Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Алдарт маршалууд гар зөрүүлсэн ньУншсан19,561

60 давсан насандаа барилцаж авсан энэ хоёр жанжин нь залуу цагтаа нэг нэгнийгээ авран хамгаалж, анд нөхөд явсан түүх бий.

Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Монгол түмэндээ нэгэн үе өрлөг жанжин хэмээн нэрлэгдэж байсан маршал Х.Чойбалсан болон “Бум хурандаа”, “партизан Бум” гэж алдаршсан Г.Бумцэнд гуай нар нэгэн удаа барилцаж аван, үс толгойгоо үгтээн зодолдож байсан тухай тэдний комиссаруудаас гаралтай яриа бий. Саарал ордон дотор болсон (их тэнгэрт ийм юм болсон гэсэн хувилбар ч бас байдаг) энэ явдлын тухай уншиж сонсоход итгэмээргүй мэт боловч тухайн цаг үед иймэрхүү явдал Монголд төдийгүй өөр олон улс оронд болдог л байжээ.

Үүний нэг тод жишээ ЗХУ-ын Москва хотод, тэр тусмаа Их театрын үзэгчдийн хүлээлгийн танхимд болсон хоёр маршалын зодоон юм. 1957 оны 11-р сард болсон энэ явдлын гол “баатрууд” нь дэлхий дахинд алдартай, бидний дэндүү сайн мэдэх маршал Жуков болон маршал Конев нар байсан билээ.

Жар давсан насандаа барилцаж авсан энэ хоёр жанжин залуу цагтаа нэг нэгнийгээ авран хамгаалж, анд нөхөд явсан түүх бий. Гитлерийн Германы арми ЗХУ руу довтолсон эхний хэдэн саруудад фронт захирагч Конев бүтэлгүйтэн сүйрч байх үед Жуков очин ажлыг нь авсан байдаг бөгөөд чухам Жуков л Коневыг аварсан гэж Орос-Зөвлөлтийн олон түүхчид үздэг юм билээ. Дайны эхний үеийн сүйрлийн дараа Сталин ёстой араатан мэт аашилж олон ч дарга жанжныг шорон гянданд хийж буудаж байсныг бодоход энэ яриа үнэний хувьтай л байх.

Дараа нь дайны төгсгөл буюу Берлинийг авах шийдвэрлэх тулалдааны үед Коневын удирдсан Украины 1-р фронтын анги нэгтгэлүүд илүү амжилттайгаар урагшлан довтолсоор байсан учир Сталин Берлинийг авах ерөнхий төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулжээ. Ингэснээр Белорусын 1-р фронтын удирдагч Жуковын Берлинийг ганцаараа авах гэсэн хүсэл талаар болсон ба чухам энэхүү ер бусын том алдар нэрийн төлөө Георгий Константинович Жуков нь маршал Рокоссовскийн оронд уг фронтыг удирдаж эхэлсэн байсан юм. Хоорондоо өрсөлдөж эхэлсэн нөхөд янз бүрийн хор найруулцгааж байсан “ялих шалихгүй" баримтууд байх ба Жуков албаар довтолгоон эхлэх өдөр дайрагч хэсгээ явуулахгүй өнжөөгөөд, германчууд нөөц хүчээ Коневын довтолж байгаа хэсэг рүү татсаны дараа л давшилтаа эхлүүлсэн... гэх мэт. Энэ нь чухам хоёр маршалын өрсөлдөөн байсан уу, Зөвлөлтийн цэргийн ерөнхий довтолгооны нэгэн арга мэх байсан уу гэдгийг мэдэх юм алга.

Ямар ч байсан Берлинийг дөнгөж аваад байх үед хоёр жанжин уулзалдаж, улмаар муудалцан бүр энгэр заамдаа тулах үед туслахууд нь ирж салгаж байсан түүх бий. Хэрвээ үүнийг зодоон гэж хэлж болох бол анхны зодоон нь ийнхүү Берлинд болжээ.

1957 оны 11-р сарын 3-ны өдөр. Хэдхэн өдрийн өмнө ЗХУ-ын Батлан хамгаалах сайдын тушаалаасаа буугаад байсан маршал Жуков тайтгарахын тулд Их театрт ирсэн байлаа. Албан тушаалаасаа буусан, дээр нь саяхан Правда сонины тэргүүн нүүрэнд гарсан нэгэн нийтлэлд энэ алдарт жанжны тухай, Москвагийн хамгаалалтын үеийн алдаануудынх нь тухай, Берлинийг эзлэн авах ажиллагаанд гаргасан буруу шийдвэрүүдийн тухай тун ч дэлгэрэнгүй бичсэн цаг билээ. Тухайн үеийн Правда сонинд сайн муугаа дуудуулна гэдэг нь дэндүү том асуудал байсан юм. Энэ нийтлэлийг бичсэн хүн нь Конев.

Өст хүн өлийн даваан дээр гэгчээр хоёр маршал хүлээлгийн танхимд таарч үг сөргөн, улмаар хатуу хүтүү үгтэй, догшин ширүүн авиртайгаараа Жуков түрүүлэн хараал ерөөл холин Коневыг доромжилж эхэлжээ. Өнөөх нь ч хүний савыг хоосон буцаахгүй хүн.

...Нэг л мэдэхэд хоёр маршал барилцаж аван гар хөлөө савж эхэлсэн гэдэг ба Жуков ямар ч байсан нэг сайн цохиод авч чадсан гэсэн юм харагддаг. Ойрхон байсан олон том цэргийн болон энгийн албан тушаалтнууд хоёр “боксчныг” салгах гэж бас нэг бужигнаан болж байх үед маршалын туслагчид дор нь давхиж ирэн “хөгшчүүлийг” салгаад хоёр тийш нь сарвагануулсаар авч явснаар хоёр дахь зодоон дууссан байна. Зарим эх сурвалжаас харахад ийм зодоон болоогүй ч зодооноос дутахгүй муухай хэрүүл болж нус цэрээ нулималцсанаар дууссан гэх нь ч бий.

Энэ явдлаас хойш олон жилийн дараа Конев Жуковт хандаж залуу цагийн явдлаа мартан эвлэрэхийг хүссэн ч Халх голын дайны баатар маань огт хариу өгөлгүй шүд зуусаар байгаад нас барсан юм гэнэ лээ. Яг л  Чуйковтой муудалцсантай адил! 

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]