Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэлбичгийн ухааны доктор Я.Ганбаатар бичиж байна.
ИХ ГҮРНИЙ ДӨРВӨН НИЙСЛЭЛ
Түүхээс үзвэл Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн ээлж дараалан байгуулсаар ирсэн улс гүрнүүд дэлхийн бусад улс орнуудтай харьцуулахад хэд хэдэн нийслэл хоттой байснаараа ялгардаг. Энэ нь ямар учир шалтгаантай байв? гэдэг асуулт тавигдах нь зүйн хэрэг. Хүмүн төрөлхтний буурал түүхийн туршид өнөөг хүртэлх урт удаан цаг хугацааны туршид оршин тогтнож, үгүй болсоор ирсэн олон улс орны түүхэнд энэ мэт хэд хэдэн нийслэл хоттой байх явдал цөөнгүй байсны ихэнх нь Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн байгуулсан төр гүрнүүдийн түүхэнд холбогдож байгаа нь тохиолдлын төдий хэрэг биш юм. Яагаад чухам тэдгээр улс гүрэн ингэж хэд хэдэн нийслэлтэй байсан юм бол? Ямар учир шалтгаан байв? Эсхүл онцгой гойд юмгүй юу? гэх мэт олон асуулт ар араасаа цувран тавигдах нь нь гайхах юм огт биш ээ. Харин ч энэ мэт олон асуултыг бид тогтоож судлан үнэн зөв, бодит баримттай хариултуудыг өгөх ёстой. Цаг хугацаа ингэж шаардаж, түүх ингэж шаардаж байна. Түүх сонирхогч олон түмэн уншигчид, түүнчлэн эх түүх соёлоо эрхэмлэн үзэгч нийт ард түмэн ингэж хүсч хүлээж байгаа буй заа.
Одоо эхний асуултыг эргэж үзье. Түүхийн урт удаан хугацааны туршид Төв Азийн цээжнээ ээлж дараагаар байгуулагдан оршин тогтнож ирсэн нүүдэлчин ард түмнүүдийн байгуулсан улс гүрнүүд нэг биш хэд хэдэн нийслэл хоттой байсны учир шалтгааныг эн түрүүнд бид нүүдэлчдийн аж төрөх ёстой холбон авч үзэж судалж тогтоох нь судалгааны зөв арга зам мөн. Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдийн аж төрөх ёс бол Нүүдлийн соёл иргэншлийн үндэс суурь билээ. Тийм ээ, аливаа соёл иргэншлийн үндэс нь түүнд тохирсон аж төрөх ёс байдаг. Нүүдлийн соёл иргэншил хэмээх томоохон цогц ойлголтын үндэс нь чухамхүү тийм аж төрөх ёс мөн юм. Бүр тодотговол нүүдэлчин-малчин-анчин хэвшилт аж төрөх ёс мөн. Энэ аж төрөх ёс бол маш эртний улбаатай, нэг үгээр хэлвэл хүн төрөлхтний анхдагч аж төрөх ёсны нэг байсан болой. Энэ эртний аж төрөх ёсны онцлог өвөрмөц дүр төрх нь чухам юу вэ? гэвэл нүүдлийн мал аж ахуй, ав гөрөөний ажил үйл эрхлэн амьдрах амьдрал, зан заншил, ёс хэвшил юм. Өөрөөр хэлвэл чухамдаа малчин, гөрөөчин амьдралын аж төрөх ёс нь нүүдлийн ахуй байсан хэрэг.
Тийм ээ, дэлхий дээр өөр хэвшилт малчин ахуй бий, тухайлвал суурин хэвшилт малчин ахуй. Тэр бол хэдийгээр мал маллан аж төрдөг ахуйг хэлж байгаа боловч хэрэг дээрээ нүүдэллэн явдаггүй, харин нэг газраа байран суурин байж малаа маллан аж төрдөг хүмүүсийн аж төрөх ёс юм. Суурин байран байж ав гөрөө эрхлэн амьдардаг аймаг овгийнхон бас бий. Тэгвэл нүүдлийн соёл иргэншлийн үндэс болсон нүүдэлчин аж төрөх ёсны хэвшил тэдгээрээс өөр байна. Олон мянган жилийн тэртээгээс Төв Азийн өргөн уудам газар нутаг дээр дураар нааш цааш нүүдэллэн мал аж ахуй, ан гөрөө эрхлэн аж төрж ирсэн нүүдэлчин ард түмнүүдийн нүүдлийн аж төрөх ёсон бол бусад олон соёл иргэншил, бусад олон аж төрөх ёсноос өөр, ихээхэн ялгаатай, нэн эртний өвөрмөц сонин соёл иргэншил болон хөгжсөөр ирсэн байна.
