Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

“Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх, Увсын Тулгаа ирсэн үү?Уншсан32,429

1980-1990-ээд оны үед улсын заан Ө.Тулгаагийн уран хурц барилдааныг үзэх гэж олон хүн ирдэг байсныг бөхийн хорхойтнууд андахгүй.

1980-1990-ээд оны үед улсын заан Ө.Тулгаагийн уран хурц барилдааныг үзэх гэж олон хүн ирдэг байсныг бөхийн хорхойтнууд андахгүй. Улсын наадам, томоохон тэмцээн дээр “Увсын Тулгаа ирсэн үү?” гэж ард түмэн дандаа асуун сурагладаг байсан гэдэг.

Тулгаа заан 1956 онд Увс аймгийн Малчин сумын нутаг Хүрэмийн өтөг хэмээх газар долоон хүүхэдтэй айлын ууган хүү болон мэндэлжээ.

Ард олны дунд уран барилдаант хэмээн алдаршсан тэрбээр 82-72 дугаартай Зил-130 машинаа унаад л төрийн наадамдаа хүрэлцэн ирж,  “Хархираагийн тэжээлийн аж ахуйн бөх” гэж дуудуулаад л барилддаг байж. Увс аймгийн тээврийн баазын жолооч тэрбээр 1973 онд Ардын армид татагдан очсон үедээ Х.Баянмөнх аваргыг хараад барилдах их хүсэлдээ хөтлөгджээ. Улаанбаатар хотноо дотоодын цэргийн 05 дугаар ангид алба хаасан юм. Цэрэгт байхдаа 1974 онд улсын заан Ч.Адьяагаар хоёр давж, гуравт Д.Дамдин аваргад, 1975 онд гуравт Ч.Баасанхүү начинд унаж, 1976 онд халагдаад нутаг буцжээ. Цэргийн гурван жил онжавуудтайгаа ноцолдож өөрийн гэсэн дархан мэхтэй болоод буцсан байна. Цэргээс халагдсанаасаа хойш сум, аймгийн наадамд олон ч барилдаж явсан.

Түүнийг “Адуунд эрэмгий сайхан хүн байж” хэмээн зүлэг ногоон дэвжээнээ хамт барилдаж явсан үеийн нөхөд нь хуучилдаг. Тэрбээр цэргийн албаа хаагаад нутагтаа очиж, адуучин болно хэмээн мөрөөдөж явсан гэдэг. Хүүхэд ахуй цагтаа нэгдлийн эмнэг адууг сургаж, тавьт, зуутын дэвсгэртээр шагнуулж явсан тухайгаа дурссан.

Тэрбээр “Манайх миний мэдэхийн хөл дүүжлэх унаагаар тарчигдуу айл байв. Дамиран гэж нэгдлийн адуу хариулдаг хар хүн байх. Аав тэр хоёр жаахан түнжин муутай болохоор надад бядлаг унаа өгөхдөө дурамжхан байдагсан. Тэгэхээр даага сургахгүй бол зун намартаа бас унаагүйтэх зовлон нүүрлэнэ. Тэгээд л дөрөвдүгээр анги төгссөн хавраас эхлээд даага сургаж эхэлсэн. Би даагыг сайхан сургана. Үүнд Дамиран гуай дуртай. Чи заавал тэднийхээс унаа царайчлаад яах гэсэн юм бэ гэж аав дургүйцнэ. Би ааваас нууж даагыг нь сургана. Сүүлдээ шүдлэн, хязаалан морьд сургах болсон. Эмнэг сургалтаар сургуульдаа түрүүлж есдүгээр сарын 1-нд 100 гаруй төгрөгөөр шагнуулна. 1960-1970 оны үед их мөнгө. Шинэ бакаль худалдаж аваад гангарч явлаа. Хамгийн гол нь адуутай ноцолдож эмнэг хангал сургасан минь бөх болоход юутай ч зүйрлэшгүй тус болж бяр чадал суусан даа” хэмээн Тулгаа заан дурсан ярьжээ.

