Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Хааны гүнжээс харц, хаан байгаад хоригдол болсон Пак Кын ХеУншсан20,815

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Пак Кын Хе нь улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч, санхүүгийн хэргээр ял авсан гурав дахь ерөнхийлөгч, хугацаагаа дуусгалгүй шоронгийн хаалга татсан ээлжит ерөнхийлөгч...зэргээрээ “алдаршсан” хүн билээ.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Кын Хе улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгч, санхүүгийн хэргээр ял авсан гурав дахь Ерөнхийлөгч, хугацаагаа дуусгалгүй шоронгийн хаалга татсан ээлжит Ерөнхийлөгч,  зэргээрээ алдаршсан, хэдхэн хоногийн өмнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний өршөөлөөрсуллагдах болсноор бүр ч олны анхаарлын төвд орсон хүн билээ.  Цагтаа “хааны гүнж” байгаад харц болсон, дараа нь өөрөө “хаан” болоод удалгүй шоронд орсон энэ хүний түүх манай улсын сүүлийн үеийн байдалтай тодорхой хэмжээгээр адил төстэй мэт санагддаг учир энэ эмэгтэйн тухай сонирхуулъя.

1962 онд Өмнөд Солонгост төрийн эргэлт гарч Пак Чонхи хэмээх эр Ерөнхийлөгч боллоо. Энэ хүн улс орны эдийн засгийг өөд нь татах тал дээр олон ажил хийж ард түмний хүндлэлийг хүлээж байсан боловч коммунист болон зүүний үзэл бодолтой хүмүүсийг, Хойд Солонгостой холбоотой гэх нөхдийг шүүхийн тогтоолгүйгээр барьж хорих, алж хядах ажлыг тун ч эрчимтэй явуулж эхэлсэн ба сүүлдээ хэвлэл мэдээллийг хянах, Японтой ямар нэг байдлаар адил төстэй бүх зүйлийг хориглох, бүр залуучуудын үс, охид хүүхний хормой хотны хэмжээ ямар байх ёстойг хуульчлах зэргээр явж өглөө.

1974 онд тэрээр олны өмнө үг хэлж байхад нь нэг нөхөр буудсан боловч онолгүй ойрхон зогсож байсан эхнэр нь амь үрэгдсэн гэдэг. Энэ явдлын дараа Ерөнхийлөгчийн охин албан ёсоор тэргүүн хатагтайн үүрэг гүйцэтгэх болсон ба энэ хатагтайн нэр нь Пак Кын Хе.

Тэр үеэс эхлэн хатагтайн найз Чхве сун Силь гэгч охин өөрийн эцэгтэй хамт Хөх ордноор (Ерөнхийлөгчийн амьдрах байр) эргэлдэх ихсэж, Ерөнхийлөгчийн нэр барин мөнгө төгрөгтэй холбоотой янз бүрийн хор найруулдаг болсон байв. Тэргүүн хатагтайн хувьд өөрийн найз, түүний эцгийг хамгаална гэж жигтэйхэн учраас иймэрхүү явдлууд тэгсгээд чимээгүй дарагддаг байлаа.

1979 онд Ерөнхийлөгч ээлжит хаалттай найр цэнгээний үеэр залуухан охид бүсгүйчүүдтэй наргиж байхад бие хамгаалагч нь буудаж алснаар Пак Кын Хегийн амьдрал орвонгоороо эргэжээ.

Хуучин найз нөхөд, аавынх нь танилууд бүгд нүүр буруулж, охин ганцаардаж, ядарч зовж байх үед хоёрхон хүн л түүнд ойрхон байж, тайвшруулж байсан нь өнөөх найз Чхве Сун Силь болон түүний эцэг хоёр байв. Ойр дотны хүнгүй, эрх мэдэл, найз нөхөд ч үгүй болсон бүсгүйн хувьд дээрх хүмүүс цорын ганц түшиг тулгуур нь болсон бөгөөд хямарсан сэтгэл санааг нь тэдний номлох Енсеге хэмээх шашны номлол л засаж байв. Зарим цуугаар бол Чхве Сун Силийн эцэг алуулсан Ерөнхийлөгчийн охинтой дотно харилцаа үүсгэж байсан гэх. Үнэн бол харьцаж ойртох хүнгүй ганцаардсан, ядуу зүдүү бүсгүйн толгойг эргүүлсэн хэрэг биз.

Ийм байдлаар явсаар 1998 оны хямрал эхэллээ. Улс орон даяар үймж байх үед буудуулсан Ерөнхийлөгчийн охин гэнэт улс төрийн тавцанд гарч ирэн, зоригтой олон алхам хийх тухайгаа, хатуу чанга гараар улс орноо өөд татах тухай янзын сайхан юм ярьж эхэлсэн ба хэдхэн жилийн дотор Өмнөд Солонгосын хамгийн алдартай улс төрчдийн нэг болж 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж улсынхаа анхны эмэгтэй Ерөнхийлөгч болжээ. 

Пак Кын Хе Хөх ордонд эргэн ирэхэд түүнтэй цуг нэгэн “чухал” хүн ирсэн нь өнөөх Чхве Сун Силь.