Нүүдлийн аж төрөх ёсны гол онцлог нь юу вэ? Энэ бол юуны өмнө үргэлжийн нүүдэл суудал голлосон ахуй, хэвшил мөн. Тэд яагаад үргэлжид нүүж суун амьдрах болов? Яагаад гэвэл тэдний гол амин зуулга, аж төрөх гол үндэс нь мал аж ахуй байв. Бүр тодруулвал мал сүрэг байв. Эрт цагт, ер нь эрт дээр цагаас янагш саяхныг хүртэл тэд мал сүрэгтээ өвс тэжээл бэлтгэдэггүй байв. Зүгээр л усны тунгалаг, өвсний сортойг сонгон мал сүргээ хариулан бэлчээрээс бэлчээрт, нэг нутгаас нөгөө нутаг руу нүүн оторлон явж аж төрдөг байжээ. Тэгэхдээ нэг жилд наад зах нь цаг улиралын байдлыг даган дөрвөн удаа нүүнэ. Түүнээс ч олон удаа нүүн мал сүргээ адуулан хариулж явах нь бүр хэвшил. Айл хотлоороо, аймаг овгоороо ингэж нүүж суун аж төрсөөр мянга мянган оныг улираан өнгөрөөжээ. Анхандаа чухам л чингэж айл хотлоороо, аймаг овгоороо нийлэн нүүдэллэн аж төрдөг байв. Харин цаг хугацаа наашлах тусам буюу хүн хөгжиж, түүнийг дагаад нийгэм ч хөгжин өөрчлөгдөхийн хэрээр аажмаар засаг захиргаа бий болж, улмаар олон аймаг овгийг нэгтгэн захирсан төр үүсч бий болох үйл явц хүчтэй хэрэгжиж эхэлсэн тэр цаг үеэс хот суурин газрын тухай ойлголт гарч иржээ. Энэ нь бас тухайн төрд харьяалагдах болсон хүн амын тоо хэмжээтэй холбоотой болох нь дамжиггүй.
Өнөөг хүртэл олон судлаач, ихэвчлэн гадаадынхан Төв Азийн нүүдэлчин ард түмнүүдэд хот суурин газар байгаагүй мэтээр үзэж дүгнэдэг. Гэвч бодит байдал дээр өөр байжээ. Орос-зөвлөлтийн эрдэмтэн В.Козлов, Грум-Гржимайло, В.Козин, Д.Симуков, Монголын Х.Пэрлээ, Д.Сэр-Оджав, Д.Цэвээндорж, Н.Ишжамц, Ч.Далай нарын зэрэг олон судлаачид сүүлийн зуу гаруй жилийн дотор хийсэн тус тусынхаа судалгаа шинжилгээний дүнд өнөөгийн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нийтдээ гурван зуу гаруй хот, суурин газар байсныг судлан тогтоожээ. Тэдгээрийн дотор тухайн цагтаа гүрэн улсын нийслэл байсан хот суурины үлдэгдэл, туурь балгас нэлээн хэд бий. Нүүдэлчин ард түмнүүдийн байгуулсан хэд хэдэн улс, тухайлвал язгуурын монголчууд гэгдсэн Хитан нар, манжийн өвөг дээдэс гэгдсэн Зүрчидүүд, XIII зууны үеийн монголчуудын байгуулсан улс гүрэн хэд хэдэн нийслэлтэй байсан байна. Хитан нарын байгуулсан Их Ляо улс таван нийслэлтэй, зүрчидийн байгуулсан Алтан улс мөн таван нийслэлтэй, монголчуудын байгуулсан Их Юань улс дөрвөн нийслэлтэй байжээ. Ийнхүү олон нийслэлтэй байсны учир нь мөнөөхөн нүүдлийн соёл иргэншлийн зан үйл, ёс хэвшилтэй салшгүй холбоотой агаад чингэхдээ энэ удаад байгаль, цаг улирлын учир шалтгаанаар нэмж тайлбарлавал бүр тодорхой ойлгогдох болно. Тухайлбал энд нэр дурдаж буй гурван улсад жилийн дөрвөн улирлыг дагасан нүүн явдаг Зуны нийслэл, Өвлийн нийслэл гэж, эсхүл газар нутгийн байршлыг дагасан Төв нийслэл, Баруун, Зүүн, Өмнөд, Умард нийслэл, дээр нь Их нийслэл гэж тус тус байдаг байжээ. Нүүдэг хотыг хуучны ном сударт Нүүдэл орд гэж тэмдэглэсэн байдаг.
