Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Фюрерийн хайртай нохойУншсан7,002

рейхсфюрер иймэрхүү зураг, бичлэгт тун таагүй ханддаг байсныг нь хувийн амьдралаа ил гаргах дургүйтэй холбон тайлбарладаг ч зарим мэдээгээр үүнд улс төрийн шалтгаан байсан гэсэн таамаг бий.

Гитлерт ойрын найз нөхөд гэсэн хүн байгаагүй гэдэг. Гэхдээ нацистын Германы удирдагч нохойд их хайртай хүн байсан бөгөөд өөрийн хайртай Блонди овчарктаа бараг л Ева Браунаас дутахгүй дотно байсан тухай элдэв яриа бий. Хоноц хоноцдоо дургүй гэгчээр Гитлерийн эхнэр Ева хэдийгээр нохойд хайртай, өөрөө хэд хэдэн нохойтой боловч Блондид дургүй, Гитлерийн унтлагын өрөөнд хүртэл унтах эрхтэй энэ нохойг нь өшиглөн хөөдөг байсан гэж Гитлерийн нарийн бичиг Траудль Юнге дурссан байдаг.

Сахалтай нөхрийг таньж байгаа биз? Фуч өмнө нь хэвтэж байна.
 

Гитлер анх Фуч хэмээх нэртэй фокстерьер нохойтой байсан ба дэлхийн 1-р дайны үеэр байлдагч Адольф  маань энэ нохойгоо хаа явсан газраа дагуулж явдаг байгаад нэгэн тохиолдлоор нохой нь төөрсөн байна. Магадгүй өнөөх тулалдаанд шархдаад муугаа үзэж явахад нь Британийн цэрэг Тэнди буудалгүй өрөвдөн өнгөрөөсөн тэр алдартай үед ч нохойгоосоо салсан байж болох. Нохойгоосоо салан сэтгэл санаагаар гутарч байсан түүнд 1921 онд “Принц“ буюу хаан хүү хэмээх нэртэй овчарк бэлгэлжээ. Гэтэл бүтэлгүй зураач, хуучин цэрэг, ядуу эрд тэрхүү “хан хүүг” тэжээх байтугай өөрийгөө өл хоолтой байлгахад хэцүү цаг ирсэн байлаа.

Аргагүйн эрхэнд энэ нохойгоо бусдад өгсөн боловч удалгүй нохой нь түүнд буцан гүйж ирсэн байна. Энэ цагаас хойш Гитлер нь овчарк, тэр тусмаа немц овчаркын үүлдрийн нохойг маш их үнэлдэг болсон гэсэн дурсамжууд бий.

1941 онд рейхсминистр Борман Гитлерт нэгэн овчарк бэлэглэсэн бөгөөд түүндээ “Блонди” гэдэг нэр хайрлалаа. Гитлерийн нохойн тухай ярихад чухам энэ нохойг их ярьдаг бөгөөд бараг л уншиж чаддаг шахам байсан гэх домог яриа хүртэл бий. Ямар ч байсан маш сайн сурцтай, ухаалаг энэ нохойд Гитлер ухаангүй хайртай байсан ба Ева Брауныг тооцохгүй бол чухам энэ нохойтой цуг байхдаа Гитлер үнэн сэтгэлийн үгээ ярин суудаг байсан гэдэг. Гитлер өөрөө энэ нохойгоо өглөө салхинд авч гардаг, ийм үеийг нь бичсэн кино бичлэг бий. Энэ бичлэгийг хийх гэж Гитлерийн хувийн зурагчин Генрих Гофман ихээхэн хүч чадал гаргасан ба рейхсфюрер иймэрхүү зураг, бичлэгт тун таагүй ханддаг байсныг нь хувийн амьдралаа ил гаргах дургүйтэй холбон тайлбарладаг ч зарим мэдээгээр үүнд улс төрийн шалтгаан байсан гэсэн таамаг бий. Учир нь Блонди бол цэвэр немц овчарк биш харин Дорнод Европын овчаркны шинж тэмдэг нэлээд ихтэй нохой байсан бололтой. Магадгүй энэ бичлэгт гардаг нохой нь Блонди биш байж болох ба Гитлерийн гэрийн үйлчлэгч фрау Шредерийн ярьснаар бол “Германы удирдагч хүн зөвхөн герман нохойтой л олны өмнө гарах ёстой” гэж фюрер хэлээд өөрийн хэдэн нохой дундаас Блондитой цуг өсөж байсан Белла хэмээх эм немц овчаркыг дагуулан гарч зургаа авахуулсан байна.

Гитлерийн хайртай Блонди нохой үхэн үхтлээ эзэндээ үйлчилсэн бөгөөд Зөвлөлтийн арми Берлин хотын дотор орж ирэн сүүлийн тулалдаанууд болж байх үед нь Гитлер өөрийн амийг авах ёстой хорыг Блондидоо уулгаж туршсан байна. Блондиг үхсэний дараа Евагийн терьеруудыг мөн хордуулаад дараа нь өөрсдөө...

Яагаад ч юм дэлхийн том улс төрчдийн гэрийн амьтныг хүмүүс болон сэтгүүлчид их сонирхдог. Магадгүй энэ амьтдаар дамжуулан тухайн хүн, түүний үйл хэргийг таних гэдэг байж болох юм. Эсвэл тэдгээр амьтад нь өөрсдөө улс төрийн бас нэг зэвсэг, тоглоомын хэсэг байдаг бололтой. Жишээ нь Германы канцлер Меркел Орос улсад айлчлах үед Путины хар лабрадор уулзалтын өрөөнд орж ирсэн явдал бий. Гэтэл Фрау Меркел нохойноос үхтлээ айдаг нэгэн байсан гэдэг. Хэдийгээр лабрадор хамгийн зөөлөн ааш зантай, сайхан нохой боловч нохойноос айдаг хүний урдуур танихгүй нохой явахад хэнд ч сайхан байхгүй нь лав. Тэр тусмаа Меркел нохойноос айдаг гэдгийг хуучин КГБ-ийн ажилтан мэдэж л байсан байж таараа.  Чухам ингэж Путин улс төрийн зорилгоор, сүрдүүлэх, дарамтлах гэж  нохой ашигласан гэж Германы олон хэвлэл мэдээлэл тэр үед бичсэн байдаг бөгөөд энэ явдлаас хойш Меркел Путинтай тун хүйтэн харьцах болсон гэсэн зарим судлаачдын дүгнэлт бий. Үнэн ч юм уу худал ч юм уу хэн мэдлээ.

P.S.

Гитлертэй холбоотой бас нэг амьтан байдаг нь гахай. Муу, муухай юм болгоны дүрээр гардаг энэ амьтан Гитлер хоёрын хооронд шууд ямар нэг харилцаа үгүй.

Дэлхийн 2-рдайны үед Британчууд нэгэн оюун ухааны бодлого хэмээх сурталчилгааны материал гаргасан ба энэ бодлого нь “5 дахь гахайг олох” гэсэн нэртэй байв.  Зураг дээр 4 гахай байх бөгөөд  толгойгоо ашиглаж 5 дахь гахайг олох хэрэгтэй. Тухайн цагтаа маш алдаршиж байсан тоглоом бөгөөд цаашид олон оронд өөр хувилбараар тархсан байна..

Бодлого болон бодлогын хариулт нь энэ.

Бодлогын өгөгдөхүүн
Бодлогын хариулт
Нийтлэлч Чалчаа саарал
Сэтгэгдэл бичихийг түдгэлзүүлсэн байна
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]