Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Химба овгийнхон ба тэдний үзэсгэлэнт бүсгүйчүүдУншсан27,174

Дисковери сэтгүүлийн сурвалжлагч, гэрэл зурагчид очиж үзсэн зочдыг бишрүүлэх олон зүйлтэй энэ омгийн тухай сурвалжлага бэлдсэнийг хүргэе.

Намибийн хойд хэсэгт Анголтой хил залгаа Каоколенд мужид "Химба" хэмээх гайхмаар омог оршин байдаг. Сүүлийн үед энэ омгийнхон дээр “гадаад ертөнц"-ийнхөн үе үе зочлох болжээ. Дэлхийн байгаль орчин, танин мэдэхүйн томоохон сэтгүүлүүд, мэдээллийн хэрэгслүүд энэхүү химбачуудыг ихэд сонирхох болсон байна. Түүний нэг болох Дисковери сэтгүүлийн сурвалжлагч, гэрэл зурагчид очиж үзсэн зочдыг бишрүүлэх олон зүйлтэй энэ омгийн тухай сурвалжлага бэлдсэнийг хүргэе. Дисковери сэтгүүлийнхэн Химба омгийнхны эрүүл чийрэг, байгалийн бие бялдар, эмэгтэйчүүдийнх нь гоо үзэсгэлэнг фото нийтлэлдээ ихэд онцолсон байна.

Сүүлийн жилүүдэд манай дэлхий асар хурдтай өөрчлөн шинэчлэгдэж байгаагаас өнөөгийн Африкт ч ийм зүйлийг олоход бэрх болжээ. Энэ омгийн хүмүүсийн аж төрөх байдал зохиомол бус, яг л эртний үеийн гэмээр үргэлжилдэг. Тэд жуулчдаас авдаг татвар, хураамж амьдралд нь багагүй хувь нэмэр болж эхэлсний улмаас жуулчдын автомашины тоос босохоор “хүй нэгдлийн” үеийн хувцсаа өмсөхөөр урц руугаа харайдаг зүүн африкийн масаичуудтай огт адилгүй. Химбачууд гэж хэн бэ?

Тэд бараг хүн амьдрах боломжгүй шахам газарт, усны хомсдолтой цөлд хагас суурин, хагас нүүдлийн зохион байгуулалттай амьдардаг ба амьдралаа залгуулах гол арга хэрэгсэл нь байгаль, мал аж ахуй, ан гөрөө. Химбачууд соёл иргэншилд орж чадаагүйдээ ингэж амьдарч байгаа юм биш. Учир нь тэд өөртөө байгаагүй зүйлээр хэзээ ч дутагдаж амьдарч байгаагүйд хамгийн гол нь оршино.

Химба хүмүүс яг л байгаагаараа байдаг. Химба нартай анх уулзсан мөч үнэхээр сонин. Каоколендийн "нийслэл" багахан Опуво хотын супермаркетэд бараа худалдан авахаар нэгэн химба эмэгтэй орж ирсэн юм.

Химба хүмүүсийн аж ахуйд яг тэмээ шиг хэдэн долоо хоногоор ус уухгүй байж чаддаг онцгой чанар бүхий үхрийн үүлдэр голлох байр суурь эзэлнэ. Химбачууд хаяадаа нэг үхрээ зарж мөнгө болгоод хотод ирж эрдэнэ шишийн гурил, сахар, хүүхэддээ зориулж зарим амттанг худалдан авдаг. Хувцас ч тэдэнд хэрэггүй. Халуун чулуу шиг төөнөх элсэн цөлд хуванцар шаахайгаар ч яах юм билээ. Ундааны хуванцар савыг тэд ерөөсөө ашигладаггүй. Ер нь өөр соёл иргэншлийн гаралтай аар саар зүйлүүдээр тэд дутдаггүй байна.

Шинэ Наоми Кэмпбеллийг эндээс хэдэн арваар нь олж харж болно. Загварын ертөнцийн агентлагууд хаашаа харж байна аа?

Химбачуудын аж амьдралд нэн тэргүүн зайлшгүй хэрэглэдэг хоёр зүйл хамгаас чухал. Нэгдүгээрт, янз бүрийн үс самналт, сам зэргүүд. Тэд хэдэн цагаар ч үсээ өвөрмөцөөр сүлжиж, маш нарийн самналт хийж чаддаг. Хоёрдугаарт, супермаркетаас авсан олон өнгийн шажигнасан гялгар уутнууд. Эдгээрээр гоёхоос гадна ойр зуурын эд хогшлоо хийх, хүүхдээ бүсэлхийдээ уяж бэхлэх, тэгээд ч зогсохгүй санаанд оромгүй хэлбэрээр хэрэглэх аргыг олж чаддаг.

Энэ бол үсээ үнэхээр гоё янзалсны нэг жишээ.

Химбачуудад ус бараг олдохгүй. Олсон усны дусал бүрийг ариг гамтай хэрэглэх бөгөөд энд усанд орно гэдэг боломжгүй. Тэднийг эрт үеэс эдүгээг хүртэл нэгэн шидэт түрхлэг байгаль цаг уурын хатуу ширүүнийг даван туулахад нь тусалсан гэнэ. Энэхүү тосыг түрхэснээр тэдний арьс улаан туяатай болж харагддаг. Уг түрхлэгний найрлага нь үнээний сүүнээс гаргаж авсан тос, ургамлын янз бүрийн эликсирүүд, “окра” нэртэй пудр шиг нунтагласан хурц ягаан галт уулын уушгин чулуу.

