Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Дамбий Шавран гуай хараал тайлсан ньУншсан40,866

Лам гадаа гал түлүүлж байгаад балингаа эвдэж сороо галд хайлсан. Лам галын дэргэд очоод чойжин оршсон юм шиг болж амнаас нь улаан хөөс сагуулан галд орж явчих гээд байсан.

Маршал Чойбалсангийн нэрэмжит 3 удаагийн шагналт, анхны Ардын Уран Зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, XX зууны манлай соён гэгээрүүлэгч, орчин цагийн Монгол хэлний дүрмийг үндэслэгч эрдэмтэн, орчуулагч, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн "ЛУС САВДАГ, ЧӨТГӨР ШУЛМАСТАЙ УЧИРСАН ХҮМҮҮСИЙН ЯРИА" номонд орсон сонирхолтой хэсгээс уншигч та бүхэндээ сонирхуулж байна.

 


Увс аймгийн Нисэх онгоцны буудлын дарга Аршаанжав хэмээх хүний ярьсан яриаг Ц.Дамдинсүрэн гуай 1974 оны 5-р сарын 18-нд ийн тэмдэглэжээ.

Аршаанжав ярьсан нь. 1951 онд би Увс аймгийн Баруун Турууны сангийн аж ахуйн дунд сургуульд сурч байлаа. Надтай хамт Янжлаа гэдэг бүсгүй хүүхэд сурч байсан. Түүний эцэг Чойпэл гэдэг ганган эр байдаг билээ. Чойпэл гуай шинэ жилийн баяраар охин Янжлааг гэртээ аваачиж хэд хонуулах гээд үдэш малаа хотолж дуусаад жороо хар морио унаад гэрээсээ гараад явж гэнэ. Баруун Туруун хүртэл хагас өртөө газар юм. Шөнө Баруун Туруунд хүрч нэг айлд хоноод маргааш нь охиноо сундлаад буцах гэж бодож явжээ. Хар зуухт гэдэг хөндийгөөр уруудаж явтал өөдөөс нь цагаан тэмээ унасан цагаан дээлтэй хүн угтаад ирж явжээ. Тэр цагаан тэмээтэй хүн ирээд тэмээнээсээ бууж байхад Чойпэл түүнтэй уулзъя гэж бодоод бас мориноосоо бууж морио тушиж орхиод угтаж очив. Гэтэл тэр хүн мэндэлсэн ч юм байхгүй шууд мөрөн дээрээс нь барьж аваад ноцолдов. Тэгэхлээр Чойпэл аргагүй түүнтэй ноцолдож гэнэ. Бариад авахад баригдах юм байдаггүй, ташаад унагахад унаж байгаа нь мэдэгдэхгүй, ийм юм байжээ. Нэг самбаандаа тушаатай мориндоо очиж тэнсэн ташуураа мулталж аваад өнөөхийг чинь балбаад байж гэнэ. Тэгсэн ташуур нь гурав хугарчээ. Өнөөх нь босож ирээд л байж. Тэгж ноцолдсоор байхад шөнө дунд өнгөрч үүр цайх шахаж байжээ. Нэг мэдсэн нь бүс нь суларсан байжээ. Чойпэл бүсээ чангалаад ноцолдох гэсэн нь өнөөх нь алга болчихжээ. Морин дээрээ хүрээд ирсэнд морь нь тэрийгээд үхчихсэн байжээ. Чойпэлийн хамаг бие нь буларч их ядарсан байжээ. Чойпэл явган яваад үүрээр нэг айлд хүрч хоол унд идэж ууж унтаж амарсан гэдэг.

Хар зуухын амны хэдэн модноос нэг жилийн урьд Зоригт гэдэг залуу яагаад ч юм мэдэхгүй боож үхсэн, тэр чөтгөр болсон юм байжээ. Эр хүнийг бүсээ засахаар чөтгөр их айдаг юм гэнэ. Чойпэлийг бүсээ засахад зугтаасан хэрэг байжээ. Чойпэлийг дийлэхгүй болохоор морийг нь үхүүлээд арилсан юм байжээ. Тэр зун охин Янжлаа өвдөж байгаад намар нь үхсэн. Түүнийг бас Зоригт хорлосон байж магадгүй гэдэг.


ДАМБИЙ ШАВРАН

1975 оны 3-р сарын 6-нд Халзан Дамдин хэмээх өвгөний яриаг Ц.Дамдинсүрэн гуай ийн тэмдэглэжээ.

