Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Цахиур Төмөрийн дүрд Х.Баянмөнх аваргыг тоглуулахаар шалгаж байжээУншсан17,161

Зууны манлай роман Ч. Лодойдамбын “Тунгалаг Тамир”-ыг уншаагүй хүн ховор биз ээ. Романаас сэдэвлэн бүтээсэн “Тунгалаг тамир” киноны цахиур Төмөрийн дүрд Т.Сандуйжав гэх няглан бодогч мэргэжилтэй хүн тоглож, Нямын Дагийранз гуай дуу оруулсныг хэн бүхэн мэднэ.

Зууны манлай роман Ч. Лодойдамбын “Тунгалаг Тамир”-ыг  уншаагүй хүн ховор биз ээ.  Романаас сэдэвлэн бүтээсэн “Тунгалаг тамир” киноны цахиур Төмөрийн дүрд Т.Сандуйжав гэх няглан бодогч мэргэжилтэй хүн тоглож, Нямын Дагийранз гуай дуу оруулсныг хэн бүхэн мэднэ. Цахиур Төмөр морин дэл дээр давхиж явахдаа үргэлж “Эрдэнэ засгийн унага”-аа дуулж явах… Хаанаас нь ч харсан Халхын сайн эр л харагддаг юм.

Соёлын тэргүүний ажилтан Тогтохын Сандуйжав Булган аймгийн Хутаг-Өндөр суманд төржээ. Бага сургуулиа нутагтаа дүүргээд Худалдааны техникумийг 17 насандаа түүхий эдийн засгийн мэргэжлээр төгсөж, Могод сумаас ажил хөдөлмөрийн гараагаа эхэлжээ. 1956 оноос эхлэн Налайхын уурхайд тасралтгүй 38 жил ажиллахдаа тооцооны нягтлан бодогч, орлогч нягтлан бодогч, ерөнхий нягтлан бодогч, хэлтсийн даргаар тус тус дэвшин ажиллаж байв. Түүний ажил амьдралын гараа Налайх дүүрэгтэй салшгүй холбоотой.

Гэргий Г.Чимэгдэлгэр нь Налайх дүүргийн уугуул иргэн. Тэд 1958 онд гэр бүлж, дараа жил нь том хүүгээ өлгийдөн авч, дөрвөн хүү, хоёр охинтой өнөр гэр бүл болсон. 2002 онд тэдний гэр бүлд  "Дэл­хийн энх тай­вны төлөөх гэр бүлийн Мон­голын хол­боо"-ноос "Шилдэг гэр бүл" өр­­гөмжлөл олгосон байдаг. Түүний том охин аавынхаа мэргэжлийг өвлөж, нягтлан бодогч болжээ. 

Том хүү С.Батдорж “Аав минь “Тунгалаг тамир” киноныхоо нэгдүгээр ангид тоглочихоод гэртээ телевиз авч байсан. Тэр үед нь л их баярлаж байснаа санадаг юм. Түүнээс биш кинонд тоглоно гэдгийг нь ч тоодоггүй байсан байх. Байрныхан дундаа анхны телевизтэй айл болж байлаа. Мөн киноны хоёрдугаар ангид  тоглочихоод гэртээ хивс авч байсан. Тэр нь их сонин, сайхан санагддаг байж дээ... 

Уурхайчдын соёлын ордонд аавыг Засагт ханы цахиур Төмөрт тоглосон гээд уурхайчдын уулзалт болсон юм. Хүмүүс киноны талаар ярилцаад л, удалгүй Т.Сандуйжаваар “Эрдэнэ засгийн унага”-ыг дуулуулъя” гээд л эхэллээ. Тэгсэн аав тайзан дээр гараад микрофон тог, тог гэж нясалаад, хоолойгоо заслаа. Тэгсэн ээж “Үгүй ээ, энэ одоо дуулах юм байх даа. Ямар сонин юм” гээд надад хэллээ. Тэгсэн аав “Уучлаарай, би нэг ч удаа дуулж үзээгүй” гээд суучихдаг юм. Заал дүүрэн хүн нир хийтэл инээлдэж билээ. Тийм л даруухан хүн байсан даа” хэмээн дурссан байдаг.

20-р зууны Монголын кино урлагт өөрийн дахин давтагдашгүй дүр төрхөө бүтээж, үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээсэн дүрүүдийг амилуулан дэлгэцнээ мөнхлөн үлдээсэн нь "Тунгалаг Тамир" киноны Засагт ханы цахиур Төмөрийн дүр.

Тэрбээр "Тунгалаг Тамир" кинонд тоглох болсон тухайгаа “...Тэр чинь 1969 он юм. Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Р.Доржпалам, Ч.Лодойдамба гуайн гэргий Ардын жүжигчин Ч.Долгорсүрэн, зураглаач Баттулга нар манай Налайх дүүрэгт ирж сонгууль авч байгаа байдалтай танилцсан. Гол нь Цахиур Төмөрөө л хайгаад байсан хэрэг. Өмнө нь Х.Баянмөнх аварга тэргүүтэй олон хүнийг шалгаад бүгд тэнцээгүй юм билээ.