Химба эмэгтэйчүүд энэхүү найрлагатай тосоор бүх бие, үсээ өдөрт хэд хэдэн удаа тослож түрхдэг. Энэ шидэт түрхлэг шаардлагатай эрүүл ахуйг хангахаас гадна наранд түлэгдэх, шавьжны хатгалтаас ч хамгаалдаг. Химба эмэгтэйчүүдийн арьс үнэхээр гоёмсог. Мөн тэднээс хайлуулсан цөцгийн тос үнэртдэг. Уламжлалт үс самналтыг энэ түрхлэггүйгээр хийх боломжгүй. Үсний урт унжлагуудаа өөр хүний үс залгаж хоёр дахин урт болгоно. Ихэвчлэн өрхийн тэргүүн, эцгээс зөвшөөрсөн эрэгтэй хүний үс залгах ёстой.

Бид нэгэн урцанд орж үзэв. 15 настай Мария химба охидууд хэрэглэдэг шинэхэн түрхлэгийг янз бүрийн найрлагуудаас хэрхэн зуурч хийдгийг үзүүлэв.

Дашрамд хэлэхэд, химба тосгоны оршин суугч бүр төрөхөд нь өгсөн нэрнээс гадна “европ” нэртэй. Энэ нэрээ төрөөс зохион байгуулдаг нүүдлийн сургуулийн үед хүүхдүүд олж авдаг. Бүгд л сурахын төлөө явдаг. Тоо тоолж чаддаг. Нэрээ бичиж бас чадна. Англиар хэдэн өгүүлбэр хэлж сурсан. (энэ нь ялангуяа худалдаа арилжаа хийхэд тоо хэрэглэх байдлаар илэрнэ). Эхний 2-3 дугаар ангиас хойш сурах хүмүүсийн тоо цөөн байдаг. Хүүхдээ хот руу “том” сургууль руу зөвхөн чинээлэг өрх айл л явуулж чаддаг. Сургалтын төлбөр, байр сууц, хүнсний нийт өртөг жилдээ дунджаар 7 үхэр болдог аж.

Ийм жишээ дурдвал Соняг нэрлэж болно. (богино өмд, шар цамц өмссөн байна) 19 насандаа хотод очиж суралцсан тэрээр хэдэн жил омгоосоо хол амьдарч байгаа нэгэн. Одоо тэр эгч, дүү нараа эргэж иржээ. Хотын найз охиноо ч дагуулж ирэв. Тэрээр Мари дүүдээ бугуйн цаг бэлэглэжээ.

Химбачуудад дэлхийг нөмөрсөн аймшигт гай зовлон болох Дархлалын олдмол хомсдол өвчин ч ирж амжжээ. Намибид хүн амын бараг 20 хувь нь энэ аймшигт өвчнөөр өвчилсөн тул химба хүмүүс ч бас өртөж. Энэ өвчинд химбачууд хэтэрхий философийн утгаар ханддаг ба "бурхан өгсөн, бурхан эргүүлээд авсан" одоо энэ өвчнөөр авах гэж байна гэж үздэг.

Химбачууд иймэрхүү халдварт өвчин тусахгүй бол 70 хүртэл насалдаг аж. Заримдаа 100 ч хүрнэ. Хөгшчүүл тосгонд үзэгдэх нь ховор. Учир нь тэд бэлчээрт мал хариулах, эсвэл хүн оруулдаггүй урцанд амьдардаг. Химба омгийнхны амьдрал, хувь тавиланг омгийн ахлагч, эсвэл омгийн хамгийн том өрхийн тэргүүн удирдан авч явдаг. Энэ тэргүүн шаардлагатай үед эцэг өвгөдийн ариун сүнстэй харьцаж, цаг агаар хэлж, өвдөн зовсныг эмчилж, буруутныг гэсгээж, доромжлогдсон нэгнийг хамгаалдаг. Эмэгтэйчүүдийн залгасан үсний хагас нь түүнийх.

Бидний очсон омгийн ахлагч сайхан сэтгэлтэй, хөгжилтэй хүн байв.

Биднийг газарчилж яваа хүн ч омгийн ахлагчийн хамаатан. Хэдэн жилийн өмнө хотод амьдрахаар одсон тэрээр хувцас өмсдөг болсон. Одоо бидэнд газарч хийгээд явж байгаа.

Ингээд бүгд хоорондоо танилцлаа. Зочлол өндөрлөх тийшээ хандаж байна. Хэн нэгнийг гомдоохгүйн тулд эндхийн гар урлалын зүйлээс заавал худалдаж авах хэрэгтэй. Бидэнд ч хариуд нь барих зүйл бий. Иргэншлүүд холбоо тогтоож байна. Манай багт багтсан 10 настай Мотя хүү хуруу гараараа янз бүрийн араатан, шувуу хийж үзүүлдэг “сүүдрийн театр” нь бяцхан химбачуудыг ч хөөрхөн зугаацуулаад авав.

Эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг ялгах тийм ч амар биш. 10 настай Мотя энэхүү үзэсгэлэнт охинтой яван явтлаа найзласан юм. Зочломтгой занг буруу ашиглаж болохгүй. Сайхан сэтгэлээр хүлээж авсных нь хариуд урьдаас зориуд нөөцөлж авчирсан бэлэгээ гардуулж байна. Энэ бол гурил, ургамлын тос, хүүхдүүдэд зориулсан хүүдийтэй жигнэмэг гэх мэт. Омгийн ахлагчид тусад нь бэлэг болгон хэрчиж бэлдсэн том цагаан талх өгөв.

Дурсгалын фото татуулах нь зайлшгүй...

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]