “Би төрийн хуулинд баригдаж яваа болохоос биш, дөнөн үхрийн арьсанд хүлэгдэж яваагүй байна” гээд нэг гүнзгий амьсгаа аваад арьсыг зад татан гараад ирж гэнэ. Ингээд нөгөө хоёр тахар “Утсын чинээн улаан амийг минь өршөө” гэж мөргөн гуйжээ. Тэгэхээр нь Жумаг “Юун ч тасарчихмаар хямдхан амь бэ, та хоёроос суллаад өг л гэж гуйсан болохоос, оролдох санаа ч алга” гээд хамт явсан хэмээдэг.

Жумаг баруун амбанд хүрэх замдаа ижилхэн гурван хар чулууг тулга хэлбэрээр байрлуулаад дээр нь саахалт орчмын газраас том цагаан чулуу өргөж ирээд тавьжээ. Энэ нь одоо Ховд аймгийн Булган сумын нэгдүгээр бригадын нутаг "Өмнө цөөгийн ам" гэдэг газарт бий.

Энэ чулуу нь диаметрээр 1м 10 см, өндөр нь 1м 20 см орчим, 2 ширмэн тогоог амсраар нь нийлүүлэн тавьсан юм шиг бөөрөнхий хэлбэрийн чулуу юм. Нутгийнхан энэ чулууг Жумагийн чулуу гэдэг.

Бүр тодруулбал Булган гол өгсөж явах замдаа Жумаг болон хоёр тахар “Өмнө цөөгийн ам”-нд хоол унд хийж идэцгээн, морьдоо идээшлүүлэн амрах зуур Жумаг “За би насаараа ганц бие явлаа. Үр хүүхэд ч алга. Нааш цааш Булган голыг өгсөж уруудсан торгууд, урианхай ард түмэн намайг үеийн үед дурсаж яваг” гэж хэлээд голын хөндийгөөс нэг том шаргал чулууг аргамжаар боож, хүзүүндээ уяад, нүдээ мориныхоо тохмоор татаж боолгоод хоёр гараараа чулууг давхар хаман барьж, толгод өгсөн тулгын гурван чулуун дээр авч ирж тавьжээ. Хэт хүнд зүйлийг хүч гарган өргөхөөр хүний нүд бүлтэрдэг гэдэг байсан тул хамгаалах зорилгоор ийнхүү морины тохмоор нүдээ чивчиртэл боож чулууг өргөсөн гэж нутгийн буурлууд хуучилдаг аж.

Ингэж явсаар Жумагийг Ховдын амбанд аваачихад гарыг нь гавлаж:

-Чи үнэхээрийн хүчтэй юм бол энэ гавыг эвд! Тэгвэл чамайг цаазаас өршөөе! гэхэд Жумаг гавтай гарынхаа завсраар өвдгөө оруулж байгаад хүчлэн жийхэд гав тас үсэрч хугархай нь гэрийн хананы толгойд тусахад хананы мод нь хугарч байжээ. Үүнийг үзээд амбан "За Жумаг чи үнэхээр хүчтэй юм. Үүнээс хойш харь газар битгий тэнэж бай. Миний албат хошуу нутагт ямар ч хэрэг хийсэн чамд цаазгүй" гэж зарлиг болгож дархлан тавьжээ. Энэ цагаас хойш Жумаг насан эцэс болтлоо төрсөн нутагтаа амьдарч байлаа. Жумаг одоогийн Баян˗Өлгий аймгийн хүн бөгөөд 1910 оны орчимд амьдарч байжээ.

ТОРОЙ БАНДИЙН ТУХАЙ ДОМГООС

Торой банди баяд ноёдоос авсан адуу малаа үгээгүй ядуу өнчин дорой ардад түгээн өгдөг байжээ. Торой банди нэг ядуу хүнд нэг морь өгсөн гэнэ. Тэгээд Торой бандийн хэлсэн нь "Энэ морийг ...газрын ...түшмэлийн адуунаас авсан юм шүү. Адуучин нь ирээд морио үзэж танивал Торойгоос худалдаж авсан буюу эсхүл Торой өгсөн гэж хэлээрэй! Хэрэв авч явбал нутаг ус, нэр овгийг сайн асууж мэдээрэй" гэж хэлээд явсан гэнэ ээ. Дараа нь хагас жил болоогүй, түшмэлийн адуучин нь ирээд морио үзэж таниад авч явсан гэнэ ээ. Тэр хүн Торойн хэлснээр нэр, овог, нутаг усыг нь мэдээд Торой бандид хэл хүргэжээ. Торой банди сонсоод өөрийн хань нөхдийн хамт тэр морины эзнийд очоод адуунаас нь шилж байгаад 10—20 адуу авсан гэнэ ээ.

