Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Америкийн Ерөнхийлөгчийн ширээн дээрх Монгол маркУншсан1,983

2001 оны 11 дүгээр сарын 11-нд энэ маркийг тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр, Америкийн Ерөнхийлөгч Жорж Бушт Нью-Йорк хотноо гардуулсан юм.

Монгол маркийн Ерөнхий зураач асан Тодын Отгонбаярын бичиж буй “Монгол маркийн далд түүх” номын хэсгээс албан ёсны зөвшөөрөлтэйгөөр нийтэлж байна. Таалан соёрхоно уу! 


 Ерөнхийлөгч Буш “Энэ марк байнга миний ширээн дээр байх болно”

Одоогоос 20 жилийн тэртээ 2001 оны 9-р сарын 11-нд дэлхийг донсолгосон нэгэн аймшигт явдал болсныг олон хүн санаж байгаа байх. Тэр өдөр террористууд Нью-Йорк хотод байдаг Дэлхийн Худалдааны төвийн хоёр өндөр байшинг иргэний агаарын тээврийн хоёр онгоцоор мөргөн сүйрүүлж, 3000 гаруй хүн амь насаа алдсан эмгэнэлт явдал болсон билээ. 

2001 оны 9 дүгээр сарын 12-ны өглөөний 7 цаг 30 минутын үе. Би сэрсэн даруйдаа телевизээ асааж “Eagle" телевизээр мэдээ үзлээ. Өглөө бүр ийм хэвшилтэй сурчихсан байсан юм, тэр үед. Орон дотроо нойрмогтон байсан надад дэлгэц дээр гарч байгаа Нью-Йоркийн хоёр өндрийг нисэх онгоцоор очиж мөргөн гал маналзан утаа манаруулан нурж буй үзэгдэл анх кино гарч байна гэж ойлгогдсон. Энэ америкчууд, барууныхан элдэв муу ёр сэжиг сүжиггүй мөн ч задгай авах юм даа… гэсэн шүү юм бодож хэвттэл...

Дүрсний доогуур гүйж байгаа бичгийг олж хараад золтой л орноосоо үсрэн боссонгүй. Дахин дахин уншлаа. Юу вэ! Энэ чинь кино биш, болсон, болж байгаа явдал байна шүү дээ! Ингээд ажилдаа явахаар гарлаа. Есдүгээр сарын эхний арав хоног өнгөрчихөөд байхад Улаанбаатар минь зунаараа, мод бургас нь ногооноороо, нарлаг дулаан өдрүүд үргэлжлэх нь намар гэж улирал байдгийг мартуулах мэт амгалан тайван.

Гэтэл ертөнцийн нөгөө бөөрөнд гал ус харшилсан гамшиг болж байдаг. Микро хэмээх жижиг унаанд суугаад хүмүүсийг ажин чих тавибал тэр тухай мэдээ нийтийн сонорт хүрэх арай болоогүй бололтой нам гүм байх аж. Нью-Йоркт өглөөний 9 цагт дээрх халдлага болж байхад Улаанбаатарт оройн 9 цаг өнгөрч байсан болохоор хүмүүс амарч унтаж хэвтэх цаг тул мэдээгүй, өглөө босоод “Eagle" телевиз үзэж амжаагүй байх нь. Аргагүй юм байна, одоо ингээд үдээс хойш шуугиж өгнө дөө. (Тэр үед мэдээлэл түгэх хурд өнөөдрийнхтөй жишимгүй удаан, зүйрлэвэл яст мэлхий мөлхөхийг шувуу нисэхтэй харьцуулах мэт) Ажил дээр ирвэл бас л ажин түжин. Үгүй ээ, би чинь нойрмоглоод кино гарч байсныг андуурсан юм биш биз дээ.

