Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Чөтгөртэй хийсэн тохиролцоо буюу Моссад нацистуудыг орхисон ньУншсан41,565

Ханы Аргентинд хийсэн айлчлалын хөтөлбөр сүүлд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гарт оржээ. Тэндээс хачин жигтэй зүйл илрүүлсэн нь энэхүү томоохон албан тушаалтан бараа бологчгүй шахам нисчээ.

Моссадын хүлээсэн цохилт

1960 оны хавар “еврейчүүдийн мэргэжилтэн” хочит нацистын дайны гэмт хэрэгтэн Адольф Эйхманыг баривчлах ажиллагаа алс холын Аргентинд амжилттай дууссан юм. Израйль улсын тагнуулын алба “Моссад” ялалтаа сүр дуулиантайгаар тэмдэглэж, алдрын титмийг өөрсдөдөө зүүж байлаа. Удалгүй илүү том ажиллагааны бэлтгэл Моссадад эхэлнэ. Мэдээж үүнийг хэн ч шууд явуулж зүрхлэхгүй, нэг жил ч юм уу, хүлээх л хэрэгтэй.

Харин энэ үеэр гэнэтийн цохилтод хорссон “Дези” ажлаа эхэлж, “Моссад”-ын ажиллагааг сайтар тунгааж байлаа. “Дези” нь 1940-өөд оны сүүлчээр Герман иргэдийн аюулгүйн алба хэмээх нэртэйгээр байгуулагдаж байсан нууц алба аж. Үнэндээ бол энэ байгууллагын боловсон хүчнийг SD (Германы аюулгүйн алба)-ийн хуучин ажилтнууд бүрдүүлж, Аргентинд суурьшсан нацистын удирдагчдын эрх ашгийг хамгаалж байсан гэдэг. Хамгаалалтад нь байсан томоохон нацистуудын нэг нь мэдээж хэрэг Эйхман байсан.

Хамар дороосоо Эйхманыг алдсан дезичүүд Моссадад хариу цохилт өгөхөөр нэг хүнээс нөгөө рүү дамжиж байв. Дайн дууссанаас хойш арван таван жилийн дараа гэхэд Аргентин дахь нацистуудын нууц байгууллага хөл дээрээ бүрэн тогтсон, Европт, Баруун, Зүүн Германы аль алиных нь тусгай албадтай ямар нэгэн эрх ашгаар холбогдож, тэр байтугай АНУ, Лэнглитэй хүртэл холбоотой болсон байжээ. “Дези” Моссадын ажилтнуудаас заримыг нь устгаж, заримыг нь германчуудын төлөө ажиллуулж, гурав дахьд нь худал мэдээлэл өгч, “нөмөр”-төө нууж байжээ. Аргентины сөрөг тагнуулынхан ч газар нутаг дээр нь үйл ажиллагаа явуулсан еврейчүүдэд таатай хандаагүй тул германчуудад идэвхтэй тусалж байсан ч гэлцэнэ. Ингээд израильчууд дараагийнхаа алдар нэрд бэлтгэж байх зуур тэднийг эсэргүүцэгчид харгис тулаанд бэлдэж байлаа.

Холокостын бөөнөөр хорих лагеруудаас амьд үлдсэн еврейн 50 дайчнаас бүрдэж анх байгуулагдаж байсан Ханокмин хэмээх нууц бригад тэдний эсрэг зогсож байв.

Нацистуудыг ангуулчилж байсан “Ханокмин” Эйхманыг барьснаас хойш яг нэг жилийн дараа сайтар бэлтгэсэн томоохон ажиллагаагаа эхлүүллээ. Ялна гэдэгтээ огт эргэлзэхгүй байсан тэд хүлээж байсан алдрын титмийнхээ оронд Европт нэр хүндээ алдаж, асар ихээр цусаа урсгажээ. Моссад, Ханокмины улайрсан ажиллагаанууд ээлж дараагаараа Европт илэрч барууны улс орнууд Израйлийн Засгийн газарт эсэргүүцэл үзүүлж эхлэв. Цаагуураа “Дези” энэ тулаанаас ялагч болон гарч ирсэн юм.

