Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Түүх, шинжлэх ухааны олон сонирхолтой контентыг түгээгчид, эрдэмтэн судлаачдын бүтээлийг та бүхэн энэ хуудаснаас сонирхон уншаарай!

Хиагтын хэлэлцээр ба Японы “21 шаардлага"Уншсан11,011

(XX ЗУУНЫ ДЭЛГЭГДЭЭГҮЙ ТҮҮХЭЭС)

 
АНТАНТЫН ХОЛБООТОН ХААНТ ОРОС, ЯПОН ХОЁР

 

Дэлхийн I дайн 1914 оны долдугаар сарын 28-нд эхэлж, Германы холбоотнуудын эсрэг Антантын эвсэлд Хаант Орос, Япон улс нэгдэв. Хаант Орос наймдугаар сарын 1-нд, Япон наймдугаар сарын 23-нд Германд дайн зарлаж, Ази дахь түүний эзэмшил газрууд руу зэрэг дайрч, хамтдаа ашиг сонирхлоо хэрэгжүүлж эхэлжээ. Малайз дахь Германы мэдлийн Пенанг боомтод аравдугаар сарын 28-нд Оросын тэнгисийн хөлөг дайрав. Гурван өдрийн дараа мөн Японы тэнгисийн хөлгүүд 23000 хуурай замын цэргийг Германы мэдлийн Хятадын Циндао боомтод буулгаснаар Холбоотнууд нэгэн зэрэг дайралт хийцгээжээ. Долоон өдрийн дайралтаар Германы 3000 гаруй цэрэгтэй Циндао боомт дахь цэргийн бааз бууж өгөв. Ингээд Хятад дахь Германы эзэмшил Шандуныг бүрэн эзэмших асуудал Японы өмнө тулгарав.

Зургийн тайлбар: “21 шаардлага”-ыг санаачлан илгээсэн Японы Ерөнхий сайд Окума Сигэнобу.
Тэрээр Токио дахь Васедогийн Их сургуулийг үүсгэн байгуулагч. Эл сургуулиас Японы долоон Ерөнхий сайд, дэлхийн томоохон корпорацийн удирдлагууд төгссөн байдаг.
 

Мөн Дэлхийн дайн эхлэснээс хойш нэг сарын дараа 1914-р сарын наймдугаар сарын 26-ны өдөр Хиагтын хэлэлцээр эхэлж, гол талууд Орос, Хятадын хооронд Монголын асуудлаар урагшлахгүй байв. Хэлэлцээр 1915 он гартал дөрвөн сар үр дүнгүй сунжирсан. Хэлэлцээрт Хятадын Юань Шикайн Засгийн газар Монголыг өөрийн муж болгох байр сууринаас шалтгаалж, Богд хаант Монгол улс болон Хаант Оростой ч ойлголцохгүй байв. Гэтэл олон улсын хэмжээнд энэ хэлэлцээрийг түргэвчилсэн үйл явдал болсон ажээ.

1915 оны нэгдүгээр сарын 8-нд Японы ерөнхий сайд Окума Сигэнобу таван бүлэгтэй “21 шаардлага” албан бичгийг Хятадын БН Засгийн Ерөнхийлөгч Юань Шикайд хаяглан явуулжээ.

"21 шаардлага”-ын гол бүлэг шаардлага нь Германы түрээслэн эзэмшдэг Бээжингийн урдах Шандун мужийг Япон эзэмших тухай байв. Хоёр дахь бүлэг шаардлагад Манжуур болон Өвөр Монголын зүүн хэсэгт Японы эдийн засгийн оролцоо, нөлөөг өргөтгөх тухай цохож заасан нь Монголын түүхтэй холбоотой байв. Өвөр Монголын зүүн хэсэг гэж Японы ойлголтоор Богд хаант Монгол Улсын зүүн хил хязгаартай хиллэсэн Өвөр Монгол, Баргын нутаг байв.

“21 шаардлага”-аар хуралдсан Япон-Хятадын хэлэлцээр нь Монголын асуудлаарх Хиагтын гурван улсын хэлэлцээрт нөлөөлж түргэвчилснийг түүхч, судлаачид ач холбогдол өгч байсангүй билээ. БНМАУ-ын ерөнхий боловсролын ахлах ангийн “Нэн шинэ түүх”-ийн сурах бичигт энэ түүхэн үйл явдлыг “Шандуны 21 шаардлага” гэж товчхон бичсэн байдаг.

 
Тавдугаар сарын 25-ны өдөр баталсан гэрээнүүд

 

“21 шаардлага”-ын талаар таван сар үргэлжилсэн Япон-Хятадын хоорондын нууц хэлэлцээрийн явцын уур амьсгал нь хоёр улсыг дайтахад хүргэсэн байна.

1915 оны нэгдүгээр сарын 18-нд Япон Хятад нууц хэлэлцээрт орж, уулзалтад Хятадын тал шаардлагыг хүлээн авахгүйгээ мэдэгдсэн. Хятадын албан хариуд Япон дайнд бэлдэж, халдаж болзошгүй байдал үүсэв. Дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 24 дэх удаагийн хэлэлцээрт хоёр дахь бүлэг шаардлага болох Манжуур, Өвөр Монголын зүүн хэсгийн асуудлаар тусгайлан санал хэлэлцжээ. Хэлэлцээр дахин мухардсан байна.