Халзан Дамдин ярьсан нь. Жонон вангийн хошуунд Дамбий Шавран гэж лам байлаа. Лам гэхэд хачин, тарвага агнадаг байсан юм гэнэ билээ. Тэднийд хоол унд элбэг байдаг учраас би тэднийд байн байн очдог байлаа. Дамбий Шаврантай би сайхан танил боллоо. Дамбий Шавранг шидтэй чадалтай, хүн гэдэг байлаа. Би ч итгэдэг байсан. Би Улаанбаатарт цэрэгт байж байгаад нэг жил нутагтаа харилаа. Тэр үед би хорин хэдтэй байсан, тэгэхлээр ах маань Салаа Ёндон гэдэг хүн, гучаад настай байсан. Одоо хүү Зундуй, Амар нар бий, охин Хорлоо, Нэрэнмаа нар ч бий.

Ардын засгийн эхний үед намайг харихад ах маань хариугүй, толгойгоо даахгүй өвчтэй үхэх гэж байна. “Дамбий Шаврангаас асуув уу?” гэхэд “асуусан, Сэндонмагийн дордог уншуул гэсэн. Түүнийг Далай багш гэдэг ламаар уншуулсан” гэж манайхан хэлэв. Би “Дамбий Шаврангаас дахиад асууя” гэж бодоод цоохор Гэндэн, бэргэн хоёрыг “яв” гэв. Тэгэхэд манай /ах/ их дургүй “Би нэгтээ үхэх болсон хүн. Хэдэн мал хүүхдэд маань хэрэгтэй. Дамбий Шавранг битгий зал. Гүрэм уншуулах хэрэггүй” гэж байх юм. Тэгсэн ч хамаагүй тэр хоёрыг явуулав. Тэр хоёрыг очоод асуухад “Сэндонмагийн дордог уншуул” гэж хэлжээ. “Таны айлдсан ёсоор Сэндонмагийн дордогийг уншуулсан” гэж бэргэн хэлжээ. “Юманд тоо гэж байдаг юм. Дахиад уншуул” гэжээ. “Та өөрөө уншиж хайрла” гэжээ. Би тэдэнд “Аврал буувал өөрөөр нь уншуулна” гэж захисан юм. Лам хэлж гэнэ: “Тэгье. Би уншаад өгье” гэжээ. Удалгүй 80 хүрсэн өвгөн Дамбий Шавран шавь нартайгаа хүрээд ирлээ. Шавь нар нь балин тахилыг бэлтгэв. Манай ах, Дамбий/г/ харах дургүй буруу хараад хэвтээд байх юм. Лам гүрмээ уншиж эхлэв. Тэгтэл манай ах уйлж гарлаа. “Та яагаад уйлж байгаа юм?” гэж асуухад ах хэлэв: “Мэдэхгүй, хүүхээ нулимс аяндаа гоожоод байх юм” гэв. Тэгээд ламыг харахгүй толгойгоо буруулах юм. Ямар учрыг мэдэхгүй, ламд их дургүй юм. Лам манай ахыг хараад хэлж байна: “Чи их хувьтай хүн юм. Чи өвчиндөө их дуртай юм. Өвчин та хоёрыг эх үр хоёр шиг уйлуулж байгаад салгана даа хөө” гэж байх юм. 3 хоног ном уншив. Линга эвдэж сороо гаргах боллоо. Гаднаас нэлээд хүн цуглалаа. Манай бэргэн үнээ сааж байлаа. Би гэрт ороод сор гаргахад дээл хувцас нь цэвэр байг гэж бодоод ахын хучсан дээлийг хуулж гадаа сэгсрэх гэж аваад гартал бэргэн намайг хараад “Хүүе” гэж хашгираад гүйж ирлээ. “Наадахыгаа сэгсэрч болохгүй, Эргүүлж аваачаад ахыг хуч” гэв. “Сэгсэрвэл яадаг юм? Хог шороогий нь цэвэрлэе” гэсэнд бэргэн хэлж байна. “Наадах дотор чинь хурганы хирийн амьтан оволзож байсан юм. Би өглөө үзээд их айсан” гэж байна. Тэвэрч яваа дээлээ харсан чинь нээрээ дотор нь нэг юм байх шиг санагдлаа. Бушуухан оруулж өвчтэй ахынхаа хөл дээр хаяв.

Лам гадаа гал түлүүлж байгаад балингаа эвдэж сороо галд хайлсан. Лам галын дэргэд очоод чойжин оршсон юм шиг болж амнаас нь улаан хөөс сагуулан галд орж явчих гээд байсан. Бэргэн бид хоёр ламын хормойноос барьж арай л гэж тогтоож байсан. Маргаашнаас нь манай ахын бие сайжирч эхлээд арваад хоноход бүр эдгэсэн. Эм уусан юм байхгүй, зүгээр болсон. Хараалын хор болсон гэж Дамбий Шавран айлдаж байсан. Би ер нь Дамбий Шавран гуайд их итгэдэг, их хүндэлдэг байсан.

