Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ш.Сүрэнжав: Цагдаа тонгороод 200 төгрөгөөр торгуулж байлааУншсан17,574

Цагдаа тонгордог учир нь, миний нэг тууж “Цог” сэтгүүлд хэвлэгдээд 400 төгрөг авлаа. Бөөн баяр болсон хүн харайлгаж явтал “Монте кристо гүн”-г орчуулдаг Даш шартчихсан таардаг юм байна. Тэгээд яахав дээ зовлон нэгтэй улс чинь нэгийнхээ шарыг тайлах санаатай “Туул” ресторанд ганц юм уугаад гарах гэтэл цагдаа хоргоогоод болдоггүй.

Жороо шаргаа унахаар

 Жолоо татах дургүй

Зодог шуудгаа өмсөхөөр

Шороонд хүрэх дургүй

Ард Монгол Сүрэнжав Би байна...хэмээн шүлэглэж утга зохиолын ертөнцөд хөл тавьсан хүн бол Төрийн шагналт, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав. Эрхэм найрагчтай амьдрал, уран бүтээлийнх нь тухай хөөрөлдлөө. 

-“Яруу найрагч хүнд анхны шүлэг хэвлэлд гарна гэдэг хүүхэд төрөхтэй адил юм” гэж манайхан ярьдаг. Таны анхны шүлэг хэдэн онд, аль хэвлэлд гарч байв даа? 

 

-1960 оны эхээр, одоо чиний алба хашиж байгаа “Үнэн” сонинд Ц.Гайтав анхлан гаргаж өгч байсан. Нээрээ л чиний хэлдгээр анхны шүлгээ хэвлэлд гаргачихаад    хүүхэдтэй болчихсон мэт л хөөрцөглөж байлаа. Тэгээд дараахан нь 1962 онд “Залуу зохиолчдын шүлгийн анхны түүврийн уралдаан” зарласан. Тухайн үед яруу найрагч, шүлэгч гэсэн бүх хүн л оролцож байсан санагдана. Нийт 117 түүвэр ирсэн гэдэг байх шүү. Тэр уралдаанд одоогийн Төрийн шагналт, СГЗ П.Пүрэвсүрэн, Ж.Шагдар бид гурвын түүвэр тэргүүн байр эзэлж учиргүй их баярлаж байлаа. 

Бид гурав ч бие биедээ дуулгатал нэг нэгэндээ итгэж өгдөггүй. “Дамшиг чинь намайг чадахаар тоглож байна” гэж муу санаалахгүй юу. Тэгээд гурвуулаа цуг шөнийн 12.00 цаг болж байхад хэвлэх үйлдвэрийн жижүүрт загнуулан байж сонины тасархайгаас түрүүлсэн нэрээ олж үзэж байлаа /инээв/. Тэгэхэд л жигтэйхэн их баярласан хүн унтаж чаддаггүйг мэдэрсэн шүү. Ойр дотнын нөхөртөө хэлж онгирмоор ч юм шиг, үеийн нөхдөдөө дуулгаж доргимоор ч юм шиг болдог юм билээ. Тэгээд л анхны түүврийн баяраа үеийн нөхөр Р.Чойномын гэрт хийсэн. Тэгэхэд Р.Чойномынх дөрөвдүгээр дэлгүүрийн хавьд байсан санагдана. 

-Анхны ном ийм учиртай байж. Тэгвэл Цэндээ эгчтэй анх яаж болзож байсан бэ? 

-Бидний залууд одоогийнхтой адил гар утас, мессеж гэж байсангүй. Кино театрт очвол гэрэл унтрахыг хүлээнэ. Гэрэл унтрахад гараа явуулж гарыг нь атгахад аятайхан байвал болж байгаа хэрэг. Буцаагаад шидчихвэл баларлаа л гэсэн үг шүү дээ /инээв/. Бид хоёрын анхны болзоо Төрийн ордны хойд талын цэцэрлэгт болж байсан юм. Би ирчихээд хүлээж байтал Цэндээ ч хүрээд ирлээ. 

Тэгснээ нэрэлхсэн ч юм уу яасан юм бүү мэд хажуугаар танихгүй юм шиг зөрөөд явчихаж байна. “Эр хүн түрүүлж хөдлөх ёстой” гэж бодоод араас нь дуудаж анхны болзоогоо амжилттай болгож байлаа. Тэгээд 1959 онд бид хоёр нэг гэрт орж, 1960 онд Хишигсүрэн маань төрсөн дөө.

-Мэдээж Цэндээ эгчид зориулсан олон бүтээл бий биз? 

