Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Амьтан хүн юу гэх вэ, та намайг амлаад байхдаа яадаг юм"Уншсан109,789

1957 оны улсын наадамд хорьтойдоо анх удаа зодоглож гурав даваад байтал дөрвийн даваанд аав минь намайг амладаг байгаа.

Сан.Пүрэв гуайн Монгол Улсын арслан Ө.Эрдэнэ-Очир гуайн тухай гайхалтай дурсамж нийтлэл, ярилцлагыг хүргэж байна.

Ард түмнийхээ дунд домог болж алдаршсан хүчит бөхчүүдийн нэг нь бярт арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очир бөлгөө. Би бээр улсын арслан Л.Сосорбарамтай бөхийн тухай ярьж сууснаа, “Таны үеийнхнээс хамгийн хүчтэй нь улсын арслан Ө. Эрдэнэ-Очир гэдэг байх аа” гэж асуухуйд,

-Тэгэлгүй яах вэ. Цаадах чинь ойгүй бяртай амьтан шүү дээ. Ж.Мөнхбат бид мэт нь бяраар түүнээс дутуу ч гэсэн мань эрээс илүү хурдтай барилддаг байсан тулдаа Ө.Эрдэнэ-Очирт хав бариулалгүй бужигнуулж байж, хийг нь тааруулж хаядаг байлаа. Түүнээс биш хав бариулчих юм бол өнгөрөх нь тэр.

Ө.Эрдэнэ-Очирын бяр тэнхээг мань мэттэй зүйрлэх юм биш. Түүний гайхамшигтай бяр тэнхээний тухай чамд гуравхан бодит баримт хэлье. Монгол Улсад авто тээвэр үүсч хөгжсөний 50 жилийн ой ойртоод ирэхэд бааз нь Д.Долгорсүрэн зааныг ажлаас нь чөлөөлж, бэлтгэлд гаргасан хэрнээ адилхан жолооч Ө.Эрдэнэ-Очирыг харьж яваа хүн наадамд түрүүлж чадахгүй гэж бодсон ч юм уу ажлаас нь чөлөөлж бэлтгэлд гаргаагүй юм билээ.

Тэр үед Д.Долгорсүрэн заан цэл залуу бяр нь амтагдаж, ид барилдаж байсан үе. Адилхан жолооч хоёр бөхийг ялгасанд Ө.Эрдэнэ-Очирын дургүй хүрч залуу зааныг хаяж, баазынхаа дарга нарт ямар шүү бөх гэдгээ харуулья гэж дотроо шаралхаж явсан юм шиг байгаа юм. Ойн баяр наадам болж тэрбээр Д.Долгорсүрэнтэй үзүүрт үлдлээ дээ. Нутгийн юм болохоор давчихаасай гэж бодоод дээлийнх нь захыг мушгиж суулаа.

Тэгсэн юу болсон гэж санана аа. Ө.Эрдэнэ-Очир хав барьцнаас давуулж гуядахдаа Д.Долгорсүрэнгийн шуудагны гадар, дотрыг ширээстэй нь өм татаж гартаа атгаад хоцорсон байж билээ. Олон эгнээ ширээстэй зодгийг өм цөм тасдах нь бүү хэл даавууны ам цуулах амаргүй шүү дээ. Ө.Эрдэнэ-Очир арслан харьж явахдаа идэрхэн хүчтэй заан Д.Долгорсүрэнг тэгж хаясныг нүдээрээ хараагүй бол итгэхийн аргагүй юм болсон.

Цаадах чинь номхон дөлгөөн мөртлөө бас чиг аатай золиг шүү. Өөрт нь аятайхан хэлэлгүй амлачихвал шаралхаад хэмхчээд хаячих шахдаг юм. Шөвгийн наймд юм уу дөрөвт үлдсэн үед нь цолны эрэмбээр Ж.Мөнхбат амлахад шаралхаад сүрхий ууртай амьтан гарна л даа. Ж.Мөнхбат аварга түүнийг амлачихаад гарсан хойноо засуулынхаа араар нуугдчихна.

