Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Ёстой хүний тууж зохиолын жинхэнэ дүр Алексей Петрович МаресьевУншсан6,656

Арайхийж ахиад хэдэн зуу алхаад л эргээд уналаа. Ухаан нь орж гарч нилээд хэвтлээ. Дахин шүд зуун босож алхлаа, удаан боловч тасралтгүй алхахыг хичээж байлаа. Гэвч ойд цас хайлж хайлмагтаад нил шавар шавхай болчихсон, дээрээс нь намаг ч таарч байлаа. Шүд зуун тэсэж бага багаар газар хороосоор л байлаа.

Ж.Өсөхбаярын хөтөлдөг "Миний хобби Танин мэдэхүй" фэйсбүүк хуудаснаас зөвшөөрөлтэйгөөр нийтлэв.

Бусад ЗХУ-ын баатруудын нэгэн адилаар “Алексей Петрович Маресьев 1916 оны 5-р сарын 7-нд доод Волгорадын Саратовын Губернийн Камышин Камышинс хотод жирийн ажилчны гэрт төрсөн байна” гэж намтар нь эхэлдэг. Түүний эцэг Петр Дэлхийн 1-р дайнаас амьд эргэж ирсэн ч түүнийг гуравтай байхад өөд болсноор ээж нь бие даан гурван хүүгээ өсгөх болжээ. Түүний амьдралд ээж нь болон Волга мөрөн гүн ул мөрөө үлдээснийг сүүлд дурсан ярьсан байдаг. Бага байхдаа тэрбээр Волга мөрний хөвөөнөө явж байхад урьд хожид сонсоогүй содон дуу сонсогджээ. Тэрбээр гайхан усанд юу байгааг хайсан ч тэнд юу ч байсангүй харин эсрэгээрээ тэнгэрт дүүлэн нисэх онгоцыг олж харлаа. Тухайн үед онгоц гэдэг маш ховор зүйл байсан учир түүний сэтгэлийг энэ гайхамшигт оньсон зүйл бүрэн татаж тэрбээр онгоцоор "өвчилж" эхлэв. Долдугаар ангиа төгсөөд Алексей токарчны мэргэжил эзэмшив. Улмаар Москвагийн Нисэхийн институтэд ажиллахын хажуугаар нисэхийн сургуульд суралцахыг хоёр удаа хүссэн ч эрүүл мэндийн комиссоор тэнцсэнгүй.

Энэ үед түүнтэй үзлэгийн эмч ирж уулзаад "Леша чи Алс Дорнодод очиж ажилла, тэндхийн цаг агаарын нөлөөгөөр чиний бүх өвчин илаарших болно" хэмээжээ. Ингээд тэр Хабаровскийн нисэх онгоцны үйлдвэр барихад ажиллах комсомолчуудын эгнээнд нэгдэх хүсэлт өгсөн байна. Үйлдвэрийн барилгын ажилд ажиллахын хажуугаар нисэх онгоц сонирхогчдын клуб элсчээ. Үйлдвэрийн удирдлага ч түүний сонирхлыг хүндэлж усан тээвэрт моторчноор ажиллахын хажуугаар нисгэгчээр суралцахыг нь зөвшөөрсөн байна. 1937 онд тэрбээр нисгэгчийн мэргэжил амжилттай эзэмшжээ. Удалгүй түүнийг цэрэгт татсан бөгөөд яаралтайгаар Сахалины арлын ойролцоох нисэхийн ангид хувиарилав. Тэрбээр Хилийн цэргийн 12-р нисэх ангид хоёр жил орчим Р-5 болон И-15 сөнөөгч онгоцны нисгэгчээр алба хаасан бөгөөд 1939 оны 1-р сард Батайск хотын Читинскийн нэрэмжит нисэх хүчний сургуульд нисгэгчээр элсэн орсон байна.

