Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Д.Иванов: Чарушины авсан Түшээт ханы зураг Занабазарын музейд байгаатай нэг газар хийгдсэн шиг санагдсанУншсан11,978

Манай хойд хөрш болон Монгол Улсын музей, архивуудад Оросын аялагчдын авсан XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн Монголын аж байдал, нийгмийн амьдралыг харуулсан олон тооны гэрэл зургууд хадгалагддаг билээ.

 
Д.В.Иванов: Кунсткамер дахь Монголын гэрэл зургууд маш сонирхолтой

 

Манай хойд хөрш болон Монгол Улсын музей, архивуудад Оросын аялагчдын авсан XIX зууны сүүлч XX зууны эхэн үеийн Монголын аж байдал, нийгмийн амьдралыг харуулсан  олон тооны гэрэл зургууд  хадгалагддаг билээ. Үүгээр тусгайлан судалгаа хийж байгаа ОХУ-ын ШУА-ийн харъяа Угсаатан, хүн судлалын музейн (Кунсткамер) Алс Дорнодын хөмрөгийн  ажилтан, түүхийн ухааны доктор Д.В.Ивановтай хөөрөлдсөн юм.

–Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө  та өөрийнхөө тухай манай уншигчдад товчхон танилцуулна уу?

-Миний нэр Иванов Дмитрий Владимирович. Би Санкт-Петербург хотын их сургуулийн түүхийн ухааны сургуулийг түүхч мэргэжлээр 2000 онд төгссөн. Буддын соёл, Монголын угсаатан судлалаар дагнаж судалгаа хийх сонирхолтой. Эдүгээ Кунсткамерын музейд 10 гаруй жил ажиллаж байна.

–Чухам яагаад гэрэл зураг сонирхох болсон юм бэ?

-Үнэнийг хэлэхэд “Монголын тухай гэрэл зургууд” маш сонирхолтой. Яагаад гэвэл, нэгдүгээрт маш сайн гэрэл зурагчдын өндөр ур чадвар, угсаатны зүйн давтагдашгүй үнэт материал  нэг дор цогцолсон байдаг.  Заримдаа хаанаас ч олж харж чадахааргүй зүйлүүд байдаг. Хоёрдугаарт,  нэг талаас Монголын түүхийн нэг хэсэг үе, нөгөө талаас Оросын түүхийн нэг хэсэг үеийг эдгээр гэрэл зургууд харуулж байгаа явдал юм. Монгол Оросын  харилцаа холбоо, тэр дундаа Оросын талаас Монголд хандаж байсан хандлага, Өргөөд ажиллаж байсан наймаачдын худалдаа бэлтгэлийн суурин, энгийн ардаас эхлээд ноён, лам, хөгжимчин, бөө гэх мэт нийгмийн олон давхаргын төлөөллийг эдгээр зурагнуудаас  харж  болдог.

–Кунсткамерын музейд Монголын талаарх хэд орчим гэрэл зураг хадгалагдаж байна вэ. Цаг хугацааны хувьд хэдий үеийг хамарсан байдаг юм бол?

-Ойролцоогоор XIX зууны сүүлч үеэс өнөөдрийг хүртэлх үеийг хамарсан нийт таван мянга гаруй зураг байна. Ганц манайд ч биш  Оросын газар зүйн нийгэмлэгийн архив, Оросын шинжлэх ухааны академийн соёлын түүхийн хүрээлэн зэрэг газруудад  цөөнгүй тооны зургууд хадгалагдаж байдаг.

–Эдгээр зургуудыг авсан он цагийг яаж тодорхойлж байна?