Энэ сэдвээр хандивийн марк гаргах нь зүйтэй юм байна, очингуутаа захиралтай ярья гэж замдаа бодож явсандаа эргэлзэх шахав. Яах аргагүй тийм мэдээ харсан, эргэлзэх хэрэггүй гэж өөртөө хэлээд ширээн дээрх утсаа авч залгавал туслах эмэгтэй нь захирал ойрхон хөдөө явсан маргааш ирэх байх гэв. (Тэр үед гар утсыг өнөөдрийнх шиг хүн бүр барьдаггүй, амь албаны ажлыг ч ширээний утсаар л амжуулдаг байсан цаг гэдгийг үүнийг уншиж байгаа шинэ үеийн залуучууд хүүхдүүд бараг мэдэхгүй дээ)

Үдийн 12 цаг өнгөрөөд манай Цэнгэл зураач гадуур ажил хөөцөлдөж яваад орж ирлээ. Америкт айхтар явдал болсон бололтой хэмээн намайг яриагаа эхлэхэд харин тийм юм хальт сонслоо, юу болчихов оо гэнэ. Би түүнд телевизээр өглөө харсан үзсэнээ яриад, яг одоохондоо үүнээс илүү нарийн мэдээлэл байхгүй боловч ийм явдал болох нь болжээ. Тэгэхээр одоо хоёулаа нэг маш чухал зүйл ярина аа, маргааш болтол хэнд ч ам битгий нээгээрэй, нууц гээд түүнд хандивийн марк хийх санаагаа хэллээ. Цэнгэл зураач үүнийг гайхалтай санаа байна гээд, та нээрээ бас тэгж байгаад айхтар юм сэтгэдэг хүн шүү хэмээн намайгаа догиож байна аа. Жанцан захирал хөдөө явсан, маргааш ирэх юм байна. Одоо хоёулаа энэ хугацааг ашиглаад маркийнхаа эскизийг тус тусдаа хийе. Юм үзье, судлая. Тэгээд санаа оноогоо ярья. Маргааш захиралтай ярихад үзүүлэх юмтай байя гээд хоёулаа будаг бийрээ барьж авлаа! 

Маргааш өглөө нь би захирал Ж.Жанцантай ярьж хандивын марк хийх тухай саналаа хэллээ.

“Захирал аа, Монголын ардчиллыг эхнээс нь дэмжиж туслаж ирсэн америкчууд, Америк оронд тохиолдсон энэ эмгэнэлт явдлыг бид дуугүй хараад сууж болохгүй! Үүний дурсгалд зориулсан шуудангийн хандивийн марк гаргах саналтай байна" хэмээлээ.

Монгол шуудан 1960-аад онд Италийн Венец хот усанд живж болзошгүй аюул тулгарахад Дэлхийн Шуудан холбооны байгууллагаас гаргасан уриалгыг хүлээж авч дэмжин марк гарган түүнээсээ олсон орлогын тодорхой хувийг тус хотын сэргээн босголтод зориулан хандивлаж байсан. Мөн Вьетнамын дайны үед, дараа нь 1970-аад онд Хүүхдийн төлөө фондод зориулж тус тус хандивийн марк гаргаж буянт үйлс бүтээж байсан арвин туршлагатай!

Үргэлжлүүлээд "Хандивийн марк гэдэг нь маркийнхаа үндсэн үнэ дээр нэмэлт үнэ тавиад түүнийгээ тухайн зориулалттай санд хандивладаг хэлбэр юм. Хэрэв захирал та энэ маркийг бүтээхийг дэмжиж зохих шийдвэрийг гаргавал, та нэн яаралтай Америкийн Элчин сайдад бараалхан энэ тухай мэдэгдэж ирээдүйн маркаас олох орлогыг урьчилан сэргээн босголтын санд гардуулан өгч болох юм. Хэрэв та одоо шийдээ хэлвэл бид яг одоо суугаад эх зургаа зурж эхлэхэд бэлэн байна. Бид өчигдөр өөрийг чинь хүлээж байх хугацаандаа энэ маркийн эскизийг зурж бэлтгэсэн. Та хүсвэл бид одоо очиж танилцуулъя" гээд албаны том том үгээр нэг амьсгаагаар түүнийг илүү дутуу юм бодох завдалгүй дуржигнуулчихав. Ингэж түүнийг бодох завдалгүй хэлэх шаардлага байсан юм.

Мань эр таг дуугүй сонсож байснаа "За ойлголоо, Отгонбаяр зураач аа, маш сайхан санал гаргасанд баярлалаа. Шууд дэмжиж байна. Би хувийн шийдвэрээ гаргалаа, одоо түүнийгээ Захирлын зөвлөлийг яаралтай зарлан хуралдуулж албан ёсны шийдвэр болгоё. Та хоёр одоо шууд эх зургаа зурж эхлэ, ямар зураг байхыг та нар шиг зураачдад би юугаа заах вэ, гоё марк болно гэдэгт эргэлзэхгүй байна, амжилт хүсье" гээд яриагаа дуусгав.