* * *

Дамбий Шаврангийн бас нэг явдлыг ярья. Монголд гамин ирсний хойт жил /1922/ Монголд элдэв бараа там-хи, будаа гурил олдохгүй ховор боллоо. Хатгины Егоза-рийнд очиж будаа гурил олж авна гэж манайхнаас хэдэн хүн нийлж аянд гарлаа. Манай нутгийн унзад ... бидэнтэй хамт явсан. Тэр замд нэг ийм зүйлийг ярьсан юм.

Нэг зун би гэртээ сууж байтал нэг залуу манайд давхиж ирлээ. “Дамбий гуай таныг хүрээд ир гэж байна” гэв. Би “Дамбий надаар яах гэсэн юм бол?” гэж бодоод дургүйхэн мордоод тэднийд хүрч очлоо. “Тарвагач Дамбий” гээд бид түүнийг ер тоодоггүй байсан юм. Тэгсэн Дамбий хэлж байна: “Дайчин бэйсийн хошуунд нэг баян хүний хүү өвдөөд байгаа юм. Намайг гүрэм уншиж аль гэж гуйгаад байгаа юм. Би тийшээ явах гэж байна. Чи надтай хамт явж над туслалц. Хоёул тэр номыг уншчихъя. Чи хойтон жил донмоо тавих гэж байгаа хүн. Чамд юм хэрэгтэй. Тэндээс юм олдоно” гэдэг байна. Бодсон чинь, нээрээ над юм хэрэгтэй юм. Хойтон жил би донмоо тавих гэж байгаа маань үнэн. Дамбийг дагаад явъя гэж бодлоо.

Маргааш бид хоёр газарчийг дагаад Дайчин бэйсийн хошуу орохоор явлаа. Нэлээд хол юм. Явсаар байгаад тэр айлд хүрлээ. Гэрт нь орсон, нэг /хүн/ өвчтэй хэвтэж байжээ. Арван хэдэн лухайсан лам нар сууж байлаа. Эрдэмтэй чадалтай улс бололтой. “Бид хоёр яаж балардаг юм бол доо?” гэж миний сэтгэл зовж байлаа. Дамбий Шавран ном мэдэхгүй хүн юм. Цай хоол өгөөд дараа нь архи гаргаж гэнэ. Харсаар байтал Дамбий маань согтож эхэллээ. “Юу гэж чалчдаг бол?” гээд зовж л байлаа. Тэгтэл Дамбий бие засахаар гарлаа. Гарахдаа намайг хялам хийж харлаа. Тэгэхлээр гарч уулзъя гэсэн үг байна гэж ойлгоод би хамт гарав. Гараад “За би согтох уу, байх уу?” гэж надаас асуув. “Болдог юм бол согтохгүй л бол сайн байна” гэж би хэлэв. Толгойч үсийг гэдрэг нь гурав илээд гэрт ороод явчив. Би бие засчихаад орсон чинь, өнөөх Дамбий эв эрүүл болчихсон гялалзаад сууж байна. Түрүүнд нь хариугүй согтуу байсан юм. Тэгээд балин тахил бэлтгээд ном уншлаа. Ном нь уншлагын ном биш, гүрмийн ном байлаа. Би судры нь хараад уншлаа. Бид ганц судартай юм. Тэгсэн чинь Дамбий маань өнөөх гүрмийн номыг судар харахгүй цээжээр уншдаг байна. Дамбий маань их ном мэддэг хүн болж таарлаа. Түүнээс хойш Дамбийд биширдэг болсон. Гүрмээ уншиж дууслаа. Өвчтэй хүн ч эдгэж сайжирч эхэллээ. Дамбий тэнд хоёр хоног архидлаа. Архи хаанаас авсныг мэдэхгүй ачиж ирээд л бидэнд уулгаад байсан. Арваад лухгар лам нарын ихэнх нь согтуу байдаг боллоо. Бидэнд тэр айл их юм өгсөн. Юм нь ч миний донмоод нээрээ тус болсон. Дамбий тэнд хичнээн ч архи уусан согтох байтугай, ам халамцсан байдал ч гаргаагүй.