Илүү өргөн цар хүрээтэй ч анхныхаасаа муу бэлтгэсэн энэ оролдлого илүү их цус урсгасанаар өндөрлөж “Моссад”-ын бусад хэсгийн ажилтан, тагнуулчид, орон нутгийн гэрчийг тооцолгүйгээр “Ханокмины” 21 ажилтан амиа алджээ.

Израильд 2003 онд хэвлэгдсэн, Ханокмин бригадын үйл ажиллагааны тухай өгүүлдэг “Хүмүүн бусыг ангуучилсан нь” хэмээх номын хавсралтад “Өс хонзонгийн төлөө амиа алдагсад” гэсэн гарчигтай жагсаалт бий. Энэ бол хуучин нацистуудыг барих, устгах ажиллагааны явцад амиа алдсан “Ханокмин”-ы ажилтнууд юм. Жагсаалтад зөвхөн хүний нэрс бус амиа алдсан өдрийг нь хүртэл оруулжээ. 1961 оны 08 дугаар сарын 9-нээс 10 дугаар сарын 11-ний хооронд дээр дурдсан 21 нууц ажилтан амиа алдсан нь эндээс батлагддаг.

Яаран сандран бэлтгэсэн партизанууд бус, мэргэжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн тагнуул-хорлон сүйтгэх хэсгийнхний хувьд ийм алдагдал хүлээнэ гэдэг аймшигт цохилт болно. Тэгээд ч мэргэжилтэн бүрийг тагнуулын тусгай сургуульд хэдэн жилийн турш бэлтгэж, дараа нь практикт удаан сургах хэрэгтэй болдог билээ дээ. Тэр тусмаа л ийм том алдагдал хүлээсний шалтгаан ойлгомжгүй байгаа биз. Байгалийн гамшиг уу? Эсвэл золгүй тохиолдол уу? Ийм өндөр хохирлоор “Ханокмин” яагаад үйл ажиллагаагаа зогсоосон болохыг тайлбарлаж болно.

1962 оны 04 дүгээр сард буюу хүн анх сансарт ниссэнээс яг нэг жилийн дараа гэхэд “Ханокмин” бараг л татан буугдсан гэхэд болно. Нэр төдий бүтэц нь хэвээр үлдсэн ч тагнуулчдынх нь тоо эрс буурчээ. Шилдгийн шилдгүүд нь ч орхин одов. (өөр ажилд шилжсэн гэвэл үнэнд илүү ойртоно).

“Моссад”-д учирсан хохирол их байсан тул “Ханокмин”-ы үйл ажиллагааг зогсоох шаардлагатай болсон байна. “Ханокмин” буюу “Залхаан цээрлүүлэгч сахиусан тэнгэрүүд” нь “Моссад”-ын хүчирхэг, олон салбар бүтцийн нэг хэсэг л байсан юм. “Дези”-тэй хийсэн хоёр дахь тулаанаар израильчууд ялагдал хүлээсэн ч тэдний тусгай албадын шаргуу хөдөлмөрийг мэдэхийн хувьд тэд ухрахгүй нь ойлгомжтой байлаа. Гэхдээ тэд ухарсан юм. 70, 80-аад онуудад Моссад нацистуудыг ангуучилсан тухай баримтууд гарч ирдэг ч томоохон ажиллагаа зохион байгуулаагүй бөгөөд ихэвчлэн араб, Палестины алан хядагчидтай хийх "тоглоом"-д оролцох болжээ.

Чөтгөртэй хийсэн тохиролцоо

“Моссад” ийм аймшигт цохилтыг аваад бага зэрэг сэхээ оржээ. Тусгай албаны албан ёсны түүхэнд ч 1961 оны сүүлийн саруудад гарсан томоохон зогсонги байдлын ул мөр харагддаг. Үүнийг Аргентинд болсон алдагдлаас өөрөөр тайлбарлах ч боломжгүй юм.

Ингээд израильчуудын өмнө цаашид юу хийх вэ гэсэн асуулт гарч иржээ. Өөрсөдтэй нь эн тэнцүү, дээрээс нь өөрийн газар нутагтаа тулалдах шаардлагатай гэдгийг урьдчилж мэдээд бүхий л хүчээ цуглуулан, шинэ ажиллагаанд бэлтгэх үү? Тэгвэл дахиад шинэ ялагдал хүлээх өндөр эрсдэлтэй. Эсвэл дэлхий нийтийг энэ асуудалд оролцуулах уу? Тэгвэл олон улсын эрх зүйн үүднээс хууль бус үйлдэл хийснээ хүлээн зөвшөөрөх хэрэг гарна. Энэ нь илүү хүнд бөгөөд гутамшигтай ялагдал болно.