1940 онд сургуулиа төгсөөд тэндээ бага дэслэгч цолтой, зааварлагчийн ажил хийв. Удалгүй дайн эхэлж 1941 оны 8-р сард түүнийг фронт руу илгээлээ. Мань эр Зүүн-Өмнөд фронтын 296-р сөнөөгч онгоцны хороонд алба хааж эхлэв. Анхны байлдааны даалгавраа 1941 оны 8-р сарын 23-нд үйлдсэн байна. 1942 оны 4-р сарын 1-ний өдөр Германы бөмбөгдөгчдөөс хамгаалах тулааны үед Ю-52 бөмбөгдөгч онгоцыг унагаж чадлаа. Тун удалгүй 4-р сарын 4-ний өдөр ахин дайсны бөмбөгдөгчдийг тосон тулалдаж байхдаа хоёр нэгж Ю-52 унагав. Маргааш нь Германы бөмбөгдөгчдийг тосон тулалдах үеэр түүний Як-1 онгоц нэлээд хүнд гэмтэл авчээ. Маресьев арайхийж онгоцоо фронтын шугамын ойролцоо аваачиж, Рабежа хэмээх тосгоноос хойш 4 км орчим зайтай газар, ойд уналаа. Онгоц сүйрэх үед Маресьев хоёр хөлөө гэмтээжээ. Ингээд түүний хувьд дахин дурсахдаа голд нь хүйт даадаг маш хүнд хэцүү өдрүүд эхэлсэн байна. Хожим нь энэ талаар сэтгүүлчид асуухад тэрбээр “Би тэр ослын талаар эргэж дурсах, ялангуяа ойд шархтай өнгөрүүлсэн хоногуудаа эргэн дурсахаас голд хүйт дааж нуруу зарсхийдэг” гэж хэлсэн байдаг.

Ослоос болж хоёр хөл нь бэртсэн байлаа. Эхлээд бага сага гишгэж чадаж байсан хүчтэй өвдөлтөөсөө болж хөл дээрээ ч зогсож чадахаа болив. Хавар цас хайлж байх үед ойд хүнд шархтай ганцаараа байгаа түүнд амьд үлдэх боломж бараг байхгүй. Гэсэн ч тэр амьд үлдэхээр тэмцэлдэж эхэллээ. Энэ хүнд хэцүү үед түүний санаанд хоёр л зүйл орж байсан нь ээж болон хамгаалан тулалдах ёстой Волга мөрөн хоёр. Шүд зуун босож 100 орчим алхаад элгээрээ эвхрэн уналаа. Маш их өвдөлтийг тэсч нилээд хэвтэж байгаад дахин босч алхаж эхэллээ. Эргээд уналаа. Ухаан нь орж гарч, нэлээд хэвтэв. Дахин шүд зуун босож алхлаа, удаан боловч тасралтгүй алхахыг хичээнэ. Гэвч ойд цас хайлж хайлмагтаад шавар шавхай болчихсон, дээрээс нь намаг ч таарна. Шүд зуун тэсч бага багаар газар хороосоор байлаа. Ухаанд нь ганц л бодол эргэлдэнэ, “яаж ийж байгаад л өөрийнхөн дээрээ очих юмсан”. Дахиад л тамир тасран ухаан алдан уналаа. Нэлээд хэвтсэний дараа ахин ухаан орлоо. Шавартай холилдсон цас үмхэлж жаал тамир орж аваад цааш явж эхэллээ. Гэхдээ ахиад хөл дээрээ босох тэнхэл хүрсэнгүй мөлхөж эхэллээ.