Бие бялдрын хөгжил тэгш сайхан тэрбээр бяр тэнхээгээрээ гайхуулахаас гадна барилдах ухаан, мэдрэмжээрээ мөн л онцгойрч байв. “Аав Өлзий нь бие хаа томтой, бяр тэнхээ ихтэй хүн байсан ч  барилдаагүй. Харин ээж Лхамсүрэнгийн ах дүүс нь бүгд ноцолддог, лут бяртай хүмүүс байсан гэнэ. Тиймээс бөхийн удамшил эхийн талаасаа гэхэд болох юм” хэмээн бөх судлаач Ш.Гоохүү “Монгол Улсын заанууд” номондоо тэмдэглэжээ.

Хэдэн бөхчүүд цугларч, Тулгаагийн тухай яриа дэлгэхэд “Тулгаагийн унаж байгаа нь хүртэл нүнжигтэй. Тохойлдох, бүдрэх, сунаад тохойлдчих хэрийн юм байдаг шүү дээ. Тэгтэл Тулгаа тэгдэггүй. Унах юм бол унасан шиг унана. Хаях юм бол хаясан шиг хаяна” гэцгээжээ. Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх "Тулгаа ачаагаа ачаад л биеэ чийрэгжүүлээд явдаг байлаа” хэмээн хуучилсан байдаг. 

 Тээврийн хүнд хүчир ачаа барааг ачиж буулгах нь түүнд нэг ёсны дасгал сургуулилт болдог байжээ. Машины төлөвлөгөө норм биелүүлж, бэлтгэл хийх зав чөлөө хомс байсан талаараа өөрөө ч дурссан. Аймгийнхаа авто тээврийн есдүгээр бааз, Хархираагийн тэжээлийн аж ахуй зэрэг газарт жолоочоор 20 гаруй жил ажилласан бөгөөд энэ хугацаанд гурван удаа таван жилийн гавшгайч, аймаг, байгууллагын аварга цолыг олонтаа хүртэж байсан шилдэг тээвэрчин байлаа.

Тэрээр хад чулуу өргөхийн сацуу машины обуд дунд төмөр хийгээд штанг болгон өргөдөг байж. Сийлчихсэн юм шиг, урлагийн бүтээл адил биетэй гэх хүмүүс олон. Ид барилдаж байх үедээ 85-90 килограмм жинтэй байсан юм гэнэ лээ.

1979 онд болсон Монголын Бүх ард түмний спартакиадын үндэсний бөхийн барилдаанд аймгаасаа шалгаран ирж, өвөрмөц сонин барилдаантай бөх гэдгээ таниулаад VI байр эзлээд буцсан аж. Тэр жилийнхээ улсын наадамд дөрөв даваад тавын даваанд З.Дүвчинтэй тунажээ. Харин хойтон жил нь улсын начин С.Ганзориг, улсын начин Д.Жанчивдорж, улсын заан Ж.Ганболд нарыг орхин улмаар Д.Лхагва-Очир начинг зургаад давж чимэгтэй начин цол хүртсэн.

1984 онд Говь-Алтайн С.Эрхэмбаяр начин, Булганы Д.Амгаа заан нараар тав, зургаа давж зааны даваанд дахин тулж очоод Д.Хадбаатар аваргад өвдөг шороодсон байна.

1985 онд гурав даваад Б.Бат-Эрдэнэ аваргад шорооджээ. Харин 1988 онд Бат-Эрдэнэ аваргыг улсын арслан цолтой байхад нь өвдөг шороодуулсан байдаг. 1997 онд А.Сүхбат улсын заан цол хүртсэний дараа аваргуудын нэрэмжит барилдааны үзүүр, түрүүнд барилдаж Тулгаа заан давж байсан түүхтэй.

