1985 оны 11 сарын 13-нд Колумбийн Армеро хотын ойролцоо орших Невадо-дель-Руис галт уул сэрэн утаа тортог цацан лав урсаж эхэллээ. Хэдийгээр эрдэмтэд ийм явдал болохыг сарын өмнөөс урьдчилан анхааруулж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөж байсан боловч төрийн эрх мэдэлтнүүд үүнийг нь ямар нэг өвчигнөл, сүржигнэл хэмээн хүлээн авч эрдэмтдийг бараг л эмх замбараагүй байдалд хүргэх хортой үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр хандсан байна. Боготад болж байсан мөргөлдөөн, иргэний дайн зэргээс шалтгаалж конгресс эрдэмтдийн энэ сануулгыг үл тоосон хэрэг.
Ингээд галт уулын тогооноос халин урсах лав нь жижиг уулын гол, мөнхийн цэвдэгтэй нийлж шавар шавхай холилдсон нэгэн төрлийн үер болон урсаж хэд хэдэн тосгоныг нөмрөн авлаа. Эдгээр 14 хот тосгоны нэг нь Армеро байсан бөгөөд тус тосгонд амьдрах Омайра Санчес болон түүний гэр бүлийнхнийг унтаж байх хооронд үер гэрийг нь нураан урсгасан байна. 13 настай охин хэдийгээр амьд үлдсэн боловч гэрийн нурсан цемент болон амь үрэгдсэн гэр бүлийн нэг гишүүний цогцост хөл нь тээгэлдэн гацсан байв. Хэсэг хугацааны дараа энд амьд хүн байгааг мэдсэн нутгийнхан, аврагчид охиныг авах гэж оролдсон боловч тогтсон ус шавраас болж хөлийг нь салгаж чадсангүй. Охиныг хооллож ундалж бүр дусал залгаж байсан боловч ус зайлуулах төхөөрөмж иртэл 3 хоног шаардагдсан гэдэг. Энэ охин усан дотор 60 гаран цаг зогсож байхдаа уйлж дуулж, инээж баярлаж, бүр аврагч нартай ярилцан тэдэнд урам зориг өгч, амарч унтахыг зөвлөж байсан боловч сүүлийн цагуудад тэрээр хий юм харж эхэлсэн байна. Хичээлээсээ хоцрох нь хэмээн уйлж байсан охиныг амьсгал хураахаас хоёр цагийн өмнө удаан хүлээсэн усны насос ирсэн боловч тэр нь ажиллагаагүй, гэмтэлтэй эд байлаа. Охин амь үрэгдсэнээс хойш 4 цагийн дараа дахиад 4 хэвийн ажиллагаатай насос ирсэн боловч (бүр 18 насос ирсэн гэсэн тоо ч бий) хамаг хэрэг нэгэнт өнгөрсөн байжээ.
Энэ охины 3 өдрийн турш тарчилсан тухай мэдээ, хамгийн гол нь түүний амьд байх үеийн гэрэл зураг дараа нь олон хүнийг сэрдхийлгэсэн бөгөөд тухайн зураг авсан зурагчныг янз бүрээр хэлж харааж, заналхийлж байсан явдал ч гарсан байдаг. «World Press Photo»-ийн шилдэг гэрэл зураг шагналыг авсан энэ фото-гийн эзэн болох Франк Фурнье зургийнхаа тухай хэлэхдээ: “Энэ зургийг авч байхад миний дотор хов хоосон болсон байлаа. Энэхүү жаахан охины өмнө зогсож байхдаа би юу ч хийж чадахгүй гэдгээ мэдэрч байсан бөгөөд тэрхүү охины тэвчээр, үхлээ зоригтой хүлээж байгаа байдлыг хараад зүрх шимширч байв. Амьдрал нь дуусч байгааг мэдэрч байсан охины ухаан санаа нь яваандаа самуурч, намайг сургуульд нь хүргэж өгөхийг гуйж байсан юм. Намайг явснаас хойш 3 цагийн дараа тэр охин үгүй болсон билээ.”
