Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Японы домогт үлдсэн эмэгтэй самурайУншсан21,018

Томоэ Гозен хэмээх аймшиггүй зоригт, харгис боловч үзэсгэлэнтэй, 1000 дайчинг захирч байсан эмэгтэйн тухай түүх, домог Японы ард түмний дунд үлджээ.

Томоэ Гозен хэмээх аймшиггүй зоригт, харгис боловч үзэсгэлэнтэй, 1000 дайчинг захирч байсан эмэгтэйн тухай түүх, домог Японы ард түмний дунд үлджээ.

Японы хамгийн аймшигт самурай дайчдын дийлэнх нь эрэгтэй байсан боловч нийгмийн хэвшмэл байдлыг эвдэн чадварлаг үхлийн тулаанч болсон цөөн эмэгтэй дайчид байдаг. Тэдний нэг нь 12 дугаар зуунд нэлээн муу нэрээр алдаршсан Томоэ Гозэн юм.

Томоэ Гозений түүх нууцлаг адал явдлаар дүүрэн, басхүү тэр аймшигтай харгис, үлэмж гоо үзэсгэлэнтэй байсан тул япончуудын сонирхлыг соронз мэт татаж иржээ. Мөн Томоэгийн түүхийг үнэхээр гайхалтай болгодог нь зөвхөн түүний эмэгтэй самурай гэдэгт бус, харин бусад дайчид ч хүндэтгэн бахархмаар эрэлхэг дайчин чанарт нь оршдог.

 

Томоэ Гозений үеийн Япон

Самурай гэдэг нь “хэн нэгний хамгаалалт болох” гэсэн утгатай бөгөөд хамгийн анх сурвалжит дайчдын язгууртны хүрээллийг тайлбарлахад ашиглагдаж байжээ. Наймдугаар зуунд самурай анх бий болсон ч өөрсдийн жинхэнэ домгийг бүтээсэн 11 дүгээр зуун хүртэл тэд далд байсан билээ. Тэд эрх мэдлийн төлөө тэмцэлд үргэлж оролцож, даймо хэмээх феодал ноёдын үнэнч хамгаалагчид, тулаанч нар болж эхэлсэн. Дунджаар 1600 оноос хойш самурай нар өөрсдийн гэсэн эрхтэй нийгмийн нэгэн анги давхарга болсон бөгөөд биедээ хоёр сэлэм авч явахыг зөвшөөрснөөр тодорхой давуу эрх ч олж авсан.

Самурай нарын олонх нь эрэгтэй байсан, харин эмэгтэйчүүд нь тухайн үеийн Барууны ертөнцтэй адил самурайтай гэрлэсэн цөөн эмэгтэйчүүдийг эс тооцвол зөвхөн хүнтэй сууж, хүүхэд төрүүлж, нөхрөө дайн тулаанд явсан хойгуур гэрээ сахиж үлдэх үүрэгтэй байв.

Самурайн эхнэрүүд өндөр боловсролтой, гэр бүл, байр сууцаа хамгаалах чадамжтайн зэрэгцээ зарим нь бүр хувцсан дотроо жижиг хутга нуун явдаг байж. Түүнчлэн өөрсдийн эрхийн дагуу дайчин болсон цөөнгүй эмэгтэйчүүд байдаг байв.

Үнэндээ самурай дайчид бий болохоос ч өмнө дайсан этгээдээс гэр бүл, орон байраа хамгаалахын тулд бэлтгэгдсэн япон эмэгтэйчүүд амьдардаг байжээ. Тэднийг онна бугейша гэж нэрлэдэг байв. Энэ нь “эмэгтэй дайчин” гэсэн утгатай.

Онна бугейша нарыг зөвхөн самурайд байдаг жижиг чинжаал кайкен хутга болон урт нагината сэлэм ашиглахыг зөвшөөрдөг байж. Онна бугейша нарыг дайчин эмэгтэй болохыг илтгэдэг бэлгэ тэмдэг нагината сэлэм нь хуримын инжиндээ багтан нөхрийнхөө гэрт очдог байв. Томоэ Гозен ийм дайчдын нэг байжээ. Гэхдээ бүр онна бугейша ч биш орон гэрээ хамгаалахаас илүү дайны талбарт гарч тулалддаг эмэгтэй буюу онни мушад тооцогдож байв. Ийм онимуша нар Японы дайнч эзэн ноёдын армид цөөнгүй байсан ч гэдэг.

Томоэ Гозен Японы хамгийн алдартай эмэгтэй тулаанчдын нэг боловч түүний талаархи түүхийн дийлэнх нь баттай баримт дээр бус домог ярианд тулгуурладаг.

Эмэгтэй хүнийг төрсөн нэрээр нь дуудах бүдүүлэг хэрэгт тооцогддог байсан тул Томоэ Гозен гэдэг нь түүний жинхэнэ нэр биш байж ч болох талтай. “Томоэ” гэдэг нь түүний мөрдөс дээрх хэв загварыг дурдсан бол “гозен” гэдэг нь хүндэт эмэгтэйчүүдэд өгдөг эртний Японы ерөнхий нэр ажээ.

Томоэгийн түүхийн талаарх мэдээллийн үндсэн эх сурвалжуудын нэг нь үлгэр, дууль, 1240 онд бичигдсэн текстүүдийг нэг баатарлаг түүхэн туульд нэгтгэн эмхэтгэсэн Хейке моногатари юм.

