Ангилал

Сайтын талаар ярилцъя Уншигчдын санал бодол

Суэцийн хоолойд 8 жил гацсан 15 хөлөг онгоцУншсан9,724

Харин Египетчүүд тэрхүү урт суваг дотор гадаад дотоодын худалдааны олон онгоц явж байгаа гэдгийг мартсан бололтой бушуухан хааснаар 15 хөлөг онгоц суваг дотор гарах газаргүй болон түгжигдсэн юм.

 Нийтлэлч Чалчаа саарал бичиж байна. 

 Урьд өмнө харж байгаагүй нэгэн сонирхолтой түүхтэй таарсныгаа та бүхэнд хүргэх гэж товчлон орчууллаа.

1967 оны 6-р сарын 5.

Дэлхийн түүхэнд Зургаан өдрийн дайн гэж алдаршсан дайн энэ өдөр эхэлж Израйлийн нисэх хүчин Арабын орнуудын нисэх хүчин, цэргийн дэд бүтцэд цохилт өгч эхэлжээ. Суэцийн суваг. Энэ сувгийн амьдрал ердийнхөөрөө л үргэлжлэн дэлхийн улс орнуудын худалдааны хөлгүүд нааш цааш зөрөн сүлжилдсээр л байлаа.  Гэтэл дайн эхэлж Израйлийн дайралт маш эрчтэй байсан учир Египетийн засаг захиргаа яаран Суэцийн сувгийг хаалттай бүс хэмээн зарлаад, еврейчүүдэд энэ чухал сувгийг ашиглуулахгүйн тулд орох гарах хэсгүүдэд томоохон усан онгоцыг живүүлж таг битүүлж авлаа. Харин египетчүүд тэрхүү урт суваг дотор гадаад дотоодын худалдааны олон онгоц явж байгаа гэдгийг мартсан бололтой бушуухан хааснаар 15 хөлөг онгоц суваг дотор гарах газаргүй болон түгжигдсэн юм.

Суэцийн сувгийн “Их давст нуур” гэсэн нэртэй өргөн хэсэгт эдгээр хөлөг онгоцнууд цуглаж сувгийг нээхийг хамтдаа хүлээж эхэлсэн байна. Швед, Герман, Америк, Франц, Их Британи, Польш, Болгар, Чех зэрэг улсын онгоцууд тэвчээртэй хүлээсээр.

Удалгүй эдгээр онгоцныхонд “Удаан хүлээх хэрэгтэй болж магадгүй, хоол хүнс болон бусад шаардлагатай хэрэгцээний зүйлсийг өөрсдийн зөөж яваа ачаа бараанаас олж хэрэглэ” гэж зөвлөсөн радио мэдээнүүд ээлж дараалан иржээ. Усан онгоцны ахмад нар уулзаж хэн юу юутай байгаагаа мэдэхээр тохирон онгоц болгондоо “нэгжлэг” хийснээр олон сонирхолтой бараа олсон ба их хэмжээний шар айраг, хүнсний бараа байсан төдийгүй Германы онгоцонд усан үзэм байсныг болгарчууд раки (нэг төрлийн дарс) хийж ууцгаая гэх зэргээр ярилцжээ. Мөн Польшийн онгоцонд нарийн мэргэжлийн эмч, Норвегийн онгоцны тогооч нь дэлхийн шилдэг тогоочоос дутахгүй чадвартай нөхөр, Их Британийн том онгоц дээр хөл бөмбөг тоглох боломжтой... Нэг үгээр хэлэхэд далайчид ер нь л зовохгүйгээр нэлээд хугацаагаар тайван амгалан байж болохоор байжээ.

Ингээд яваандаа хөлөг онгоцны багийнхан хоорондоо зочилдог болж, оройдоо хамтдаа мах шаран, хоол унд хийж, архи дарс уун наргин цэнгэх ба цаашдаа өдрийн цагаар янз бүрийн уралдаан тэмцээн зохиох болжээ.

Ийнхүү гацсан хөлөг онгоцнуудаа “Шар флот” хэмээн нэрлэсэн ба цөлөөс шууран ирэх шар өнгөтэй шороогоор усан онгоцнууд дарагдсан учир ийн нэрлэсэн нь хамгийн зөв байж. Удалгүй Шар флот өөрийн гэсэн яхт-клубтэй болж бэлтгэл дасгал сургууль хийсээр.