   Яриаг анхааран сонсож байсан Цэнгэл "Хөөх та чинь ёстой нэг амьсгаагаар пулемётлочихлоо" гээд инээж байна. Гэтэл утас дуугарав. Авлаа. "Италийн ямар хот гэлээ?" гэж захирал лавлаж асуугаад, одоо Захирлын зөвлөл цугларч байна гээд утсаа таслав. Тун удалгүй дахиад л утас дуугарав. Захирал надаас маркийн үнэ хэд байвал зүгээр вэ гэж асуулаа. Манай дарга одоо наад хуралд чинь очиж яваа, түүнээс асуусан нь дээр гэж би хариулав. Хориод минутын дараа дахиад утас дуугарч "Захирлын зөвлөл яаралтай хуралдан таны наад саналыг чинь бүрэн дэмжлээ, би Америкийн Элчин сайдын яаманд очиж марк гаргах болон хандивын талаар мэдэгдэхээр явна" гэж тэр цовоо дуугаар хэллээ.

Их л баярлаж сэтгэл нь хөдөлж байгаа бололтой. Түүнээс хойш ганц цаг ч өнгөрөөгүй байхад дахиад утас дуугарлаа. Харин энэ удаа нэг сонины газраас ярьж байна, ямар сониныг мартжээ. Албан ёсны мэдэгдэл гарахаас өмнө мэдээлэл ямар хурдан тарж байна аа! Манай сэтгүүлчдийн чих урт, сонор соргог, хурд маневр гэж айхтар болжээ. “Өдрийн сонин” урд шөнө хэвлэгдэхээр бэлэн болсон сониныхоо дугаарыг задлаж энэ халдлагын тухай мэдээллийг оруулсан цоо шинэ дугаар бэлтгэж хэвлүүлээд өглөө нь тараасан (аливаа сонинг манай шуудангаар тараадаг тул тэр нь олонд хүрэхээс өмнө бидэнд сонсогдоно) гэдэг мэдээ бас авав.

Түүнд мэдээлэл өгөөд утсаа тавьтал зөрөөд утас дуугарсан нь радиогоос ярьсан санагдана. Цэнгэл "Өө за за, одоо аягүй бол телевизийнхэн ирж шуугилдана, дахиад ч өөр хүмүүс ирэх шинжтэй. Би ерөөсөө гэртээ очиж зуръя аа" гээд будаг бийрээ базаагаад гарч одов. Оройхон Цэнгэлийн гэр рүү ярьж явцыг асуув. "Хар зургаа гаргаж дууслаа, одоо манайхан унтаж хөл татрахаар шөнө суугаад дуусгачихна аа" гэв. Миний хувьд албан мэдээний эх бэлтгэх, бичүүлэх, сонин хэвлэлүүдэд тараах, маркийг хэвлэлд шилжүүлэх, уран сайхны болон технологийн заавар бичиж бэлтгэх, эх зурагт хийх чимэглэл боловсруулах, маркийг хоёр өндрийг бэлгэдэж хоёр номинал марк болгох (энэ нь нэг эх зураг дээр хоёр өөр үнэ тавиад хоёр өөр марк болгодог жишээ дэлхийн маркийн түүхэнд зөндөө байдгийг санасан хэрэг) зэргийг амжуулсаар тэр өдрийг өнгөрөөв. Харин Жанцан захирал тэр өдөр бил үү, маргааш нь ч бил үү, Америкийн Элчин сайдын яаманд очиж эмгэнэл илэрхийлээд манай "Монгол шуудан" компани хандивын марк хэвлүүлж энэ маркаас орох орлогоос урьдчилан 1,5 сая төгрөгийг хоёр өндрийг сэргээн босгоход зориулан хандив өргөж байгаагаа мэдэгдсэн байна.

Өглөө 9 цагтай уралдан Цэнгэл маань эх зургаа барьсаар орж ирэв. Сайн зуржээ. Тэгээд түүнийг гэртээ очиж амар гэж явуулаад Э.Болд бид хоёр компьютерын ард сууж зохих чимэглэлийг хийж СД-д бичүүлэн бэлтгэж мөн өдрөө Захирлын зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж улмаар Францын “Cartor Security Printing“ компанид тус бүр 30 мянга, бүгд 60 мянган ширхэг хэвлүүлэхээр шийдсэн билээ.