Түүнээс хойш Торой банди «төрийн бөөс» гэж алдаршсан бөгөөд баяд, ноёд өөрийн адуу малаа үзэж таниад Торой өгсөн, эсхүл Торойгоос худалдаж авсан гэвэл авдаггүй болсон гэнэ ээ. Учир нь аяганы чинээ алтыг хайрлаж, авдрын чинээ алт гэхээс айгаад авахаа больсноос бус, өрөвдөн өршөөсөн биш ээ.

Торой банди, Хүрээний шоронгоос ардын тусламжтайгаар гараад Дариганга чиглэж мордсон гэнэ ээ. Түүний оргон зугтсаныг мэдээд арван тавны цагдаа хэмээн алдаршсан цэрэг Торойн хойноос нэхсэн гэнэ ээ. Торой банди баригдахгүй л гээд давхисан гэнэ ээ. Хойно өмнөө орж хөөцөлдсөөр байгаад Дариганга нутагт хүрчээ.

Торой банди Алтан овоо буюу Дарь овоонд нуугдах гэж бодсон бололтой. Тэр ууланд гарсан гэнэ ээ. Цагдаа нар ч мөн самбаатай эрс юм. Хэдийнээ мэдээд, Дарь овоог гурван талаас нь бүсэлжээ. Цагдаа нар бүслэлтийн аргад их мэргэжсэн бололтой. Дарь овооны өмнө тал нь эгц тул морьтой хүн бууж чадахгүйг мэдээд хойно, баруун, зүүн гурван талыг бүслээд уул өөд урагшилж гэнэ ээ.

Моринд сайн, арга самбаатай Торой, Дарь овооны өмнө зүг ажиг ч үгүй буугаад давхичихсан гэнэ ээ. Цагдаа нарын мэргэн арга Торойн аргыг дийлсэнгүйд уурласан бололтой уулан дээрээс ширүүхэн шиг буугаад бас л нэхэж гэнэ ээ. Нэхээд ч яах вэ дээ, Торой бараа сүүдэргүй торойгоод морилчихсон байжээ.

Алтан овоо буюу Дарь овооны өмнө зүг буусан замыг Даригангачууд Торойн зам гэж нэрлэжээ. Торойн зам гэвэл Даригангад мэдэхгүй хүн бараг байхгүй.

Торой банди бас нэг удаа арван тавны цагдаад хөөгдсөн гэнэ ээ. Торой банди цагдаа нараас зугтаасаар байгаад морь нь муудсан гэнэ ээ. Цагдаа нар ч гүйцэх ойртжээ. Гэтэл самбаатай сэргэлэн Торой банди их элсэнд ороод мориныхоо эмээлийг аваад морио чөдөрлөж тавиад үхэр сүргээс нэг үхэр барьж унаад дээлээ урвуулж өмсөөд71 цагдаагийн эсрэг явж гэнэ ээ.

Цагдаа Торойтой уулзаад «Торой аль зүг гарав» гэж асуусан гэнэ ээ. Торой хариуд нь: «Торой юм уу, хэн ч юм бүү мэд, ядруу морьтой нэг хүн урагшаа явж гарсан. Тэр гүдгэрийн араар саяхан орсон» гэж хэлээд зөрөөд явчихсан гэнэ ээ. Цагдаа нар одоо Торойг барих юм гээд л Торойн хажуугаар давхиж гарсан гэнэ. Торой банди, Цагдаа нарыг өнгөрүүлээд морио унаад өөр зүг зугтаж явсан гэнэ. Цагдаа нар өнөө хэлсэн тэр гүдгэрийг чиглээд давхиж л гэнэ.

Давхиж давхисаар өнөө гүдгэрт хүрэхэд юу ч алга. Ядахдаа мөр ч алга, мөр хайгаад нэлээд уджээ. Ер мөр байхгүй, цагдаа нар бүгдээрээ цуглаад жаахан амарсан гэнэ ээ. Гэтэл нэг цагдаа «Нааш ирсэн мөр алга байна. Лав тэр үхэр унасан хүн чинь Торой мөн байх аа, Торой их арга зальтай хүн гэдэг юм аа. Бас л арга хэрэглээд биднийг хуурсан байх аа» гэж хэлсэн гэнэ. Түүний үгийг цагдаа нар үнэмшээд буцаад ирцгээжээ. Урьдах газартаа ирээд үзэхэд үхрийн сүрэг л байна. Харин саяын уулзсан үхэрчин өвгөн маань алга, нар ч жаргалаа. Үхэрчин өвгөн ч алга, Торой ч алга, бас л алдсанаа сая мэджээ. Давхисаар, давхисаар ор мөргүй алдсан цагдаа нар гунигтайгаар буцацгаасан гэнэ ээ.

