Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хүннү гүрнээс Монголын эзэнт гүрнийг хүртэлх цаг хугацааг хамруулан ойлгоно.

Их Цагаан хэрмийг байгуулсан түүх, шалтгаанУншсан74,294

Хамгаалалтгүй байлаа ч гэсэн хэрэм дундуур морь гаргах аргагүй, гэтэл морьгүй бол Азийн уудам талд яахсан билээ. Энэ нөхцөл байдал нь нүүдэлчдийн жижиг отрядуудын довтолгоонд саад болж, тэднийг Хятадын суурьшсан мужууд руу довтлох замыг эрж хайхад хүргэж байв.

 

Агуу Лев Гумилевийн Монголчуудад өргөсөн гайхамшигт бүтээлүүдийн нэг "Хүн гүрэн" номыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасныг Tolgoilogch.mn вэбсайт цувралаар хүргэж байна. Энэ номонд хүчирхэг дайчин чанар, аж төрөх байдлаараа Евразийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн хүн зоны амьдралыг нэн сонирхолтойгоор туурвин гаргажээ.


Өмнөх нь: Л.Гумилев: Эртний хүнчүүд Хятад руу анх удаа цөмрөн орсон нь

 
Их Цагаан хэрмийг байгуулсан нь

 

Эрт цагт Цинийн вант улс жүн-үүдтэй тэмцдэг хилийн муж байлаа. Тэгээд жүн-үүдийн 12 аймгийг захирч өөртөө нэгтгэн тэдний зан заншилд их хэмжээгээр оржээ. Цин улс нь Шан-Инь улсаас дүрвэгсдэд үндэслэн буй болсон Бо улсыг (Шэньси дэх) өөртөө нэгтгэхдээ хятадын соёлын жоугийн бус, харин шан-гийн урсгалыг хүлээн авчээ. Энэ хоёр нөхцөл байдал Цин улсыг бусад вант улсуудаас ихээхэн ялгаатай болгож байсан учир тэдгээр нь Цин улсыг жүн-үүдийн эзэмшил гэж үзэн бүх хятадын хурал болон холбоонуудад оролцохыг тэр болгон зөвшөөрдөггүй байжээ. Гэвч Цинийн вангууд өмнөд баруун талдаа ялж дайчин хүн амтай асар уудам нутаг дэвсгэрийг гартаа оруулсан учир Цин улс Хятадын үлэмж хүчтэй вант улс болон бэхжжээ.

Цин улс хойд талдаа нүүдэлчин юэчүүдтэй холбоо тогтоов. Юэчүүд Цинийн вангуудаас сайхан бүс даавуу, толь авдаг байсан нь одоог хүртэл алтайн уулсын булшнуудад хадгалагдан үлджээ. Харин Цин-чүүд юэчүүдээс морин тоноглолд суралцаж, данхгар хөшүүн морин тэрэгнүүдээ үгүй хийжээ. Дорно зүгт Хятад улс оршин байгаа тухайд Иран, Энэтхэгт юэчүүдээр дамжин мэдсэн бололтойг тэмдэглэхэд сонин байж болно, тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл иранчууд, энэтхэгүүд эл улсыг «Мин», «Мачин» (Их Цин) гэж нэрлэдэг юм.

Цэргийн шинэчлэл хийсэн нь Цинийн угсааныхны байлдааны хүч чадлыг үлэмж нэмэгдүүлэв, ингэснээр Дорнод Хятад дахь вант улсуудыг хялбархан ялах болов. Цин улсын хүч чадлыг буй болгогч нь Шан Ян түшмэл юм, тэрээр газар эзэмшлийн хүй нэгдлийг устгасан, эртний сурвалжит ургийг хүч чадалгүй болгосон, Цинийг бүх Хятадыг нэгтгэх үүрэг гүйцэтгэсэн төвлөрсөн улс болгон хувиргасан хэд хэдэн шинэчлэл хийжээ. Дорнод хятадууд улайран эсэргүүцэж байв. Дайн байлдаан 200 орчим жил үргэлжиллээ.

Хятадын түүх бичлэгт энэ үеийг «улс орнуудын дайн» гэж нэрлэдэг юм. Цинийн гадаад бодлого дорнодын вангуудыг чадварлагаар хэрэлдүүлж, цинийн арми тэднийг хайр найргүй ниргэж байв.