Ингээд эцсийн дүндээ тулалдахгүй, тохиролцох гэсэн гайхамшигтай санаа хэн нэгний толгойд орж ирсэн аж. Магадгүй ийм санаачилгыг хуучин нацистууд ч гаргасан байж болох. Тэд Израйлийн талд юу санал болгосон байж болох вэ? Зөвхөн нэг л зүйл бий. Энэ бол мөнгө. Нацистууд гэмт үйлдлээ худалдах нь жирийн ямар ч израиль хүнийг дургүйцүүлж, доромжилсон үйлдэл болно. Тиймээс ч хэлэлцээр чанд хатуу нууцлал дор болжээ. Уулзалт явуулах газрын тухайд ямар ч асуудал байхгүй. Нацистууд Израиль руу явахгүй нь ойлгомжтой болохоор Аргентинд хэлэлцэхээр тохиролцжээ. Энд увайгүй прагматик хэмээх хочит Иегуда Хан иржээ. Тэр л еврейчүүдийн үхлийн лагерьт зовж шаналсан сая сая еврейчүүдийг нацистын цаазын ялаар юу ч эргүүлж авчрахгүйг тайвнаар бодож байсан биз ээ. Харин Израиль улсаа санхүүгийн хямралаас аврах нь илүү чухал, хэрэгтэй асуудал. Үүний төлөө ёс суртахуунаас хэтэрсэн тодорхой гэрээ хийж болно. Нацистын гэмт хэрэгтнүүд өөрсдийн гэм нүглээ цусаараа төлөхгүй байг л дээ. Тэдний цусаар орчин үеийн ганц сөнөөгч онгоц ч авч чадах биш. Мөнгөөр л авах нь ойлгомжтой.

Ингээд ч хэлэлцээр ч амжилттай болж, нацистууд аюулгүйн баталгаагаа, израильчууд мөнгөө авчээ. Мөнхийн дайсан, мөнхийн нөхөр зөвхөн улс төрд ч биш улс үндэстнүүдийн асуудалд ч байдаг гэдгийн нэг баталгаа энэ.

Лэнглигийн нууц гар

Энэ тохиролцоонд бас нэгэн нууц гар нөлөөлсөн нь хожим хойно бага багаар ч атугай ил болсоор байдаг.  “Моссад” бол цэвэр Израилийн бүтэцтэй газар бус, барууны гүрнүүдийн гар оролцсон тусгай алба байсан юм. Моссадыг америкчууд хамгийн түрүүнд ивээн тэтгэдэг байсан.

1969 онд “Моссад”-ын нэгэн хэлтсийн ажилтны бичсэн албан гар бичмэл олон жилийн дараа ил болжээ. Үүнд тэрээр АНУ-ын тусгай албадтай холбоотой ямар нэг асуудалд буулт хийсэн учир шалтгаанаа удирдлагадаа тайлбарлажээ. Тухайлбал энд доорхи зүйлийг бичсэн байна.

“Өнөөдөр Израиль улс энэ орныг устгахыг эрмэлзсэн дайсагнагч улс орнуудаар бүх талаараа хүрээлүүлсэн маш хүнд байдалд байгаа учраас бидэнд АНУ гэх стратегийн холбоотонтойгоо харилцаагаа дордуулах эрх байхгүй. АНУ-ын дэмжлэггүйгээр манай улс орон амархан оршин тогтнохоо болино. Тиймээс бүхий л салбарт АНУ-ын ашиг сонирхлыг тооцож, зарим зүйл дээр тэдний шууд зааварт захирагдах ёстой. Учир нь үүнээс л Израиль улс оршин тогтнох нь шалтгаална. Юу юунаас илүү энэ бүгд тагнуулчид бидэнд хамаатай. Тэгээд ч манай тагнуулын алба анхнаасаа АНУ болон барууны бусад орнуудын оролцоогоор байгуулагдсан. Тэдэнгүйгээр бид амжилтынхаа тал хувьд ч хүрч чадахгүй байсан биз ээ. Манай түншүүд зөвхөн бидний төдийгүй өөрсдийнхөө ашиг сонирхлыг тооцохыг эрмэлзэх нь бүрэн ойлгомжтой. Тиймээс зарим асуудалд бид буулт хийж хандах ёстой” хэмээжээ.