Аливаа замбараа муутай газар болдогчлон охиныг аврах ажиллагаа тун ч болхи бүдүүлэг байдалд явагдсан бөгөөд эвдэрхий насос ирэх гэж маш удсан, аврах ажиллагаа явуулах ямарваа нэг багаж хэрэгсэл дутуу, хэрэгт дурласан олон зуун хүний бөөгнөрөл аврах ажиллагаанд маш их саад болсон зэрэг олон хэтэрхий гэмээр үйл энэ үеэр болж байж. Охин шавар, хог бүхий усан дотор зогсоход нь дэм болох нэг шургааг, ус хоол өгч, дусал залгаж байснаас өөрөөр тэр олон зуун хүн юугаар ч тусалж чадаагүй гэдэг. Энэ баатарлаг охиныг амьсгал хураасан тэр газарт нь оршуулсан билээ.
P.S.
Омайро Санчесыг аврах ажиллагаанд төрийн байгууллагын арчаагүй байдал, бужигнасан олон түмэн саад болж байсан гэсэн мэдээлэл уншиж байхад хоёр зүйл санаанд орж байлаа.
-Хэдэн жилийн өмнө зурагтын суваг эргүүлэн суух үеэр Улаанбаатарын Эх Нялхсын төвийн цахилгаанд гэмтэл гарч тэр чигээрээ харанхуй болсон тухай шуурхай мэдээ гарч байв. Голцуу залуухан охид голцуу сурвалжлагч сэтгүүлч нар янз бүрийн л чухал чухал юм, сүртэй дуугаар ярьж байгаа гэж жигтэйхэн. Дөнгөж төрсөн хүүхэд, төрөх гэж байгаа эх, инкубаторт байгаа нялх үрс, янз бүрийн яаралтай мэс засал, эмчилгээ хийх ямар ч боломжгүй болсон тухай дотор эвгүйртэл ярихыг нь яана. Гэтэл тэр үеэр уг цахилгааны гэмтлийг засах гэж сандарч яваа нэгэн засварчин эр тэдгээр сэтгүүлчдийн хараанд өртсөн бололтой. Баахан том камер, гэрэл, микрофон болсон сэтгүүлч нар нөгөө эрийг тойрч зогсоод улалзуулж өгч байна аа. (Шууд нэвтрүүлэг) Яагаад нялх үрсийг авран хамгаалах ёстой газар ийм хариуцлагагүй байгааг, хүний зүрх сэтгэл гэж байна уу үгүй юу шахам л юм ээлж дараалан асууж, байцааж, тойрч ээрээд сүйд болж байв. Тэрхүү тоггүй, цахилгаангүй маш хүнд байдалд орсон байдлыг арилгах гэж, гэмтлийг засах гэж цаг минуттай уралдан яарч сандарч яваа засварчныг шүү дээ.
-Богд ууланд аялж яваад төөрөөд Онцгой байдлын газарт утасныхаа цэнэгийг дуусахаас өмнө дуудлага өгч амжсан боловч харьяалал яриад аврах арга хэмжээ аваагүйгээс болж хүний амь эрсдсэн тухай мэдээ саяхан гарч байсныг санаж байгаа байх. Чухам ямар үйл явдал болсныг мэдэхгүй боловч ийм яриа гараад дараа нь зүгээр л чимээгүй болж байгааг юу гэж тайлбарлах ёстой юм бол? Зүгээр л чимээгүй. Таг чиг. Бодвол хэдэн сарын дараа ийм тийм юм болсон хариуцлага тооцно гэх маягийн хуурай үгтэй мэдээлэл хийгээд л бүр мөсөн мартагдах бололтой. Хүний амь гэж иймэрхүү үнэтэй юм гэж үү?
Нийтлэлч Чалчаа саарал