Ө.Эрдэнэ-Очир засуулынхаа дэргэд хэсэг зогссоноо дорхноо тайвшраад хор шар нь алга болчихно. Тэр үед нь Ж.Мөнхбат эвтэйхэн хөдөлгөж байгаад хаячихдаг байлаа. Спортын ордон анх ашиглалтад ороход ордны нээлтэд зориулсан барилдаан болж, тэр үеийн сайн бөхчүүдийн ихэнх зодоглов оо. Тэгэхэд Ө.Эрдэнэ-Очир даян аварга С.Цэрэнг давуулаад гуядчихлаа. С.Цэрэн орилж чарлаад сүйд боллоо.

Гүйж очоод харсан чинь ойчихдоо сарвуугаараа газар тулж унасан бололтой гарынх нь дөрвөн хуруу ар дээрээ эргээд наалдчихсан байж билээ. Бөхийн цэц сандарч С.Цэрэнг нэгдүгээр эмнэлэгт аваачиж дөрвөн хурууг нь оруулж, оёдол тавьж боож өгсөн юм. С.Цэрэн аварга лут бяртай хүн хэрнээ Ө.Эрдэнэ-Очирт тэгж айхтар унаж, гараа бэртээж байсныг би нүдээрээ үзсэн юм.

1960-аад онд Ө.Эрдэнэ-Очир чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин, хүнд жингийн бөх байлаа. Намайг чөлөөтөөр барилд гэж манай Хөдөө аж ахуйн дээд сургуулийн биеийн тамирын тэнхмийн эрхлэгч гавьяат багш Ишдорж шаардсаар байгаад түүнтэй барилдуулдаг юм байна. Ө.Эрдэнэ-Очир намайг давуулаад шидэхэд нь мост хийж унах гэж байж хүзүүндээ юм оруулчихаад олон хоног зовж зүгээр болгож билээ.

Ямар азаар тэр их хүчтэн хүзүүг минь хугалчихаагүй юм бэ гэж одоо болтол бодож явдаг юм. Ө.Эрдэнэ-Очир ер бусын бяртай бөх төдийгүй тун чиг гүндүүгүй, илүү дутуу зангүй, хор шар, атаа жөтөөгүй, тусч сайхан сэтгэлтэй жинхэнэ эр хүн. Миний үеийн бөхчүүдээс Ө.Эрдэнэ-Очир, Ж.Чойжилсүрэн арслан хоёр эр хүний нүнжгээр толгой цохидог сайхан хүмүүс байв.

Харамсалтай нь миний дотнын анд Чойжилсүрэн арслан маань хэдэн жилийн өмнө бурхны оронд заларчихлаа хэмээн улсын арслан Л.Сосорбарам харамсан өгүүлж билээ.

Үнэн хүчит арслан Өлзийсайханы Эрдэнэ-Очиртой хийсэн ярилцлагаа уншигч нартаа толилуулсу.

-Та олон үе дамжсан удамтай алдарт бөх. Таны аавыг (Улсын арслан Х.Өлзийсайхан) улсын арслан цолтой асар их бяртай бөх байсныг ахмад үеийнхэн, бөхийн хорхойтнууд андахгүй. Халхад гайхуулсан их хүчтэн дээд өвгийнхөө тухай ярихгүй юу?

-Тийм шүү. Би олон үе дамжсан удамтай бөх. Гэхдээ миний хүч чадал дээд үеийнхээ бөхчүүдийн хаана нь ч хүрэхгүй бололтой юм билээ. Манай өвөө даншгийн арслан Хас-Очир гэж их бяртай хүн байсан гэдэг. Түүний аав Саманд бас л даншгийн арслан байж. Түүний аав Бат-Очир, Бат-Очирын аав Дашдоной нар долоон хошуу даншиг наадмын аварга цолтой сайн бөхчүүд байсан юм билээ. Би тэдний зургаа дахь үеийн бөх. Би бөх удам, бөх эгэл заяандаа баярлаж, бахархаж явдаг.