Магадгүй нацистуудтай хийсэн тэмцэл ийм л асуудалтай холбогдсон. Гэхдээ Вашингтон яагаад Гуравдугаар рейхийн дампуурсан толгойлогчдын амыг таглах ёстой байсан гэж? Лэнглид нацистуудын мөнгөөр дутдаггүй юм аа гэхэд дэлхий ертөнцийг жинхэнээсээ доргиох мэдээллээс айж байжээ. Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайны жилүүдэд америкчууд нацистуудтай хамтран ажиллаж байсан асуудлыг хөндсөн асар их дата байжээ.

Энэ хамтын ажиллагааг сайтар нууж байсан ч цаг хугацааны явцад дэлхий дахинаа ил болсон юм. 70-аад онд Америкийн нийтлэлч Чарльз Хайем үүний талаар “Дайсантай хийсэн худалдаа” хэмээх бүхэл бүтэн ном бичиж, дараах зүйлсийг ил болгосон.

Чарльз Хайем номондоо “Дэлхийн хоёрдугаар дайны үед Америкийн хэд хэдэн томоохон корпорациуд, санхүүчид, үйлдвэрлэл эрхлэгчид, түүнчлэн Засгийн газрын зарим хариуцлагатай этгээдүүд хувийн эрх ашгаа улс орны ашиг сонирхлоос дээгүүр тавьж нацистын Германд ашиг хонжоо харж худалдаа наймаагаа үргэлжлүүлж байсан гэдгийг гашуунаар нотлохоос өөр аргагүй боллоо.

Үндэсний архивын баримтуудаас Америкийн ашиг сонирхолд чин сэтгэлээсээ ханддаг гэж бодож байсан зарим нэр бүхий хүмүүстэй холбоотой баримт олон байна. Америк, Англи, Германы томоохон худалдаачдын зарим нь Перл Харборын дараа АНУ-Германы харилцаа дайны түвшинд хүрсэн ч ажил хэргийн холбоогоо хадгалж үлдэхийн тулд хуйвалдаан зохион байгуулжээ. Ингэхийн тулд Засгийн газрын эрх бүхий албан тушаалтнуудад ч авлига өгч тив дамжсан бизнесмэнүүд корпорацийнхаа үйл ажиллагааг амжилттай үргэлжлүүлж байжээ. Америкийн томоохон корпорацийн олон удирдагч Перл Харборын өмнө болон дараа нь “И.Г.Фарбен” зэрэг нацистуудын корпорациуд, нацистуудын аж үйлдвэрийн трестүүдтэй хамтран ажиллаж, зөрүүлээд Освенцим зэрэг аймшигт хорих лагеруудад үйлдвэрлэгдэж байсан бүтээгдэхүүнийг хүртэл бага үнээр худалдаж авч байсныг мэдээд би үнэхээр их цочирдсон.

Том бизнесийн төлөөлөгчид өөрсдийн гэсэн нийгэмлэг үүсгэж “бизнесийн барилдлага” гэж нэрлэсэн юм. Энэхүү нийгэмлэгийн гишүүд санхүүжилтийн ерөнхий эх үүсвэртэй, компани, банкуудын зөвлөлд ижилхэн орсон байлаа. Санхүү, аж үйлдвэрийн хаад нацистын эдийн засгийн гол хүн, Гитлерийн “Рейхсбанк”, Олон улсын тооцооллын банкны тэргүүн гэгддэг Эмиль Пультэй түвэгтэй гэмээр нарийн сүлжээгээр холбогдож байлаа. Тэднийг “Бизнес бүхний түрүүнд” гэсэн зарчим ойртуулж байв” хэмээн бичжээ.

