Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Улиас, буратино буюу Орос зэвсэглэлийн нэрсУншсан15,829

Хүний нэрээр нэрлэдэг хэрэг юм болов уу гэтэл. Бас болоогүй ээ тив алгасагч баллистик пуужин РТ-23 УТТХ «Молодец» гэж аймшигтай зэвсэг байв.

Цэрэг армийн зориулалттай зэвсэг техник, хувцас хэрэглэлийн нэр бол тун ч сонирхол татам сэдэв. Баруун талын улс орны цэрэг зэвсгийн нэр нь хүн сонсоод л тогтоомоор, сүрдмээр, бахархал төрмөөр, үгүй дээ л дайнч генерал, баатруудын нэрээр нэрлэгдэж тэр нэрээр нь дэлхий даяар тардаг. Хоёрдугаар дайны үеэр Германы Барс танк, Америкийн янз бүрийн нисдэг цайзнууд олны анхаарал татдаг байсан бол орчин үед Бүргэд (F-15), Шонхор (F-16) хэмээх сөнөөгч, бөмбөгдөгч нисэх онгоцнууд, Израилийн Меркава танк (байлдааны морин тэрэг), Английн Арчер (харваач) гээд маш олон янзын сүрлэг нэртэй зэвсгүүдийг тоолж баршгүй. Харин Орос -Зөвлөлтийн хувьд байдал их өөр. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн Зөвлөлтийн хамгийн алдартай зэвсэг болох Катюша гээч сайхан эмэгтэй нэр бүхий аймшигтай зэвсэг байсныг бүгд сайн мэднэ. Тэгвэл Зөвлөлтийн илжиг (И-16), Шатрын хүү (Пе-2 пешка), Бөгтөр (Ил-2 ) гэсэн хачин нэртэй онгоц дайны тэнгэрт тулалдаж байж. Яахав цэргүүд өөрсдийнхөө зэр зэвсгийг ингэж “өхөөрдөж” нэрлэдэг байсан гэж маргаж болох юм. Тэгвэл цаг хугацаа явах хэрээр Зөвлөлт-Оросын энэ өхөөрдөлт бүр хэмжээ хязгаараа алдаж албан ёсны нэрэнд орж тоглоом шоглоом шиг болж иржээ.

 

Америкчуудад Абрамс хэмээх алдартай генералын нэрийг авсан танк бий бол Өмнөд Солонгост Хар Ирвэс, Францад Леклерк, Германд Леопард буюу ирвэс гэх мэтийн нэртэй мундаг танкийн өөдөөс Зөвлөлт Оросууд “чавхаар” хариу барина. Энэ нь Т-72 Б2 буюу Рогатка (чавх). Янз бүрийн артиллерийн системийн нэр бүр авах юмгүй. Хадаасан цэцэг, хуайс, цээнэ цэцэг гээд өөр юу юу гэнэ вэ... Сэдэв андуураад баахан цэцгийн тухай яриад уналаа гэж бүү бодоорой. Энэ бол том калибрын өөрөө явагч артиллерийн нэрүүд. Хамгийн жижигхэн, гэм хор багатай “хадаасан цэцэг” нь л гэхэд 122 мм-ийн 15 км-ийн тусгалтай гэхээр бусад “цэцгийн баглаанууд” нь ямар байхыг төсөөлж болох биз. Иймэрхүү олон зуун цэцэг бүхий бүх л бүтэн цэцэрлэгт хүрээлэн Зөвлөлт-Оросын армид бий.

Энэ цэцэрлэгт хүрээлэн дотор "Буратино" явж байна гээд төсөөл дөө. Бас юун Буратино вэ, солиорч байна уу даа энэ чинь гэж санагдаж байж магад. Зөвлөлт-Оросууд артиллерийн системээ дандаа цэцгийн нэрээр нэрлэдэг гэж ойлгож бас болохгүй бөгөөд тэдгээр цэцгийн нэрүүд дотор бас бус үлгэрийн баатар байна. Тэр нь Буратино. Ямархуу "үлгэрийн баатар" болохыг нь хар.

Буратино

Магадгүй оросууд тухайн үеийн өрсөлдөгч талаа будлиулах гэж ингэж хачин нэр өгдөг байсан юм болов уу? Зарим нэрийг ямар ч логик, утга учир талаас тайлбарлах боломжгүй байдгийг юу гэж ойлгох вэ? Бидний сайн мэдэх 69-ийн цэргийн зориулалттай энэ хувилбарыг (УАЗ-3150) юу гэж нэрлэдэг гээч? Шалун буюу аальгүй, дүрсгүй, томоогүй.

