Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Шатрын өрөг дээрх цусгүй тулаан: Виктор Корчной Зөвлөлтийн эсрэгУншсан3,917

В.Корчной спортыг спорт хэвээр нь байлгахын төлөө тэмцэж байсан бөгөөд өрнөдөд гарсныхаа дараа Зөвлөлтийн их мастерууд, дэлхийн аваргуудын ноёрхолд саад болсон хамгийн том бэрхшээл болж хувирсан юм.

2016 онд Швейцарь улсад 85-тайдаа насан эцэслэсэн ЗХУ-ын шатрын дөрвөн удаагийн аварга, Европын таван удаагийн аварга Виктор Корчной бол өөрийн туулж өнгөрүүлсэн амьдрал, замналаараа хамгийн их нэр цуутай, алдартай шатарч юм. Шатрын ертөнцийг эзэгнэж байсан Зөвлөлтийн их мастеруудын нэг тэрбээр нийгмийнхээ үзэл санааны аливаа шударга бус ёс журам, зарчимтай эвлэрч чадаагүйнхээ төлөө ид тоглож байсан үедээ хавчлага дарамтад өртөж эцэст нь баруунд цагаачлан гарсан билээ. В.Корчной спортыг спорт хэвээр нь байлгахын төлөө тэмцэж байсан бөгөөд өрнөдөд гарсныхаа дараа Зөвлөлтийн их мастерууд, дэлхийн аваргуудын ноёрхолд саад болсон хамгийн том бэрхшээл болж хувирсан юм. Оюун санааны төсөөлшгүй хүнд тэмцлийг өрнүүлдэг шатрын өрөг дээрх түүний нүүдлүүдийн ард үнэн хэрэгтээ бодит амьдрал нь дарамт болж байв. Ийм дарамт шахалтны дор тэрээр 1978, 1981 онд хоёр удаа дэлхийн аваргын төлөө А.Карповтой өрсөлдөж ялагдаж байв. В.Корчнойн дурсамжаас хүргэж байна.

Дашрамд дурдахад 2021 оны 12 сарын 30-нд Оросын нэрт жүжигчин Константин Хабенскийн Корчнойн дүрд тоглосон "Дэлхийн аварга" хэмээх кино нээлтээ хийж үзэгчдийн хүртээл болох юм. Энэ кинонд А.Карпов, В.Корчной нарын шатрын өрөг дээрх хүнд бэрх тулааныг харуулах аж.

Агуу шатарчдын тухай өөр нэгэн нийтлэлийг уншихыг хүсвэл:

Шатрын өрөг дээрх цусгүй тулаан: Чонын ав

Цуут шатарчин сүнстэй өрөг тавьсан нь

"Карпов та хоёрыг сайн харж, ховсдохын тулд би эхний эгнээнд суух ёстой"


Зөвлөлтийн Спортын хороонд болсон будлиан

2021 оны 12 сарын 30-нд нээлтээ хийх киноны зураг. Карпов, Корчной нар

1973 он. Зөвлөлт Холбоот улсын шатарчдын баг Англид болох Европын аварга шалгаруулах тэмцээнд очих боллоо. Шатарчидтай хамт дасгалжуулагч ч биш, ер нь ул шагайгч гэж хэлмээр дөрвөн хүн явсны нэг нь их мастер Антошин байсан юм. Тэрбээр шатарчдын өрөг тавилд дүн шинжилгээ хийж туслахаас илт зайлсхийж, тийм өөдгүй дорд ажил үүрэг гүйцэтгэхээр ирсэн хүн биш гэдгээ бүх л байдлаараа харуулж байлаа.

Бас өөр хоёр сурамгай хашир байсан юм даг. Тэр хоёр бүр зэвүүн зан гаргаж бидний хаа юу хийж байгааг алдалгүй ажиглан харж, ажиллах амрах дэг горимд хүртэл хөндлөнгөөс оролцож, далимд нь бидний хоорондын харилцаа ямаршуу болохыг мэдэж авах гэж элдэв бусын яриа өддөг байсан юм. Энэ явдалд миний дургүй хүрч, яршиг төвөг учруулсан тэр хүмүүстэй яаж нэг учраа ололцох билээ гэж аргаа бардаг байв. Москвад эргэж ирмэгц багийн гишүүдийг Спортын хорооны дарга нар дээр цуглуулдаг заншилтай байсан юм. Төлөөлөгчдийн ахлагч тэмцээний дүн, оролцогчдын зан байдлын тухай илтгэл хийж, дарга нар үг хэлнэ. Дараа нь шатарчдыг ярих юм байвал ярь гэдэг боловч их мастеруудаас тийнхүү ярьдаг нь ховор болохоор тэгсгээд уг хурал дуусдаг байсан даа. Харин энэ удаад бол «Нэмж юм ярих хүн байна уу?» гэхэд нь би босож урьдаас сайтар бэлтгэсэн үгээ хэлээд орхив оо.

Газар орноор явахаараа нэг болсон их мастеруудад найдвар хүлээлгэх хэрэгтэй, үгүй бол тэднийг хааш нь ч явуулах хэрэггүй. Энэ удаа дагаж явсан тэр дөрвөн хүн багийнхны тоглолтод саад л учруулснаас биш нэмэр болсонгүй. Тэгсэн атлаа хэрэг болох цагт байдаггүй. Бод л доо, Лондон-Ситид би зэрэг тоглолт хийж байтал нэг хүн дэргэд минь хүрч ирээд англиар «Би чамд саад болмооргүй байна, харин энэ бичгийг Лондон дахь Зөвлөлтийн элчинд дамжуулж өгөхийг хүсье. Зөвлөлтийн хоригдол еврейчүүдийг судлах хэрэгтэй!» гэж хэлсэн юм. Гэтэл ийм үед намайг хамгаалж тэр этгээдэд өгвөл зохих хариуг нь барих ёстой өнөө дөрөв хаана байсан юм бол?!» гэв.

