Судрын чуулган бол Монгол эзэнт гүрний хаадын түүх төдийгүй тухайн цаг үеийн дэлхийн түүхийг хойч үедээ хүлээлгэж өгч чадсан гайхамшигтай бүтээл юм. Энэхүү оюун ухааны гайхамшигт эрдэнэсийн санг үе үеийн олон эрдэмтэн, судлаачид, академичид тал бүрээр нь судлан зэрэг цол хамгаалан, зохиол бүтээлдээ ашиглаж ирснийг дурдах нь илүүц бизээ. Ингээд манай сайтын зүгээс Рашид ад дины "Судрын чуулган"-аас Өгөдэй хааны засаглалын цаг үед хаантай холбогдон болж байсан үйл явдлуудыг дурдсан бяцхан өгүүллүүдийг сонгон авч цувралаар хүргэж байгаа билээ. Таалан болгооно уу.
НЭГЭН /ӨГҮҮЛЭЛ/
Хүмүүс "Энэ гэрийн орчны тийм газар Афрасияб гэгчийн булж нуусан үнэт эрдэнэс байгаа" гэж тэмдэглэсэн бичиг олсон гэнэ. Тэр булаастай эрдэнэсийн тухай тэмдэглэлд дурдахдаа, дармал баялгийг энэ дүүрэгт байгаа ачлагын амьтад даахгүй гэсэн ажгуу. Өгөдэй хаан өгүүлрүүн “Бусдын дармал баялаг бидэнд хэрэггүй. Харин бидэнд байгаагаа хүмүүс, захирагдагсдынхаа төлөө цөмийг нь зарцуулах болно” гэжээ.
НЭГЭН /ӨГҮҮЛЭЛ/
Нэгэн худалдаачин сангаас цэврээр бэлэн 500 зоос авсан ажгуу. Хэсэг хугацаа өнгөрсний дараа нөгөөх ирээд, тэр зоосноос үлдсэнгүй гээд өөрийгөө зөвтгөхийн тулд үзэж болохооргүйгээр шалтаг тоочиж байв. Гэтэл түүнд дахиад 500 зоос гаргаж өг гэж хаан тушаав. Тэр аваад дараагийн жилд дахин ирж бүр ч үзэж болохооргүй өөр шалтаг тоочжээ. Хаан мөн л тэр хэмжээний зоосыг түүнд өг гэж тушаасан байна. Тэр дахин ирж дахиад л өөрийгөө зөвтгөөд л байв. Бичигч нь түүний хэлж байгаа үгийн үнэн худлыг мэдэхийн тулд тандуул хүн явуулжээ. Тэр хариулсан нь, тийм хүн хотуудаар явж мөнгө үрэн таран хийж, идэж ууж л явдаг гэжээ. Тэгэхээр нь хаан айлдсан нь “Зоос нь урьдынхаараа л байх болно. Харин түүнээс зоосыг авч байгаа нь манай харьяат нар учир мөнгө нь ч бидний гарт л үлдэж байгаа хэрэг. Түүнд урд өгч байсан шигээ өгч л бай, харин битгий үрэн таран хий гэж хэлээрэй” гэв.
НЭГЭН /ӨГҮҮЛЭЛ/
Хятадын хотуудын нэгэн блох Тай-мин-фугийн оршин суугчид гомдол мэдүүлсэн нь "Бид найман мянган зоосны өртэй билээ. Энэ нь манай үгүйрэн доройтохын шалтгаан болж байна. Учир нь зээлдүүлэгсэд нь өрөө төл гэж шаардаад байна" гэжээ. Хэрэв тэдэнтэй эвийн хэлэлцээр байгуулах тухай тушаал гардагсан бол бид зугуухан төлчих юм. Тэгвэл үгүйрэхгүйсэн билээ гэсэн байна. Хаан айлдсан нь “Зээл олгогсдыг эвийн хэлэлцээр байгуул гэж албадвал тэдэнд хохиролтой болно. Харин түүнийг анхаарч үзэхгүй орхивол харьяат нарт маань үймээн гарах шалтгаан болно. Сангаас л төлчих нь хамгийн дээр болно” гэв. Зээлдүүлэгсэд нь гарын үсэг авч ирэх буюу зээл авсан хүнээ дагуулан ирж сангаас мөнгөө автугай гэсэн зар түгээв.