Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

"Алив хөгшөөн, хүүхэд мэх заалгана гээд иржээ"Уншсан50,518

Урьд сайн бөх явсан Ананд гуай самгантайгаа цагийн дөрвөн улиралд Улаанбургас хэмээх газар суурьшин амьдарна.

Урьд сайн бөх явсан Ананд гуай самгантайгаа цагийн дөрвөн улиралд Улаанбургас хэмээх газар суурьшин амьдарна. Чадал доройтсондоо тэр биз нэг газар байнга байдаг болсон нь энэ. Өөрийгөө “аварга”, “арсланд" тооцдог ойворгон сагсуу эр нутаг хошуу дамжин Сутай нутагт иржээ.

Танай нутгийн хамгийн сайн, мэхтэй бөх хэн бэ? Би мэх заалгах санаатай явна гэж нутгийн хүнээс асуухад Ананд! Ананд гуай л байлгүй яахав хэмээн хариулцгаав. Мань хүн Ананд гэж ямаршуу хүн байдаг бол, гэж бодсоор тэднийд буулаа. Гэрээс нэгэн самган гарч нохой хорьжээ.

-Танайх Анандынх уу?

-Мөөн! хүү минь.

-Ананд гуай бий юу?

-Түлээнд явсан л даа...

Залуу хархүү өвгөний явсан зүгийг заалган алхав. Нэлээд яваад дөрвөн эгнээ сур дэлгэн, тэмээнд ачих гэж байгаа юм шиг дээр нь харгана тавьсан байхыг харжээ. Харин цаана нь нэг хүн сөхрөн суугаад харганы унги атган суга суга татан гаргаж байгаа үзэгджээ.

Дэргэд нь очоод "Ананд гуай! Амархан сайн уу? Ахыг хэн хүнгүй мэхтэй гэх юм. Надад мэх зааж аль" гээд нутаг усаа ярьж, хаанаас ямар зорилгоор яваагаа хэлжээ.

-Амархан сайн уу? Хүү минь түлээ түүж дуусаагүй л байна даа.

Залуу ч дотроо иш энэ муу өвгөн, бараг тэмээнд ачих түлээг даах болов уу даа. Босохдоо ч намайг тат л гэх байх гэж бодов. Гэтэл өвгөн туслуулах нь битгий хэл, дуу шуугүй л сэвс гэтэл үүрээд алхлаа.

Гэртээ ирээд -Алив хөгшөөн миний өмсгөл гаргаад ирээч. Хүүхэд мэх заалгана гээд иржээ. Гэхэд эмгэн нь хоймрын авдар уудлан хуучирч самбай чийг болсон зодог шуудаг гаргаж өгчээ. Тэр хоёр гэрийн баруун талд гарч зогсоно. Өвгөний өмнө залуу торгон өмсгөл, угалзтай гуталтай ихэд маадгар дэнхэлзэнэ. Хэрзгэр өвгөнийг нэг сайн тавьж өгье гэж бодсоор өрлөө. Барилцлаа. Нэг мэдсэн ойчсон байлаа.

За нэг ийм мэх байдаг юм гэж өвгөн хэлэв. Залуу юу ч эс ойлгов. Дахиад өрлөө. Золголоо. Яасныг бүү мэд ойчлоо. Бас нэг ийм мэх байдаг юм гэв. Бүр юу ч ойлгосонгүй. Мөн л өрлөө. Ёстой юу ч мэдсэнгүй аанай л газарт хэвтэнэ.

Ананд гуай -Заа! хүү минь дахиад нэг иймэрхүү мэх байдаг юм гэснээ, танай нутагт Бямбаа, Дорж, даамай Баажий, Гангаа гээд мэхтэнгүүд бий. Эхлээд нутаг хошууныхаа бөхчүүдээс, дараа нь бусдаас сур! гэж сургажээ. Омголон залуу бөхийн “ханд" дарагдан тэднийд орж чадалгүй ичээд нутаг буцсан гэдэг.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]