Тэд хаана явах вэ дээ, сүүлчийн өдөр дэлгүүрээр л орсон биз ээ. Би үнэн голоосоо бодсоноо ярьсан, цаагуураа тагнуул туршуул, дарга нарыг чимхсэн хэрэг. Уг нь Лондон-Ситид зэрэг тоглолт хийхэд тэд надад ямар хэрэг байх билээ, хэрүүл шуугиан л үүсгэх байсан даа. Туршуулууд тааруухан ажиллажээ гэдэг нь тодорхой болоход тэд сүрхий барьц алдсан юм. Тэгээд болсон явдлын эд мөрийн баримт болгож уг бичгийг надаас тэр дор нь булаах шахам авсан юмдаг...

Миний ийнхүү ярьсан явдал тэр үедээ ёстой л даварсан хэрэг байв. Би Спортын хорооны удирдлагыг шүүмжилснээр үл барам УАХХ-ны ажлын арга барилыг буруушаасан хэрэг. Тэгэхлээр намайг яалаа гэж уучлахсан билээ! Харин тэр үед би хийморьтой явсан цаг. Бүс хоорондын тэмцээнд ёстой одтой тоглосон, ЗСБНХУ-ын хамгийн хүчтэй шатарчны нэг байлаа. Тийм хүмүүсийг залхаана гэдэг амаргүй. Гэвч цаг болохоор тэд надаас хариугаа авах нь дамжиггүй байсан.

 

Гайтай жил

Зүүнээс Виктор Корчной, Анатолий Карпов, Тигран Петросян

1974 он гарлаа. Энэ үед Зөвлөлтийн их мастеруудын олон жилийн ноёрхлыг зогсоож 1972 оны дэлхийн аваргад АНУ-ын Бобби Фишер Борис Спасскийг ялж дэлхийн аварга болоод байсан юм. Дараагийн дэлхийн аваргын төлөөх тоглолт 1975 онд болох байв. 1973 оноос эхлээд л хоёр жилийн дараа Бобби Фишертэй дэлхийн аварга цолыг булаалдах өрсөлдөгчийг тодруулах тэмцээнүүд явагдаж эхэлсэн юм. 1974 оны эхээр би АНУ-д өрсөлдөгчдийн тэмцээнд Мекингтэй учирч ихээхэн шаналгаа, ядаргаатай халз тоглолт хийв. Үүний дараа би Америкт хэд хэдэн удаа лекц уншиж, зэрэг тоглолт хийсэн юм. Жоржтауны их сургууль, Вашингтонд хүний эрхийн төлөө тэмцэгчид зэрэг тоглолтыг минь өөрийнхөө зорилгод ашигладаг байв. Шатрын хөлөгнөөс нүд салган хана ширтэхэд л тэнд "Зөвлөлтийн дуулгавартай шатарчид л хорвоогоор тарж оддог. Солженыцин бол тийм биш" гэсэн ухуулах хуудас харагддаг байв. Мекингийг хожсоны дараа Петросянтай үзэлцэх ээлж боллоо.

Тигрян Петросян бол Ботвинник, Таль, Смыслов нарын дараа 1963, 1966 онд хоёр удаа дэлхийн аварга болж, улмаар аваргаа 1969 онд Борис Спасскийд алдсан их мастер байв. Тэрбээр шатрын аваргын титмийн төлөө урьд нь Ботвинник, Спасский нартай тэмцэлдэж байсан бөгөөд харин намайг бараг дийлдэггүй болохоор бүр 1960 оноос эхлэн миний эсрэг далдуур элдэв хорлолтой явуулга хийх болсон юм. Бидний халз тоглолт дөрөвдүгээр сард боллоо. Уг тэмцээн сэтгэл санааны хувьд ихээхэн бухимдал бэрхшээлтэй байдалд болсон. Би 3:1-ээр хожиж явтал Петросян ихээр бухимдаж, бидний хооронд хурц мөргөлдөөн үүслээ. Петросян бие муудлаа хэмээн шалтаглаж, эмнэлэгт хэвтсэн боловч биеэ шинжлүүлэхээс татгалзсан байлаа.

Дараа нь тэр бие муу гэдгээр шалтгаалан халз тэмцээнд бууж өгсөн юм. Ингээд дэлхийн аварга Роберт Фишерийн өрсөлдөгчийг тодруулах шувтаргын тэмцээнд Анатолий Карпов бид хоёр халз тоглохоор тунаж үлдсэн байв. 1974 оны есдүгээр сард тэмцээн эхэлсэн. Уг тэмцээнийг хэрхэн зохион байгуулсныг өгүүлэхэд надад үнэхээр хэцүү, гунигтай байна. Зөвлөлтийн ноёрхлыг зогсоочихоод байгаа Бобби Фишертэй Карпов бид хоёрын хэн ялсан нь тоглож, шатрын ертөнцийн ноёрхлыг дахин Орост эргүүлэн авчрах ёстой байсан тул нам засаг онцгойлон анхаарч байв.

Зөвлөлтийн шатрын сонин сэтгүүлийнхэн хэзээ нэг цагт энэ тэмцээний тухай үнэн мөнөөр нь өгүүлэх сэтгэл зориг гаргаж магадгүй л дээ. Уул тэмцээнийг Зөвлөлт Холбоот Улс улс төрийн нэн чухал үйл явдал болгож засаг элдвийн шүүмжлэл өрнүүлж, шударга ёс нэхэж явдаг нэгнийг биш, нам төрдөө үнэнч дуулгавартай, ажилчин гаралтай, орос залуугийн (Карпов) ялалтыг хангахаар зүтгэж байв. Залуу өрсөлдөгч халз тэмцээн болохын өмнөх хэлэлцээний үед өөрт нь ашигтай нөхцөл бүрдүүлэх дээр нам засгаас хэрхэн анхаарч байсан, шатрын бүх шилдэг хүч Геллер, Фурман, Петросян, Авербах, Таль, Ваганян, Ботвинник нар (би зөвхөн гол хүмүүсийг нэрлэв) хэрхэн түүнд тусалж, Корчнойг ялахын тулд ашигтай байдал бий болгож байсныг, нэрд гарсан сэтгэл зүйч Зухарь болон бусад эмч нар түүнд бас ямар дэмжлэг үзүүлж байсныг үнэнээр нь хэлэх ёстой.

