Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.
Яков Смушкевич гэдэг нэрийг Монголчууд бид сайн мэднэ, үгүй дээ л мэддэг байлаа. 1939 онд, Халх голын тэнгэрт байгуулсан ялалт нь энэ хүнтэй салшгүй холбоотой бөгөөд энэ тухай Халх голын тэнгэрт: Агаарын тулаанууд өргөжиж эхэллээ зэрэг цуврал нийтлэлдээ бичиж байсан билээ. Харин энэ удаа ЗХУ-ын 2 удаагийн баатар, БНМАУ-ын байлдааны гавьяаны улаан тугийн одонт еврей эр нь хэрхэн Сталины хэлмэгдүүлэлтийн машинд няц даруулсан тухай сонирхуулъя.
1902 онд төрсөн Яков иргэний дайны үеэр улаантны талд тулалдаж, батальон хороо захирч байгаад 1922 оноос Минскт байгуулагдсан нисэх эскадрилийн зохион байгуулагчийн албанд шилжсэнээр нисэх хүчинтэй амьдралаа холбожээ. Дараа нь өөрөө нисэх хүчний сургуульд сурч төгсөн жинхэнэ нисгэгч болж ур чадлаа гайхуулсаар Зөвлөлтийн нисэх хүчний бас нэг томоохон “шонхор” болон өсөн дэвжсэн байна.
1936 оны Испанийн иргэний дайнд Зөвлөлтийн сайн дурын нисгэгчдийн ерөнхий зөвлөхөөр очихдоо олон төрлийн онгоцоор нисэж, байлдааны арга тактикийн тал дээр голчлон анхаарч байсан бөгөөд хэдийгээр тулалдаанд орохыг нь хориглосон боловч хэд хэдэн удаа агаарын тулалдаан хийж 2 ч ялалт авсан гэдэг. Гэхдээ түүний гол гавьяа нь энэ хоёр ялалт биш, харин агаарын тулалдааны арга тактик боловсруулах болон нисэх хүчний зохион байгуулалтыг шинэ шатанд гаргасан явдал юм. Тэрээр Испанийн дайнд оролцсоныхоо төлөө ЗХУ-ын баатар цолыг 1937 онд хүртэж байжээ.
1938 онд агаарын парадын бэлтгэл хийж байхдаа осолд орж маш хүнд гэмтсэн ба эдгэхдээ нэг хөл нь нөгөөхөөсөө хамаагүй богино болсон учир дахин агаарт гарахааргүй боллоо гэж ойр дотнынхон ярьж байж. Гэсэн ч тэр агаарт эргэн гарсан юм.
1939 оны 6-р сард Смушкевчи Халх голын тэнгэрт болж байгаа аймшигтай сүйрлийг зогсоох, агаарт Зөвлөлтийн нисэх хүчний ноёрхлыг тогтоох зорилготойгоор ирж нэн даруй олон чухал ажил хийсний үр дүнд 6-р сарын 22 ноос эхлэн Японы ас-уудын дураар дургихыг зогсоож чадсан бөгөөд энэ тухай өмнө дурдсан цувралдаа хангалттай бичсэн билээ.
Мөн оныхоо 11-р сарын 17 нд Халх Голын дайны ялалтад онцгой үүрэг гүйцэтгэснийх нь төлөө дахин ЗХУ-ын баатар цолоор шагнасан ба энэ бол ийм цолыг хоёр дахь удаагаа авч байгаа гурав дахь хүн байсан гэдэг нь маш олон юмыг хэлж өгч байгаа болов уу. Удалгүй тэрээр суга үсрэн, ЗХУ-ын нисэх хүчний удирдагч, дэслэгч генерал болсон ба түүнд Сталин маш их итгэдэг, Яков ч генералисмусын өмнөөс хэлэх гэсэн үгээ хэлчихдэг эр байж. Тэрээр ЗХУ-Германы хооронд байгуулсан харилцан үл довтлох гэрээг ил тодоор эсэргүүцэж байсан тийм л хүн.
Испанид Дуглас хэмээх нууц нэрээр ажиллаж байгаад энэ дуудлагаараа алдаршсан Смушкевичийн ажил хэрэг 1940-өөд оны сүүлээс эвгүйдэж эхэллээ. Түүнд атаархагч, хувийн өс хонзонтой нөхдүүд нь дээд газар луу байнга “матаас” бичиж байснаас болсон уу түүнд үл итгэх явдал улам бүр их болсоор 1941 оны 6-р сарын 8 нд баривчлагджээ. Зөвлөлтийн хувьд аугаа их эх орны дайн нь эхлэхэд хэдэн хоног үлдсэн тэр цаг үе.
Смушкевичийн баригдсан шалтгаан одоо хүртэл тодорхойгүй ба зарим түүхчид түүнийг Финляндын дайны бүтэлгүйтлийн тухай дэндүү хараар бичсэн илтгэл Сталинд явуулснаас ийм зүйл болсон гэх бол өөр нэг хэсэг нь 1941 оны 5-р сарын 15 нд Зөвлөлтийн агаараас хамгаалах системд мэдэгдэлгүй хилээр орж ирэн Москвад газардсан Юнкерс онгоцны хэрэг явдлаас болж баригдсан гэж үздэг (нэмээд хэлэхэд тэрхүү Юнкерс онгоцоор Гитлерийн Сталинд явуулсан гэх нууц захиа ирсэн гэх батлагдаагүй яриа бий).