2001 оны 11 дүгээр сарын 11-нд энэ маркийг тэр үеийн Ерөнхий сайд Н.Энхбаяр, Америкийн Ерөнхийлөгч Жорж Бушт Нью-Йорк хотноо гардуулсан юм. Жил бүр 9 дүгээр сард энэ хотод болдог НҮБ-ын ээлжит чуулган дээрх халдлагаас болж хойшлон 11 дүгээр сард болсон. Жирийн цагт Гадаад харилцааны сайд нарын төвшинд болдог энэ чуулганд дэлхийн олон орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Америктай эв санааны нэгдэлтэйгээ илэрхийлэхээр Нью-Йоркт биечлэн очиж бүгд л Ерөнхийлөгч Буштэй уулзах хүсэлт гаргасан юм байх. Америк орон уй гашууд автан донсолж байсан хүнд цаг үе тул Ерөнхийлөгч Буш зав чөлөө бага учир тэр олон орноос ердөө 10 орныг сонгож хүлээж авч уулзсны нэг нь Монгол Улс байсан юм байх! Монгол Улсыг сонгосон шалтгаан нь дээрх марк байсан гэх сул дэл яриа тэр үед явдаг байсан. Үнэн бол сайхан л юм.

Харин Ерөнхийлөгч Буш “Энэ марк байнга миний ширээн дээр байх болно” гэж хэлсэн тухай Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албан мэдээнд үндэслэн “Өдрийн Сонин” сонины 2001 оны 11 дүгээр  сарын 15-ны №271 дугаарт, “Өнөөдөр” сонины 2001 оны 11 дүгээр сарын 12-ны №264 дугаарт болон “Үнэн”, Сэрүүлэг”, Ардын Элч” зэрэг олон сонин хэвлэлд нийтлэгдэж радио, телевизүүдээр ч ярьж гарч байв.

Тухайн үед Засгийн Газар, ГХЯ-нд Америкийг хариуцаж байсан болон Америк дахь манай Элчин сайдын яам, НҮБ дахь  Монголын Төлөөлөгчийн газарт ажилладаг байсан, уг үйл явдалд оролцож байсан хүмүүс мэдсэн дуулснаа хэлж үнэн худлыг ялгаад өгвөл их баярлахсан. Зөвхөн Монгол маркийн түүх гэдэг утгаар нь биш!

 Ж.Буш, Н.Энхбаяр нар уулзсан өдөр марк маань Парисаас ирж таарсан. Тэгээд 2001 оны 11 дүгээр сарын 11-нийг “Let`s unite aganist the terror” маркийн анхны өдөр гэж “Монгол шуудан” компани албан ёсоор зарласан болно. Маркийн анхны өдөр гэдэг нь хүнээр бол төрсөн өдөр нь юм!

Ингээд баясаж байтал хачин хачин юм сосогдож эхэллээ шүү!

(Үргэлжлэл бий...)

Сэтгэгдэл 3ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
11 сар 12. 9:00
Зочин

Уучлаарай, эхний хэсэг нь биш байнаа, наад мэдээг чинь Оросын телевизүүдээр шөнөжингөө гаргасан. Эхний мөргөлтийн дараа шатаж байгаа цамхаг үзүүлээд байж байтал дараагийн мөргөлт болоод түүнийг нь эфирээр шууд харуулсан. Харин нурж байгааг нь тэвчээртэй шөнөжингөө харсан хүмүүс үзсэн байх, Өглөө ажилдаа ирэхэд хүн бүхэн мэдэж байсан, гадны интернэтийн сайтаар дүүрэн зураг оруулчихсан байсан. Тэр үед монголд мэдээний сайт бараг байхгүй хүмүүс мэдээг тв-ээс л авдаг байсан үе

11 сар 22. 20:44
Болд

Бүх процесс шууд дамжуулагдаж байсан. Даиад нэг онгоц пентагоныг мөргөж бас нэг онгоц барьцаалагсан тухай мэмээлж байсан. Өглөө нь UB гийхэн бараг бүгд мэдээлэл авсан байсан даа.

11 сар 6. 17:46
Зочин

баярлалаа гоё нийтлэл уншлаа сэтгэл хөдөллөө танд амжилт сайхан болгоныг хүсье

Сэтгэгдэл бичих
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]