-“Намуун үдэш” гэдэг дууг үндсэндээ Цэндээд зориулсан. Мөн дээр ярьсан уралдаанд түрүүлдэг түүвэрт дээрээс нь доошоо уншихаар Цэндээ гэж уншигддаг шүлэг орсон юм. Тухайн үедээ л их шинэлэг шүлэг байсан шүү. Ямар сайндаа л Л.Түдэв дарга редакторлахдаа сүрхий үнэлсэн байдаг юм. 

“Цээлхэн дууг чинь хөгжим гэвэл

Эгшгэнд нь уярсан нь би билээ

Найртай сэтгэлийг чинь нар гэвэл

Дулаацаж жаргасан нь би билээ

Эрэвгэрхэн нүдийг чинь цэцэг гэвэл

Эргэлдэх эрвээхэй нь би билээ”

гэдэг шүлэг. 

-Таны “Арав дахь хавраа үдье” дуу өнөөдрийг хүртэл дуулагдаж байна. Энэ дуу хэрхэн бүтсэн тухай дурсвал? 

-1963 онд Их сургууль төгсчихөөд Монголын радиод очсон юм. Тухайн үед телевиз нээгдээгүй байлаа. Тэгэхэд Эрдэнэбат гэж Москвад хөгжмийн удирдаачийн сургууль төгссөн бор залуу хөгжмийн редакцид дөнгөж ирээд байлаа. Запуу хүн болоод ч тэр үү дан хөгжмийн уран бүтээл хийдэг байсан юм, Эрдэнэбат. Ялангуяа цэргийн марш их бичсэн хүн. Тэгээд нэг өдөр надад хандаж “Хоёулаа хамтарч нэг дуу хийе” гэхэд нь сүрхий хорхойссон л доо. 

"Арав дахь хавраа үдье” дууны түлхүүр анх яаж эргэсэн гэхээр Эвлэлийн төв хорооны Сургууль пионерын хэлтэс хариуцсан “орос” Оюун “Одоогийн залуучууд гитартай их дуулдаг болж. Тэдэнд таалагдах дуу хийх үү, чи” гэхэд нь “Тэгье, тэгье. Би хийе” гэчихлээ. Ажилдаа түүртээд Оюун даргын санал болгосон дууны шүлгийг бичихээ мартчихаж /инээв/. 

Нэг өдөр гэртээ сууж байтал Оюун дарга яриад “Нөгөөдөр залуучуудын чуулга уулзалт болно. Түүн дээр шинэ дууг чинь дуулуулна. Хийсэн биз дээ" гэж байна. Би ч “Хийнэ” гэж хэлсэндээ бантаад “Хийж байгаа. Сүүлийн нэг бадаг дээр жаахан засвар хийх хэрэгтэй байна” гэж хэлээд тавьчихлаа. Тэгээд ёстой та нарын хэлдгээр бүх онгодоо буулгаад бодлоо доо. Нэг, хоёр удаа бичих гэж оролдлоо болдоггүй. Хэсэг сууж 10 жилийнхээ дурсамжаа сэргээлээ. Би Налайхын 10 жилийн сургуулийн анхны төгсөгч нь юм. 1958 онд төгсч байлаа. Тэгээд хичээлээ тараад нар хэвийх алдад уулан дээр хичээлээ давтдаг байсан үе минь санаанд буулаа. Тэндээс л,

“Униар татсан хаврын орой Урьхан салхи шивнэхдээ Удахгүй сургуулиа төгсөх бидний

Уяхан сэтгэлийг хааш нь дуудна вэ” гэдэг бадаг нь төрсөн юм. Шүлгээ бичиж дуусчихаад Эрдэнэбат дээр очиж “Нөгөө Оюун чинь дуугаа нэхэж байна. Үүнийг үзэж бай. Чи ая хийнэ гэсэн хэвээрээ биз дээ” гэтэл “Хэвээрээ” гэж байна. 

Ингээд би Дундговь уруу долоо хоногийн томилолтоор яваад өглөө дөө. Томилолтоо дуусгаад хотод ирсэн нэг л танил үгтэй дууг хажуугаар өнгөрсөн хүүхэд бүр л аялаад гарах юм. Нэг их анзаарсангүй Ш.Эрдэнэбаттай уулзсан чинь “Дуугаа хийгээд дууссан. Одоо хотын залуус дуулж байгаа шүү дээ” гэхэд л миний шүлэг байна гэж санаж байгаа юм чинь / инээв/. Тэр цагийн сургууль төгсөж байсан залуус, өнөөдрийн сургууль төгсөж байгаа залуус ч энэ дуугаар жигүүрлэж амьдрапд хөл тавьдаг болсон болов уу гэж боддог юм. 