-Та хэдэн настайдаа анх ямар наадамд барилдаж түрүүлэв дээ?

-Би Төв аймгийн Баянзүрх сумын нутаг Төрхурхын ам гэдэг газар төрж өссөн болохоор Төв аймаг гэж явдаг юм. Манай аав, ээж хоёул Дорнод аймгийн Халх гол сумын уугуул иргэд. Аав минь идэр залуудаа Төв аймгийн Баянзүрх суманд суурьшиж, улсын наадамд олон жил барилдаж, улсын нааадамд хоёр удаа үзүүрлэн, улсын арслан цол хүртсэн хүн. Намайг арван тавтай байхад 1951 оны зун манай долдугаар багийн наадам болов оо. Наадам үзэх гээд очтол багийн дарга монхор Даваа гуай барилд гэж загнасаар байж барилдууллаа. Би дээлтэйгээ барилдсаар байгаад түрүүлчихлээ. Тэр үед бараа таваар ховрыг хэлэх үү байнд авсан дугуй булантай цай, даалимба, дүнсэн тамхиа авчирч өгөхөд ээж минь их баярлаж байж билээ.

-Аав тань жар шахам насандаа улсын наадамд таныг амлаж, бууж өгч начин болгосон гэдэг явган яриа байдаг. Үнэний хувьтай юу?

-1957 оны улсын наадамд хорьтойдоо анх удаа зодоглож гурав даваад байтал дөрвийн даваанд аав минь намайг амладаг байгаа. Амьтан хүн ч юу гэх юм билээ. Та намайг амлаад байхдаа яадаг юм бэ. Би унавал унана л биз. Ичмээр юм гэж уурлахад "бие амар нэг даваа ахиг л гэж бодсон юм" гэхээр нь сэнжигнээс нь барьж дугтрангуут сөхрөөд суучихсан юм.

Тавын даваанд Өвөрхангай аймгийн харьяат Дашням гэдэг цэрэгтэй тунаж, түүнийг давж улсын начин болсон. Намайг тав давмагц Ц.Бадамсэрээжид гуай аавтай уулзаж хүү чинь начин болчихлоо. Би зургаагийн даваанд амлана байгаа гэхэд тэг, тэг амлалгүй яах вэ гэж л дээ. Тэгээд зургаагийн даваанд Бадамсэрээжид гуай алдарт сээрэн дунгуйгаа хийж намайг амархаан хаячихаад туг тойрч билээ.

Намайг тусгай хороонд цэргийн алба хааж байхад аавын хүсэлтээр Ц.Бадамсэрээжид арслан надад гурван жил мэх зааж, барилдах дөртэй болгосон багш минь юм шүү дээ. Нэг сонин юм яръя. Аав маань нас ахисан хойноо тав давчихаад ид барилдаж байсан идэрхэн арслан Ц.Бадамсэрээжид гуайг зургаагийн даваанд амлаж л дээ. "Өвгөн арслан надад бууж өгөх гэж амласан юм болов уу, үнэхээр хүч үзье гэж санасан юмсан уу" гэж Ц.Бадамсэрээжид гуай бодоод “Та надтай хүчээ үзэх юм байгаа биз дээ. Аль эсвэл бууж өгөх гэж амласан юм уу” гэж асуухад “Намайг бууж өгнө гэж бүү горьд. Үнэн хүчээ үзэх л гэж чамайг амлахгүй юу“ гэж аав хээв нэг хэлээд Ц.Бадамсэрээжид гуайтай үнэн хүчээ шавхаж барилдаад дийлэлгүй уначихаад “Чи аргагүй сайн бөх юм даа. Сайн барилдаарай” гээд үнсэж байсан гэдэг юм.