Энэ эмэгтэй тун удалгүй Хөх ордны албан бус эзэн болж, ордон дотор шашныхаа (загалмайн шашин, бөөгийн зан үйл холилдсон нэг урсгал) зан үйлийг гүйцэлдүүлэн, Ерөнхийлөгчийн ажил хэргийг удирдаж эхэлжээ. Ерөнхийлөгчийн нэр барьж том том компаниудаас хэдэн саяар хандив “гуйж” авах ба энэ бүхэн түүний өөрийнх нь (бас Ерөнхийлөгчийн) халаасанд орсоор. Мөнгөө өгч байгаа компаниуд ч хэнд, юунд өгч байгаагаа сайн ойлгож байсан ба тэд өмнө нь ч өгч байсан, ирээдүйд ч өгсөөр л байх биз.

Ингэж Өмнөд Солонгосын их спортыг өөд татах ажилд цугласан хөрөнгө хэн нэг хүний гадаад дотоод дахь үл хөдлөх хөрөнгө, охид хүүхдийнх нь сургалт болон зугаа цэнгэлд зарцуулагдах болсон байна.

Чхве Сун Силь, Пак Кын Хе нар олон жилийн өмнө

Удалгүй “Солонгос Распутин” маань хамгийн нууц зэрэглэлтэй мэдээлэлтэй танилцах эрхтэй болж, Ерөнхийлөгч ч гадаад бодлогын асуудлаа өөрийн мэргэжлийн зөвлөхтэй ярилцалгүй Чхве Сун Сильээс асуудаг боллоо. Өнөөх нь хариуд нь “Удахгүй хоёр Солонгос нэгдэх нигууртай гэж зүүдэнд маань орлоо...” гэх маягаар ярих ба Ерөнхийлөгч түүнийг анхааралтай гээч нь сонсоно.

Энэ хүний хажуугаар Ко Ен Тхэ гэх нэг эр гарч ирсэн ба жаахан "нас ахисан", баян тарган эмэгтэйчүүдийг “тайтгаруулах” талаар мэргэшсэн эр байв. Чхве Сун Силь энэ хоёр бүх л талаараа нийлж аваад Ерөнхийлөгчийн нэр барин дураар дургиж эхлэхдээ ёстой юунаас ч айж эмээхээ больж, зөвхөн Ерөнхийлөгчид зөвлөөд зогсохгүй, өч төчнөөн авлига нэхэж авдаг, санаанд таараагүй хүмүүсийг дураараа нааш цааш болгодог, замбараа цадиггүй их зантай, салан задгай (Ерөнхийлөгчийн хэлэх үг, нууц яриа болон бусад юмыг хадгалж байсан зөөврийн комьютер зэргийг хаа нэгтэй гээсэн гэх мэт) явдал нь дэндэж байснаар ард олон дотор сайн муу яриа давс хужиртайгаар тархаж эхэллээ.

Сөрөг хүчинд энэ мэдээлэл задрах шиг сайхан юм хаа байхав. Даруй жагсаал цуглаан зохион байгуулж хэдэн сарын турш бужигнасны дараа Пак Кын Хе “хаан” ширээнээсээ бууж, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасаар Ерөнхийлөгч асанд 24 жил шоронд хорих, 16,8 сая долларын торгууль, түүний найз Чхве Сун Сильд 20 жилийн ял, 17 сая долларын торгууль төлөх шийтгэл оногдуулсан байна. Энэ авлигын хэрэгт 53 том компани холбогдсоноос Samsung 6.8  сая доллар, Lotte 6,5 сая доллар, SK Group 8.3 сая доллар өгсөн гэх мэдээлэл бий.

Чхве Сун Силь

Өмнөд Солонгос улсын Ерөнхийлөгч болох нь уг хүний амь нас, эрх чөлөөнд нь их л халтай гэдэг, үнэн л бололтой. Өмнөд Солонгосын удирдагч нар

  1. Ли Син Ман- 1948-1960 онд эрх барьж байсан, огцорч, улсаасаа зугтсан
  2. Юн Босон- 1960-1962. Огцорсон
  3. Пак Чонхи- 1962-1979. Буудуулсан
  4. Чхве Гю Ха- 1979-1980. Цэргийн эргэлтээр зайлуулагдсан
  5. Чон Ду хван -1981-1988. Ерөнхийлөгчийн хугацаа дууссаны дараа цаазаар авахуулах ял сонссон ч саяхныг хүртэл амьд сэрүүн байгаад өвчнөөр нас барсан.
  6. Ро Дэ У- 1988-1993. Ерөнхийлөгчийн хугацаа дууссаны дараа 22 жилийн ял авсан

7. Ким Ёнсам 1993-1998. 3-р Ерөнхийлөгчийн үед шоронд сууж байсан, өмнөх хоёр Ерөнхийлөгчөө шоронд суулгаж чадсан

  1. Ким Дэ Жун- 1998-2003. 3-р Ерөнхийлөгчийн үед шоронд сууж байсан, 5-р Ерөнхийлөгчийн үед цаазын ял сонссон боловч дараа нь өршөөгдсөн. Нобелийн энх тайвны шагналтай.
  2. Но Му Хён-2003-2008. Импичмент. Үндсэн хуулийн Цэц үүнийг нь хүчингүй болгосон. Ерөнхийлөгчийн хугацаа дуусаад авлигын хэргээр шалгагдаж байх үедээ амиа хорлосон.
  3. Ли Мён Баг- 2008-2013. Ерөнхийлөгчийн хугацаа дууссаны дараа авлигын хэргээр баривчлагдан шалгагдаж байгаа.
  4. Пак Кын Хе- 2013-2016. Импичмент. Авлигын хэргээр 24 жилийн ял авсан. 3-р Ерөнхийлөгчийн охин.
  5. Мун Жэ Ин-одоогийн Ерөнхийлөгч. ...
Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]