Гэтэл эсрэгээрээ тэр үед намайг дэмжих зориг гаргаж байсан хүмүүсийг жишээ нь дэлхийн аварга Смысловыг Москвагаас хөөн зайлуулж, 1951 оны дэлхийн аваргаар Михайл Ботвинниктэй өрсөлдөж байсан цуут шаратчин Давид Бронштейний цалин хангамжийг хэрхэн хасаж байсныг тэр учрыг сайн харж байсан спортын сэтгүүлчид үнэнээр хэлэх учиртай. Түүнчлэн тоглох явцад Карпов илт бүдүүлэг, увайгүй зан гаргаж миний тэвчээрийг алдуулахаар сэтгэлзүйн дайралт хийж байсныг, шатрын спортын ямар ч дүрэм журамд хориглогддог энэ үйлдлүүдийнх нь төлөө дургүйцлээ илэрхийлж миний бичсэн мэдэгдлийн тухай ч өгүүлэх ёстойсон. Би 21 дэх өрөг тавихаас өмнө уг мэдэгдлээ зохион байгуулах хороонд өгсөн юм. Гэтэл мэдээж халз тэмцээн дууссаны хойно л түүнийг Карповт үзүүлсэн л дээ.

 

Шийтгэл

Фишерийн өрсөлдөгчийг тодруулах Карпов бид хоёрын халз тэмцээн арваннэгдүгээр сарын эцсээр дуусч 24 өргөөс 19-д нь хайнцаж Карпов 3:2-оор намайг ялсан билээ. Үүний дараа улстөрийн зорилгын хоёр дахь, арай хялбар хэсгийг биелүүлж намайг шийтгэх, бусдад дохио санамж өгөх хэрэгтэй болжээ. Яалаа гэж? Бие даасан бодол, өөрийн зан авиртай гэж намайг тэгэх болсон аж. Бүр тодруулж хэлбэл Карпов түрүүлэх ёстой тэрхүү халз тоглолтод хүнд өрсөлдөөн гаргаж, золтой л түүнийг хожчих шахсан, түүнтэй эцсээ хүртэл тэмцэлдлээ гэж намайг шийтгэх болсон юм. Сэтгүүлч В.Хенкин «Хэвлэлийн төв рүү Кремлийн ордноос хэн хэн утасдаж Карповын байдал ямар байгааг мэдэж, авдаг байсныг чи мэдсэнсэн бол!» гэж хэлж билээ…

Юм ёсоороо болох нь тэр. Шалтаг ч олдлоо. Югославын ТАНЮГ мэдээллийн агентлагийн сэтгүүлч Б.Кажичд миний өгсөн ярилцлага тийнхүү шийтгэх албан ёсны шалтаг болсон юм. Карповын талаар асуусан асуултад нь "Энэ цуврал тэмцээнд миний хожсон тэр домогт их мастеруудтай зэрэгцүүлэхэд авьяасын хувьд илүү юм байхгүй" гээд хэлчихсэн. Гэхдээ би түүний их зориг хатуужлыг, дагалдах зүйлсийг өөртөө ашигтайгаар хэрэглэдэг чадварыг онцлон тэмдэглэсэн.

Харин Кажич миний хэлснийг, зөөлрүүлж, халз тоглолтын үеэр бичсэн миний мэдэгдлийн тухай, Карповын эвгүй зан авирын тухай нийтлэлдээ цухуйлгаагүй байсаан. Гэхдээ л түүний нийтлүүлсэн зүйл намайг зэмд унагах хангалттай үндэс болсон юм даа. Эхлээд «Советский спорт» сонинд «В. Корчнойн нэгэн ярилцлагын тухай» гэсэн гарчигтай, өнөө л миний мөрийг мөшгигч, "ёс журам сахиулагч" Т.Петросяны эсэргүүцэл нийтлэгдэв. Улмаар тэр сонинд ЗСБНХУ-ын шатарчдын холбооны тэргүүлэгчдээс намайг буруушааж, долоо хоногийн дараа нийт шатар сонирхогчдын өмнө буруугаа ил хүлээхийг нэгэн дуугаар шаардсан "Их мастер гуай, спортын ёсонд хазгай болно шүү!" гэсэн сүртэй гарчгийн дор олон хүний хилэнт захидлууд гарсан. Удсан ч үгүй нэр хаяггүй бичиг, захидал гэрт минь ирдэг болсон...

Тэгтэл ч гэсгээн цээрлүүлэхээр Москва руу дуудлаа. Зайлшгүй учрах тэр явдлыг хойшлуулахын тулд би ходоодны шарх үгдэрсэн гэдгээр шалтаглан Т.Петросяны жишээгээр эмнэлэгт хэвтлээ. Үнэндээ би эрүүл байсан ч, сарын дараа явахаас өөр аргагүй болсон доо. Байдал хүнд байлаа. Надад олон нийтийн болон спортын байгууллагын зүгээс шахалт үзүүлж, бас намын шугамаар ч номлохыг оролдох болсон юм. Эцэстээ үнэнч хэдэн нөхдийнхөө үгийг дагаж 1974 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Вик Васильевтэй хамтран «Советский спорт» сонины газарт 62-хон үгтэй товчхон захидал бичив. Түүндээ, халз тоглолтын дараа сэтгэл санаагаар хүнд хэцүү байсан үедээ өгсөн ярилцлагадаа харамсаж байгаагаа өгүүлсэн юм. «Советский спорт» сонины редактор маань миний уучлал гуйсан захидлыг нийтлүүлсний төлөө донгодуулсан даа...

