Хойд хөршийн түүхэнд тод томруунаар мөрөө үлдээсэн Монгол цуст, халимаг генералын түүхийг цувралаар хүргэж байгааг таалан болгооно уу.
Өмнөх нь: http://www.tolgoilogch.mn/_b26vwpgt1z
"Ган дивиз"-тэйгээ Австри оров
Дэлхийн нэгдүгээр дайны үед Корнилов хожмоо “Ган дивиз” хэмээн нэрийдэх болсон дивизээ удирдан алдарт жанжин Брусиловын Наймдугаар армийн тэргүүнд эгнээнд явж, Галиц, Карпатын газар нутагт болсон тулаануудад оролцож байв.
Галицийн тулаан нь хоёр талаас 100 гаруй явган ба морин дивизүүд, нийтдээ 2 сая орчим цэрэг, 5000 шахам их буу оролцсон Дорнод фронтын томоохон операци юм. 1914 оны наймдугаар сард Галицийн тулааны явцад Оросын цэргийн Баруун-Өмнөд фронтын III ба VIII арми хүчтэй сөрөг давшилтад оров.
Эхлээд Оросын генерал Н.В.Рузскийн III арми давшиж Монастырица хүрэв. Энэ үед морин цэргийн генерал А.А.Брусиловын 13 дивизийн хүч бүхий Наймдугаар арми Золотая Липа голын эрэг орчимд Австри-Унгарын III армийг хиартал бут цохиж, ухраав. Энэхүү Золотая Липагийн тулаанд Корниловын удирдсан буучийн 24-р дивиз баатарлаг гавьяа байгуулж тулгарах байлдаанд дайснаа бут цохин үлдэн хөөсөн аж. Энэ үед армийн командлагч Брусилов хошууч генерал Корниловыг шийдэмгий, зоримог байдлаар нь ихэд үнэлж өндөр шагналд тодорхойлжээ.
Оросын цэргийн Баруун-Өмнөд фронтын III ба VIII армийн энэхүү амжилттай давшилтыг зогсоохоор австричууд Сербийн фронтоос II армиа татаж авчран сөрөг давшилтад оруулсан ч Брусиловын арми Галицийн хойд талд сөрөн зогсов. Дайсны давшилтын хамгийн хүчтэй цохилтын хэсэгт Корниловын дивиз таарч. 24-р дивиз алхам ч ухарсангүй баатар зориг гарган дайсныхаа давшилтыг зогсоосон боловч асар их хохирол амсав.
Үнэхээр 24-р дивизийн чиглэлд аймшигтай их цус урссан тул сөрөг давшилтыг зохион байгуулсан Австрийн II армийн захирагч генерал Э.Бём-Эрмолли дайсныхаа тэрхүү дивизийг "Ёстой ган мэт нугаршгүй дивиз" хэмээн нэрлэж Дээд командлалдаа илгээсэн бүтэлгүй давшилтынхаа тухай тайлагнасан байдаг.
Энэ тухай Дорнод фронт даяараа мэдэж, Корниловын дивизийг үүнээс хойш "Ган дивиз" хэмээн нэрийдэх болов. Оросын иргэний дайны алдартай жанжин Антон Иванович Деникин энэ үед бригад командлан Корниловын дивизтэй мөр зэрэгцэн тулалдаж байв.
Тийм ч учраас цэрэг офицерууд нь түүнд их хайртай, захирагчийнхаа тушаалыг биелүүлэхээр чин зүрхнээсээ хүсч байдгийг бимэдсэн юм" хэмээн тэмдэглэжээ.
Карпатын нуруунд мөр зэрэгцэн тулалдаж байхдаа А.Деникин бас л Оросын армид алдартай буучийн IV бригад буюу "Төмөр бригад" (хожим өргөтгөж Төмөр дивиз болгосон) командалж байлаа. Сонирхолтой нь ирээдүйд энэхүү "Ган" болоод "Төмөр" дивизийн захирагч генералууд Оросын өмнөд нутаг дахь цагаантны хөдөлгөөний удирдагчид болсон түүхтэй.
