Дэлхийн 2-р дайн хэрхэн яаж эхэлсэн талаар олон янзын маргаан үзэл бодол байдаг. Гэхдээ үндсэн ойлголт нь Гитлерийн Герман 1939 оны 9-р сарын 1-нд Польш улс руу халдан довтолсноор энэ их дайн эхэлсэн гэдэг бөгөөд залгуулаад зарим нэг нь “ЗХУ Польшийг нөгөө талаас нь дайрч дэлхийн хоёрдугаар дайныг Сталин, Гитлер гэсэн хоёр мангас эхлүүлсэн билээ” гэх маягаар бичдэг, түүнийг нь уншин толгой дохин суух хүн олон бий. 1990-ээд оноос иймэрхүү үзэл бодол маш их хүчтэй тарж, одоо зарим хүний хувьд энэхүү хялбаршуулсан ойлголт нь Дэлхийн их дайны гол буруутан хэн бэ гэдгийг тодорхойлдог цорын ганц шалгуур болсон гэж болмоор. Гэтэл үнэндээ байдал ихээхэн нарийн төвөгтэй гэмээр байсан билээ.
Гитлер, Герман улс Австрийг өөртөө нэгтгэсний дараа дэлхий даяараа ихээхэн түгшүүртэйгээр энэ явдлыг ажиглаж байхад Польш улс хамгийн түрүүнд энэ явдлыг дэмжсэн бөгөөд үүний хариуд нь Германчууд Вильно болон Вильнюсийн газар нутгийг Польшийн газар нутаг хэмээн үздэг польш андуудаа дэмжсэн байна. Шинэхэн “хосууд” удалгүй бүр ихээхэн том юм сонирхож эхэлсэн нь олон жилийн турш маргаан дагуулж байгаа Чехословак улсын газар нутгийг хуваан авах явдал болж өргөжжээ. Польшууд Тешин хэмээх томоохон газар нутгийг сонирхож байсан бол германууд Судет хавийн газар нутгийг авахаар зэхэж байлаа. Тэд үйл ажиллагаагаа уялдуулах гэхээсээ илүү бүр хамтарсан үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж хэлж болох бөгөөд тухайн үеийн Польшийн гадаад хэргийн сайд Юзеф Бек Берлинд энэ асуудлаар ярилцах гэж ирж байсан нь уг хэрэг явдлыг хэрхэн ямар хэмжээнд ярьж бэлдэж байсныг харуулж байгаа болов уу. Хоёр тал өөр өөрсдийн сонирхож байгаа газар нутагт нутгийн цөөнхийг хэрхэн дарлаж, дээрэлхэж байгаа тухай хоёр талаас ярьж бичиж эхлэн, арга хэмжээ авахыг Чехословакийн эрх баригчдаас шаардаж эхэлсэн нь цаг эвгүйтэхийн өмнөх дохио байлаа.
Байдал ийм хэмжээнд хүрч байгааг, өөрийнх нь хоёр томоохон дайсан болсон Польш, Герман (ЗХУ болон Польш улсын хооронд саяхан л асар их цус урссан дайн болж байсан тийм цаг үе) хэрхэн хамтарч, нэгдэж, хүчирхэгжиж байгааг харж байсан Сталин 1938 оны 5-р сард Чехословак улсад өөрийгөө хамгаалахад нь цэргийн тусламж үзүүлэхэд бэлэн байгаагаа мэдэгдэж Германы цэргийн эсрэг тэмцэлд нь туслах цэргийн цувааг нэвтрүүлэх жижигхэн зурвас газар гаргаж өгөхийг Польш болон Румын улсаас хүсчээ.
Зальтай Сталин энд зөвхөн Германы аюулын тухай л дурдсан байдаг. Польш юу гэж зөвшөөрөх билээ. Үгүй л гэлээ.