Намайг шийтгэсний албан ёсны шалтгааныг энд би хэллээ. Гэтэл Карпов өөрийн талын үнэнч хүмүүс, цэргийнхэнд ярихдаа намайг тэр ярилцлагаас болж шийтгээгүй, харин халз тоглолтын үед бичсэн мэдэгдлээс нь болсон гэж сайрхсан байна. 1975 оны нэгдүгээр сарын 20-нд Москвад, ЗСБНХУ-ын Спортьн хорооны орлогч дарга бөгөөд шатар хариуцагч В.Ивонины өрөөнд тус хорооны тушаалыг уншиж өгсөн юм. Түүнд «Зохисгүй авир зан гаргасан учир» олон улсын тэмцээнд оролцохыг нэг жилийн хугацаагаар хориглож их мастерын тэтгэлэг, харамжийг бууруулсан. (300 рубль байсныг 200 болгож) билээ. Ивонин «Та цаашид ийм зохисгүй байдлаар явбал бидний зам сална гэж хэлэхэд болохгүй гэх газаргүй шүү» гэж нэмж хэлсээн. Харин бид түүний санаж байснаас огт өөрөөр хоёр яс хагацсан билээ...

Тэгээд би Ленинградад эргэж очлоо. Миний найзын онож хэлснээр Зөвлөлтийн хөдөөгийн нийслэл болох “Петрийн хот” маань тэр үед хамгийн харгис гэгддэг газар байлаа. Хэрэв Москвад хүнийг авлаж хөнөөж чадаагүй бол тэр алдааг Ленинградад дор нь залруулдаг байв. Шатрыг сурталчлах, дэлгэрүүлэх гэсэн миний санаачилгыг тэндхийн телевизийнхэн тоогоогүй юм. Миний суудаг байрыг нууцаар тагнах, ул шагайх ажил явуулж, гадаадаас ирдэг шууданг, тухайлбал англи, югославын шатрын сэтгүүлүүдийг би авч чадахаа болив. Намайг Израйль руу цагаачлах өргөдөл өгсөн гэсэн цуурхлыг дээрээс тараасан. Үүнээс болж сургуульд сурч байсан хүүд минь ч муугаар хандах болсон юм. Хэдэн сарын турш зэрэг тоглолт хийх, лекц унших боломж хаагдав. Бүр сүүлдээ л хотын намын хорооныхон «дураараа болог» гэсэн шиг тоохоо ч болив. Гэхдээ л өөрийн хүмүүсийг илгээж миний юу ярихыг сонсдог хэвээр байв. Би ч «буруу юм» ярина л даа. Тэгээд л бангадах гэж хотын намын хороо дуудаж гарна. Энэ ч бүр дэндсэн хэрэг байв. Ер нь шатраа орхихгүйн тулд гадагш явсан нь зүйтэй юм гэж би шийдсэн байлаа. Хотын намын хороонд тархидаж загнаж байгаагаас үзэхэд би одоо хүмүүст ямар ч тустай зүйл хийх боломжгүй болсон нь тодорхой болсон юм. "Зөвлөлтийн хүний зан суртахууны хэм хэмжээг гажуудуулагч", "Үг дуулдаггүй их мастер"-ын хүчийг барагдуулж дэлхийн шатрын сор бологсдын эгнээнээс үүрд гаргах гэж намын хороо бүхнийг хийсэн юм. 1975 оны гуравдугаар сард эстоныхон Таллинд болсон олон улсын тэмцээнд намайг урьсан боловч Спортын хороо оролцохыг хориглоод Керес, Ней хоёрыг алдаатай шийд гаргасан гэж хатуу зэмлэсэн. Тэгээд л би түргэн шиг зайлах нь дээр гэдгийг дахин ойлгосон юм. Харин яаж? Израильд очихоор өргөдөл өгөх үү? Голгофад очих уу? (Иерусалимын ойр байдаг цаазын толгой буюу Христосыг цовдолсон газар) Гэтэл тэгж явахыг хэн зөвшвөөрөх вэ?! Югославт очъё гэж гуйх уу? Шатарт их дуртай гэлцдэг Югославын маршал Титовт хандаж намайг хажуу хавиргандаа аваач гэсэн захидал бичсэн, гэвч түүнийгээ явуулсангүй...

1975 оны хоёр, гуравдугаар сард Фишер, Карпов хоёрын халз тоглолтод эрчимтэй бэлтгэх үүднээс Фишерийн тоглодог арга барил хүчийг, дашрамд нь Карповын байдлыг харьцуулж үзсэн үнэлэлтээ бичиж өгөхийг Зөвлөлтийн гол их мастеруудад үүрэг болгосон юм. Үүнийг хийх урам зориг, хүсэл надад ер байгаагүй. Харин Карпов тусдаа яриа хэлцэл надтай хийж байлаа. Энэ үед Карповыг шүүмжлэхийг чандлан хориглосон байсан ба гэтэл Карпов надтай холбогдож өөрт нь өгөх зөвлөгөөгөө албаны шугамаар өгөхөөс болгоомжилж байгаа бол бичсэн зүйлээ шууд өөрт нь ирүүлэхийг хүссэн юм. Тэгээд хариуд нь албаны болон олон нийтийн байгууллагаас надад үзүүлж буй шахалт хавчилтыг зогсоох амлалт өгсөн билээ. (Фишерийг хожиход Корчнойн зөвлөгөө дэмжлэг Карповт амин чухал байсан хэрэг)

