Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Үлэг гүрвэлийн орон Нэмэгт уулнаас гарсан дахин нэг олдвор судлаачдыг шуугиулж байнаУншсан11,405

Энэ төрөл зүйл нь шүдгүй, тухайн цаг үеийн бичил биетэн, ургамлаар хооллодог боловч Нэмэгтээс олдсон жижиг шувууны хэмжээтэй Гобираптор гүрвэл нь маш нягт, хатуу эрүүний ясаараа бусад төрлөөс онцгойрон ялгарч байгаа гэнэ.

Өмнөговь аймгийн Нэмэгт уулын орчмоос Овираптозавр буюу орчин цагийн шувуутай төстэй үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл олж илрүүлсэн талаар хоёрдугаар сарын 6-ны өдөр Өмнөд Солонгосын шинжлэх ухааны “Plos One” сэтгүүлд мэдээлжээ. Улмаар Sci-fi, Evrika Alert шуугиант мэдээллийг уншигчдадаа уламжилсан байна. Энэхүү шинэ төрөл зүйлийн олдворыг Gobi raptor (Говь раптор) буюу “Gobiraptor minutus” гэж нэрлэсэн бөгөөд судалгааны ажлыг Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн Палеонтологийн тэнхим хийж буй юм байна. Энэ гүрвэлийн олдвор нь 80-70 сая жилийн өмнө буюу Цэрдийн галвын үед амьдарч байсан үлэг гүрвэлийнх бөгөөд Ази, Умард Америкт тархан амьдарч байсан Овирапторозавр хэмээх өдлөг, шувуу хэлбэрийн үлэг гүрвэлүүдийн ангилалд багтах шинэ төрөл зүйл аж.

Энэ төрөл зүйл нь шүдгүй, тухайн цаг үеийн бичил биетэн, ургамлаар хооллодог боловч Нэмэгтээс олдсон жижиг шувууны хэмжээтэй Гобираптор гүрвэл нь маш нягт, хатуу эрүүний ясаараа бусад төрлөөс онцгойрон ялгарч байгаа гэнэ. Энэ нь түүнийг ургамлын үр, амьтны өндөг, хатуу ясан бүрхүүлтэй эртний нялцгай биетнүүдээр хооллодог гэсэн дүгнэлтэд хүргэсэн байна. Өөрөөр хэлбэл хагалж, буталж хэрэглэдэг хоол хүнс гол тэжээл нь байжээ.

 

Гобирапторын энэхүү өвөрмөц идэш тэжээлийн “стратеги” нь түүнийг бусад төрөл зүйлээсээ ялгарч, эволюцийн явцад шалгарч үлдэх боломжийг олгосон гэж эрдэмтэд дүгнэсэн байна. Нэмэгт уулнаас олдсон бүрэн биш араг ясыг шинжлээд уг олдвор нь залуу үлэг гүрвэлийнх байсныг тогтоожээ. Нас бие гүйцээгүй үлэг гүрвэлийн олдворыг андуурч өөр төрөл зүйлд ангилах явдал шинжлэх ухаанд түгээмэл байдаг. Харин энэ удаа эрдэмтэд Гобираптор минутусыг гарцаагүй шинэ төрөл зүйл гэж үзэж байгаа ажээ.

Олдворыг Монголын Палеонтологи, Геологийн хүрээлэн, Хятадын Геологийн Хүрээлэн, Кэйп Тауны их сургууль, Сөүлийн Үндэсний их сургуулийн эрдэмтэд хамтран судлаад цоо шинэ төрөл зүйл болохыг нь тогтоожээ.

Энэ дашрамд Говь раптор олдсон Нэмэгт уул, Нэмэгтийн их хонгилын талаар уншигчдадаа сонирхуулья.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас хойш 60 км, аймгийн төвөөс 320 км зайд орших, Өмнөговь аймгийн есөн гайхамшигийн нэг, аймгийн нутаг дэвсгэрийн баруун хэсгийн хамгийн өндөр уулсын нэг Нэмэгт уул нь далайн түвшнээс дээш 2769 м өргөгдсөн. Нэмэгт уулын ургамлын бүрхэвч нь өвөрмөц. Ялангуяа Нэмэгтийн арын ургамлууд нь харьцангуй том, өсөлт хөгжилт сайтай харагддаг. Нэмэгтэд говийн чимэг болсон амьтад аргаль, янгир, цоохор ирвэс зэрэг зэрлэг ан амьтан бий. Нэмэгт уул нь цоохор ирвэсийн байнга нутагладаг газар болохоос гадна Гилбэнт, Сэврэйн уулсад дамжин явах нүүдлийн гол зам болдог.