Бүр манай тоолын өмнөх 209 онд Төв Азийн нутаг дэвсгэр дээр нүүдэлчин ард түмнүүдийн анхны төрт улсыг байгуулсан гавьяатай Моодун шаньюй хаан, нангиадын хааныг урхидан авч их цэргийн хүчээр долоо хоногийн турш хорьж цагдаж байгаад буулган авч, эвлэрэл, энх тайвны гэрээ хэлэлцээр байгуулах ам өчгийг нь аваад суллан явуулсан түүхтэй. Тэгэхэд Моодун хаан, нангиадын хааныг цаазлан хороогоод улмаар их цэргийн хүчээр улам цаашлан давшиж бүх хятад орныг эзлэн авч эрхшээх бүрэн боломжтой байсан гэдэг. Харин яагаад тийм боломж завшаанаас ухрав? Түүхэнд бичиглэн үлдээсэн гол баримтаас үүний хариу гарч ирж байна. Моодун шаньюй цааш хэрхэхийг олон ноёд жанжидтайгаа чуулж хэлэлцээд ингэж шийджээ: “Бид зорилгодоо хүрэв. Одоо буцацгаая! Бид Нангиад орныг эзэлж, хүн ардыг нь хурааж аваад хэрхэх билээ? Өмнө зүгийн халуун дулаан оронд манай хүн, мал, агт морьд байж чадахгүй. Тэр их бүгчим халууныг тэвчихгүй билээ. Дотор газар бид суурин сууж, тариа ногоо тарин амьдарч чадахгүй. Иймд одоо буцацгаая! Нангиадын хаанаас манд ямар бэлэг хүргэж, ямар албаар татвар өргөхийг харсу!” хэмээсэн гэнэм.
Эндээс юу ойлгогдож байна вэ? гэвэл Хүннүгийн төр өмнө зүгийн халуун дулаан газарт суурин сууж ноёрхож чадахгүйгээ ойлгож байжээ. Бүр тодотговол тэд халуун дулаан газар хэрхэн аж төрж, хэрхэн төрийг засч жолоодох арга ухаанаа олоогүй хэрэг. Тэгвэл хожмын эзлэн ноёрхогчид чухам тийм арга ухааныг бодож олсон төдийгүй амжилттай хэрэгжүүлсэн байна. Тэд өмнө зүгийн их халууны туйл цагт умарш нүүн сэрүүн сайхан хангай газарт хүрч зусан, умрын хатуу ширүүн хахир хүйтэн өвлийн цагт өмнөш буцан очиж дулаан зөөлөн уур амьсгалтай нутагт орд өргөөгөө байгуулан сууж, олон сая хүн амтай, өргөн уудам нутагтай улс гүрнийг суурин ба нүүдлийн аж төрөх ёсыг хослуулан захиран жолоодох болжээ. Энэ арга барил цав хэмээн таарч байсан тул удалгүй ноёрхогчид тийнхүү хэд хэдэн газар сонгон орд өргөөгөө байгуулж, анхандаа гэрийн буурь зааж, хана шийрлэн дугуйлж асан бол аажмаар суурин иргэдийн аж төрөх ёсноос үлгэрлэн авч хөх саарал тоосгоор хана босгон, хаалга цонх гаргаж харш ордон бариулан тухлах болчухуай...