1973 оны дөрөвдүгээр сард Карпов Фишертэй тоглолгүйгээр дэлхийн аварга боллоо. Харин хэрхэн ийм болсныг, хэнийг тэр хожсоныг хүмүүс мартаж эхэлсэн. Үнэхээр түүний золиос болсон Спасский, Корчной хоёрын амны хишиг дутаж, тэгснээрээ мартагдахад хүрсэн юм. Харин Карпов намайг "жагсаалдаа эргэж орох талаар" хэд хэдэн алхам хийсэн шүү. Москвад, дараа нь Английн Гастингст (1975, 1976 онд) болсон олон улсын тэмцээнд миний тоглохыг зөвшөөрсөн. Тэгсэн ч би бодсоноо өөрчлөөгүй. Зөвлөлтийнхөнтэй холбоотой байхаас зайлсхийх боллоо. Дэлхийн аваргын төлөө дараачийн тоглолтод хэнтэй хамтарч бэлтгэх вэ? гэсэн Батуринскийн асуултад би хариу өгөөгүй. Хүмүүсийг хүнд байдалд оруулаад яахав.

Яах санаатай байгаагаа гэрийнхэндээ ч би ярьдаггүй. Зөвхөн битүүхэндээ л ойлгуулахыг бодож байв. 16 настай хүү Игорьтойгоо сэтгэлээ хуваалцаж, түүний мэдэхгүй байгаа амьдралынхаа зарим зүйлийг ярьж өгсөн юм. Би Англид болсон тэмцээний дараа тэнд үлдээгүй, харин чухал баримт бичиг, гэрэл зураг, ном сэлтийг хилийн цаанаас зөөж өрнөд Европт орхив. 1976 оны долдугаар сард Голландад тэмцээнд явахдаа бас л үнэтэй цайтай юмаа авч явсан. Би дахин юм хумаа авахаар Зөвлөлт Холбоот Улсад буцаж ирж болох л байсан, гэвч тэгээгүй. Франс Пресс агентлагт өөрийн сурсан зангаар ярилцлага өгсөн. Малилд тэрхэн үед дууссан бүс хоорондын тэмцээнд Спасский яагаад муу тоглосон тухай хэлсэн. Тэрбээр гарах зөвшөөрөл авах гэж үйл тамаа үзсэн юм аа. Израйльд болсон шатрын олимпиадад оролцохоос татгалзсан Зөвлөлтийн удирдлагыг би ч авч өгсөн дөө. Тэрхүү хэвлэгдсэн ярилцлагаа би үзээд Зөвлөлт Холбоот Улсад намайг барьж иднэ гэдгийг ойлгосон болохоор улс төрийн шалтгаанаар хоргодох эрх олгохыг Голландын засгийн газраас гуйсан юм.

 

Буцаж ирээгүй их мастер

Би нийтэд зориулсан удаа дараагийн мэдэгдэлдээ өөрийн явдлыг дан ганц мэргэжлийн учир шалтгаанаар хэчнээн тайлбарласан ч Зөвлөлт засгийнхан түүнийг мэдээж улс төрийн үйлдэл гэж үзсэн юм. Ер нь Зөвлөлт Холбоот Улсад юм болгоныг улс төрийн үүднээс авч үздэг бөгөөд энэ нь улс орон, нам, дэглэмд хэр ашигтай байсан бол... Гагцхүү Зөвлөлтийн шатрын хүч чадлыг бууруулах зорилготой байв уу?

Гэтэл шатар бол тус орны бахархал шүү дээ. Энэ бол дэлхийн бөмбөрцгийн аль ч өнцөг буланд нэвтрэх нэг хөшүүрэг шүү дээ! Зөвлөлтийн их мастерууд аль нэг улс оронд дипломатууд бас «зөвлөхүүдийн» замыг засч, зэвсэг нэвтрэх зам гаргаж өгч байсан нь олонтаа. Зөвлөлт засгийн үзлээр бол тэгэхийг хүсээгүй миний тийнхүү явсан нь ноцтой цохилт болжээ. Тэгээд миний шийдвэрийн уршгийг хязгаарлахын тулд ихээхэн зүйл хийсэн билээ. Үүнийгээ ТАСС-ын мэдэгдлээс эхэлж сарын дараа томоохон материал хэвлэлд гарч намайг «эх орноосоо урвасан», «хэтэрхий биеэ тоосон», «дэндүү ихэмсэг», «мэдэмхийрдэг» гэх зэргээр харааж загнасан байсан. Удалгүй «Энэ бол улс төрийн бузар булай тоглоомын нүүдэл» гэсэн гарчгийн дор намайг шүүмжилсэн 31 их мастерын гарын үсэг бүхий (Ботвинник, Спасский, Бронштейн, Гулько нарын жудагтай, нас намба, түвшин амгалан ёсыг сахисан мастеруудаас бусад нь бараг цөмөөрөө) «Советский спорт» сонинд бичсэн захидал ч гарч ирсэн юм. Бас тэр гарчгийн дор дэлхийн аварга А.Карповын надад хандсан тусгай буруушаалыг хамт нийтэлсэн байлаа.

Түүгээр ч зогсоогүй Зөвлөлтийн шатрын холбоо миний мэргэжлийн эрхийг хасаж, дэлхийн аваргын төлөө өрсөлдөгчийн тэмцээнээс намайг хасах тухай асуудлыг Олон улсын шатрын холбоонд тавихаар шийдсэн байв. Ийм санал бүхий захидлыг ФИДЕ (Олон улсын шатрын холбоо)-гийн намрын их хуралд илгээжээ. Тэр үед НҮБ-ын нэгэн адил Олон улсын шатрын холбоонд Зөвлөлтийнхөн багагүй нөлөөтэй байж хяналт тавьдаг байлаа. Гэвч надад аз таарлаа. Дэлхийн шатрын олимпиад, их хурал хоёр Израилийн Хаиф хотноо болсон юм. Израилийг хясан боох явдал тэгэхэд Зөвлөлтийн гадаад бодлогын нэг үндсэн чиг болж байв. Үүний үндэс нь дотоод бодлоготой холбоотой бизээ. Ийм учраас ЗСБНХУ болон социалист лагерийн олонх орны төлөөлөгчид олимпиад ба их хуралд ирээгүй. Тэднийг эзгүйд Зөвлөлтийн шатрын холбооны захидлыг уншсан боловч дэмий зүйл гэж үзээд авч хэлэлцээ ч үгүй юм.

