Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Астронавт Виржил Гриссоны нислэг ба үхэлУншсан8,830

Америкийн анхны сансарт гарсан хүн болох Алан Шеппардыг эргэн ирэхэд улс орон нь түүнийг жинхэнэ баатар шиг хүлээж авч байсан билээ.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Америкийн анхны сансарт гарсан хүн болох Алан Шепардыг эргэн ирэхэд улс орон нь түүнийг жинхэнэ баатар шиг хүлээж авч байсан билээ. Хэдийгээр Шепардын нислэг ЗХУ-ын Юрий Гагарины нислэгийн хажууд “сансарт гараад л эргэн унасан” буюу тойрог замд ороогүй, үсрэлт төдий байсан ч тэдний хувьд энэ бол том баяр байлаа. Баатар эрийг эхнэртэй нь цуг задгай машинд суулган хотын гудамжаар авч явах үед замын хажуугаар эгнэн жагссан олон түмэн баярлан хашхирч, цэцэг, бэлэг дурсгал шидэж байсныг буулгасан олон фото, бичлэг бий. Ерөнхийлөгч Кеннеди гоо сайхан эхнэртэйгээ цуг залуу баатрыг хүлээн авч гар хөл бариад... цааш цаашдаа олон ийм баярт үйл явдал болж, бүр ч олон астронавтуудаа ингэж хүлээн авч байх болно гэж тэр үеийн хэвлэлд хөөрөн бичиж байжээ.

АНУ хоёр дахь нислэгтээ бэлдэж эхэллээ. Анхны нислэгийн үеэр болсон үл бүтэх явдлууд, тэр тусмаа бие засахтай холбоотой асуудлыг ямар нэг хэмжээгээр шийдсэн ба энэ нь ердөө л резинэн бэлгэвч шиг зүйл байсан гэдэг. Зарчмын хувьд шив шинэ технологи бүтээх цаг зав тэр үед байгаагүй учир арга ч үгүй биз.

Америкийн хоёр дахь астронавтын хөлөг нь Шеппардынхыг бодвол жинхэнэ утгаараа цонхтой болсон ба сансарт гараад одод эрхэс харж зураг хөрөг авах боломжтой болж. Шеппардын хувьд ийм юм ч байхгүй ердөө л төмөр хайрцаг доторх “туршилтын туулай “ (өөрөө ингэж хэлсэн гэдэг) болж явж байсан юм.

Ингээд 1961 оны 7-р сарын 19 нд сансарт гарах хөлгийн бүхээгт астронавт Гас (Гус ч гэж дууддаг) Гриссом орж бэлдэж эхэлсэн ч мөн л цаг агаар муудсан учир нислэгийг хойшлуулжээ. Хоёр өдрийн дараа буюу 21 ний өдөр хөөрөхөд бэлдэж эхэллээ. Гас бүхээгт ороод ганцаараа болсныхоо дараа маш их сандарч догдолж байсан ба зүрхний цохилт, даралт болон бусад заалтууд нь байж болох хэмжээнээс хэтрэхийн даваанд хүрсэн юм байх. Энэ бүхнээс болоод нислэгээ хойшлуулах эсэх тухай хүртэл яриа гараад амжсан боловч хөлөг хөөрдгөөрөө хөөрч сансарт гардгаараа гарсан билээ.

Энэ нислэг нь Алан Шеппардын нислэгтэй адил сансарт гарсан үсрэлт байсан бөгөөд тэрхүү богино хугацаанд (5 минут) мань эр хийх ёстой зүйлээ хийж, нислэгийн программаа биелүүллээ. Одоо буух цаг.

Хөлөг тогтсон цагт, товлосон газарт буюу далай дээр амжилттай бууж эрлийн багийнхан ч ядах юмгүй буугч аппаратыг олжээ. Аврагчид энэ аппаратыг нисдэг тэргээр татан гаргаж ирсний дараа  Грисс-ийг (Гриссомыг товчилсон хувилбар) гаргаж авах ёстой ба яг л энэ зааврын дагуу ажиллаж байх үед гэнэт буугч аппаратын нээлхийг нээх тэслэгч нар ажиллаж хаалгыг нь шидлээ. Далайн уснаас гаргаж амжаагүй аппаратын нээлхийгээр ус орон живж эхэлсэн ба аврагч нар ч аппаратыг найдвартай сайн гогцоолдож авах гэж үзсээр байлаа. Тухайн үед Грисс нь скафандртай байгаа учир усанд живээд үхчихнэ гэж аврагчид огт бодоогүй байна. Гриссом ч живж буй аппаратаасаа яаран гарчээ.