Баянмөнх аварга, Цэрэн аварга нар

-Таныг ид барилдаж байхад хамгийн хүчтэй өрсөлдөгчид ямар бөхчүүд байв даа?

-Хоёр Мөнхөөс эхлээд Л.Сосорбарам, Ж.Чойжилсүрэн, С.Цэрэн, Г.Дэмүүл, тэмээ өргөдөг Б.Жамъяндорж, Д.Жамц гээд хэцүү өрсөлдөгч олон байлаа. Миний үед хүч чадал, нас биеэр ойролцоо айхтар уран барилдаантай 30 гаруй шижгэнэсэн залуу сайн бөхчүүд ид хавтай, иртэй сайхан барилдаж байлаа. Тэднийг давж улсын том цолонд хүрнэ гэдэг айхтар хатуу даваа, барж идэхгүй боорцог.

Би тавын даваанаас дээш дандаа тунаж барилддаг үйлийн лайтай амьтан байлаа. Би улсын наадамд Х.Баянмөнх аваргатай зургаан удаа тунаж ганц давж, тав унасан юмдаг. Х.Баянмөнх ясны сайн бөх тулдаа Сосорбарам, Дэмүүл мань мэтээс хол тасарч дархан аварга болсон юм. Ж.Мөнхбат аваргатай хоёр тунаж унасан. Заалны барилдаанд тэр хоёрыг бишгүй хаядаг байсан ч улсын наадамд бардаггүй байлаа.

Улсын наадмын барилдаан заалныхаас шал өөр, бөхчүүд бүх хүч чадал, уран мэхээ уралдуулж барилддаг юм шүү дээ. Аваргууд арай дөмгөөс нь бэргээд амлахгүй болохоор сайн бөхчүүд хоорондоо тунаж, бие биеэ хяргадаг байлаа шүү дээ. Ах нь залуудаа сайн бөхчүүдийг хяргаж, бас хяргуулж явлаа. Тэр үед начны найраа, бууж өгөх энээ тэрээ гэж юм байсан биш чин шударгаар барилдаж дийлвэл давдаг, дийлэхгүй бол унадаг байв даа.

Одоо бодоход тавын даваанд начин горьдсон олон залуу бөхийг амлан хаяж голыг нь харлуулж явсан байгаа юм. Би нас ахисан хойноо Булганы Лхагвасүрэн, Увсын Нэгдэл, Өвөрхангайн Батмөнх нарыг тавын даваанд амлаж, начин болгосон юм. Түүнээс биш начны найраанд оролцох, бууж өгөх гэдгийг мэддэггүй байлаа.

Шигтгээ:

Үүнийг тэрлэгч би бээр 1964 оны зун Налайх хотын наадамд аймгийн заан цолтой барилдаж, гурвын даваанд улсын заан (Тэр үед арслан болоогүй байсан) Ө.Эрдэнэ-Очирт амлуулж хүч үзэж билээ. Тэр их хүчтэнийг хаячих санаатай зэгсэн удаан ноцолдож, хаяж ч чадахгүй, унаж ч болохгүй зууралдан барилдаж байтал түүний дургүй хүрсэн бололтой учир зүггүй халснаа зодогны араас давуулж аваад гуядахдаа зодгийг минь дундуур нь тас татаад хаячихлаа.

Гуядахад нь босоо үлдсэн болохоор танил бөхийнхөө шинэхэн зодгийг гуйж өмсөөд дахин барилдав аа. Хүчит заан цээжнээс цус амтагдтал хэд хүчтэй халснаа босоо өмсөж толгой дээрээ гаргаж ирээд модон шалан дээр шидэж орхисонд нүднээс гал бутарч билээ. Өвөл нь Тэрэлжийн амралтад Ө.Эрдэнэ-Очиртой хамт амарч байгаад “Та зун намайг яагаад чанга хаясан юм бэ” гэж асуухуйд “Тэгэхгүй яах юм. Чи унаж өгөхгүй байсан юм чинь” гээд хүд хүд инээж байсансан.