Тэгээд л хожим Карповтай хийх халз тэмцээнтэй холбогдсон улстөрийн тэмцэл бүр тэр үед эхэлсэн түүхтэй. Үнэн чанартаа тэр захидал бол намайг хясаж боохоо зарласан хэрэг байв. Албан ёсны уралдаанд тээг саад хийхийг хориглосон ОУШХ-ны дүрмийг Зөвлөлтийнхөн дагахаас өөр аргагүй байсан боловч намайг оролцсон ганц ч тэмцээнд оролцохгүй гэдгээ зохион байгуулагч нарт нь мэдэгдсэнээр намайг боож хавчиж байсан. Энэ хэрцгий хатуу явдлын амтыг би ихэд үзсэн билээ.

 

Гурван даваа

Ийнхүү Карповтай хийсэн улстөрийн тэмцлийн эхний шатанд би хожсон юм. Намайг бүрмөсөн шатрын ертөнцөөс зайлуулж олон улсын тэмцээнд надтай таарахгүй байх гэсэн тэдний санаа бүтсэнгүй. Карповтой тулахын тулд дэлхийн аваргын өрсөлдөгчийг тодруулах гурван удаагийн тэмцээнд Зөвлөлтийн их шатарчдыг хожих хэрэгтэй байлаа. Эхний даваанд Т.Петросянтай тулав. Халз тоглолт битүүхэндээ дайсагнасан байдалд болж өнгөрсөн юм. Бидний хүч яг тэнцүүхэн байсан ч би түүнийг бодвол илүү тайван тоглож. 9 тэнцэж, 2:1 харьцаагаар хожив.

Дараа нь их мастер Полутаевскийтай тун тайван байдалд тоглож өнгөрсөн. Яг өрөг дээр би өрсөлдөгчөөсөө илт давуу мөн сэтгэл догдлох, тэвдэх байдалгүй, засуул нар ч зэгсэн тусалсан билээ. Ингээд 7 хайнцаж 5:1-ээр би хожлоо.

Сүүлчийн гурав дахь даваанд би Спасскийтэй халз тоглолоо. Уг нь бид олон жилийн турш сайн харилцаатай байсан улс аа. 70-аад онд бид улс төрийн үзлээр ч нийлэх болсон юм. Спасский болмооргүй юмыг ч болгосон хүн, сая сая цагаачдаас бараг л ганцаараа иргэний давхар эрхийг олж Зөвлөлтийн паспорттай Парист шилжин суусан юм. Бид хоёр халз тоглолтоо сайн нөхдийн ёсоор эхлээд дайсан болж төгсгөсөн билээ. Харин би Спасскийд муу юм санадаггүй гэдгээ уншигч авгай нарт өчсү. Гагцхүү цагдан захирах ёсыг сөрсөн үзэл бүхий энэ хүний хувьд уучилж чадахгүй нэг зүйл гэвэл тэрбээр шатрын тулалдааны талбайг миний эсрэг буудлагын талбар болгосон явдал юм.

Халз тоглолтын эхний хэсэгт би маш итгэлтэй хожиж явсан, ер нь ч тэмцээн төгсөх нь ойртсон янзтай байлаа. Гэтэл би гэдэг хүн удаа дараалан муухай алдаа хийж дөрөв дараалан хожигдох нь тэр! Халз тэмцээний хоёр дахь хагаст Зөвлөлтийн талаас ихээхэн "идэвх" гаргах болсныг миний бие болоод туслагчид маань мэдсэн. Аягүйтвэл "гайтай хөөтэй" Корчной дэлхийн аваргын төлөө гарч ирээд Карповтой яаж ч мэднэ гэж сандарсан хэрэг. Карпов ч үүнтэй холбоотойгоор "санаа тавих"-ыг дарга нараас хүссэн гэнэ. Белградад Зөвлөлтийн их мастерууд уван цуван үзэгдэх болсон бөгөөд шатар хариуцсан гол дарга Ивонин ч тэмцээнийг үзэхээр ирсэн билээ. Белградад сууж байсан Зөвлөлтийн Элчин сайдын яамны ажилтнууд бидний тоглож байсан танхимд хөлхөлдөх боллоо. Бас чемодан барьсан хүмүүс байсан бөгөөд тэд хэн болох нь маргаангүй мэдэгдэж байв. Миний эсрэг ямар арга чарга хэрэглэх нь бүрхэг байсан. Найз минь явсан Борис Спасскийн зан байдлаас өгсүүлээд эргэн тойрон бүх юм нэг л хачин үл ойлгогдох, ёозгүй шинжтэй байсан даа. Спасский тайзан дээр өрөг бүхий ширээний ард суудаггүй болсон. Тэр өөрийн нүүдлийг хийхээр ирэхдээ нүдээ анисхийн гуйван дайвж, хий үзэгдэл мэт алхах болов. Үнэндээ дарамт ганц надад ч биш, надаас ч дутахгүй өрсөлдөгчид маань "Корчнойг заавал буулгаж ав" гэсэн дарамт аюулын ихээр тулгарч байгаа би мэдрэв.