 Баянзагтай адил улаан шаварлаг хурдсуудаас тогтсон, уулархаг учраас нэн сүрлэг өвөрмөц дүр төрхтэй байдаг.  Нэмэгт уул, Алтан уул, Төгрөгийн ширээ, Ухаа толгод, Хэрмэн цав зэрэг газрууд нь үлэг гүрвэлийн олдвороор дэлхийн палеонтологийн салбарт танигдсан газрууд төдийгүй олон улсын шинжилгээний ангиуд байнга судалгаа хийж байдаг билээ. Нэмэгт уулын тэгш өндөрлөг дээрээс эцэс төгсгөлгүй үргэлжлэх олон хавцлыг харах боломжтой. Нэмэгт уулын гол хавцал нь гурав салаалдаг бөгөөд тэнд очиход ер бусын үлгэр домгийн ертөнцөд очсон мэт санагддаг. Он цагийн аясаар элэгдсэн хананууд нь янз бүрийн цонх, тагттай байшинг санагдуулахаар харагдана.

Нэмэгт уулын өвөрт олон зууны турш байгаль цаг уурын янз бүрийн өөрчлөлт, эвдрэлд орсон их хонгилууд байх бөгөөд эндээс 1946 онд Оросын нэрт зохиолч, эрдэмтэн, судлаач И.А.Ефремовын удирдсан Орос-Монголын хамтарсан судалгааны анги ирж анхны, хамгийн том, дөрвөн хөлт, өвсөн тэжээлт 30 метр үлэг гүрвэлийг олж Нэмэгт уулын нэрийг оролцуулан Нэмэгтзаурус (Nemegtosaurus) хэмээн нэрлэжээ. Нэмэгтзаурус нь Дунд төрмөлийн эринд одоогоос 250 сая жилийн өмнө амьдарч байсан өвсөн тэжээлт Зауроподын төрөл ажээ. Энэхүү олдвороос хойш Монгол, Орос, Польшийн олон удаагийн экспедицүүд энэ орчинд ажиллаж эртний амьтан ургамал, үлэг гүрвэлийн маш олон олдворуудыг нээн илрүүлсэн нь эдүгээ Орос, Европын болон  Монголын байгалийн түүхийн музейнүүдэд хадгалагдаж байна.

1993 оноос хойш, 1920-иод оны дундуур Монголын говьд хэд хэдэн удаа ирж үлэг гүрвэлийн томоохон нээлтүүдийг хийж байсан Америкийн байгалийн түүхийн музей, Палеонтологийн хүрээлэнгийн захирал М.Новачекээр удирдуулсан судалгааны анги ирж судалгаа явуулах болсон. Тэд Нэмэгтээс зүүн тийш 30 орчим км зайд орших Гурвантэс, Сэврэй сумын нутгийн зааг Ухаа толгодоос олон сонирхолтой олдворыг олсны нэг нь үүрэн дэх өндгөө даран суусан Овираптор (Oviraptor) хэмээх өнөөгийн шувууны өвөг дээдэс болох гүрвэлийн хэд хэдэн олдвор олжээ.

1923 онд Рой Чепмэн Эндрюсийн шинжилгээний анги Өмнөговь аймгийн Булган сумын нутаг Баянзагаас Овирапторийн анхны олдворыг Протоцератопс (Protoseratops)-ийн үүрний хажуугаас олж түүнд “өндөгний хулгайч” хэмээх нэр өгсөн ажээ. Тэр цагаас хойш палеонтологийн шинжлэх ухаанд 70 жил “өндөгний хулгайч” нэртэй явсан Овирапторын нэр өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа юм.

2012 онд Америкийн Нью-Йоркийн “Херитейж Аукшин” дуудлага худалдааны төвд Монголын говиос хууль бусаар гарсан байсан Тринозавр Батаар (Tyrannosaurus Bataar) гүрвэлийг худалдаалах гэж байсан нь шуугиан дэгдээсэн бөгөөд тэрхүү олдвор нь Нэмэгтийн хөндийгөөс олдсон болох нь батлагдаж дуудлага худалдааг цуцалсан юм. Улмаар энэхүү үлэг гүрвэлийн олдворыг Монголд шилжүүлэн өгсөн билээ. Энэхүү Тринозавр Батаар гүрвэлийг Канадын иргэн, Альбертийн их сургуулийн доктор профессор, палеонтологич Филипп Кари, (Монголд олон удаа ирж Нэмэгтийн орчинд судалгаа хийж байсан бөгөөд Монголчууд түүнийг Фил гэж дууддаг) түүний эхнэр Эва Копелус, Америкийн Байгалийн түүхийн музейн палеонтологич М.Норрел, Монголын талаас палеонтологич М.Болорцэцэг нар судлан үзээд Монгол орноос тэр дундаа Өмнөговь аймгийн Нэмэгтийн хөндийгөөс авсан байна гэдгийг хөдөлгөөнгүй тогтоожээ. Харин “Батаар” гэсэн нэр нь Монгол хэлний “баатар” гэсэн үг болохыг Монголын нэрт палеонтологич, доктор Р.Барсболд нотолсон байдаг.

Нэмэгтийн хөндийд болон ууланд говийн унаган мод заг ургадаггүй бөгөөд ургамалжилт бараг байхгүй гэж хэлж болно. Тэнд үлэг мэдэг манан татсан байх нь харагдах бөгөөд энэ нь борооных биш тоосонцрын манан ажээ. Яах аргагүй их говийн гүнд очсон мэт санагдана.

 

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]