Улмаар тавдугаар сарын 1-нээс эхлэн Японы тэнгисийн флотын усан хөлгүүд Хятадын Шандун мужийн эрэгт ойртон төвлөрч, дайрахаар бэлтгэлд оров. Тавдугаар сарын 7-нд Япон хоёр хоногийн дотор “21 шаардлага”-д нааштай хариуг өгөх тухай тулган шаардах бичгийг Хятадын засгийн газарт гардууллаа. Японы үүсгэсэн байдалтай холбогдуулж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Уильям Брайн Вашингтон хотноо Япон, Англи, Франц, Оросын элчин сайдыг дуудаж уулзалт яриа хийжээ.

Зургийн тайлбар:Токио дахь Оросын элчин сайд Н.А.Малевский-Малевич. Тэрээр элчин сайд байх хугацаандаа Дэлхийн I дайнд Европт дайтаж буй Оросын армид Японоос зэвсэг техник нийлүүлэх яриа хэлцлийг гүйцэтгэсэн

Мөн өдөр Япон дахь Оросын элчин сайд Н.А.Малевский-Малевич Японы Гадаад хэргийн сайд Като Такаакид хандаж, “Байдлыг бүрэн ойлгосон, одооны энэ алхам ухаалаг арга хэмжээ гэдэгт итгэлтэй байна. Бээжингийн захиргаа зөвшөөрч, Юань Шикай тулган шаардах бичигт хариу өгнө гэж бодож байна” хэмээн Японыг дэмжсэн байр сууриа илэрхийлжээ.

Зургийн тайлбар: Японы Гадаад хэргийн сайд Като Такааки

Тавдугаар сарын 8-нд тулган шаардах бичигт заасан цаг болохоос өмнө Хятадын Ерөнхийлөгч Юань Шикай дайтахаас болгоомжлон буулт хийж, “21 шаардлага”-ын 5 бүлгийн эхний дөрвөн бүлэг шаардлагыг хүлээн авч буйгаа зарлаж, хэлэлцээрийг яаралтай үргэлжлүүлэхээ мэдэгдсэн байна.

Ингээд тавдугаар сарын 25-ны өдөр, Хятад Япон “Шандуны гэрээ” болон “Манжуур, ӨВӨР МОНГОЛЫН гэрээ” гэсэн хоёр гэрээг үзэглэн баталжээ. Зургадугаар сараас Япон Шандунд хяналтаа тогтоож, генерал Отани Кикузо мужийн захирагчаар очсон байна.

“Манжуурын өмнөд, Өвөр Монголын зүүн хэсгийн гэрээ”-нд япончууд Өвөр Монголын нутагт үйлдвэр, ХАА-н салбар, түүхий эд татаж ажиллах, японы худалдаачид, бизнес эрхлэгчдийг үйл ажиллагаа эрхлэх давуу талыг Хятад хангахаар заажээ. Гэрээнд Өвөр Монголын зүүн хэсэг дэх Японы эдийн засгийн сонирхлыг тод томруун тусгасан байдаг.

Японы Хятадад үзүүлсэн дайтах шахалт дарамт нь есөн сар удаан үргэлжилж сунжирсан Хиагтын хэлэлцээрт шууд нөлөөлж, Японы дэлхийн 1-р дайны холбоотон Хаант Оросын Хиагтын хэлэлцээрт оруулсан саналыг Хятад хүлээн авч, мөн өдөр буюу тавдугаар сарын 25-ны (зургадугаар сарын 7) өдөр “Гурван улсын гэрээ”-г батлаж өндөрлөсөн байна.

Зургийн тайлбар: Хиагтын гурван улсын гэрээний төлөөлөгчид

Тавдугаар сарын 25-ны өдөр нэгэн зэрэг байгуулсан “Хиагтын гэрээ”, “Манжуурын өмнөд, Өвөр Монголын зүүн хэсгийн гэрээ” дэх Богд хаант Монгол улс, Өвөр Монголын зүүн хэсгийг зааглах хойд хилийн зурвасыг Орос, Япон хоёр тогтоожээ. Энэ үйл явдал 1904-05 оны Хаант Орос-Японы дайны дараа, Монгол угсаатанг хувааж нөлөөний бүсээ тогтоох тохиролцооны бодит биелэлт байв.

Энэхүү Монгол, Орос, Хятад гурван улсын гэрээ буюу Хиагтын гэрээ, хэлэлцээрт ДӨРӨВ дэх улс болох ЯПОН-ы шууд оролцоо, нөлөөг ийнхүү дэлгэж байна.

(Тайлбар: Хиагтын гэрээ болон Манжуур Өвөр Монголын гэрээг тавдугаар сарын 25-ны өдөр, зарим мэдээллийн эх сурвалжид, зургадугаар сарын 7-ны өдөр баталсан гэж бичдэг. Энэ нь Христийн хуучин шинэ тооллоос шалтгаалж өөрөөр бичиж буй. Тавдугаар сарын 25-ны өдөр нь Москва, Бээжинд мөрдөж байсан, зургадугаар сарын 7-ны өдөр нь Токиод мөрдөж байсан тооллоор бичсэн өдөр юм. Үүний адил аравдугаар сарын 25-ны Октябрийн хувьсгалыг шинэ тооллоор арваннэгдүгээр сарын 7-ны өдөр болгосон.)

Нийтлэлч С.Алдар

МОНГОЛЧУУДЫН ТҮҮХ - History of the Mongols групп

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]