Армийнх нь командлагч А.Брусилов Корниловыг хошууч генерал цол авч байхад "Цэргүүд түүнийг маш ихээр хүндэтгэж, командлагчаа бурхан мэт шүтдэг" хэмээн тодорхойлсон аж. Эндээс офицер Корниловын тухай бага ч атугай ойлголт олж авах биз ээ.
Ер нь Деникин, Корнилов зэрэг өндөр ур чадвар бүхий дивиз, корпус командлагч нартаа А.Брусилов цагийн байдалд зохицуулан бие даан шийдвэр гаргах бүрэн эрхийг олгодог байсан нь их давуу талтай байжээ.
1915 оны дөрөвдүгээр сард Австрийн нутагт Корниловын дивиз бүслэлтэд орж, маш их хохирол амсав. Командлагч нь дивизийнхээ үлдэгдлийг бүслэлтээс гаргаад өөрөө багахан хүч командлан дайсантайгаа тулалдаж үлджээ.
Дайснууд нь их хохирол амссан ч Корниловыг олзолж авсандаа тун сэтгэл хангалуун байв. Түүнийг олзонд байхад Австри-Унгарын армийн командлагч фельдмаршал Конрад фон Хётзендорф өөрийн биеэр ирж уулзаж байв. Жил гаруй шоронд хоригдсоны эцэст Корнилов оргох төлөвлөгөө амжилттай зохион байгуулж 1916 онд Орос эх орондоо эргэн ирж чадав. Корниловт эзэн хаан Петроградын цэргийн тойргийг командлах итгэл хүлээлгэж, дэслэгч генерал цол хүртээв.
Ингэж байтал 1917 оны хоёрдугаар сард хувьсгал гарч, II Николай хаан ширээнээсээ татгалзлаа.
Армийн Дээд Ерөнхий командлагч ба Корнилов ба түүний "Үймээн"
Хоёрдугаар сарын хувьсгалаар Орос орон, Оросын армийг сүйрлээс аврах эх оронч зорилгыг агуулж II Николай хааныг огцрохыг олон дээд тушаалын офицерууд ятгасан байдаг. Тэдний нэг нь VIII армийн командлагч А.Брусилов байсан бөгөөд тэрээр Түр Засгийн газрын цэргийн зөвлөх болж, улмаар тавдугаар сард М.В.Алексеевийн оронд Оросын армийн Ерөнхий командлагчаар томилогдсон юм.
Тэгмэгц А.Брусилов өөрийн оронд VIII армийн захирагчаар Л.Г.Корниловыг тавив. Армийн захирагчаар томилогдсон боловч дэслэгч генерал Л.Г.Корнилов улс төрд нөлөө бүхий болохын чухлыг энэ үеэс л мэдэрч эхэлсэн гэнэ. Ингээд эхэн үедээ Корниловын бодсоноор бүх зүйл өрнөж эхлэв.
Түр Засгийн газрын Цэрэг болон Тэнгисийн сайд болсон А.Ф.Керенский 1917 оны зургадугаар сард Оросын армийн амжилттай довтолгооныг өрнүүлэхээр бүх хүч чадлаа шавхав. Тэртэй тэргүй дампуурч яваа улс, армийг энэ чармайлт бүрэн нэрмэв. Ядаж байхад зургадугаар сарын 18-нд Оросын армийн давшилт эхэлсэн ч тун удалгvй бүрэн дампуурлаар дууссан байдаг.
Чухамхүү энэ гутамшигт ялагдал Түр Засгийн газрыг огцруулах, Аравдугаар сарын хувьсгал (Октябрийн хувьсгал) гарах гол шалтгаан болсон гэж үздэг.
Бүтэлгүйтсэн давшилт, өөр олон хүчин зүйлсээр шалтаглан долдугаар сард Петроградад ажилчид цэргүүд гурван өдрийн турш бослого гаргасны эцэст Түр Засгийн газрын Ерөнхий сайд Георгий Львов огцорч танхимын тэргүүнээрээ туг тахисан А.Ф.Керенский оронд нь Ерөнхий сайд болов.