Ийм байдлаар бүтэн жил өнгөрч Шар флотынхон ч гэр орноо санах болсон ба дэлхий дахин эдгээр онгоцнуудын хүнсний хангалтыг шийдсэний дараа бас л мартсан бололтой таг чиг.

1968 он болж Мексикийн олимп эхлэх үед “Шар флот"-ынхон мөн адилхан Олимпийн тэмцээн явуулахаар шийдлээ. Иймэрхүү томоохон, өвөрмөц үйл явдлаар л эргэж анхаарлын төвд орохгүй бол хэзээ нэгэн цагт гэртээ харих эсэх нь ч эргэлзээтэй болж эхэлсэн бололтой.

“Их давст нуур"-ын олимпийн тоглолт эхэллээ. Нийт 13 төрлийн тэмцээн явагдах ба эдгээр нь уртын болон өндрийн харайлт, усанд сэлэлт, гүйлт, хөл бөмбөг (Их Британийн том хөлөг дээр энэ бүхнийг хийх боломжтой),  усан поло. Хамгийн сонирхолтой  тэмцээний нэг нь байт сурын харваа байсан ба хэн нэгэн усан цэрэгт байсан тааруухан нумаар ээлж дараалан харвах байдлаар тэмцэлдэж байжээ. “Их давст нуур"-ын олимпын анхдугаар тэмцээний ялагчаар польшууд шалгарсан бол германууд хоёрт, британичууд гуравдугаар байранд орлоо.

Энэ ер бусын олимпийн тухай олон орны хэвлэл мэдээлэл бичиж эхэлсэн ба Шар флотынхон чухам үүнийг л хүсэж байсан билээ. Хоригдож гацсан хөлөг онгоц хамаарах улс орнууд Египет улсын засаг төртэй уулзаж ярилцахаа эрчимжүүлэн, удаан хоригдож байгаа иргэдээ авахаар илүү дайчин хөөцөлдөж эхэлсэн байна. Үр дүнд нь багийн гишүүд онгоцоо орхин явж тэдний орыг өөр хэсэг хүмүүсээр сольж байхаар тохиролцоонд хүрчээ. 1969 онд “хоригдогсод” Суэцийн хоолойг орхисон ба харин хөлөг онгоцоо шинээр ирсэн багийнханд үлдээжээ. Хэзээ нэгэн цагт суваг онгойж тэдгээр хөлөг явах ёстой болохоор техникийн үйлчилгээ байнга хийж байх ёстой багийнхан ирсэн нь энэ. Ингээд цаг явах хэрээр Шар флотын багууд байнга шинэчлэгддэг болж, хоол хүнс бусад хэрэгцээт зүйлээр бүрэн хангагдсан байдалтайгаар найман жилийг үдсэн байна. Энэ найман жилд өчнөөн олон хүн хөлөг дээр гарч, уусан шар айрагныхаа сая сая лонхыг далайн ёроол руу хаяжээ.

1975 он болж суваг чөлөөтэй боллоо. Шар флотынхон ч сувгаас гарах гэсэн боловч хоёрхон усан онгоц л өөрийнхөө хүчээр гарч чадсан буюу бусад нь чирч гаргахаас аргагүй болтол муудсан байжээ. Тэдгээр онгоцыг дараа нь төмрийн хог дээр хаясан ба харин өөрийн хүчээр явсан хоёр онгоц нь мэдээж ажилч хичээнгүй, хариуцлагатай германчуудын онгоц байжээ.

Саяхан бүтэлгүйтэж байж Суэцийн сувгийг хааж хэд хоносон, дараа нь үүнийхээ төлөө барьцаанд орсон Ever Given хөлөгт дээрхтэй адил он удаан жил хоригдох хувь заяа тохиолгүй, хурдан түргэн нутаг орондоо очих болтугай.

Сэтгэгдэл 0ЭнгийнХэвтээБосооСэтгэгдэл бичих-Aa+
Санамсаргүй нийтлэл [ Энд дарна уу ]