 

Торой банди нэг удаа Баяндэлгэрийн баруун биед хоёр сайн эр байдгийг дуулаад эрж сурч явсаар, Өндөр богдын уул хавьд нэг нүхнээс олжээ.

Торой, нүхэндээ байхад нь дээрээс нь орж очоод:

— За та хоёрт авч чадаагүй юм байдаг уу? гэж асуужээ. Тэгэхэд: Баруун хойно нэг баян тангадынхаас хурдан шарга морийг нь авч чаддаггүй юм. Энэ нүхнийхээ мухрыг үзээгүй байгаа. Ийм л хоёр юм чаддаггүй улс даа гэж хэлэв. Ингээд Торой банди тэр айлаас хурдан шарга морийг нь нийлж хулгайлахаар ярилцав.

— За тэр айлаас морийг нь авахаас өмнө нэг хонийг нь авч ирье! Та хоёрын нэг нь миний мориор яв. Миний морь хотных нь захад ороод л мөлхөөд явчихна. Тэгэхээр нь хоттой хониноос нь нэгийг дүүрч аваад гараарай! Харин чөх гэж хэлж болдоггүй юм шүү гэж захижээ. Нөгөө сайн эр хэлсэн ёсоор очиж нэг хонь шүүрч аваад дүүртэл нохой боорлож, сандрахдаа «чөх» гэтэл морь суга үсрэн хулгайч маань хонио тэврээд хотонд нь үлджээ.

Морь нь эмээлтэйгээ эзэндээ давхиад ирж. Торой банди ч нөгөөх маань хонио тэврээд хотонд нь үлдэж гэж мэдээд маргааш нь үлдсэн нөхрөөр нь баахан жижиг чулуу түүлгэж богцонд хийж ганзагалаад ноён хүний хувцас гаргаж өмсөөд баян тангадын руу бараалхжээ. Тэр айлынхан:

— За ноёнтон хаанаас хаа хүрч явна вэ? Манайд хулгай ороод барьж авсан л гэж байна гэнэ.

— Аа би эзний сангийн мөнгө хураагаад буцаж явна. Өнөө орой хөсгөөсөө салчихлаа. Энд саатна л гэж сууж.

— За тэгэлгүй яах вэ. Ноёнтонд хоол унд, орон байр гэж их л хөл болж байна гэнэ. «Ноён» (Торой):

— Тэр хулгайчаа илүү гэртээ манаа гаргаад сайн хадгалж бай. Миний юмыг ч гэсэн манаатай хүлээтэйгээр нь тэнд оруулчих гэж. Тэгээд мөнгөндөө ойр унтана гэж илүү гэрт ор дэр засуулжээ. Ноёнтон дэрэн дээр толгой тавингаа унтаж, хоёр манаа харсаар байгаад үүрээр дуг хийцгээжээ. Тэр хооронд нь Торой босож, нөгөө нөхрийнхөө хүлээг нь тайлж морио унуулаад богцтой чулуугаа тэгнүүлээд явуулчхаад өөрөө унтаж байсан чинь өглөө сүйд майд болжээ. «Ноёны морь алга. Мөнгө алга, хулгайч алга» гээд үймж байна гэнэ. Ноёнтон дээшилж:

— За эзний сангийн мөнгө алддаг ч зэвүүн хэрэг дээ. Мөн тоогүй юм болж дээ. Толгойгүй гэсэн үг. Надад нэг хурдан морь байвал арга байна санж гэж хэлжээ.

Тэгтэл «Ноёнтон минь аргалж үз! Аминд минь ор, манайх нэг хурдан шарга морь хадгалж байдаг юм. Түүнийг унаад яв! Амь өршөөхийг л та хичээгээрэй» гэж хэлээд Торой бандид баахан өргөл барьц өгч хурдан шарга морио унуулаад явуулсан гэдэг юм.

 

БАЙНГЫН ДОМОГ

Булган аймгийн Орхон сумын нутгаар Байнга хэмээх шилийн сайн эр байсан тухай олон янзын домог яригддаг. Энэ сумын нутагт Байнгын нэрээр нэрлэгдсэн «Байнгын хөх өндөр» хэмээх уул ч байдаг аж.