Энэ үед Польшийн бас нэг томоохон холбоотон Франц улс бас эвгүй үгийг польш нөхдөөсөө сонсож эхэлсэн байна. Парис, Варшав нар нь гадны халдлагаас хамтран хамгаалах гэрээ хийсэн улс байсан боловч хэрвээ Герман болон Франц улс хоорондоо дайтвал Польш нь дундыг баримтлана, энэ гэрээ нь зөвхөн Германы довтолгооноос хамгаалах тухай гэрээ болохоос Герман руу довтлох тухай (Герман улс өөр бусад улс руу довтлох үед тэднийг эсэргүүцэн тулалдаанд орох нь Герман улс руу халдан довтолсонтой адил хэмжээний зүйл бололтой) зүйл биш гэж зарлалаа. Бас Польш улс 1938 оны хавар Литвийг өөрийнхөө гарт оруулах гэсэн үйл ажиллагаа явуулахад Парис дэмжээгүй, ер нь л итгэлгүй, тааруухан холбоотон гэсэн утгатай зүйлийг Польшийн талаас ярих нь улам их болж байжээ.
Харин польшууд шинэ холбоотон Германтай ёстой л ид халуун дээрээ байгаагаа баталж, үүнийгээ Зөвлөлтийн Улаан армийг газар нутгаараа дамжуулан Чехословак руу оруулахгүй гэдгээр харуулж байсан төдийгүй 8-р сарын 24-нд Чехословак улсыг хувааж авах бүрэн хэмжээний том төлөвлөгөөг Германы талд үзүүлж энэ нутгийн Тешинск Польшид, Словак болон Карпатын цаадах Русь нь Унгарт, бусад газар нутаг нь Германы мэдэлд орох нь зөв гэж үзэж байгаагаа тайлбарласан байна.
Энэ бүхний дараа дээрх газар нутагтай хиллэх нутгуудаар олон тооны жижиг янз бүрийн өдөөн хатгалга, буудалцаан болж байсан нь ойлгомжтой. Чехийн хилчдийн болон цагдаагийн газрын байр орон сууц руу үе үе халдах өдөөн хатгагч нар тэр даруй буцан Герман, Польшийн хил рүү орон аюулгүй байдалд ордог тийм цаг үе эхэлжээ. Дипломат дайны фронт ч ширүүсэн, хаданд хавчуулагдсан халиу шиг болсон Чехословак нь ёстой ганцаардаж хаа холоос оросууд туслах гээд ч байгаа юм шиг, баруун талын том улсууд баахан яриа хөөрөө гаргахаас ямар нэг бодит нэмэр тус болохгүй...
Чехословакийг хамгаалах, ямар нэг хууль ном гэсэн хачин юм ярьсан "иван"-уудыг саад болохоос нь сэргийлж Польшийн арми ЗХУ-тай хиллэдэг хилийн орчимд асар том хээрийн сургууль хийлээ. Хээрийн сургууль хийх, тэр тусмаа тэр эмзэг цаг үед, хилийн ойролцоо, ийм хэмжээний том хээрийн сургууль хийнэ гэдэг бол дэндүү ноцтой зүйл байлаа. Хээрийн сургуульд 6 дивиз, нэг мотобригад оролцсон бөгөөд дараа нь 7 цагийн турш үргэлжилсэн цэргийн парад, баяр наадмын үйл ажиллагаа болж байжээ. Оросуудыг газар нутгаараа дамжуулахгүй төдийгүй бүр дургүй хүргэвэл дахиад дайтахад бэлэн байгаа шүү гэдгээ харуулсан нь энэ. Сталин ч зүгээр байсангүй ба хэрвээ Польш улс Чехословакийн газар нутаг руу цэргийн хүчээр халдвал 1932 оны ЗХУ-Польшийн хооронд байгуулсан харилцан үл довтлох гэрээг хүчингүй болгоно гэж мэдэгдлээ. Польшууд үүнийг тоосонгүй, магадгүй бүр ийм үг сонсох хэрэгтэй байсан байж ч магадгүй. Тухайн үеийн Польшийн эрх баригчдын зарим нэгнийх нь толгойд Чехословакийн дараа ЗХУ-ыг тасдан идэх санаа байсан хойно.