– Ер нь бүх зургуудын он цагийг тодорхойлно гэдэг хэцүү. Ялангуяа цаг хугацааны хувьд эрт авсан зургуудыг.  Ерөнхийдөө миний түлхүү сонирхож байгаа Монгол орны талаарх хамгийн эртний гэгдэх гэрэл зургуудыг А.В.Адрианов, Н.А.Чарушин, В.В.Ланин, А.Н.Э.Боярский, С.М.Дудин нар авсан  байдаг юм. Жишээлэхэд 1879 онд Оросын Газар зүйн нийгэмлэгээс зохион байгуулсан нэрт газарзүйч, угсаатан судлаач, ботаникч Г.Н.Потанинаар удирдуулсан Монгол руу хийсэн экспедицитэй явж байхдаа авсан А.В.Адриановын  зурагнууд  манай музейд 1882 онд  “Адриановын 1879 онд хийсэн Баруун хойд Монголын хэв байдлыг харуулсан гэрэл зургийн цуглуулга” нэртэйгээр бүртгэгдсэн байдаг. Эдгээр гэрэл зургууд дээрх мөр ч экспедицийн  чиглэлтэй бүрэн тохирч байдаг.  Энэ мэтчилэн он цаг тодорхой, хэн авсан нь мэдэгдэж байгаа  зурагнууд ч байна, тодорхойлоход бэрх ч зурагнууд байгаа. Зурагчны нэрийг заавал олж мэдэх хэрэгтэй л дээ.(Зарим зургийн негатив дээр зурагчид өөрсдийн нэрээ бичсэн нь бий). Мэдсэн тохиолдолд хэзээ , ямар экспедицээр Монголд очиж байсан, хаагуур явж байсныг нь тодруулж болдог. Дээр нь хийсэн бичлэг, өдрийн тэмдэглэл  нь үлдсэн бол тэдгээрийг харж судалсаны үндсэн дээр он цагийг  нь тогтоож болно.

–Дээр нэр дурдсан хүмүүс мэргэжлийн гэрэл зурагчид уу?

-Адриановыг гэрэл зурагчин гэхээс илүү угсаатан судлаач байсан гэж хэлж болно. Тэр Потанинтай хийсэн экпедицийн дараа алдартай археологич, угсаатан судлаач болсон. Харин Чарушин бол мэргэжлийн гэрэл зурагчин. Потанины удирлага дор ажиллаж Потанины захиалгаар зураг авч байсан. Тэр гэрэл зургаар  төгс мэргэшсэн хүн байсан. Надад нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь Чарушины авсан Түшээт ханы зураг Монголын Занабазарын музейд хадгалагдаж байгаа Түшээт ханы хөрөг нэг газар хийгдсэн юм шиг санагдсан.  Үнэхээр адилхан. Бас миний өмнө нь ярьж байгаагүй нэг зүйл бий. Энэ нь Александр Алексеевич Лушниковагийн гэрэл зургийн цуглуулга. Цуглуулгад тэр үеийн Монголын гудамж, өргөн чөлөөг харуулсан зургууд байдаг. Минийхээр энэ үнэхээр сонирхолтой.  Гудамжны зургийг бүхэлд нь авна гэдэг тэр үед үнэхээр хэцүү. Одоо ч хэцүү. Хүн хөдөлж явж байхад дүрс сарних  тал бий шүү дээ. Гайхалтай. Хамгийн эртнийхэд тооцогдохгүй ч  энэ цуглуулгыг тусад нь хэвлэх хэрэгтэй гэж боддог юм. Суу гээд л гэрэл өгөөд одоо зургийг чинь авна гээгүй. Түүний зургууд юугаараа ч юм бодит амьдралд арай дөхүү. Тийм болохоор цаг хугацааны хувьд эрт авсанаараа сонирхол татах ч зургууд байна, хожуу авсан ч агуулгаараа сонирхол татах зургууд байна.

1888 он. Чарушины авсан Түшээт ханы хөрөг.

–Хамгийн эртний гэж тооцогдож байгаа эдгээр зураг сэдвийн хувьд ямар хүрээг хамарсан байна вэ?