Аальгүй УАЗ

Бас нэг өөр жишээ: Дайсныг олзолж аваад гавлах болжээ. Тэрхүү тусгай зориулалтын гавны нэр нь Нежность. Толь бичгээс харахад энэ нь энхрий, наалинхай гэсэн утгатай үг байх юм. Их л зөөлөн гар хөлд таатай, тухтай гав юм байлгүй.

Гэтэл энэ гав байтугай нэртэй юм ч бас байна. Орос хэлэнд Привет гэдэг үг бий. Аливаа хүнтэй уулзах, мэндлэх үед хэрэглэдэг үг. Манайхаар бол сайн уу, юу байна. Гэтэл ийм нэртэй резинэн сум байх бөгөөд гэмт хэрэгтэн, дайсантайгаа мэндлээд зогсож байлтай биш, оронд нь шууд л энэ сумаараа буудаж мэндчилгээгээ орлуулдаг бололтой. Америкийн Javelin хэмээх танк эсэргүүцэх мундаг систем бий. Нэрнээс нь харахад шидсэн жад мэт нисэж очоод дайсны танкийг сөнөөх мэт төсөөлөгдөнө. Тэгвэл ийм төрлийн Зөвлөлт Оросын зарим зэвсгийн нэр бүр инээд... ч хүргэхгүй.

-Муха (ялаа)-64 мм-ийн, танкийн эсрэг зориулалттай гранатмёт   (РПГ-18)

-Метис (эрлийз)-танк эсэргүүцэх пуужин. Энэ пуужингийн шөнийн дурангийн нэр нь ... та яасан ч таахгүй дээ... мулат буюу хурлийз

-Малютка (нялх, нярай хүүхэд)-Танк эсэргүүцэх системийн нэр гээд байдаг... юу гэмээр байна?

Нялх эрлийз хүүхэд, хурлийз ялаагаар танк буудаад... Галзуурахад ганц хуруу дутуу гэдэг билүү. Бүр хагас хуруу л үлдлээ. За тэгээд цаашаа 30 мм-ийн агаарын их буу болох “өрөм” (балеринка), хүний өөрийн онгоцыг таних систем “онгоцны үйлчлэгч” (стюардесса), кассетын бөмбөг “гоёл“ (украшение), тийрэлтэт сум “таалах” (Ласка), цаг агаарын тандах систем “инээмсэглэл” (улыбка), эргийн хамгаалалтын пуужингийн систем “баяр наадам” (Бал) гээд яваад байхаар тархи толгой чинь ихээхэн байтугай хэцүүхэн болоод ирж таарна.

Эдгээр хачин жигтэй нэрүүдэд ямарваа нэг утга авцалдаа, дараалал байна уу? Яахав хамгийн ойлгомжтой нь артиллерийн ситемийг дандаа цэцгийн нэрээр нэрлэдэг байх нь гэж ойлгох шахтал хажуугаар нь Буратино гэсэн үлгэрийн баатар орж ирээд будлиулсан төдийгүй “хар салхи” (РСЗО 9К58 «Смерч»), “мөндөр” (РСЗО «Град»БМ-21), торнадо буюу хуй салхи (РСЗО «Торнадо») гэсэн баахан аймаар салхи борооны нэр ороод ирэхээр гараа өргөөд бууж өгөхөөс өөр аргагүй. Цөмийн зэвсэг, тив алгасах баллистик пуужингийн хувьд харин ямар байдаг бол? Дөчин килотоннын хүчин чадал бүхий тактикийн цөмийн бөмбөгийг “Наташа” хэмээх бүсгүйн нэрээр нэрлэдэг бол 50 мегатоннын (!) ус төрөгчийн бөмбөгийг Иван, 30 килотоннын тактикийн цөмийн бөмбөгийг “Мария” хэмээн нэрлэж даапаална. Хүний нэрээр нэрлэдэг хэрэг юм болов уу гэтэл. Бас болоогүй ээ тив алгасагч баллистик пуужин РТ-23 УТТХ «Молодец»  гэж аймшигтай зэвсэг байв. Баруунд SS-24 «Sсаlреl» Моd 2  хэмээн нэрлэсэн энэ зэвсгийн Орос нэрний утга нь эр хүн, сайн байна... гэх мэт. (Зөвлөлт Америкийн гэрээгээр энэ зэвсгийг устгасан) Дээр нь нэмээд алдарт Тополь буюу улиас хэмээх нэртэй баллистик пуужин бий гэх мэтээр яриад байвал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй нь.

Тополь
Молодец
Сэтгэгдэл 2ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
2020, 3 сар 9. 18:39
Зочин

о

2020, 7 сар 28. 16:38
Зочин

Сайхан мэдээлэл байна

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]