-Бас л дууны тухай асуух болох нь. Таны “Бүхээгтэй ногоон машинтайгаа” гэдэг дуу одоо ч дуулагдсаар байна. Ер нь энэ цаг дор бүхээгтэй ногоон машин хараад юу боддог вэ?

 -Тэр дууны шүлгийг би сайндаа ч бичээгүй юмаа. Нэг өглөө шартах маягтай Энхтайваны гүүрэн дээгүүр алхаж явтал олон бүхээгтэй машин хил рүү ч юм уу хаашаа ч юм нэг их нүсэр хүнгэнэсэн дуу гаргаад хажуугаар өнгөрдөг юм байна. Тэгэхэд сэтгэлд нэг их муухай хар бодол сэртэсхийгээд л ороод ирсэн. “Зарим нь энд жаргаад хэвтэж байхад зарим нь сумны өөдөөс үхэл рүүгээ явж байна” гэдэг бодол. 

Тэгээд гэртээ оронгуутаа дэвтэр дээрээ, “Хилийн зүг юуны тулд Хэний төлөө цэрэг эрчүүд Бүхээгтэй ногоон машинтайгаа Бүрэнхий үдшээр хаачих нь вэ хө”

гэж бичсэн. 1990 он гарахтай зэрэгцэн орос цэргүүдийг буцаасан шүү дээ. Тэгж буцаахаас өмнө энэ дуугаараа би орос цэргүүдийг буцаасан хүн /инээв/. Учир нь,

 “Дархан хилийг минь хамгаалан босч

Даяар олныг минь өмгөөлөн зогсч

Атаат дайсныг өвдөглөн дарсан

Анд нөхөд минь буцаж явна” гэж буцаасан даа. 

-Монголд телевизийн урлагийг хөгжүүлэхэд Таны оруулсан хувь нэмэр их бий. Нэг нэвтрүүлэг хөтлөх гэж явахдаа цагдаа тонгорсон тухай манайхан ярих юм билээ? 

-Намайг телевизэд ажиллаж байхад одоогийнх шиг техник хэрэгсэл байхгүй байсан. Бүх нэвтрүүлэг шууд явдаг байлаа. Тэгээд хөтлөгч ч байхгүй, та нарын хэлдгээр нэвтрүүлэг “будаа” /инээв/. Цагдаа тонгордог учир нь, миний  нэг тууж “Цог” сэтгүүлд хэвлэгдээд 400 төгрөг авлаа. Бөөн баяр болсон хүн харайлгаж явтал “Монте кристо гүн”-г орчуулдаг Даш шартчихсан таардаг юм байна. 

Тэгээд яахав дээ зовлон нэгтэй улс чинь нэгийнхээ шарыг тайлах санаатай “Туул” ресторанд ганц юм уугаад гарах гэтэл цагдаа хоргоогоод болдоггүй. Нэвтрүүлгийн цаг тулчихсан явъя гэхээр цагдаа бариад явуулдаггүй. Тэгээд гараа татаж аваад лавхан шиг тонгорчихсон чинь нөгөө цагдаа ширээний цаана ойчоод өглөө. Тухайн үед залуу ч байж. Дээр нь яарсан, омголон зан гээд юм юм л давхацсан байх. 

-Тонгорсныхоо дараа өдөр нь торгуулсан гэдэг. Торгуулчихаад “Төрийн наадамд түрүүлсэн бөх 500 төгрөгийн шагнал авдаг. Төрийн цагдаа тонгорсон хүн 200 төгрөгийн торгуультай” гэж хэлээд гарсан уу? 

-Хоёр хоногийн дараа юм. Цагдаагийн газар дуудагдаж төрийн хүн тонгорсон хэрэгт эрүү үүсэхдээ тулдаг байгаа. Тэгж тэгж гайгүй 200 төгрөгөөр торгуулсан. Тухайн үед нийгмийн хэв журам алдагдуулсан хүнийг хамгийн дээд тал нь 25 төгрөгөөр торгодог байсан юм. Одоо ч хэн дуртай нь төрийн цагдаад гар хүрдэг болж. Тэрийгээ болих хэрэгтэй. 

Цагдаа тонгордог жил Жамц арслан улсын наадамд түрүүлсэн юм. Тэгээд түрүү бөхийн бай гэж 500 төгрөг өглөө. Түүнээс санаа авч “Төрийн наадамд түрүүлсэн бөх 500 төгрөгийн шагнал авдаг. Төрийн цагдаа тонгорсон хүн 200 төгрөгөөр торгуулдаг” гэж хэлсэн юм. 

-Наадам гэснээс Таныг Хадаа аваргатай ойр байсан гэж сонссон? 