Үнэн хэрэгтээ Хайем болон бусад зоримог судлаачид худал хуурмагийн өтгөн манан дундаас зөвхөн мөсөн уулын орой хэсгийг л харсан байж мэднэ. Уулын бэл, хормой тэдний нүднээс далдхан үлджээ. Тэгээд ч нийгэмлэгт зөвхөн хэсэг бизнесмэн төдийгүй дунд албан тушаалтнууд, мөн АНУ-ын дээд албан тушаалтнууд ч орж байв. Жишээ нь сенатч Трумэн 1941 оны 06 дугаар сард “германчууд ялж эхэлбэл оросуудад, оросууд ялж эхэлбэл германчуудад туслах хэрэгтэй” гэж мэдэгдэж байсан юм. Тэд бие биеэ аль болох их хөнөөх хэрэгтэй. Тэгвэл дайны дараа хэн ч АНУ-ын ноёрхлын талаар маргалдах тэнхэлгүй болно хэмээн үзэж байв. Удалгүй сенатч Трумэн Америкийн Ерөнхийлөгч болсон. Түүний үзэл санаа ч өөрчлөгдөөгүй.

Аргентинд суурьшсан нацистуудаас АНУ-ыг тэвдүүлэх зүйл энэ байжээ. Хэрвээ тэднийг Вашингтонтой хамтран ажиллаж байсан тухай мэдээллийн багахан хэсэг нь ил болох юм бол АНУ-ын олон улсын хэтийн байдалд томоохон цохилт болох эрсдэлтэй байлаа. Тиймээс Америкийн улстөрчид “гэмгүй өвгөчүүл”-ээр оролдохгүй байхыг израильчуудад зөвлөсөн байж мэднэ.

Амьдрал өөрчлөгддөг

Нэгэн сонирхолтой баримт бий. Хэргийн гол учир нь “Моссад”-ын 1959, 1960, 1961 оны дотоод баримтуудад тагнуулын албаны санхүүжилт хангалтгүй байна гэсэн гомдол байнга тааралдана.

Энэхүү асуудлыг илүү өргөнөөр судлах явцдаа 1950-60-аад онд еврейн улсын санхүүгийн байдал тийм ч сайхан байгаагүйг мэдэж авсан юм. Мэдээж Америкийн тусламж байснаас гадна “гэмт” германчууд ямар нэгэн мөнгө төлж байсан юм. Энэ бүгд хэвийн эдийн засгийг байгуулахад хүрэлцэж л байлаа. Гэхдээ Израиль бүх талаасаа дайснаар хүрээлүүлсэн, батлан хамгаалахдаа асар их мөнгө зарцуулах хэрэгтэй болсон, бүслэгдсэн цэргийн лагерь байсан юм. Тус улс их буу, танк, онгоц, цэргийн зэвсэг хэрэгсэл их хэмжээгээр үйлдвэрлэх, худалдан авах шаардлагатай байв. Тэгээд ч тус улсын эдийн засаг бэхжээгүй, хөл дээрээ босоогүй байсан үе. Хэдийгээр еврейн улс өөдрөг, сайхан байдлаа бүхий л талаар харуулах ч дээд албан тушаалтнууд нь арабуудтай зэвсэглэлийн шинэ уралдаан хийхэд Израиль тэсч үлдэхгүй гэсэн гашуун үнэнийг лавтайяа мэдэж байсан юм. Учир нь арабууд олон сая хүн амтай, нефтийн асар их нөөцтэй, бараг юу ч үгүйгээс л мөнгө босгох боломжтой байсан. Израйлийн хувьд багахан хэмжээний үржил шимтэй хөрс, хуурай цөл газар л байв. Ямар Мөхсөн тэнгис, тэнгисийн давсыг мөнгө болгон хувиргалтай нь биш.

1962 онд байдал орвонгоороо өөрчлөгдсөн юм. Израилийн удирдлагууд гэнэт л, асар их хэмжээний мөнгөтэй болжээ. Энэ цагаас эхлэн тус улс эдийн засгийн хүндрэл бэрхшээл гэдгийг туулсангүй. Тэгвэл юу болов? Албан ёсны эх сурвалжууд, түүхчид энэ асуултад дуугүй л байдаг. Санхүүгийн хямрал, түүнээс яаж гайхамшигтайгаар аврагдсан талаар чандлан нууцалдаг юм. Гадаадын эх сурвалжууд ч дуугүй л байдаг. Уг нь ямар ч аврагч (АНУ хамгийн өндөр магадлалтай) өөрийгөө дэлхий даяар сурталчлах гэж яарах байсан биз ээ.