Олон эгнээ давхар ширээстэй зодгийг дундуур нь тас татна гэдэг ер бусын хүчтэй бөхөөс гарах асар их чадал хийгээд маш ховор тохиолдол юм. Идэр залуудаа халхын их хүчтэнтэй хүч үзэж, бяр тэнцэж, удаан барилдсаны эцэст зодгоо өгөр даавуу шиг дундуур нь тасдуулж явсанаа бодоход гайгүй бяртай байсан юм болов уу даа.

Тэр үед би 70 кг жинтэй шуудай гурил шүдээрээ өргөж 100 метр газар аваачиж тавиад мөрийгөө авч байсан удаатай. За тэр ч яахав. Халхын их хүчтэн Ө. Эрдэнэ-Очир арслан улсын наадамд 8 удаа долоо давж, гурван удаа шөвгийн дөрөвт үлдэж, таван удаа тав давж, улсын наадамд 16 удаа шөвгөрчээ.

-Таныг заан цолтой ид барилдаж байхад зарим өвгөн бөхчүүд голонгуй байсан гэдэг байх аа?

-Тийм шүү. Би авто тээврийн нэгдүгээр баазад бензиний тэрэг барьдаг байлаа. Нэг удаа тээвэрт яваад Лүнгийн товчоонд бүртгүүлээд хоол идэж суутал улаан хүзүүтэй өндөр өвгөн надтай хамт яваа жолоочоос улсын заан Ө.Эрдэнэ-Очир гэдгийг дуулангуут хүрч ирэн гар барин мэндэлж, бугалганы минь булчинг барьж үзсэнээ “Одоо цагт л бөх юм биз дээ. Х.Өлзийсайханы хагаст ч хүрэхгүй юм байна. Аавдаа мэнд хүргээрэй“ гэж билээ. Тэр хүн улсын арслан "улаан хүзүү Дэлэг" гэж аавын үеийн цуутай бөхчүүдийн нэг байлаа. Бас Санжсүрэн арслан надтай гар барьчихаад Х.Өлзийсайханаас их дутуу юм байна гэж голж байсансан. Сүүлд Банзар арслан Ж.Мөнхбат, С.Цэрэн бид хэдийг барилдаж байхыг харж сууснаа "Мөнхбат гол бяртай сайн бөх байна. Цэрэн, Ө.Эрдэнэ-Очир хоёр яах вэ орон гаран бяртай юм" гэж голоход хажууд нь суусан бөхчүүд таны үед энэ хоёр хир зэрэг бөх байх байсан бол гэж асууж л дээ. Мань өвгөн арслан “Яахав дээ. Хоёрын давааны хатуухан боорцогнууд юм даа“ гэж голж байсан юм гэнэ лээ. Ингээд бодохоор дээр үеийн бөхчүүд асар их бяртай, агуу амьтад байж дээ.

-Та чөлөөт бөхийн алтан үеийн шилдэг бөхчүүдийн нэг. Тэр үеийн амжилтаасаа хуучлахгүй юу?

-Би дэлхийн аваргад зургаа, олимпод хоёр удаа оролцохдоо хоёр удаа дөрөв, гурван удаа тавдугаар байр эзэлж, шагналт байранд орж байснаас биш медаль авч чадаагүй юм. Тэр үед манай баг тамирчид дэлхийд нэрээ гаргаж явлаа шүү дээ. Би хүнд жинд барилддаг, жин хүрэхгүй, жингээ нэмэх гэж зовдог байлаа.

-Та Энэтхэгт болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байхдаа жингээ гүйцээх гэж их хоол идэж, зөндөө ус уусан гэдэг байх аа?