-Хийсэн аялал, экспедицийнхээ зорилго, чиглэлээс хамаараад (хүн судлал, угсаатан судлал гэх мэт) агуулгын хувьд харилцан адилгүй. Адриановын зургуудын Монгол дахь хэсэгт гэхэд л дөрвөд хүмүүсийг суугаагаар нь, босоогоор нь мөн цээж хүртэлх хэсэг гэх мэт олон янзын байдлаар авсан байдаг.   Ийм зургууд ч энэ үеийн зургууд дотор их түгээмэл. “Антропологические типы” гэж нэрлэсэн байдаг зарим эрдэмтэд.

–Эртний зургууд дотроо хамгийн эртнийх нь хэний авсан ямар зураг байдаг вэ? Гоц сонирхол татахуйц ямар зургууд байна?

-Хятад руу хийсэн экспедицийн үед Боярскийгийн 1874 онд авсан  “Өргөө дэх хутагтын ордон”-ы зураг хамгийн эртнийх нь. Одоо Оросын шинжлэх ухааны академийн соёлын түүхийн хүрээлэнд хадгалагдаж байна. Үүний дараагаар 1879 онд авсан Адриановын гэрэл зургууд ордог. Миний нүдээр дээр дурдсан бодит амьдралыг харуулсан гудамжийг бүхэлд нь авсан зураг сонирхолтой, угаастны зүйн талаас авсан зургууд ч мөн сонирхолтой.

–Эдгээр зураг ямар хэлбэрээр хадгалагдаж байна вэ?

-Гэрэл зураг, гэрэл зургийн хальс, цахим гэсэн гурван хэлбэрээр хадгалагдаж байна.

–Таны хариуцаж байгаа  фондыг ямар улс сонирхож үздэг бол?

Монголын цуглуулгыг  сонирхож ирж үздэг хүмүүс  харьцангуй олон. Харин гэрэл зургуудийг цөөн хүн ирж үзэцгээдэг. Жилд арав гаруй гэж хэлж болно. Голдуу  Москва, Халимаг, Эрхүү, Улаан-үд зэрэг Оросын хотуудаас, Монголоос бас Японоос судлаачид ирж үйлчлүүлцгээдэг.

–Монголын судлаач, эрдэмтэдтэй хамтарч ажиллах бодол бий юу?

-Миний хувьд монголын эрдэмтэн, судлаачтай хамтарч ажиллахад үргэлж бэлэн. Хамтарч ажиллаж ч байгаа. Одоогоор түүхч С.Чулуунтай хамтарч “ОХУ-ын ШУА-ийн харъяа угсаатан, хүн судлалын музейд хадгалагдаж байгаа Монгол орны хамгийн эртний зургууд” нэртэй гэрэл зургийн цомог гаргахаар зэхэж байна.

–Танай музей дэх Монголын цуглуулгыг тоо хэмжээгээр нь ангилбал ямар дараалал гарах бол сонирхолтой байна?

 -Яг тусгайлан хийж үзээгүй юм байна. Баримжаагаар эхнийхэд хувцас, дээл, гутал, малгай гэх мэт угсаатны эд өлгийн зүйлс, дараа нь гэрэл зургийн цуглуулга,  гуравт бурхан шашны холбогдолтой эд хэрэглэл орох байх гэж бодож байна. Үүний дараа магадгүй зэр зэвсгийн зүйлс орох байх.

–Уучлаарай, сургаар сонсож байлаа. Дамбийжаагийн толгой Кунсткамерын музейд хадгалагдаж байдаг гэсэн үнэн үү?

-Хэцүү асуулт байна. Энэ тухай сонсож байсан. Үнэхээр байж магадгүй. Миний хариуцаж байгаа хэсэгт хадгалагддаггүй. Манайд хүний биеийн бүтцүүдийг хадгалдаг тусгай хэсэг бий. Тэнд хадгалагдаж байгаа байх гэж бодож байна.  Би нэг ч удаа харж байгаагүй. Зөвхөн энэ хэсгийг хариуцсан ажилтнаас асууж байсан “Байдаг уу гэж”.  Надад “Байдаг” гэж хариулж байсан.

Ярилцсан Э.Мөнхцэцэг

2014 он.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]