...Ингэж явсаар нөгөөх шившигт Мюнхений гэрээ гээчийг (Мюнхений хуйвалдаан ч гэдэг) Герман, Их Британи, Франц, Итали улсууд байгуулж Чехословак улсыг Гитлерийн гарт зүгээр л өгсөн байна. Аймшигт Гитлерийн аюулыг бага ч гэсэн зайлуулах, өөрийн батлан хамгаалах салбарыг энэ хооронд хүчирхэгжүүлэх гэсэн баруун талын томоохон улсууд ингэж Гитлерийг Чех рүү, цаашид ЗХУ руу эргүүлж чадлаа.
Прагад дайн хийх зориг, хүч байсангүй учир цэргээ хил дээрээс татан авч польшуудад хүсээд байгаа газар нутгийг нь зүгээр л хаяад явсан байна. Нөгөө талд Герман, унгарчууд бас л авах гэсэн бүхнээ авлаа.
Чехословакийг буулгаж, хүссэнээ авсан Польшийн засаг захиргаа дараагийн ажиллагаагаа явуулж эхэлсэн ба энэ нь “ЗХУ-ыг бутраан задраах нь Польшийн дорно зүгт явуулах гадаад бодлогын гол чиглэл байх ёстой... энэ чухал цаг үед Польш улс чимээгүй суулгүй хамгийн идэвхтэй бодлого баримтлах ёстой...” гэсэн үйл ажиллагаа байв. (Польшийн тагнуулын байгууллагын гаргасан илтгэлээс)
Одоо ЗХУ-ын ямар ямар газар нутгийг өөрийн болгох тухай олон хувилбарт төлөвлөгөө гарган шинэхэн холбоотон Гитлертэйгээ урьдынх шиг тохиролцох боломжийг судалж эхэлжээ. Харин Гитлерт өөр төлөвлөгөө байсан бөгөөд тэр нь ЗХУ-тай харилцан үл довтлох гэрээ байгуулж, энэ бүх үйл ажиллагаанд саад болох, барууны улс орнуудтай заримдаа хэтэрхий сүжирч, хэдэн талд зэрэг ажиллаад байгаа зарим нэг улсыг (Польшийг хэлж байна) хашраан дарах нь түүний хувьд тэргүүн зэргийн ажил болжээ. Тийм улсын нэг рүү Гитлерийн арми 1939 оны 9-р сарын 1-нд халдан довтолсон түүхтэй билээ.
P.S.
Германы арми Польш улс руу халдан орсон тухай ярих болохоор л ЗХУ Германы хооронд байгуулсан харилцан үл довтлох гэрээний тухай маш ихээр ярьдаг. Сталин Гитлертэй хамтарсан, Берлин-Ром-Токио дээр нэмээд Москва гэж орох ёстой... ер нь л ЗХУ нь Гитлерийн Германы хамгийн чухал холбоотон байсан шахам мэт юм яригдах нь бий. Ямар нэг хэмжээгээр, тодорхой богино цаг хугацааны хувьд энэ нь үнэний хувьтай ч байх. Гэхдээ Молотов-Рибентропын энэ гэрээтэй адил гэрээг өөр ямар улсууд, ямар цаг үед Гитлерийн Германтай байгуулсан юм бол гээд сонирхвол их л сонин юм харагдах нь дамжиггүй. Ямар ч байсан баруун талын улс орнууд өөрсдийгөө хамгаалахын тулд Чехословакийг Гитлерийн, Польшийн аманд тавьж өгсөн бол, ЗХУ нь Германтай хийх дайныг бага ч гэсэн хойшлуулахын тулд Польшийг Германд тавьж өгсөн байдаг. Цаг үе ийм л байж дээ.
Нийтлэлч Чалчаа саарал
чехсловакыг 1938 оны 3 сард 4 хувааж герман , польш, унгарчууд эзэлсэн . Богем , судет мужыг Германчууд , Тешин мужийг Польшууд , карпат орчимын мужуудыг Унгарууд эзлэж өөрсөддөө нэгтгэсэн . Үлдсэн СЛОВАК мужид германы талыг баригч ЛАМААР удирдуулсан тоглоомын ЗГ байгуулсан . уулын карпат орчимын украйнчууд 1938 -5 сар хүртэл партизанчилж байгаад устгуулсан .тэдгээрийн удирдагчидийг германчууд 1941-1942 онуудад барьж цаазалсан