Тэрээр хөрөнгөтний болон баруун социалист намуудтай Засгийн газрыг дэмжих талаар хэлэлцэн тохиролцохыг оролдож байв. Большевикуудын удирдагч В.И.Ленин ч Финляндад зугтан гарав. Долдугаар сарын 12-нд фронт дээр цаазаар авах ялыг дахин сэргээн тогтоов. Мөн "Керенски" хэмээн олонд нэрлэгдсэн шинэ мөнгөн дэвсгэртүүд гаргав. Долдугаар сарын 19-нд тэрээр армийн Дээд Ерөнхий командлагчаар генерал Лавр Корниловыг томиллоо. Зургадугаар сард болсон давшилтын сүйрлээс үүдэлтэй дэгдсэн бүх асуудлыг арми командлагч нарын дундаас хамгийн өндөр нэр хүндтэй Корниловыг сугалж томилсноор Засгийн газар олон нийт, цэрэг армийнхны талархлыг хүлээнэ гэж Керенский тооцоолжээ.
Үнэхээр ч цэрэг армийнхан, олон нийт Корниловыг талархан хүлээн авч эсрэгээрээ нийгмийг хүчтэй донсолгож, эмх замбараагүй байдал, хувьсгалд уриалж байсан Ленин хилийн чанадад зугтан гарсан нь байдал ингээд тогтворжих шинжиндээ орлоо хэмээн улстөрчид дүгнэж эхэлжээ.
Германы тагнуулын албад ч урьдаас хувьсгалд бэлтгэсэн Ленинд итгэл алдарч Керенскийн Засгийн газар, Корнилов тэргүүтэй армийнхантай тохиролцохоор нүх сүв хайж эхлэв.
Гэвч тун удалгүй А.Керенский Л.Корнилов нарын хооронд эрх мэдлийн өрсөлдөөн эхэлсэн хэмээн түүхэнд тэмдэглэжээ. Генералын улс төрийн үйл ажиллагааг ч энэ үеэс эхэлсэн гэж үзэж байна.
Орчин цагийн түүхчид, улс төр судлаачид түүнийг шударга үнэний ойлголтыг улс орны ашиг сонирхолтой хослуулахыг оролддог байсан хэт шударга, “гэнэн улстөрч” хэмээн тодорхойлдог. Эх орныхоо төлөө хувийн амьдралаа ч золионд гаргахад бэлэн орос офицерын энэ чанар үнэхээр ч тэр үедээ доог тохуу болдог байсан юм. Хааны гэр бүлийг буудсаны дараа Засгийн газрын тэргүүний төлөө өрсөлдөж ч болохоор асар их нэр хүндтэй байсан генерал Корнилов хаант засгийг сэргээхийг эрмэлзэж байв.
Ийм хурц тэмцлийн үед зэвсгийн хүч хэрэглэхгүйгээр энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх нь бараг боломжгүй зүйл байсан. Гэхдээ түүний нэр хүнд, Оросын төрт улсын үндсийг хадгалж үлдэх гэсэн хүсэл нь олон хүнийг айлгаж байлаа.
Консерватизм нь хаант засаглалыг эргүүлэн авч ирэх гэсэн эрмэлзлэл болон харагдаж байсан учраас Түр Засгийн газрын тэргүүн хүртэл Корниловоос эмээж эхэлжээ.
Л.Г.Корниловын хувьд ямар ч байсан большевикуудтай тохиролцох шаардлагагүй хэмээн үзээд, Петроградын босогчдыг цэргийн хүчээр дарахаар шилмэл цэргийн ангиудаа тийш нь илгээв. Ингэснээр улс орон улам тогтворжино хэмээн боджээ.
Харамсалтай нь Корниловын нэр хүндээс болгоомжилсон Керенский большевикуудтай хуйвалдав. Петроград руу хөдөлсөн цэргийн ангиудын захирагчид, офицеруудыг Засгийн газрын нэр барьсан большевикууд толгойг нь эргүүлэв. Улс орны дотоодод цэргийн хүчээр төрийн эрхийг авах гэсэн хэмээн Корниловын тойрон хүрээлэгчид болох хорь орчим генералуудыг 1917 оны наймдугаар сард баривчлав.