Ямар нэг золигийн юм болж байгааг би мэдээд тусламж хайлаа. Шатар сонирхогч хэсэг нөхөд, сэтгэлзүйчид Швейцариас надад туслах, тоглолтын үед тохиолдож болзошгүй гадны хорт нөлөөнөөс хамгаалахаар амласан. Энэ нь үнэмшүүлэл байсан юм уу, үнэхээр бодит дэмжлэг үү бүү мэд, ямар ч гэсэн аюулт байдлаас гарч хоёр өрөгт хайнцаж чадсан билээ. Дараа нь маш хүнд тэмцэл дунд би хоёр тавилд хожиж, энэхүү хачин тоглолт шувтарч ерөнхий дүн 7:4-өөр миний ялалтыг баталсан билээ. Ийнхүү эх орон нэгтэн байсан гурван шатарчныг ялж, нэг ёсондоо гурван давхар давааг давж А.Карповтай дахин учрах боллоо. Бид хоёрын халз тэмцээн 1978 оны долдугаар сард Филиппиний Багио хотод эхлэнэ.

 

ТУЛАЛДААНЫ ӨМНӨ

Голландад үлдсэнээс хойш нэг жил болоод надад Германд ажиллах учрал тохиолддог юм байна. Гэвч би шатарчид хийгээд холбооны зүгээс бодит дэмжлэгийг зөвхөн Швейцарт л мэдэрч (удалгүй тийшээ ч шилжиж суусан), чухамхүү Карповтой халз тоглолт хийхдээ Швейцарынхнаас л дэм авна гэж найдаж байсан...

Бид яагаад Филиппинд очих болов оо? Тэнд Зөвлөлтийн Элчин сайдын яам байдаггүй гэсэн дам сураг байсан л даа, хэрэг дээрээ бол бүр 1975 онд Элчин сайдын яам байгуулагдсан ажээ. Би бодохдоо Зөвлөлт Холбоот Улсаас хол, түүний улс төрийн ашиг сонирхлын хүрээнээс алсхан л байвал сайн гэж үзсэн юм. Гэтэл Зөвлөлтийн сонирхол нөлөө гэдэг чинь дэлхийд хаа сайгүй байдгийг мунхаг би мэдэх ёстой байж л дээ!

Бас Филиппиний халз тэмцээнийг  зохион байгуулагч, ОУШХ-ны дэд ерөнхийлөгч Флоренсио Кампаманес яасан гээч! Тэр надтай хичнээн бялангач, зулгуй байдлаар ярилцсаныг бод л доо! Тэр Зөвлөлтийнхөнтэй зузаан холбоотой байсныг би яахин мэдэх билээ! Халз тоглолтын явцад тэрбээр улайм цайм олиггүй зан авир гаргах хүн болоод хувирчихна гэдгийг би хэрхэн, тааж мэдэх вэ? Карповын төлөөлөгчдийн удирдагч болох ёстой байсан Батуринский 1978 оны нэгдүгээр сард Филиппинд очихдоо энэ бүгдийг ярьж тохирсон бололтой. Халз тоглолт хэцүү, удаан болно. Түүний явцад хуульзүй, улс төр, сэтгэл санааны элдэв асуудал гарч ирнэ, өрсөлдөгч хамаг арга мэхээ хийнэ гэдгийг би гадарлаж байлаа. Энэ тэмцээнд миний эрх ашгийг зоригтой хамгаалж чадах хүнийг олох хэрэгтэй болов. Надад тус болчих хүн ганц Венад төрсөн Петра Лееверик гэдэг найз эмэгтэй л байв. Уг нь түүнийг дайны дараахан 19 настай байхад нь Вена хотоос Зөвлөлтийн тагнуулчид хулгайлж авчээ. Тэр үед оросоор нэг ч үг мэдэхгүй байсан хүүхнийг элдвээр эрүүдэн тамлаж тусгай хорих газарт олон өдөр зовоосны эцэст Америкийн тагнуул гэсэн балай мэдүүлэгт гарын үсэг зуруулсан ажээ! Тэгээд "онцгой зөвлөлгөөн" гэгчээс түүнийг жил хорих шийдвэр гаргасан бөгөөд тэрбээр 10 шахам жилийг Сталины хорих лагерьт өнгөрөөсөн. Халз тоглолт болохоос өмнө миний сэтгэлийг зовоож, удтал шаналгасан нэг асуудал гэвэл Ленинградад гэр бүл минь байсан явдал. Эхнэр хүүхэд маань тэсэхийн аргагүй байдалд байсан! Тэд энэ оронд ад үзэгдэж, иргэний ямар ч эрх чөлөөгүй байв. Гэхдээ тэд надаас хөндийрсөнгүй, овгоо солихыг шаардахад нь ч зөвшөөрөөгүй юм. Дээд сургуулиа аргагүйн эрхээр орхиход хүрсэн хүү маань гэрээсээ холдож, цагдаа нараас зугтаж нуугджээ. Би төрөл садан, танилуудаараа дамжуулан тэдэнд Израйльд очих урилга хэдэн удаа явуулсан. Тэд ч явах зөвшөөрөл хүсч гүрван удаа өргөдөл өгсөн боловч засаг төр хайхарсангүй.

 

УДИРДАГЧИД БИЧСЭН ЗАХИДАЛ

Халз тэмцээн болохын өмнө би ар гэрийн дарамтыг тэсвэрлэж үл тэвчин гэр бүлдээ туслах гэж бас нэг оролдлоо. Манила руу явахынхаа өмнө Цюрихийн нисэх онгоцны буудал дээр ЗХУ-ын удирдагч Л.И.Брежневт ил захидал бичсэнээ мэдэгдсэн. Манилад ирээд би уг захидлаа Зөвлөлтийн Элчин сайдын яаманд өгөв. Маргааш нь хэвлэлийн бага хурал дээр би тэр захидлыг дахин уншиж сонсгосон билээ.

 

Эрхэм хүндэт ноён Брежнев ээ!