Сүүлдээ Ин Жэн ван нь дорнодын улсуудыг эзлэн дуусгаж, бүх хятадын цин угсааны эзэн хааны хэргэм хүртэж Цинь-Ши-Хуанди болжээ. Үүгээр зогссонгүй өмнө зүгт аян дайн хийж өмнө талын юэчүүд эзэнт улсын дээд засаглалыг хүлээн зөвшөөрсөн байна. Дараа нь Ордос эзлэгдэж, хүн-чүүд Инь Шаниас хөөгдөв. Асар их хөрөнгө чинээтэй болсон Ши-Хуанди хойд хилээ аюулгүй болгохын гулд Хятадыг евразийн тал нутгаас тусгаарласан Их Цагаан хэрмийг барихаар шийджээ. Хэдийнээс байж байсан саланги тасархай хэрмүүдийг бэхлэлтийн нэгэн хүчирхэг гинжин хэлхээ болгон нэгтгэхээр шийдвэрлэв. Ажил өдөр шөнөгүй өрнөв, хүмүүс хүрэлцэхгүй болохлоор энэ барилга байгууламж руу цэргийн олзлогдогсод, шийтгэгдсэн гэмт хэрэгтнүүдийг илгээв. Ажлын нөхцөл туйлын хүнд, хэрмийн шороон бэхлэлт дотор үй олон хүүр хийж оршуулжээ. Барилга дуусав. Хэрэм 4000 км урт болов. Түүний өндөр нь 10 м бөгөөд 60-100 м тутамд манааны цамхагтай. Ажил дууссаны дараа хартал хэрэм дээр үр ашигтай хамгаалалт зохион байгуулахад хятадын бүх зэвсэгт хүчин ирээд ч хүрэлцэхээргүй болчихсон байв.

Чухамдаа, хэрэв цамхаг бүхэн дээр бага шиг отряд тавибал хөрш цамхгийнхан цугларан ирж тусламж үзүүлж амжихаас өмнө дайсан түүнийг устгана. Хэрэв том отрядуудыг хооронд нь зайтай тавибал хамгаалалтад завсар үүсэж дайсан үүгээр нь хялбархан орж мэдэгдэхгүйгээр улс орны гүн рүү нэвтэрнэ. Хамгаалагчидгүй цайз цайз бишээ. Хятадын олон албан хаагчид хэрэм барихад шүүмжлэн хандсан байв. МЭ 11 онд Ян Ю гэгч илтгэлдээ: «Цинь Ши-Хуанди огт сэтгэл зовохгүйгээр, ард түмний хүчийг хайрлахгүйгээр 10 000 ли үргэлжилсэн урт хэрэм бариулсан. Хоол хүнсийг далайгаар хүртэл зөөж байв. Хилийн бэхлэлт дуусахад Дундад улс бүрэн хоосорч, Цинийн удмынхан хаан ширээгээ алдсан» гэжээ. Үнэндээ, хэрэм хүн-чүүдийн довтолгоог зогсоож чадаагүй, Хан угсааныхан хөдөлгөөнт байлдааны тогтолцоо руу эргэж орсон билээ.

Гэвч Их Цагаан хэрэм байгуулсныг утга учиргүй зүйл гэж үзэж болохгүй. Хэрэв хэрмийн гарнизоныг тэжээх хөрөнгө Хятадад хангалттай байсансан бол хүн-чүүдийн морин цэрэг түүнийг давахад бэрхтэй болохсон билээ.

Түшмэл Хоу Ин илтгэлдээ, хятадын түшмэдүүдэд дарлагдсан хилийн аймгийнхан, боолууд, ялтан, улс төрийн дүрвэгсдийн гэр бүлийнхэн «хүн-чүүдтэй амьдрахад зугаатай» гэж хэлээд, хил гарч зугтахыг хүсдэг гэжээ. Хамгаалалтгүй байлаа ч гэсэн хэрэм дундуур морь гаргах аргагүй, гэтэл морьгүй бол Азийн уудам талд яахсан билээ. Энэ нөхцөл байдал нь нүүдэлчдийн жижиг отрядуудын довтолгоонд саад болж, тэднийг Хятадын суурьшсан мужууд руу довтлох замыг эрж хайхад хүргэж байв. Хэрмийг хамгаалахад ялыг нь хилийн цэргийн албаар солиод гэмт хэрэгтнүүдийг ашиглах явдал ч байв, гэтэл энэ нь оргож босох дуртай найдваргүй цэргүүд байлаа. Заримдаа хэрэмний араар тариачид суурьшуулан хил хамгаалах үүрэг өгдөг байв, гэтэл энэ нь олигтой юм болсонгүй, учир нь тариачид цэргийн мэдлэггүй байлаа. Тэгэхлээр хэрмийн хамгаалалтыг хилийн нүүдэлчин аймгуудад даатгав, тэдгээр нь ху, жүн аймгуудын үлдэгдэл байв. Энэ хилчид өөрсдөө дээрэмдэх юмуу хүн-чүүдийн талд орохыг байг гэхгүй боловч ямар нэг хэмжээгээр найдвартай манаач нь болж л дээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]