Сонгуулийн цаг бараг шувтрах үед би ажлаа тараад санал өгөхөөр очлоо. Тэгтэл энд, тэндээс зураг аваад инээлгэж, уурлуулж, дуулуулж үзэх гэж оролдов. Надад мэдэж байгаа юм алга. Огт танихгүй нэг хүн "Чи улсаас 25 төгрөг идсэнээ мартаагүй биз" гэв. Гэнэт уур хүрсэн гэж жигтэйхэн. Гэтэл өнөө хүмүүс чинь боллоо, олчихлоо гээд баярлалдаад явчихав. Байгаа байдал хийгээд уурласан минь өнөө Цахиур Төмөр дүрээрээ байж.

Ингэж л Засагт ханы сайн эрийн дүрийг бүтээсэн түүхтэй. Төд удалгүй хот орж Итгэлт баян, Эрдэнэ ах, дүү Хонгортойгоо танилцаад Архангай аймгийн Их Тамир сум руу зураг авалтад гарлаа. Ажлын зав зай, мөн урлаг уран сайханд тааруухан болохоор дургүйхэн л байлаа.

Гэвч "Чи минь хичээж л үзээрэй. Энэ олон хүн чамд итгэж байна. Олны итгэлийг алдалгүй тэр сайхан хүний дүрийг дэлгэцэнд бүтээж чадах юм бол хожим үр хүүхдэд чинь хүртэл хэрэгтэй шүү" гэж аминчлан захисан ханийн минь үг санаанд ороод болдоггүй” хэмээн ярилцлага өгчээ.

Ингэж л тэр кино уран бүтээлчдийн эрлийн эзэн болж, Засагт ханы цахиур Төмөрийг дэлгэцэнд амилуулсан түүхтэй. 2000 онд Цахиур Төмөрийн дүрийг чадмаг гаргасан хэмээн үнэлж зохиолч Ч.Лодойдамбын нэрэмжит шагналыг хүртээсэн юм.

“Тунгалаг Тамир” киноны Дулмаагийн дүрийг бүтээсэн МУГЖ Ш.Дэлгэржаргал “Хамгийн анх натурт гарлаа. Натурт очсон хойно Цахиур Төмөр буюу Т.Сандуйжав бид хоёрыг Ч.Лодойдамба гуай харчихаад Төмөрийг яасан сайхан бие хаатай залуу вэ гээд их ойшоож, яг тохирох юм байна гэж үзсэн...” хэмээжээ. 

  Ч.Лодойдамба гуайн гэргий Ч. Долгорсүрэн “Цахиур Төмөрөө би өөрөө олсон юм” хэмээн Сандуйжавыг ихэд хайрладаг байж.

“Ширтэй хэвтэж байгаа энэ хvнийг цахиур Төмөр гэдэг. Өнгөрсөн намар Луу Гvний ноён сvргээс тасалж хөөгөөд гэнэт үерлэсэн Тамирын голд мориноосоо салж vхэхийн даваан дээр аврагдахын хамт баригдаж хэд хоног жанчигдан байцаагдсан боловч нутаг ус, нэр алдраа хэлсэнгvй. Хэд хэдэн хvн таньж гэрчлэхэд нь «Та андууран нүгэл хурааж байна» гээд хэв нэг инээмсэглэж байжээ...” гэх зохиолын энэ хэсгийг санаж байгаа байх. Тэгвэл яг энэ ширлүүлж эргэн дээрээс усанд унадаг хэсгийг зургийг авах гэж есөн удаа дахисан бөгөөд Тамирын голын түргэн урсгалд ширлүүлээстэйгээ хөвж бусдыгаа сандаргахад Ч. Долгорсүрэн гуай ихэд айн сандарч уйлж байсан гэдэг.

Т.Сандуйжав гуай кинонд тоглосныхоо дараа нэг хэсэг бор дарсанд орсон гэдэг. Таних танихгүй хүмүүс "Цахиур Төмөртэй уулзсаны төлөө" гээд л нэг шил юм бариад ирдэг байж л дээ.

Тэрээр мэргэжлийн жүжигчин биш ч кино дэлгэцнээ хэд хэдэн дүрийг бүтээжээ.

1970-73 он “Тунгалаг Тамир” киноны Цахиур Төмөр

1974 он “Нэг ангийн хоёр” Ундрахын аав

1977 “Зуслангийн найзууд” Аюуш

1977 онд “Хөх ногооны униар” нэгдлийн дарга

1979 он “Үүрийн цолмон”

1983 он “Гарьд магнай” киноны Сандаг аварга

Тэрээр эдгээр дүрүүдээсээ онцолж,"Гарьд магнай" киноны Сандаг аваргын дүр аятайхан санагддаг хэмээсэн байдаг.

Зааг.мн сайтын албан ёсны эрхтэйгээр нийтлэв
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]