Танд саяхан ЗСБНХУ-ын иргэн байсан, эдүгээ Швейцарь улсад суугаа мэргэжлийн шатарчин, нэгэн их мастер үүнийг толилуулж байна. Зөвлөлтийн нам, төрийн хараат спортын удирдах хүмүүсийн илэрхий хар муу санаат явдлыг тэвчих тэнхэлгүй болсон, нөгөөтэйгүүр ЗХУ-д идэвхтэй уран бүтээлч ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болсон учир би хоёр жилийн өмнө өрнөдийн оронд цагаачлан гарсан билээ. Зөвлөлт Холбоот Улсад миний гэр бүл, эхнэр хүүхэд маань үлдсэн. Эр нөхөр, эцэгтээ хайртай, төвийг сахисан Зөвлөлтийн жирийн иргэд тэд 1977 оны долдугаар сард ЗСБНХУ-аас гарах зөвшөөрөл хүсч өргөдөл өгсөн. Гэтэл миний гэр бүлд тийнхүү гарч явахыг зөвшөөрөхгүй гэж 1977 оны арваннэгдүгээр сард мэдэгдсэн байна. Ленинград хотын цагдан сэргийлэхийн дарга нар уулзаж ярилцахдаа миний гэр бүлийнхэн бол намайг зугтаасны төлөө барьцаанд байгаа улс гэдгийг нуулгүй хэлжээ. Өргөдөл өгснөөс хойш нэг жилийн нүүр үзлээ. Миний гэр бүлийнхэн бүр сүйрдэг дээрээ тулаад байна. Тэд амь зуухын тулд ажиллах, сурах боломжоо алджээ. Засаг захиргааныхан тэднийг хардаж сэрдэх, хонзогнох болж хүмүүс тэднээс цэрвэж зугтах боллоо.

ЗСБНХУ-ын Дээд Зөвлөлийн Тэргүүлэгчдийн дарга аа, ажил цалгардуулж спортод эрүүл бус харилцаа бий болгож, Зөвлөлтийн удирдах хүмүүсийн мэргэжлийн дутагдал, дулимаг явдлын бурууг жинхэнэ хүлээх ёстой хүмүүсийн толгойг илж, харин ямар ч хамгаалалтгүй хүмүүсийг залхааж байдаг нь хачирхалтай. Удахгүй Филиппинд Зөвлөлтийн их мастер, дэлхийн аварга А.Карпов бид хоёр Дэлхийн аваргын төлөө халз тоглолт хийх гэж байна. Ноён Ерөнхий нарийн бичгийн дарга аа, би таныг улстөрийн хэрсүү ухаан гаргана гэдэгт найдаж байна! Дэлхийн шатрын аварга шалгаруулах халз тэмцээн спортын ёсны хэвийн байдалд улс төрийн элдэв ээдрээ төвөггүй болоосой гэж хүсэхийн ялдамд миний гэр бүлийнхнийг ЗСБНХУ-аас гарч явах зөвшөөрөл өгөхийг танаас гуйж байна.

Их мастер Виктор Корчной

 

Энэ захидлыг уншиж дуусаад, миний гэр бүлийн гачлант байдлын хариуцлагыг Зөвлөлтийн шатрын холбоо хүлээх ёстой. А.Карпов хэрэв хүсвэл ЗСБНХУ-д онцгой эрх дархтай байдгийн хувьд миний гэр бүлийг Зөвлөлт улсаас гаргаж чадах хүн гэж хэлсэн билээ. Батуринский шиг түүх намтартай хүн дэлхийн аварга шалгаруулах халз тэмцээнд шатрын төлөөлөгчдийг тэргүүлэх эрхгүй гэж дахин тэмдэглэж хэлсээн. Зөвлөлтийн Элчин сайдын яаманд өгсөн өнөө захидлыг хэвлэлийн бага хурал хийлгэх хооронд зочид буудалд над руу буцаасан байлаа. Дугтуй нь задарсан байсан боловч дотор нь хариу нэг ч үг тавиагүй байсан. Юу ч гэх вэ, орон орны дипломатууд үүргээ өөр өөрийнхөөрөө ойлгодог бизээ. Дашрамд хэлэхэд, намайг амь насныхаа төлөө зовохгүй байна уу гэж асуусан юм. Би хариулахдаа энэ халз тоглолтод Карповт хожигдвол яах ч үгүй. Харин гэнэт түүнийг хожчихвол үнэхээр амь насаа бодох л хэрэгтэй болно доо гэсэн.

Карпов, Корчной нар 1999 он

1978 онд Филиппиний Багиод болсон шатрын дэлхийн аварга шалгаруулах халз тэмцээн гурван сар үргэлжилсэн юм. Энэ тоглолтод А.Карпов, В.Корчной нар 21 хайнцаж, 6:5-аар нэг тоглолтын ялалтаар Карпов хожсон юм. Энэ үед А.Карпов 27 настай ид оюун ухаан нь жигдэрч, жагсаж байсан бол Корчной яг 47 нас сүүдэр зооглож байв. 27, 47 настай хоёр их мастерын тулаан гойд ширүүн болсон. Энд ялагдаж асар хүнд дарамт дороос В.Корчной дахин өндийж дараагийн дэлхийн аварга буюу 1981 оны Италийн Мерано хотноо болсон шатрын дэлхийн аварга шалгаруулах халз тэмцээнд А.Карповтой өрсөлдөхөөр дахин нэг удаа шалгарч чадсан нь үнэндээ л гайхамшиг байлаа.

1990 оны наймдугаар сард В.Корчнойн Зөвлөлтийн иргэний эрхийг дахин соёрхон олгосон байна.

Орчуулж, тайлбар хийсэн Х.Лхамдорж, Г.Ванчиг

Агуу шатарчдын тухай өөр нэгэн нийтлэлийг уншихыг хүсвэл:

Шатрын өрөг дээрх цусгүй тулаан: Чонын ав

Цуут шатарчин сүнстэй өрөг тавьсан нь

"Карпов та хоёрыг сайн харж, ховсдохын тулд би эхний эгнээнд суух ёстой"

 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]