НАЙРАН НАМЖИЛ

1930 хэдэн оны үед Сан бэйсийн хошууны Найран Намжил гэдэг баян хүн Бадмишийн өртөөний албыг хааж байгаад өвдөөд үхжээ. Тэгээд Найран Намжилыг чөтгөр болсон гэж ард олон ярьдаг боллоо. Түүний дүү Бөөрөн /?/ Гэндэн үхээд бас чөтгөр болж ахтайгаа нийлсэн гэдэг. Тэд хонь малаа хариулах хүртэл ажлыг хийдэг, гэр орондоо заримдаа биеэр үзэгддэг болжээ. Өртөөгөөр замын элчийн унасан морийг хутгалан шархдуулж ганзагалсан богцыг хүү татан огтолдог болжээ. Ингээд замын амраар явуулахгүй учирт Мата-дын хошуу тамгын газраас Алтан-Очиртын сүмийн эрх баригчдад тамгатай албан бичиг ирүүлж тэр чөтгөрийг дарах чадалтай сайн ламыг явуул гэж тушаажээ. Тэр бичгийг би үзсэн. Манай авга Өндрийн Жанцан сүмийн эрх баригчдын тоонд тэр үед орж байсан. Түүнээс би тодорхой сонссон юм. Тэр чөтгөрийг даруулахаар Горигжаагийн Жамъян зочийг яв гэжээ. Түүнийг дуртай хүнээ дагуулж яв гэхэд Жамъян, Наваан-Осор гэдэг шавиа дагуулж явъя гэжээ. Тэр хоёр хөсөгтэй жодгортой Бадмиш-д очиж 3 хоног лүйжин уншсан гэдэг. Хожим нь над Наваан-Осор ярьж байсан. Шөнө лүйжин уншихад чөтгөрүүд хашгиралдаад чарлалдаад ирдэг байсан. Ном уншиж дуусаад унтах гэхэд шөнө унтуулахгүй, дээл хувцас хуу татдаг байлаа. Бид хоёр шөнө нүд аньж чадаагүй. Харин 3 дахь /шөнө/ чөтгөр шуугихаа больсон. Би жаахан унтсан. Чөтгөр шуугилдах ер нь их аймаар байсан. Би багшдаа найдаад номыг нь уншилцдаг байсан. Тэгээд чөтгөр дарагдах шиг болсон. Бид буцаад сүм дээр ирлээ. Багш маань арай гэж сүмд хүрч ирсэн. Замдаа өвдөж бие нь муудлаа гэж ярьж байсан. Удалгүй Жамъян зоч нас барсан. “Чөтгөрийг дарсан боловч чөтгөрт амиа өглөө” гэж лам нар ярьж байсан. Түүнээс хойш Бадмишийн чөтгөр алга болсон.

Гэвч Бадмишийн чөтгөр бүрмөсөн дарагдаагүй гэж хүмүүс ярьдаг байсан. Манай хошуунд Гардийн Дамбадаржаа гэдэг лам байлаа. Тэр хөдөөний эхнэр хүүхэдтэй лам юм. Дамбадаржаа II дайны үед Халх голын Баянцагаанд цэргийн түлш аргал хүргэж өгөөд буцаж явах замдаа Бадмишд шөнө сайхан хулсан ташуураа морин дээрээс унагажээ. Буугаад ташуураа авах гэсэн нь ташуур нь олдоогүй гэнэ. Тэгэхлээр сайхан хулсан ташуураа хаях нь хайран гэж нөхөддөө хэлээд тэнд бууж хонож гэнэ. Өглөө нь босоод ирсэн, ташуур байдаггүй гэнэ. Дамбадаржаа жаахан сэжиглэсэн юм байх. Гэртээ ирээд удалгүй нас барсан. Тэгээд хэд хонотол дүү хүүхэн Пагма нь гэнэт өвдөөд бас үхжээ. Бас хэд хонотол Дамбадаржаагийн эхнэр нас баржээ. Норов эмч тэднийг эмнэх гэж очоод буцах замдаа мориноос ойчин гараа хугалсан. Өндөр Балдан гэдэг жаахан эрваа лам тэднийд ном унших гэж бас нас барсан. Энэ бүгдийг Бадмишаас дагаж ирсэн чөтгөрийн хорлол гэж хүмүүс ярьдаг юм.

* * *

Богины амны зуслангийн манаач Самбуу манайд сүү авчирч өгөв. Хүү нь хоёр морио бариад гадаа зогсож байх хооронд Самбуу гуайн ярьсан нь:

— Найран Намжилыг та асууж байна уу? Айхтар чөтгөр байсан юм гэдэг. Морины сугаар хутгалж, хүний ганзагалаж яваа богцыг зүсэж байсан юм гэдэг шүү. Харин би ердөө тэр чөтгөртэй дайралдаагүй. Би Тамсагийн цэрэгт хүргэх аргал тээгээд Бадмишаар бишгүй л явсан. Чөтгөртэй ердөө дайралдаагүй. Чөтгөр дарагдсанаас хойш явсан болохоор юу нь ч дайралдах вэ дээ!

Найран Намжил Бадмишид өртөө хийж байгаад үхжээ. Тэгээд тэр хавиас 20-30 хүн үхсэн юм гэдэг. Найран Намжилыг чөтгөр болоод бусдыг үхүүллээ гэж ярилцсан хэрэг шүү. Чухам үнэнийг хэн мэдэх вэ!

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]