Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

ЗХУ болон Германы хооронд болсон анхны тулалдаанУншсан12,125

Англи Францтай хийх их дайны өмнө “Оросуудтай” муудалцаж яаж болох вэ дээ. Дараа нь л...

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Энэ хоёр том гүрний хооронд болсон анхны тулалдаан гэхээр олон хүнд 1941 оны 6-р сарын 22-ны өдөр л санаанд орж байгаа байх. Гэтэл үнэндээ энэ нь 1939 оны 9-р сард болсон билээ.

Уг мөргөлдөөний тухай ярихын өмнө тухайн үеийн дэлхий дахины нөхцөл байдлын тухай цөөхөн үгээр тайлбарлах хэрэгтэй бөгөөд олон хүний хялбаршуулан ойлгодог шиг ЗХУ, Гитлерийн Герман хоёр нь тухайн үед “үй зайгүй найз нөхдүүд” байгаагүй талаар заавал хэлэх хэрэгтэй юм.

1936 оны 3 сар. Гитлерийн цэргүүд Рейний цэрэггүй бүсийг эзэлж авсан нь дэлхийн 1-р дайны дараа хийсэн тохирооноосоо буцсан томхон үйл явдал байлаа. Хохирогч болсон Франц улс энэ явдлыг бараг зүгээр харсаар өнгөрүүлсэн бөгөөд тухайн үеийн Европын хамгийн том арми нь чухам Францын арми байсан юм.

1936 оны 7-р сар. Испанид иргэний дайн дэгдэж Гитлерийн Германы болон Италийн дэмжлэг хүлээсэн Франкогийн цэргүүд хууль ёсны засаг төртэйгөө дайтаж эхэлэхэд Их Британи болон Франц улс энэ явдалд оролцолгүй “холоос харж суухаар” шийдсэн байдаг. Ингээд ч зогсохгүй Бүгд найрамдахчуудад (хууль ёсны засаг төр) тусалж эхэлсэн ЗХУ-ын үйл ажиллагааг буруутган, хоорондын харилцаа нь хурцдаж эхэлсэн билээ. Хоёр ч том цэргийн үйл ажиллагааг нь барууны ардчилсан улсууд чимээгүй өнгөрөөсөн нь Гитлерийн зүрх зоригийг ихээхэн нэмсэн нь ойлгомжтой.

1938 оны 3-р сард Гитлер Австрийг Германд нэгтгэсний дараа (аншлюс) Англи болон Франц улсууд санаачилгаа бүрэн алдсан ба тухайн оны 9-р сард болсон Мюнхений тохироогоор Гитлер нь үнэндээ Европын эзэн болсон билээ. Энэ шившигт тохироогоор Герман, Итали, Их Британи, Франц гэсэн улсууд Чехословакийн асуудлыг шийдсэн буюу ихээхэн газар нутгийг нь Гитлерт найр тавьж өгсөн юм. Хамгийн сонирхолтой нь газар нутаг, тусгаар тогтнолынхоо асуудлыг шийдүүлж байгаа Чехословак улс энэ хэлэлцээнд оролцож огт чадаагүй ба төлөөлөгчид нь хэлэлцээ болж байгаа өрөөний үүд давах эрхгүй байсаар хамаг хэрэг дууссан гэдэг. Бас Чехословактай харилцан туслалцах гэрээтэй ЗХУ-ыг (БНМАУ-ЗХУ-ын хоорондох 1936 оны гэрээтэй адил) энэ хэлэлцээнд урьсан ч үгүй.

ЗХУ хүлээсэн үүргээ биелүүлж Чехословакийг хамгаалахын тулд Польш улсаар дамжуулан цэрэг оруулах хүсэлт гаргахад польшууд (Англи, Францын дэмжлэгтэйгээр) зөвшөөрөөгүй төдийгүй Чехословакийн нэлээд газар нутгийг өөрийн болгосон байна.

1938 оны 9-р сарын 30-нд Герман-Их Британи, 12-р сарын 6-нд Герман-Францын хооронд харилцан үл довтлох гэрээ байгуулсны дараа Германы эсрэг тэмцэлд ЗХУ ганцаардаж эхэлжээ. Зальжин Сталин энэ байдлаас гарахын тулд Их Британи, Франц зэрэг улсуудтай олон янзаар уулзалдаж, Гитлерийн Германы эсрэг тэмцэх томоохон холбоотны эвсэл байгуулах гэж оролдсон ч бүтэлгүйтлээ. Москвад хүрэлцэн ирсэн эдгээр улсын төлөөлөгч нар ярьж тохироод гарын үсэг зурах болоход “Бид тийм хэмжээний бүрэн эрхтэй хүмүүс биш” гэж байсан нь ихээхэн олон юм хэлж өгөх биз ээ.