Замдаа модны холтос, царсны боргоцойгоор гол зогоож хүчлэн мөлхсөөр л байлаа. Хамгийн хэцүү нь шөнөдөө түүний норсон хувцас хайрч газартаа наалдан хөлдөх шахна, тачигнан зуурах эрүү нь бараг л жигд хэмээр дуу гаргаж тархийг нь ядраана. Өглөө нар гарсны дараа хэсэг хэвтээд бие нь бүлээцэж эхлэхээр ахиад л мөлхөнө. Удалгүй хөлнийхөө доод хэсгийг мэдрэхээ ч больж алхах ямар ч боломжгүй боллоо. Тамир нь тасарч ухаан нь орж гарч байсан ч шүд зуун мөлхсөөр. Хоног хугацаа хэчнээн өнгөрснийг ч мэдэх тэнхэлгүй болж цагийн баримжаа ч алдав. Ингээд үхэх нь үү гэдэг дээрээ тулах яг тэр үед хэн нэгэнтэй таарсан байна. Тэрбээр хаврын зэврүүн цаг агаартай үеэр, шөнөдөө -6, өдөртөө 7 градус орчим байх үед бүхэл бүтэн 18 хоног мөлхсөөр Плав тосгоны ойролцоо очиж чадсан байна. Тосгоны хүн түүнтэй дайралдаад айж балмагдан чи орос уу, герман уу хэмээн асуухад түүнд хариулах ямар ч тэнхэл байхгүй зүгээр л тэр хүн рүү харж байж. Тэр хүн айсандаа тосгон руугаа сандран зугтаад өгч. Удалгүй түүнтэй Серёжа Малин болон Саша Вихров хэмээх хоёр жаал хүү таарч ахыгаа дуудаж авчирсан ба эцэст нь түүнийг Ольги Михайловны Вихров дээр авчирчээ. Түүний амийг аврахаар бүтэн долоо хоног оролдсон ч дөнгөн данган л аргацааж байлаа. Шархдаад удсан тул маш их туйлдсан, олон хоног хоолгүй мөлхсөн учир сульдсан, хөлийн үзүүр хэсгээр хөлдөж үхжиж эхэлсэн, цусанд нь бохир орсон байлаа. Түүнд маш яаралтай мэс засал хийвэл амийг аварч болох маш бага боломж бий. Гэвч хөдөө тосгонд хэн мэс засал хийх вэ дээ, бараг амьдралдаа тариа ч харж байгаагүй шахуу хүмүүс. Хамтралын даргад ойгоос шархтай нисгэгч олсноо хэлж туслалцаа гуйхыг хүссэн байна. Хамтралын дарга ч төв рүү холбогдож чадсанаар ойролцоох эскадрилийн дарга А.Н. Дехтяренко өөрөө нисч ирж Маресьевыг авч явсан байна. Цэргийн эмнэлэгт түүнийг авчрах үед амьтай голтой л байв. Бүх амин үзүүлэлтүүд унасан, хөлийнх нь үзүүрүүд харлаад үнэр орчихсон, цусанд нь бохир орсон...

Маресьевийг ямар ч найдваргүй учир коридорт тавьчихсан байхад нь хажуугаар өнгөрсөн профессор Требинский анзаарч, мэс заслын өрөөнд оруулаад үзэж тарж дээ. Маш хүнд мэс заслын дараагаар түүний амийг нь аварч чадсан ч үхэжсэн хоёр хөлийг нь шилбэний орчмоор тайрахаас өөр арга байсангүй. Удаан хугацаанд хэвтсэн Маресьев ухаан ороод хоёр хөлөө тайруулсныг мэдээд амьдрал нь утга учиргүй санагдаж бүх зүйлс орвонгоороо эргэсэн санагдаж байж. Гэвч тасгийн нөхөд нь түүнийг зүрх цохилж л байгаа бол амьдарлын төлөө тэмц хэмээн ятгаж чаджээ. Маресьев ойр зуурын дасгал хийж эхэллээ. Удалгүй 1942 оны 6 сард түүнийг дайсны гурван онгоц унагаасных нь төлөө шагнасан Улаан тугийн одон ч ирэв. Бие нь ч сайжирч Куйбышев дахь нөхөн сэргээх эмчилгээний эмнэлэг рүү илгээж протез хийлгэсэн байна.