Байнга говь руу нэг удаа явж байтал өглөө эрт хэсэг адуу тааралджээ. Тэрхүү адууг нэг шарга гүү тойроод байжээ. Түүнийг харж байтал босоогоороо унагалаад унага нь мөн босоогоороо тусаад тэр дороо эхийгээ дагаад давхин явсан гэдэг. Байнга түүнийг хөөж барьж аваад сүүлний угийг хут гаар ярж, хүрмийнхээ суганы цоохор товчийг хийж хялгасаар боон тавьжээ. Тэр шарга унагыг үе үе эргэж очиж үздэг байсан бөгөөд тэр нь даага, шүдлэндээ сайн морь болох шинж мэдэгдэж байжээ.

Ингээд дөрвөн жилийн дараа соёолонд нь авахаар очиход адуундаа байгаагүй ба нэгэн айлын уяан дээр байхад нь олж таниад эзэнтэй нь уулзаж эс өгөхөөр нь яам тамгаар заргалдаж гэнэ. Тамгын түшмэл шарга морийг эзнээс нь ямар тэмдэгтэйг асуухад

— Гоц тэмдэг байхгүй, угаасаа л миний унаган морь гэжээ. Байнгаас асуухад:

— Унаганд нь уяж байхад сүүлний нь угт хорголон чинээ бөөрөнхий юм тэмтрэгддэг байсан юм. Бодвол одоо хэвээрээ байх гэж бодож байна гэснээр шалгаж үзвэл үнэхээр тийм тэмдэгтэй байжээ. Ингээд шарга морь Байнгых болсон гэдэг.

 

Байнгын дотнын нөхөр Батгүнд хоригджээ. Түүнийг суллаж авахаар Байнга Вангийн хүрээнээс хурдан шаргаараа өдөртөө орж ирсэн гэдэг. Шоронгийн хуяг галт хар үнэг олж өгвөл нөхрийг чинь сэм суллаж тавия гэжээ. Байнга хүрээний пүүсүүдээр эрэн явж байтал нэг пүүст ганц галт хар үнэгний арьс байхыг хараад лангуунд нь морьтойгоо ойртон очиж тэр үнэгний арьсыг үзүүлээч гэхэд:

-Ай үзэж болно шүү. Мориноосоо бууваа гэж данжаад өгүүлэхэд Байнга:

-Түм түжигнэж бум бужигнасан гэгээн цагаан өдөр яагаадхав гэж хэлээд май энэ цулбуур барьж бай гэж мориныхоо цулбуурыг шидэж бариулаад галт харын арьсыг үзэхээр авмагц гэнэт ташуур өгч ухасхийхэд Данжаадын гарт цавуугаар наалттай байсан цулбуурын тасархай үлджээ. Ингээд болзсон шөнөө шоронгийн хуягт вааданд боосон хар муурын арьс гардуулж нөхрөө суллаад, маргааш нь Вангийн хүрээн дээр галт хар үнэгээ ноёнд барьж хэргээс мултрах өршөөл олсон гэдэг.

 

Вангийн хүрээнээс пүүсийн данжаадууд явахдаа урьд нь ван ноёны хүссэн Си Сань лю бууг өгөлгүй аваад явжээ. Ван ноён энэ тухай Байнгад хэлэхэд тэр бууг тань би авчирч өгье хэмээн амлажээ. Ван ноён

-Чамд юу хэрэгтэй байна гэж лавлахад:

-Надад ботготой ингэнээс өөр юу ч хэрэггүй гэснээр ботготой ингийг авчруулав. Байнга ботгыг орхиод эхийг унаж жинчдийн араас явжээ. Хэд хоногийн дараа гүйцэн очиж,

-Би ар гөрөөчний их ламтанд мөргөөд говь руугаа буцаж явна. Түшигтэй түншүүдийг бараадан явах завшаан тохиолдсон нь аз боллоо гээд хамт явжээ. Байнга майхны үүдэнд ингэнийхээ хүзүүн дор унтдаг байсан бөгөөд данжаадын бууг ажиглаж явсаар нэгэн шөнө гэнэдүүлэн авч ингэнийхээ хүзүүнээс уяад тавьжээ.

Өглөө худлаа хурхирч байхад данжаад буугаа алдаж, чиний тэмээ байхгүй болжээ гэх чимээгээр сэрж учир зүггүй харамсан гасалж нэг тэмээ гаргуулж аваад явсан гэдэг.

 

"Торой бандийн тухай" УБ., 1958 ном

МААЗДБ., 1978 он

X.Сампилдэндэв "МОНГОЛ ДОМОГ"

БНМАУ˗ЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АКАДЕМИЙН ХЭЛ ЗОХИОЛЫН ХҮРЭЭЛЭН УБ, 1984 он

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]