-Тэр чинь 1967 онд болсон явдал. Нэгийн даваанд Энэтхэгийн бөхийг ялчихаад маргааш нь Ираны бөхтэй барилдах байлаа. Тэгтэл Монголын бөх Эрдэнэ-Очирын жин хүрэхгүй байгаа учраас барилдуулахгүй гэж шүүгчид шийдсэн юмсанж. Түүнийг дуулсан элчин сайд Хас-Очир гуай орой нь намайг гэртээ урьж ярилцаж сууснаа “Би БНМАУ-ын Онц бүрэн эрхт элчин сайд. Чи Монгол Улсын нэрийн өмнөөс барилдаж байгаа бөх. Чамайг өглөө дөрвөн цагт сэрээнэ. Их хэмжээний хоол унд бэлтгүүлж тавина. Сайн идэж ууж, жингээ нэмээрэй” гэлээ. Маргааш өглөө нь дөрвөн цагт сэрэхэд маш их хоол унд бэлтгээд ширээ дүүрэн өрчихсөн байлаа. Элчин сайдын даалгавар биелүүлэх гэж амаараа гартал идэж, уулаа даа. Тэгээд ч жин хүрдэггүй ээ.

Яая даа гэж бодож байтал Болгарын бөх Рако Петрович давхиж ирээд "би Эрдэнэ-Очирын жинг нэмж өгнө өө" гээд машиндаа суулгаж спортын ордонд давхиж хүрэн 9 л бүлээн ус уулгаж, нэг консерв, нэг бүтэн талхтай идүүллээ. Жин хүрмээргүй шиг санагдахаар нь өөрийнхөө шуудган дээр хоёр Мөнхийн шуудгийг давхарлан өмсөж трикогоо өмсөөд жин дээр гарч зогслоо.

Ашгүй 95,5 кг татаж жин хүрлээ. Жигнүүлж дуусмагц жорлонд гүйж орж уусан их усаа бөөлжиж гаргачихаад барилдлаа. Барилдаж байхад ам, хамраар ус олгойдоод их тэвдүүлсэн шүү. Тэгж тэвдэж байж шагналт дөрөвдүгээр байр эзэллээ. Тэмцээний дараа элчин сайд Хас-Очир гуай баяр хүргээд “Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд ямар эрхтэй байдгийг нутагтаа очоод хараарай“ гээд гар барьж билээ.

Тэгээд шинэ он гараад удаагүй байтал намайг гавьяат тамирчин цолоор шагнасан юм даг. Хас-Очир гуай дээгүүр ярьж байж гавьяат болгосон байна лээ. Бэлтгэлийн үед жиндээ хүрэх гэж их ус уух хордлого өгөөд хэцүү юм билээ. Тэр тэмцээнээс буцаж ирээд хоол идэж чадахаа болиод Дамбадаржаагийн рашаан аравтын бидоноор зөөж ууж байж хордлого арилж, хоолонд орсон шүү.

-Бөх хүн бүдүүн өвсөнд гэж үг байдаг. Танд түрүүлнэ гэж очоод даваа ч үгүй хоцорсон наадам байдаг уу?

-Бий шүү. Залуу насны ойворгон зангаас л болсон юм. Би улсын начин болсныхоо дараахан Налайхын наадамд ээжийгээ дагуулж очив оо. Улсын цолтой томчууд бараг алга. Архангайн Хотонтын Лхагваа арслан гэж ахимаг насны бөх тааралдаад энэ наадамд чи бид хоёрын гараас барих юм алга. Хоёулаа үлдэх нь дээ гэхэд “Олон шижгэнэсэн залуу бөхчүүд байхад энэ өвгөн үзүүрт хүрэх юм гэнэ. Гайгүй ч юмсанж дээ” гэж дотроо түүийг голж байлаа. Нэгийн даваа эхлэхэд Налайхын Адъяа гэдэг шахсан бяслаг шиг жижигхэн тэвхгэр биетэй залуутай таараад “Хариугүй амьтан юм. Хар салтаагаар нь суйлаад хаячихая” гэж бодоод суйлах гэтэл дагуулж тонгороод тэнгэр харуулчихдаг байгаа. Наадамчид өнөө залууд баяр хүргэж, алга нижигнүүлж шуугилдаад сүйд боллоо.