Израилийн удирдлагын дансанд Швейцарийн банкуудаас мөнгө урсан орж ирж байлаа. Үр дүнд нь тойрон хүрээлсэн арабын орнуудтай хийсэн удаа дараагийн дайнд Израйль улс ялгуусан ялалт байгуулж, тэсч үлдэв.

Ерөнхийд нь үзвэл энд гайхах зүйл үгүй. Олон улс орон, хувь хүн хөрөнгөө швейцарьчуудад найдаж хадгалуулдаг шүү дээ. Гэхдээ хамгийн сонирхол татахуйц нь өнгөрсөн ХХ зууны сүүлийн жилүүдэд нацистуудтай холбоотойгоосоо болж дуулиан дэгдсэн банкуудаас энэ мөнгө орж иржээ. Маш түргэн, үр дүнтэйгээр мартагдсан энэ дуулианыг Израилийн бүрэн дэмжлэгтэйгээр дарсан байх магадлалтай.

Иегуда Хан гэж хэн бэ?

Энэ сэжиг таамгийг 1962 оны хоёрдугаар сард Израйлийн Гадаад хэргийн яамны томоохон албан тушаалтан Иегуда Хан Аргентинд очсон хагас албан айлчлалын баримт улам бэхжүүлж өгсөн юм. Ханыг олон хүн нөлөөтэй нэгэн болохоор нь Израилийн Засгийн газрын “саарал кардинал” ч гэж нэрлэдэг байлаа. 1905 онд төрсөн Хан Дэлхийн хоёрдугаар дайнаас өмнө Палестин руу нүүж, нутгийн еврейчүүдийн сүүлийн төвийг баримталсан хэсэг маягаар Британийн колонийн засаг захиргаатай холбоотой ажилладаг байжээ. Израиль хэмээх улс бий болсны дараа Ханд нэг бус удаа өндөр албан тушаал санал болгож байсан боловч тэр ямар ч хариуцлага хүлээхгүй хэрнээ нөлөө бүхий “саарал кардинал” чигээрээ үлдэхийг чухалчилсан байна. Түүний нэр сонинуудад бараг гардаггүй ч залуу еврейн улсын Ерөнхий сайд ч түүний зөвлөгөөг сонсдог байв. Улс оронд болж буй бүхэнд асар их нөлөө үзүүлэх эрх олгосон Ханы нэг хөзөр нь хүчний бүтэц болох арми, тусгай албадтай нягт холбоотой байсан явдал юм. Хэдийгээр Хан Гадаад хэргийн яаманд ажиллаж байсан ч маш өргөн хүрээний асуудал эрхэлж, хилийн чанад руу тун ховор айлчилдаг байжээ. Айлчлал бүр нь асар чухал байлаа. Яг ийм нөхцөлд алс холын, ач холбогдол багатай, Эйхманыг барих ажиллагааны дараа харилцаа нь муудсан Аргентин руу нисэх шалтгаан нь юу байв?

Магадгүй Аргентинтай харилцаагаа сэргээхээр үү? Итгэхэд хэцүү л юм. Хэрэг явдлаас хойш нэг жил хүрэхтэй үгүй өнгөрсний дараа Израиль улс харилцаагаа гэнэт сайжруулах ямар хэрэгтэй гэж? Тэр тусмаа Ханы айлчлалын дараа Аргентинтай эдийн засаг, улс төрийн ямар ч харилцаа сэргээгүй, дээр нь Израиль үүнээс хойш энэ улсыг бараг сонирхохоо больсныг тооцвол  хачирхалтай.

Ханы Аргентинд хийсэн айлчлалын хөтөлбөр сүүлд эрэн сурвалжлах сэтгүүлчдийн гарт оржээ. Тэндээс хачин жигтэй зүйл илрүүлсэн нь энэхүү томоохон албан тушаалтан бараа бологчгүй шахам нисчээ. Ганц нэг л хүнийг эс тооцвол шүү дээ. Хоёрдугаарт, түүний уулзалтын хөтөлбөрт хоёр хоногийн “нүх” байх агаад энэ хугацаанд Иегуда Хан Аргентины нийслэлээс гадуур байна гэж тодруулжээ. Аргентины албан ёсны төлөөлөгчидтэй хийх уулзалтууд ч цөөхөн, богино хугацаатай байгаагаас үзэхэд Хан үүний төлөө тус улсад ирээгүйг илтгэх аж.

Орчуулсан Э.Мөнхзаяа

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]