Тэрбээр 1988 оны үндэсний бөхийн Улсын аварга шалгаруулах тэмцээний тойргийн барилдаанд 33 бөхөөс 30 давж 2-р байрт шалгарч Улсын заан цол хүртсэн юм. Улсын аваргад 1982, 1988 онд хоёр удаа мөнгөн медаль хүртэж, таван удаа тавд, мөн зургаа, долоо, наймдугаар байрт тус бүр нэг удаа орж, энэ тэмцээнд нийтдээ 16 удаа зодоглосон байна. Заан болох эгзэгтэй барилдаанд нутгийн ах, тэр үеийн улсын заан М.Мөнгөнтэй барилдахаар гартал учраа нь “Мөөеө аварга их ядарсан байна. Мягмарыг лав хүчрэхгүй. Мягмар давбал чи яв. Харин Мөөеөг давбал би явъя гэхээр нь “За тэгье” гэчихжээ. Гэтэл нөгөө сэргэхгүй байх гэсэн Мөөеө аварга нь Д.Мягмарыг орхиод, яриа тохироондоо үнэнч байсан Мөнгөнийг ч бас давчихсан юм гэдэг. Ө.Тулгаа заан улсын их баяр наадамд хоёр удаа зургаа давж байсан.

Түүний самбо, жүдо бөхөөр гаргасан амжилтыг дурдвал их. Тэрээр самбо бөхийн улс, олон улсын дэвжээнд үзүүлсэн амжилтаараа спортын мастер цол хүртсэн манай шилдэг бөхчүүдийн нэг.

Чулуу өргөдөг тэнхээтэй эр

156 килограмм чулууг Тува нутагт өргөж, нэгэн үе хэвлэлийн гол баатар болж байв. Түүний өргөсөн чулуу одоо Тувагийн музейд бий. Уг чулуун дээр “Монголын хүчит заан Өлзийн Тулгаа өргөсөн” гэж бичжээ. 1985 онд Монгол, Тувагийн Эв модны баяр болж, Монгол, Оросын дарга нар хоёр хилийн зааг дээр уулзжээ. Энэ үеэр 156 кг жинтэй чулууг өргөөд 100 алхсан хүнд 500 рубль амласан юмсанж. Хүдэр чийрэг биетэй хүчит залуучууд өргөж гэнэ. Тулгаа арслан ч тэнхээ үзэж чулууг өргөн шагналын эзэн болсон түүхтэй. Түүнээс дээш өргөсөн хүн байгаагүй юм гэнэ лээ.

Түүнийг шуудай гурил шүдээрээ өргөсөн талаар бас нэгэн домог мэт яриа ч бий.

Ө.Тулгааг начин цол хүртсэний хойтон хавар Увс аймагт үндэсний бөхийн Аварга шалгаруулах тэмцээн Наранбулаг суманд болжээ. Тэнд бөхчүүд цуглараад байтал Жигмэд хэмээх сүрхий бяртай бөх “Шуудай гурил шүдээрээ өргөж, аль хол тавьсандаа 100 төгрөгийн бооцоо өгъе. Алив мөнгөө цуглуулж хэн нэгээр нь шүүгч хийлгэе” гэсэн санал тавихад бүгд зөвшөөрч 100 төгрөг цуглуулаад 70 кг-ын шуудай гурил өргөж хүчээ сорих болов. Аймгийн начин Жигмэд 50 метр газар аваачиж тавив. Бүгд л өргөж, харин Тулгаа 200 метр газар хол аваачиж тавин 2300 төгрөгийн эзэн болж байв.

Улсын харцага Г.Намсрайжав түүний барилдааны онцлогийн талаар “1980-аад онд улсын аваргад бид хоёр нэг баг болж оролцдог байсан. Түүний нэг барилдаан санаанаас ер гардаггүй юм. Увс аймгийн Завхан суманд болсон “Түмэн тэмээний” баярын барилдаанд үзүүр түрүүнд О.Балжинням аварга, Ө.Тулгаа хоёр үлдэж билээ. Тэр үед О.Балжинням аварга болоод удаагүй байсан. Ө.Тулгаа аваргын хөлд хоёр удаа орж, сүүлийн мэхээ лавшруулан хаяж билээ. Түүний хөлд орох нь бусдаас өөр байдаг. Их уран барилддаг. Дөрвөн мөчиндөө жигдхэн бяртай түүн шиг бөх одоодоо гараагүй байна” хэмээн өгүүлжээ. Ө.Тулгаа зааны дүү Сумьяа улсын цолтой, мөн л уран барилдаантай бөх билээ. Хүү Сүрэнжав нь тэгш сайхан биетэй, аймгийн цолтой бөх гэдгийг бөх сонирхогч олон юу эс андах билээ. Тулгаа заан нэг хүү, хоёр охинтой билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]