Наадам авах гэж очсон додигор амьтан ичсэндээ болоод давхиад явчихаж билээ. Тэр наадамд өнөө Лхагваа арслан түрүүлсэн гэнэ лээ. Хэрвээ түүнтэй үлдсэн бол дийлэхгүй ч байсан юм бил үү гэж боддог. Энэ явдал учраа бөхөө басаж, аархаж болдоггүй юм шүү гэдгийг сануулсан том сургамж болсон юм.

-Та ямар дархан мэхтэй байв даа?

-Давуулж гуядах, тонгорох, харцагадаж дайрах мэх голцуу хийдэгсэн. Тэмээ өргөдөг Жамъяндорж бид хоёр дэгээ ороосон хүнд огт унадаггүй хаяж салдаг байлаа. Дэгээ ороосон хүнийг хавираад хаячихдагсан. Хавираад унахгүй бол хөлөө хүчтэй жийчихнэ. Тэгэхээр хөл нь аяндаа сугарна. Хөл нь сугармагц хавсраад тавьчихлаар үсрээд явчихдаг юм. Энэ мэхийг аав минь зааж өгсөн юм.

Аав маань гүйсэн хүнийг хайчилж алгадах сонин мэх зааж өгсөн боловч би сураагүй юм. Тэр мэхийг нь нэг заалны барилдаанд хийх гэж байж тохойгоо мултлах шахаад халшраад больчихсон юм. Л.Сосорбарам арслангийн дайраанд тэсэж тогтох бэрхтэйсэн. Нэг л ухарч алхвал хамаад явчихна. Сөрж дайрахаас өөр зам байхгүй. С.Цэрэн аварга асар хүчтэй дайрдагсан. Тэр үеийн хүчит бөхчүүдээс Д.Дамдин аваргаас бусдыг нь хаяж, бас унаж явлаа даа гээд өвгөн арслан яриагаа өндөрлөв.

Сан.ПҮРЭВ

Эх сурвалж: "Таван Цагариг"

Сэтгэгдэл 6ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 2 сар 21. 10:23
Анд найз

Эрдэнэ-Очир гуай бол миний найзын аав юм. Үнэхээр сайхан сэтгэлтэй гүндүүгүй маш сайхан жудагтай ёстой л нэг хүний хайлан болсон хүн байлаа. Хүн яаж ийм сайхан байдаг байнаа гээд л аав ээж нар маань ярьдаг байсан шүү. Олон хүүхэдтэй сайхан айл байсан. Арслангийн бага хүү манай найз Бапдорж багадаа ухаантай сайхан сэтгэлтэй сурлага сайтай сайн хүү байлаа. Одоо бол сайхан сэтгэлтэй жудагтай жинхэнэ монгол эр болсон байнадаа...