Баривчилгааг Түр Засгийн газрын нэрээр Дэлхийн I дайны үеийн Оросын алдартай жанжин, генерал М.В.Алексеевийн тушаалаар хийжээ. Энэ үед М.В.Алексеев багагүй зориг гаргаж, шүүхээс үнэн мөнийг тогтоотол Дээд Ерөнхий командлагч болон бусад генералуудыг хамгаалах нэрийн дор дан Георгийн одонт цэргүүдээр бүрдүүлсэн Георгийн явган цэргийн хорооны дайчдаар Быховын шоронд харгалзуулснаар большевикууд хоригдсон генералуудыг хоморголон хөнөөх аюулаас аварчээ.
Корниловын үймээн гэгч нь ердөө л эрх мэдлээ хамгаалж үлдэх гэсэн Керенскийн өдөөн хатгалга, гүтгэлэг байсан нь батлагдсан. Чухамдаа большевикуудыг нам дарж авахаар цэрэг хөдөлгөж байснаас л болж энэ гүтгэлгийг өнөөг хүртэл, Зөвлөлт засгийн жилүүдэд огт хөндсөнгүй, эх орон, цэрэг армидаа үнэнч Корниловын нэр төрийг ч цэвэрлэсэнгүй явж иржээ. Энэ тухай мөрдлөг, шалгалтын материалууд ч гэрчилдэг.
1917 оны наймдугаар сард Лавр Георгиевич үнэхээр агуу их нэр хүндтэй байсан юм. Тэрээр Түр Засгийн газраас гаргасан армийн шинэчлэлийг эсэргүүцэж, түүнчлэн цаазын ял, энгийн улстөрчид цэргийн шийдвэр гаргахад оролцох эрхийг цуцлахыг дэмжиж байлаа. Түүний үзсэнээр шинээр оруулж ирсэн зүйлс нь зарчмыг алдагдуулж, армийг бүрэн задалж, завхруулна гэжээ.
Корнилов үнэхээр цэргийн хүчээр хувийн засаглал тогтоох байсан уу? Үүнд бүрэн дүүрэн хариулт өгөх боломжгүй юм. Түүний хэлсэн үгнээс “Корниловчууд”-ын зорилго нь газрын эздэд газрыг нь эргүүлж өгөх бус, үндэсний ашиг сонирхол, олон жилийн уламжлалыг харгалзан удаан хугацаанд улс орныг шинэчлэн тохинуулах байлаа. Гэвч Лавр Георгиевич нь консерватор хүн байсан болохоор тухайн үед нэр хүнд, алдар нэрээ алдаад байсан Керенскийд төдийгүй засгийн эрхэнд тэмүүлсэн большевикуудад ч аюул учруулж байв. Корниловын эх оронч үзлийг Быховийн шоронд, түүнийг цаазлах гэж байхад хүртэл хүмүүс хүлээн зөвшөөрч, хүндэтгэж байжээ.
Ингэж байтал аравдугаар сар гарч Октябрийн хувьсгал Орос орны төвийг гал мэт дүрэлзүүлэв. Лавр Георгиевич болон түүнийг дэмжигч генерал, офицерууд, тэр бүү хэл шоронг большевикуудаас хамгаалах зорилготой Георгийн явган цэргийн хорооныхон ч хамтдаа Дон руу цагаантны хөдөлгөөнийг үндэслэж, армиа байгуулахаар хөдөлжээ. Корниловын хамсаатнуудын дунд өнөөх баривчилгаа явуулсан генерал Алексеев, хамт мөр зэрэгцэн тулалдаж байсан генерал Деникин нарын Оросын алдартай жанжид байлаа.
Үргэлжлэл нь: Оросын армийн Дээд Ерөнхий командлагч Корнилов-3: Сүүлчийн тэмцэл ба гутаан доромжлогдсон цогцос
хараал идсэн большивекүүд юм даа тамдаа хамгийн адагаар тарчилж байх даа таарсан сүгнүүд тэр муу халзан багш ч гэсэн дээ яг таарсан дугуй.хараал идсэн тамаасаа иргэж бүү ирээсэй
Bolsheivikuudiin achaar boosnoos salsnaa ch buu mart!
unen dee