-Сүрхий ойр нөхөрлөж явж дээ. Намайг “Ах аа” гэнэ. Дэндүү гэнэн цайлган, хүүхэд шиг зантай тэр минь биднээс арай эрт холдож одсон доо. Яг үнэндээ Хадаад алганы амтыг Ж.Мөнхбат, үгийн амтыг би үзүүлдэг байсан юм. Хамгийн сүүлд нас барахынхаа өмнө тавын даваанд хүчтэй уначихаад босч ирэхдээ нэг их ярвайж билээ. Элэг нь л их муу байсан юм болов уу даа. 

Тэгээд би хэнд ч билээ баяр хүргэх гээд явтал араас “Сүрэнжав ах аа. Би шарласан шүү” гэж хашгирч байсан. Надад хэлсэн сүүлчийн үг нь тэр байсан юм билээ. Хүн бүхэн Хадаа уруу дайрч давшилж байхад өмгөөлж явсан минь их урам өгсөн болов уу гэж одоо боддог юм. 

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Баттөмөр ахтай олон сайхан дуу хийсэн. “Намуун үдэш”, “Миний нутгийн бараа” зэрэг. Анх яаж танилцаж байв?

 -Уран бүтээлчид бид бие биеэ сургаар мэддэг байсан л даа. Манай Д.Баттөмөр чинь дуу зохиох хүсэл сонирхолтой ансамблейн хөгжимчин залуу байлаа. Д.Баттөмөрийн хамгийн анхны нийтийн дууны үгийг “Хангай” гэж бичиж өгсөн санагдана. Тэгээд Улаан-Үүд хотын Соёлын сургуульд Д.Баттөмөр суралцахаар болж яваад өглөө. Өвлийн амралтаараа ирээд “Ийм хоёр дууны ая байна. Би чамд тоглож сонсгоё” гээд төгөлдөр хуур дээр тоглоход сүрхий сайхан аянууд байна.

Тэгээд,“Намуухан үдэш гадаа налайж Найрсагхан чи минь гараа өглөө Ямар ч үдшээр сольшгүй энэ оройг Яруухан бодолдоо дээдэлж явъя” гэдэг  “Намуун үдэш”, “Газрын холоос цайвалзсан Ганган цагаан гэрүүд байна уу даа Ганцхан насанд заяасан Миний нутгийн бараа юу даа” гэж дуулдаг  “Миний нутгийн бараа” хоёр дуу зэрэг шахуу төрсөн. Үзэгч, сонсогчдод ч дорхноо л түглээ. Ер нь үг, ая тэнцсэн дуу бол амар жигүүрлээд, хурдан тархдаг юм билээ. 

-Таныг О.Дашбалбар агсныг хүмүүжүүлсэн гэдэг юм билээ. Мөн “Нутгийн цэнхэр уулс”, “Хөх тэнгэрийн хур” түүврийг “Монголын яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд шинэ сортын хоёр цэцэг ургалаа” гэж бичиж байж? 

-Би ч Балбарыг хүмүүжүүлсэн байх. Балбар ч намайг хүмүүжүүлсэн байх. Ер нь урмын үг гэдэг сэтгэл, зүрхийг сэргээдэг увдис шидтэй үрэл юм. Би Дашбалбарынхаа үг бүхнээс асар их урам авдаг байлаа. Дотоод хүн нь хэлдэг болохоор сэтгэлд хүрдэг юм. Балбар маань,

“Цагдуулж хоригдсон Чойномыг шоронгоос гарч ирэхэд

Цагаан сүү амсуулж, цэцэг барьж угтсан хүн ганцхан тэр бол  Шаравын Сүрэнжав, уншигч олон андахгүй. Тэртээх он жилүүдэд нөхрөө худалдаагүй ганцхан шүлэгч” гэж надад зориулж бичиж явж дээ. 

Т.Зөнбилэг

Эх сурвалж:”Монголын Үнэн”

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2021, 1 сар 22. 23:17
Зочин

"Ерэн баатрын дууль"-г Удвал гуйгаас айж нэг шөнийн дотор бичсэн гэдэг.

2020, 8 сар 27. 21:42
Зочин

Ийм гоё ярилцалгуудыг дахин дахин уншаад ч уйдамгүй байх юм!Агуу хүн аргаггүй өөр юм даа.Шаравын Сүрэнжав гэж их найрагч шиг хүн 100н жилд л ганц төрөх байхдаа!

2020, 12 сар 23. 16:40
mongolhvv

bi hubidaa mongoliin hamgiin aguu nairagch gej vzdeg dee.. 100 erhemiin negd oruulalgui baisaar nas baruulsan daa...mongolin yruu nairagt bagsh, erin baatariin duuli geed monhod orshih olon shvleg nairag bichsen hvn dee..

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]