2020, 2 сар 22. 1:19
Зочин

Эрдэнэ-Очир гуайн гайхалтай бяртайг 2удаа харснаа бичье:1972оны зун би тээврийн жолооч байхдаа Дорноговь аймгийн Арбулгийн заставт ачаа буулгаж хэд хоног талбайн тээвэрт ажиллаад буцаж хотруу явах замд Хар-Айраг сумаас хойно зам дээр чиргүүлтнй машин зогссон жолооч нь дугуй солих байдалтай байхаар нь буугаад очсон минь Эрдэнэ-Очир гуай чиргүүлийн дугуй хагарсан солих гээд байж байнаа, Амар мэндээ мэдэлцээд данхраад байгаа биздээ гэж асуухад , чи ирсэн хойно данхраадаар яахав гэж хэлээд би мөрдөж байя чи энэ дугуйг хурдан хийгээрэй гэхээр нь би бүр гайхаад та юу яриад байнаа яаж даадаг юм бэ гэтэл даанаа даана алив гээд чиргүүлээ мөрлөж өргөх юм боллоо , би бүр гайхаад нөгөө дугуйгий нь дөхүүлтэл хагарсан дугуйны бүх шпилкийг тайлчихсан авахад бэлэн болгосон, за хурдхан солиорой гээд куртчик ч билүү пиджак ч билүү мөрөн дээрээ давхарлаж тавиад чиргүүлээ мөрлөөд газраас сэгийтэл өргөөд босоод ирэхээр нь би сандраад л нөгөө дугуйгий нь аваад хийтэй дугуйгий нь амсуулаад нэг гайк амсуултал зогсож билээ. 2011 онд Эрдэнэ-Очир гуайтай УБсувилалд хамт амарч таараад хэд хоног сайхан ярьж энэ тухай ярихад тийм билүү нээрээ тэгсэн санаж байна. Тэр залуу маань чи байна уу гэж байж билээ. Та чиргүүл өргөж байдаг аймаар бяртай хүн шүү гэхээр чиргүүлийг ямар бүтнээр өргөсөн бишдээ нэг булангий нь өргөлгүйдээ гээд инээж байсан.
Би Улсын арслан Чүлтэмсүрэн гуайг дагаж арслангийн үеийн ахмад болон ид барилдаж байгаа сайн бөхчүүлтэй уулзаж учирч идэж ууж спортын ордон наадмын талбайгаар их явдаг бөхчүүдийн гэр орноор очдог үе байлаа.
Тээвэрчдийн 50 жилийн барилдааныг төв талбайд бөхчүүдтэй хамт сууж үзэж байхад үнэхээр Эрдэнэ-Очир гуай заан цолтой Долгорсүрэн начин цолтой үзүүр түрүүнд үлдсэн бөгөөд хоёр бөх нилээд удаан барилдасны эцэст Эрдэнэ-Очир гуай хаясан бөгөөд тугаа тойрохоос өмнө Эрдэнэ-Очир гуай инээчихсэн жигтэйхэн амьсгаадсан Долгорсүрэн шуудаг ураад хаячихлаа гээд нилээд ууртай маягтай байсан ба шуудагийг нь дөрвөн хурууны аясаар цоо атгачихсан байсан,

2020, 3 сар 1. 12:35
Зочин

Энэ хүчит бөхчүүдийн үр хойч залгамж халаа байна уу? Уг нь удам дамжсан бөхчүүд байх юм.

2020, 2 сар 21. 21:26
ЗочинАтарбаян

Сайхан дурсамж юмаа.Түүхэнд нэрээ мөнхөлсөн эгэлгүй их хүчтэн юмаа.

2020, 7 сар 31. 23:56
Зочин

талийгаач том сүхбат маань эрдэнэочир арсланг аав гэдэг байлаа учир нь улсын наадамд хүн танихгүй хүүг энэ өнчин ишиг шиг юмыг би амалж авахаас гэж авч бөхийн замыг нь зассан жудагтай нэгэн гэж насаараа хүндэлж яваа гэдэгсэн сүхбат маань сайнч бөх байсан ах болд нь бас л сайхан барилддаг байлаа

2020, 8 сар 2. 12:38
Н. Жавзандулам

Эрдэнэ- Очир ах маань ээжийн минь үеэл юм даа Одоо хоёр хөгшин 90 шахлаа. Өлзий ах маань ч монгол эрийн жудагтай сайхан бөх явсан гэдэг Намайг жаахан байхад хуучны бөхчүүл их ирдэг байж билээ. Миний удам монголын хүчтэнгүүд байсанд омогшиж огшиж явдаг юм. Эрдэнэ- Очир ах минь эрүүл энх байж урт удаан наслаг

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]