Маресьевт дахин нисэх талаар бодогдож, дасгал хөдөлгөөн ч эрчимтэй хийж эхэлсэн байна. Тэр чаджээ. 1943 оны 2-р сард шархадсанаасаа хойш анх удаа хоёр хөлгүй амжилттай туршилтын нислэг үйлдэв. Түүнийг байлдааны нислэг үйлдэж чадна гэж тооцож фронт руу илгээлээ. 1943 оны 6-р сард түүнийг 63-р гвардийн сөнөөгч онгоцны хороонд хуваарилав. Хорооны дарга эхлээд мань хүнийг нисгэхгүй л байлаа. Яаж ч бодсон хоёр хөлгүй хүнийг сөнөөгч онгоц жолоодуулаад байлдаанд явуулах вэ дээ. Энэ үед түүнийг эскадрилийн дарга Александр Числов дэмжиж өөрөө хөтлөн нисэхээр болсон тул эцэст нь нэг юм агаарт гаргалаа. Ингээд хэд хэдэн амжилттай байлдааны нислэгийн дараа түүнд дарга нар нь бүрэн итгэж эхэлжээ.

1943 оны 7-р сарын 19-ний байлдааны нислэгийн үеэр тэрбээр Германы бөмбөгдөгч Ю-87 онгоцыг устгаж чадсанаар түүний тоолуур дахин гүйж эхлэв. Ердөө л маргааш нь буюу 20-ны өдрийн нислэгийн үеэр дайсны хоёр ч Фокке Вульф-190 онгоцонд сүйдлүүлж байсан хоёр нисгэгчийг аварсан төдийгүй нөгөө хоёрыг нь сөнөөж орхисон байна. Нэг удаагийн байлдааны нислэгээр хоёр Фокке Вульф-190 устгасан нь тэр дороо түүнийг фронт даяар нэр алдартай болгосон байна. Ингээд 15-р армийн бараг бүх л сурвалжлагч мань эрийн тухай бичиж эхэлжээ. Тэдний дотор хожим нь “Ёстой хүний тууж” зохиолыг бичсэн Борис Полевой байв.

1943 оны 8-р сарын 24-ний өдөр гурван сөнөөгч онгоц устгаж хоёр нисгэгч аварсныг нь үнэлж түүнийг 63-р хорооны захирагчийн орлогчоор томилохын зэрэгцээ Зөвлөлт Холбоот Улсын Баатар цолоор шагнаж ахлах дэслэгч болгон цол дэвшүүлжээ. Цаашдаа түүнийг аль болох бага нисгэж, их яриулах тал дээр удирдлагын зүгээс анхаарч эхэлсэн бөгөөд 1945 оны 3-р сараас эхлэн түүнийг фронтоос татаж Нисэхийн сургуулийн шалгагч болгосон байна. Дайныг хошууч цолтой дуусгасан тэрбээр зүгээр суудаггүй нөхөр байсан бөгөөд цана, тэшүүр, унадаг дугуйгаар хичээллэхээс гадна усанд сэлэлтээр хичээллэж бүүр Волга мөрнийг (2.2км) 55 минутад сэлж гарсан амжилт тогтоож байж. 1950 онд Москва дахь нислэгийн сургуулийн По-2 онгоцоор хамгийн сүүлийн удаа нислэг үйлджээ. Ингээд мань эр Цэцэрлэг, сургууль, сонсогчид, үйлдвэр, заводуудаар үзэл суртлын ажил хийдэг болж дээ. Урт удаан насалж 2001 оны 5-р сарын 18-нд Оросын Армийн театрт өөрт нь зориулсан концертын үеэр зүрх нь хаагдаж өөд болсон байна.

"Ёстой хүний" жинхэнэ түүх ийм бөлгөө.

Илүү сонирхолтой нийтлэлүүд уншихыг хүсвэл Ж.Өсөхбаяр хөтөлдөг  Миний хобби Танин мэдэхүй хуудсыг дагаарай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]