Энд Японы эртний язгууртан, хүчирхэг гэр бүлүүд болох Тайра болон Минамотогийн хоорондох хорсол, тэмцлийн тухай гайхамшигт түүх гардаг бөгөөд гол дүр нь Томоэ болж гардаг. Томоэгийн хувьд Минамотогийн гэр бүлийн удирдагч Кисо Ёшинакагийн үнэнч дайчдын нэг байв. Самурай бүсгүйн ээж Минамото Ёшинака эзэнтний асрагч эх байсан тул үзэсгэлэнт самурай ноёныхоо хуурай дүү, цэргийн хүчнийх хамгийн итгэлтэт удирдагч магадгүй зарим сурвалжид дурдсанаар түүний эхнэр эсвэл татвар эм ч байсан байж болно. Ямартай ч Томоэ эзнийхээ мянга гаруй самурайг командалж байсан аж.

Хейке моногатари-д бичсэнээр Томоэг “урт хар үстэй, шулуун шударга төрхтэй, хайр татам царайтай байсан төдийгүй эрэмгий морьтон, хамгийн догшин морь ч, хамгийн хэцүү бэрх саад ч түүнийг сандаргаж чадахгүй байв. Тэрээр маш хичээнгүйлэн сэлэм, нумыг барьж мянган дайчинтай таарч, бурхан, чөтгөртэй ч бас таарч байв” хэмээн дүрсэлжээ.

Тэрээр дайснуудаа ихэвчлэн эрэгтэй самурай нарт ногддог урт, шулуун иртэй катана сэлэм ашиглан алахыг илүүд үздэг байв.

Томоэгийн оргил үе

1180-1185 онуудын хооронд Минамотогийн зүгээс Тайрагийн овгийн эсрэг хийсэн Генпей дайнд Ёшинака эзэнтэн цөөн хэдэн том ялалтыг байгуулсан. Гэсэн хэдий ч удирдах чадвар муугаас болж 1184 онд нэгэн тулаанд түүний арми хүйс тэмтрэгдэж, нийслэл хот Киотогоос зугтаж байхад Томоэгийн зэрэгцээ тав, зургаан дайчинтай л үлдсэн байна.

Томоэ энэ үеэр дайсны хоёр алдартай баатартай таарчээ. Хатакэяма, Учида хэмээх алдартай баатрууд хоёул ээлж дараалан үзэсгэлэнт самурайд ялагдаж, нэг нь амиа хоохойлон зугтсан бол нөгөөх нь толгойгоо авахуулснаар дайчин замналаа өндөрлөжээ.

Энэ түүхийн өөр нэгэн хувилбарт Ёшинака эзэн өөрийн үеэлийн армийн эсрэг хийсэн Авазугийн тулааны өмнө Томоэг дайны талбараас буцаахыг хүсчээ.

Магадгүй тэр Томоэг явуулахыг хүссэн нь түүнийг тулалдаанд зориулагдаагүй гэж үзсэнээс, эсвэл эмэгтэй хүний дэргэд амь тавих нь ичгэвтэр байснаас ч болсон байж болзошгүй. Дээрх бүх шалтгааныг үгүйсгэх аргагүй юм. Ямартай ч Ёшинакагийн шалтгаан юу ч байсан гэлээ Томоэ татгалзсан байдаг. Хейке моногатари-д бичсэнээр Томоэ ядаж сүүлийн нэг “өрсөлдөхүйц дайснаа” Ёшинакагийн төлөө зүйл дуусгахыг хүссэн гэдэг. Харамсалтай нь тэр сүүлийн дайсан яг хэн байсан гэдэг нь эх сурвалж бүрт ялгаатай байдаг боловч өрсөлдөгч дайчдын бүлэг ойртож ирэхэд Томоэ шулуухан давхиж очоод удирдагчтай нь тулалдаж хороосон гэж үздэг.

Соёлын өв

Генпейн дайны дараа Томоэд юу тохиолдсон нь одоо ч маргаантай хэвээр. Нэгэн домогт түүнийг 28 насандаа тулаанаас зугтаж 90-тэйдээ нас барах хүртлээ буддын гэлэнмаа болж амьдарсан гэдэг. Хейке моногатаригийн нэмэлт хэвлэлд бичсэнээр Вада Ёшимори гэгч ноён Томоэг олзлон авч өөртэй нь гэрлэхийг шаардсан гэдэг. Өөр нэгэн эх сурвалжид Томоэ өшөө авахаар явж, Ёшинакагийн бүх дайснуудыг тэнгис далай руу зугтахаас өмнө устгаж, хэн ч түүнийг доромжлохооргүй болгосон гэдэг. Түүнд яг юу тохиолдож, амьдрал нь хэрхэн дууссан гэдгээс үл хамааран зоригтой байдал, харгис үйлүүдийнх нь талаар домог яригдсаар иржээ.

Түүний тухай 15-р зууны үеийн нэгэн жүжгийн зохиол байдаг бөгөөд жил бүр 10 дугаар сарын 22-нд болдог Киотогийн Залуучуудын наадамд эртний түүхт хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх Жидай Мацуригийн багт жагсаалд багтдаг.

Саяхан Америкийн зохиолч Жессика Салмонсоны шинжлэх ухааны зөгнөлт, фантази гурамсан роман “Томоэ Гозений домог” хэвлэгдэж, Гозений дүрийг Женан Госсений бүтээснээр Riverworld хэмээх цувралыг Syfy суваг дэлгэцнээ гаргасан байна.

Бид магадгүй Томоэ Гозен гэж үнэхээр хэн байсан, юу хийж байсан талаар хэзээ ч мэдэхгүй байх. Гэхдээ түүний эр зоригийн талаархи түүхүүдийг япончууд өдгөө хүртэл түүх, соёлын өв болгон хойч үедээ хүргэсээр байдаг. 

Ц.Лхагвадулам

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]