Аврагчид буугч аппаратыг арай чүү гэж найдвартайгаар барьж авсан боловч дотор нь маш их ус орсон учир дээшээ татаж гаргах боломжгүй болсон буугч аппаратыг далайд орхихоос өөр аргагүй болсон байна. (Бүр суулд, 1999 онд Liberty Bell 7-г далайн гүнээс олж татаж гаргасан ба одоо музейд энэ буугч аппарат байдаг юм гэсэн.)

Аврагчид буугч аппаратыг хаяж байх үед Грисс тэнд живж байлаа. Тэрээр далайн усанд хөвж байхаар бүтээгдсэн сканфандртай байсан нь үнэн боловч мань эр нь агаар орох хаалтыг хаахаа мартсан учир тэрүүгээр нь ус орж байж. Грисс ухаан алдаж, ус залгиж яг живдгийн даваан дээр аз болж аврагчид мань эрийг санаж, олсоор татаж авснаар амьд мэнд үлдсэн гэдэг.

Дараа нь онгоц тээгч дээр авчрахад Гас бүрэн сэргэсэн ба тэр ганцхан зүйл л үглээд байсан нь “би буруугүй шүү” гэсэн үгс байв. Буугч аппаратын хаалгыг ослын байдлаар цагаас эрт нээсэн явдлыг хэлсэн үү, скафандрын хаалтыг хаагаагүй явдлаа хэлж байсан уу гэдэг нь ойлгомжгүй ба дараа нь бичсэн илтгэлдээ буугч аппаратын хаалт нь өөрөө гэнэт тэсэрч салсан гэж тэмдэглэсэн байсан гэдэг. Уг аппарат живсэн учир Гасын бичсэн нь үнэн эсэх, зохион бүтээлтийн ямар нэг алдаа мадаг байгаа эсэхийг шалгах боломжгүй үлджээ.

Энэ бүх явдлын дараа Америкийн суртал ухуулга “ Гас нь техникийн маш эвгүй гэмтлийн үед ч гэсэн тэмцэлдсээр, ялсаар байж эсэн мэнд бууж ирсэн” тухай бичиж эхэлсэн гэдэг. Энд нэмж сонирхуулахад  тухайн үеийн Зөвлөлтийн суртал ухуулга нь иймэрхүү үйл явдал болсон байлаа ч “төлвөлсөн программын дагуу ямар нэг аюул осолгүй нислэг болсон” тухай мэдээлдэг байж билээ. Хоёр өөр улсын хоёр өөр арга барил.

Одоо Гас Грисс-ийн хувьд мөрөөдөж байсан зүйл нь болох цаг. Шеппард шиг задгай машинаар эхнэртэйгээ хотын гудамжаар явж, түүнд хүндэтгэл үзүүлэхээр жагсан зогссон олны дундуур гар далласаар цагаан ордонд очин, ерөнхийлөгчтэй гар барьж хэвлэлийн од болно гэдэг сайхан байлгүй яахав.

Гасыг эхнэртэй нь цуг Флорида дахь агаарын цэргийн баазад аваачсаны дараа NASA-гийн удирдагч Жеймс Уэбб нь мань эрд шагнал гардууллаа.

Ингээд л болоо. Нөгөө хамгаалалт бүхий задгай машинаар нийслэлийнхээ төвөөр явах, ерөнхийлөгчтэй уулзах... байхгүй.

Шагнал өгсний дараа Гриссийг цэргийн бааз дахь зочид буудалд буулгасан ба тэнд ямар нэг баяр ёслолын дайллага цайллага гэж байсангүй буюу мань эр өөрийн мөнгөөр “цэргүүдийн иддэг хоол” авч иджээ. Зочид буудлын өрөө нь ч гэсэн ялгаагүй буюу зүгээр л нэг зовлонгүй хоног өнгөрүүлэх байр төдий.

Буугч аппараттай холбоотой болсон явдал, хүлээж байсан өндөр хүндлэл огт байгаагүй зэргээс шалтгаалан энэ эр сэтгэл зүйн хямралд орж баларч эхэлсэн боловч өөрийгөө татаж авснаар 4 жилийн дараа дахин сансарт ниссэн ба энэ удаа жинхэнэ тойрог замд орж чадсан юм.

Сансарт хоёр удаа ниссэн, арвин туршлагатай Грисс нь Америкийн сарны программын нэг чухал ажилтан байсан бөгөөд Гас-ыг саран дээр хөл тавих хүний нэг болно гэдэгт хэн ч эргэлздэггүй байсан гэдэг. Гэсэн ч Аполло-1 хөлгийн (Амьдаараа шатсан астронавтууд нийтлэлийг үзнэ үү) газар дээрх бэлтгэлийн үед аймшигт осол болж энэ хүн харамсалтайгаар амь алдсан билээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]