Энэ бүхний дараа оросууд Гитлертэй тохирохоор яаравчлан байж Германтай харилцан үл довтлох гэрээ байгуулсан бөгөөд энэ нь Молотов-Риббентропын гэрээ хэмээн түүхэнд үлдсэн юм. Энэ гэрээний нууц заалтаар бол Герман болон ЗХУ Польшийг хоёр талаас нь “идэх” тохироонд хүрсэн бөгөөд ЗХУ өөрийн алдагдсан газар нутгийг эргүүлэн авахын тулд уг гэрээг хийсэн гэдэг. Үнэндээ Сталин ирээдүйд болох Гитлерийн эсрэг дайнд зориулсан түшиц газартай болох гэж янз бүрийн арга чарга явуулж байсан үе билээ.

Ингээд 1939 оны 9-р сард Герман улс Польш руу довтлон, ялж дийлж байсан үе буюу 17-ны өдөр ЗХУ зүүн талаас нь Польш руу довтлон оржээ. Зөвлөлтүүд 1920 оны дайнаар алдсан нутаг гэж үздэг Гродно, Брест, Львов, Вильнюс зэрэг хотуудыг өөрийн болгох зорилготой байсан гэдэг. 9-р сарын 17-ны орой буюу зөвлөлтүүд Польш руу халдан орсны дараа Германы 18-р армийн корпусын захирагч генерал Ойген Брейер Львов хотыг яаралтай эзлэх тушаалыг Вермахтын төв штабаас авсан байна. Энэ үед ЗХУ-ын 5-р морин дивизийн дарга Яков Шарабурко танкийн бригадын дэмжлэгтэйгээр  уг хотыг эзлэхээр нэгэнт хөдөлсөн байсан юм.

19-ний өдөр ЗХУ болон Германы цэргүүд Львов хотын хоёр талаас орж ирэн өөд өөдөөсөө тулж, хоёр талын захирагчид энэ хотыг эзэлж авах тушаалтай учир хэн нь ч найр тавилгүй байсаар удалгүй тулалдаж эхэлсэн байна. Хотын гудамжинд болсон энэ тулалдааны  явцад оросууд Германы танк эсэргүүцэх хэд хэдэн их буу, хоёр танкийг нь (Pz-II болон Pz-III) устгасан ба Вермахтын гурван цэрэг үрэгдэж, есөн хүн шархджээ. Харин германууд Зөвлөлтийн хоёр хуягт машин, нэг танкийг (Бт-7) устгаж, гурван цэргийг нь хөнөөж, дөрвөн хүн шархдуулсан гэнэ. Маш богино хугацаанд болоод өнгөрсөн боловч хангалттай их цус урссан энэ тулалдаан цааш өргөжин тэлэх аюултай байдал үүссэн ба Москва тэр даруй Берлинд хандаж ширүүн үг чулуудаж эхэлсний дараа Вермахт цэргээ Львовоос татаж мөргөлдөөн дууссан юм. Энэ явдлын дараа Германы олон генералууд Львов хотын төлөөх тулалдааныг “Германы улстөрийн удирдагчдын шившигт өдөр” хэмээн нэрлэдэг болсон ба улс төрчид ч "цаг нь болоогүй байхад оросуудтай зодолдохгүйн тулд" уучлал гуйж, ихээхэн найр тавьж эхэлсэн гэдэг билээ.

Англи, Францтай хийх их дайны өмнө “Оросуудтай” муудалцаж яаж болох вэ дээ. Дараа нь л...

Чухам ийм үзэл бодлын үүднээс Вермахтын удирдлагыг оросуудтай сөргөлдөхийг болих хэрэгтэй гэж дээрээс тушаасан ба нөгөө алдартай Зөвлөлт Германы хамтарсан парад (энэ ч мөн бөөн будлиан), орос, герман цэргүүд инээлдэн уулзалдаж байгаа зураг хөрөг зэрэг нь энэ бодлогын илрэл байлаа. Сталины хувьд ч ирээдүйн их дайнд бэлэн бишээ ойлгосон учир германуудтай яаран муудалцах сонирхол бас байсангүй. Нэг нэгнийгээ ээлжилж “гэнэдүүлэн тонгорсон” хэцүүхэн цаг үе байж дээ.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]