1941 оны 6-р сарын 8 нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан Смушкевичийг НКВД-ийнхэн ирж баривчиллаа. Босож чадахгүй энэ эрийг дамнуургатай нь авч явсаар тэр чигээр нь байцаалт авч эхэлсэн байна. Удалгүй дайн эхэлж, Зөвлөлтийн хувьд бүх л фронтын дагуу нийтдээ бут цохиулж байсан үе болохоор, эх орноосоо урвасан хэргээр шалгагдаж байгаа хүмүүсийн хувьд байдал ямар болж хувирсныг ойлгоход хэцүү биш болов уу. Байцаалт мөрдлөг нь тун удалгүй тамлан зовоолт болж хувирч, эрүү шүүлтийн дараа бие муутай Смушкевич нь шал самардан, орилон уйлан мөлхдөг байсан тухай мөрдөн байцаагч нь өөрөө дараа нь ярьсан байдаг юм. Тэрхүү мөрдөн байцаагч, эрүүдэн шүүгч Борис Родос, Лев Шварцман нар нь Яков Смушкеичтэй адил еврей хүмүүс байсан бөгөөд бүр сүүлд өөрсдөө баригдан байцаагдаж байхдаа дээрх мэдүүлгийг өгсөн байна.
Гитлерийн арми Москвад 22 км тулж ирсэн тэр үед буюу ЗХУ-ын нийслэл дайсны гарт орох нь бараг тодорхой болсон гэмээр 10-р сарын сүүлээр Смушкевич болон өөр бусад 20 гаруй баригдсан цэргийн зүтгэлтнүүдийг Москвагаас гарган Барбыш хэмээх жижигхэн тосгонд аваачсан ба араас нь ирсэн Беригийн тушаалын дагуу эдгээр хүмүүсийг цаазлах боллоо. Ямар ч шүүхийн тогтоолгүйгээр, Беригийн гарын үсэгтэй тушаалаар л эдгээр хүмүүсийг буудан алсан бөгөөд тэдгээр үхэх үйлтний нэг болсон Смушкевич энэ үед мөн л дамнуурга дээр хадаастай хэвээр, эрүү шүүлтээ даалгүй ухаан алдсан байсан чигээрээ байсаар буудуулж тэнгэрт хальжээ.
“Сталин хэмээх мангас нь ЗХУ-ын өч төчнөөн (2-100 сая) сая хүнийг алж хядсан” гэсэн эрүүл ухаанд багтамгүй хэтрүүлсэн, барим тавин худал ярих өч төчнөөн түүхчид нэртэй үзэл суртлын “идэвхтнүүд” зөндөө бөгөөд чухам тийм хүмүүсээс болж Сталины үеийн хэлмэгдүүлэлт гэж яг ямар зүйл байсан болон шалтгаан, бодит цар хэмжээг тогтооход хүндрэлтэй байгаа билээ. Ямар ч байсан хэлмэгдүүлэлт болж олон зуун мянган хүн өртөж, амь нас эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирч байсны нэг жишээ нь ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын байлдааны гавьяаны улаан тугийн одонт Яков Смушкевич юм.
P.S
Смушкевичийн буудуулсан тухай нэг ийм яриа бий:
-Тэрээр Испанид байлдаж байхдаа нутгийн нэгэн сайхан бүсгүйтэй танилцаж, өвөр түрийдээ ордог болж. Дараа нь Зөвлөлт Германы дайн эхлэхийн өмнөхөн Германы тусгай албад Смушкевичид хандан уг явдлын тухай баримт материал, фото байгаа тухай мэдэгдэж, хамтран ажиллах санал тавьсныг НКВД ч гэсэн өөрийн шугамаар мэдэж урьдчилан барьж авсан юм...
Үүнийг бичигч нь агаарын дайн тулаан, нисэх хүчний алдартнуудыг сонирхдогийн хувьд Оросын энэ талаарх элдэв форумд ганц нэг удаа оролцож, уг явдлын тухай мэддэг чаддаг нөхдүүдээс нь асууж байсан тохиолдол бий. Тэгэхэд олон хүн “ийм явдал болсон гэж тухайн үеийн нисэх хүчинд алба хааж байсан хүмүүсийн доторх яриа байдаг, өөр ямар ч бодит баримт нотолгоо одоо хүртэл гарч ирээгүй ээ" гэж хэлж өгч байж билээ. Цаг хугацаа яваандаа олон юманд хариулт өгөх биз ээ.
Сахалт гүрж оросын хаан болоод гавьяа ч байгуулсан гай ч тарьсан орос оронд.Жирийн ядуу гуталчны хүү оросын хаан болонгуутаа амжилттай өсөн дэвжиж байгаа бүх салбарын зүтгэлтнүүдэд үнэндээ хорсон атаархаж гутал засварын мөнгөөр амин зуулгаа залгуулдаг байсан тэр хар өдрүүдээ үзэн яддаг байж. Харин үхэхдээ их муухайгаар тусламж авч чадалгүй чадарсан энэ үхэлд сүүлд нүдэндээ сум зоолгож үхсэн Берия их рольтой байсан болов уу? гэж харддаг.Берияг баривчлахад Москва горнизон тэр чигээрээ хөдөлснийг бодоход их айж байсан хэрэг сахалт гүржийн ганц итгэлт шадар хүн энэ Берия их эвгүй хулгайч байлаа сахалт гүржид орос хүүхэн нийлүүлдэг нэг шөнө сахалт гүржийн үмхббоовоор бүлүүлээд үүрээр чадардаг заяа нь хаясан орос алнууд байлаа
e
e
Түүхэнд Хэрвээ гэж байдаггүй юм болов уу гэж би ойлгодог юм.