Одоо Монгол гүрний дөрвөн нийслэлийн талаар товч дурдая. XIII зууны үед монголчуудын байгуулсан их гүрэн дөрвөн нийслэлтэй байжээ. Өдгөө нэг нь Монголын нутагт, гурав нь Хятадын нутагт байна. Тэдгээрийг нэрлэвэл их гүрний анхдугаар нийслэл Хархорум, удаахь нь болох Дээд нийслэл Шанду, гутгаар нь болох их нийслэл Дайду-Хаан балгас, дөтгөөр нь Дунд нийслэл Жунду хэмээх ажгуу. Эдгээр нийслэлийн талаар цаашид тус тусад нь дэлгэрэнгүй өгүүлэх болно. Тэгвэл өнөөдөр эдгээр нийслэл хотуудаас юу үлдсэн бэ?, үзэж харах, сонирхож баясах, үгүй ядаж л уншиж мэдэх зүйл байна уу? Байдаг бол хаана, юу байна? Ямар хэлээр, ямар ном судар, түүх шасдир бий вэ? гэдэг асуудал тавигдах нь ойлгомжтой. Харин хоорондоо уялдсан эдгээр олон асуултад бас л янз бүрээр хариу өгөх болох нь. Товчхон хэлэхэд өнөөдөр энэ дөрвөн нийслэл хотоос үлдсэн юм багагүй бийг хэлэх ёстой. Бас тэмдэглэгдэж үлдсэн түүх бичлэг, ном судар нэлээд байна. Гэхдээ тэдгээр нь монгол хэлээр бага, гадаад хэл бичгээр нэлээн бий.
Үнэнийг хэлэхэд монголчууд бид, бидний өвөг дээдэс агуу их түүхийг бүтээсэн боловч өнөөгийн бид тэр бүхнийг судалж шинжилсэн нь бага, уудлан гаргаж ирж, ард түмний хүртээл болгосон нь хомс ажээ. Түүний нэгэн жишээ нь өгүүлэн буй энэ сэдэв мөн. Олон хүн Монголын их гүрэн дөрвөн нийслэлтэй байсныг мэдэхгүй, мэдэх нь чухам ямар дөрвөн нийслэл байсан, тэдгээр нь хаана хаана, байсан, ямаршуу дүр төрхтэй хот байсныг нь сайн мэдэхгүй буй заа. Тийм учраас энэ асуудалд хариу өгөх зорилгоор, эх түүхээ эргэн үзэж сэргээн тодотгох чин эрмэлзлээр, энэ цагийн бидний эндүүрэл омтгойрлыг бага боловч нимгэлэхийн төлөөнөө миний бие “Их гүрний дөрвөн нийслэл” нэртэй номыг бичсэн болой. Арав гаруй жилийн өмнө мөхөс бичгийн хүмүн би бээр Бээжин хотноо төрийн алба хашин суусан хэдэн жилийн туршид эртний судар шасдирууд, харь хэлний түүх бичлэг сэлтийг судалж шинжлэн, биечлэн очиж нүдээр үзэх боломжтой үлдэгдэл тууриудыг бараглан үзэж явсаар тэрлэсэн энэ номоо өнөө хэр нь хэвлүүлж амжаагүй анам. Удахгүй тийм завшаан ирэх буй заа. Эл номыг бичсэнээр түүхийг тодотгож, түмэнд хүргэж, тэр бүхнээс мэдлэг ухаарал авч, өвөг дээдсийн хийсэн бүтээснийг мэдэж авч, зарим эрхэм чухаг гэснийг нь хувилан үйлдэж, ашдын дурсгал болгон залж тахихын учир буй бөлгөө.
Хархорум хотын туурийн өнөөгийн байдал
Хархорум хотыг сэргээсэн загварын нэг хэсэг
Өрнө дахинаа Занаду хэмээн алдаршсан Их гүрний Дээд нийслэл Шанду хот
Дайду-Хаанбалгасын хэрмийн гадуурх усан сувгийн өнөөгийн байдал
Юань гүрний Дунд нийслэлийн төрхийг харуулсан загвар